| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0026/э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Х.Энхтуул,
Шүүгдэгч: О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт О-гийн Ч-т холбогдох 1835000320039 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багт оршин суух, регистрийн дугаар ОМ74021718, Ш овогт О-гийн Ч.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч О.Ч нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаангом сумын 11-р багийн нутагт "Соёмбо" караоке баарны гадна хохирогч Ц.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч О.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч О.Ч нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” караоке баарны гадна талд хохирогч Ц.А-ийг зодсон болох нь хохирогч Ц.А-ийн “2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр О.П-тэй утсаар яриад гэрт нь очиход О.П-гийн машин эвдэрсэн байсан тул засуулах хүн хайж Б гэдэг залуугийн гэрт очиход Ч гэдэг залуу тэднийд байсан. Тэр залуу автомашин засдаг, гарын ур дүйтэй залуу тул О.П-ийн машин эвдэрсэн талаар ярихад засаж өгнө гэж хэлсэн. Тэгээд Б-гийн гэрт 1 шил 0,75 литрийн архийг Б, П, Ч бид нар хувааж уучихаад гарсан. Тэгээд О.Ч, О.П бид 3 дулаахан газар орж сууя гэж ярилцаад Соёмбо караоке руу орсон. ...Ч, бид хоёр тамхи татахаар Соёмбоос гараад тамхилж байгаад бид хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй Ч нэг мэдэх нь миний хамар руу нэг удаа цохиход нь газарт унаад босож ирэхэд дахин толгойгоороо миний нүүр лүү мөргөж мөн гараараа хамар, шүд нүүр үрүү хэд хэдэн удаа цохиход би газарт унасан. Би газар унаад босох гэсэн боловч Ч гараараа цохиод байсан. Тухайн үед миний хамар, шүд, нүүр маш их өвдөж, цус гоожиж байсан болохоор би тэр газраа цусаа гоожуулаад сууж байхад Ч зугтаад явчихсан. Тэгээд би Соёмбын гадна цусаа гоожуулаад зогсож байхад хоёр цагдаа ирж намайг цагдаагийн газар руу дагуулж очсон” /хх-ийн 6-8 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч О.П-ийн “2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 18-19 цагийн үед Соёмбо караокед өрөө захиалж ороод 1 шил хар чингис нэртэй архи, 3 ширхэг жижиг ус аваад дуулж байсан. Нэлээн дуулж байтал А, Ч нар 00 орохоор гарч ирчихээд дахин тэр хоёр гараад явсан. Би өрөөнд сууж байтал зөөгч “тантай хамт явсан хоёр хүн гадна зодолдож байна” гэж хэлэхээр нь би караокед суухдаа авсан архи усны тооцоог хийчихээд гараад ирэхэд А, Ч нар үүдэнд зогсож байсан. Би тэр хоёр дээр очиход А зодуулсан байдалтай нүүр нь цус болсон байсан. А-аас юу болсон талаар асуухад тэрээр “Ч цохисон” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар ирж байгааг хараад Ч зугтаад явсан.” /хх-ийн 9-11 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Т-гийн “2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед манай нөхөр А гэрээс гарч хүнээс нүүрс авна гэж хэлээд ганцаараа гараад яваад орой 21 цаг өнгөрч байхад нөхөр ганцаараа гэрт орж ирэхдээ түүний нүүр нь цус болсон, хамар сэт цохиулсан, нүд нь хавдсан орж ирсэн. Би түүнээс “юу болсон талаар” асуухад А “мэдэхгүй байна, хэн зодсоныг мэдэхгүй байна гэж байснаа Ч зодчихлоо” гэж хэлсэн” /хх-ийн 12 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч З.