Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00234

 

 

 

 

Э.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03113 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ц-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Г Тоёота приус маркийн 1790 СС хөдөлгүүртэй ZVW30-1216337 арлын дугаартай автомашиныг Н.Ц-д 15 000 000 төгрөгөөр худалдаж, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцсон. Автомашин худалдахад мөнгө төлөөгүй байсан хэдий ч 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээнд төлбөр тооцоо дууссан гэж бичсэн. Н.Цийн эзэмшилд шилжүүлж, автомашины үнийг дараа нь авахын тулд зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Н.Ц нь гэрээгээр тохирсон хугацаандаа төлбөрөө өгөөгүй. Оршин суух хаягтаа байхгүй, хөдөө явсан гэх зэргээр олдохгүй байсан. Э.Г нь Япон улс руу 1 жил гаруй хугацаатай яваад ирсэн. Н.Ц автомашины мөнгийг Б.Жаргалсайхан, Т.Энхмаа нарт бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч тэд нар Н.Цээс авлагаа авсан гэж мэдүүлдэг. Э.Г, Б.Жаргалсайхан нарын дунд өөр автомашин зарсан болон зээлийн асуудлууд байгаа бөгөөд үүнтэй холбоотой бие биенийхээ дансанд мөнгө шилжүүлдэг. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Жаргалсайханаас Э.Г рүү шилжүүлсэн мөнгө нь энэ хоёрын хоорондын тооцоотой холбоотой. Н.Ц нь Б.Жаргалсайхантай холбоотой асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй. Хүүг банкны хугацаатай хадгаламжийн хамгийн бага хүү болох 1 хувиар тооцож 4 500 000 төгрөг нэхэмжилсэн. Иймд Н.Цээс автомашины үнэ 15 000 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед автомашин худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 15 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Э.Гтэй Б.Жаргалсайхан болон түүний эхнэр Т.Энхмаа нараар дамжуулан танилцсан. Тухайн үед Тоёота приус 30 маркийн автомашиныг Тайгын булаг ломбардад 7 000 000 төгрөгөөр барьцаалж үүнээс 5 000 000 төгрөгийг, мөн дүүгийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн автомашиныг зарж 4 000 000 төгрөгийг тус тус Т.Энхмаа, Б.Жаргалсайхан нараар дамжуулж