Г-ийн “2018 оны 1 дүгээр сарын 19-ний орой 40 гаруй насны 3 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай /өөрийгөө хянах чадвартай/ орж ирээд караоке өрөөнд 1 цаг захиалж, 0,5 л хэмжээтэй хар чингис нэртэй архи авч суугаад 1 цаг болохоос 7-8 минут дутуу байхад 2 эрэгтэй хүн тус өрөөнөөс гарч ариун цэврийн өрөөнд маргалдаад, шатанд дээр барьцалдаж аваад зодолдох гээд байхаар нь зөөгч Энхцэцэгийн хамт караокеноос гаргачихаад буцаж орж ирээд хяналтын камерт харахад нэг эрэгтэй нь нөгөөгийнхөө нүүрэн тус газар цохиод цохиулсан хүн нь газар унасан тул би өрөөнд үлдсэн 1 хүнд “тантай хамт явсан хоёр хүн зодолдоод байна“ гэж хэлэхэд тэр хүн тоохгүй байж байгаад тооцоо хийчихээд гараад явсан. Энэ хооронд нөгөө хоёр хүн явсан бололтой хяналтын камерт байхгүй байсан” /хх-ийн 15-16 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Ч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөн “2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр айлын буйдан янзалж өгөөд гэртээ харих замдаа Б гэдэг найзынхаа гэрт ороод сууж байтал П, А нар ирсэн. Тэд П-ийн машин засаад өгөөч гэж хэлээд Б бид хоёрын задалж ууж байсан 0,75 л хэмжээтэй архи хувааж уугаад П, А бид гурав Б-гийн гэрээс гарч караоке орсон. Тэнд ороод нэг шил архи, гурван ус захиалж ууж, дуулж сууж байтал А “жижиг А гэж таних уу” гээд маргалдаад байхаар нь бид хоёр гарч ариун цэврийн өрөө орж бие засчихаад буцаад өрөөнд ороход А “жижиг А гэж таних уу? миний дүүгийн машиныг хямдхан засаад өгөөрэй” гээд байхаар нь би А-т “хоёулаа гарч тамхи татья” гэж хэлээд гадагшаа гарах замд шатанд дээр надтай барьцалдаж зодолдох гэхэд бармен зөөгч нар караокенээс гаргасан. Гадна гараад А “намайг танихгүй байна уу” гээд байхаар нь би “эр хүн шиг зодолдчихъё” гээд бие биеийнхээ нүүрт гараараа цохисон. Би А-ийг гараараа цохиод тэрээр газар унаад босож ирэхэд П “цагдаа нар ирж байна” гэж хэлэхээр нь зугтсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр дүгнэлтээр тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Ч-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.А-ийн биед тархины доргилт, хамрын зүүн талд оёдол бүхий язарсан шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, гэмтлийн гаралтай доод, дээд үүдэн шүд хөдөлсөн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаар дүгнэлт /хх-ийн 22 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Я.С, У.Д нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Увс аймгийн автотээврийн төвийн 38 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1/125 тоот албан бичиг зэрэг нотлох баримтууд /хх-ийн 17, 19, 38, 43, 45 тал/-аар шүүгдэгч О.Ч нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 08-03 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хувиараа эсгийний үйлдвэр эрхэлдэг, 9603 УВА улсын дугаартай Benz-200 загварын тээврийн хэрэгсэлтэй, Ү-1520001332 дугаарт бүртгэлтэй хувийн сууцтай болох нь тогтоогдсон байна.
Хэргийн 7 дугаар талд авагдсан хохирогчийн “гомдол, нэхэмжлэх зүйлгүй” талаарх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “би хохирогчоос уучлалт гуйсан. Хохиролд 500.000 төгрөг төлж барагдуулсан” гэх мэдүүлгээр хохирогч Ц.А-т учруулсан хохирол, хор уршгийг арилгасан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч О.Ч-ээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн болон анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан шүүгдэгч О.Ч-т торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч О.Ч-т хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт О-гийн Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт О-гийн Ч-ийг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх буюу 650.000/ зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч торгуулийн ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримт хураагдсан зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол тэмцэлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Ч өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА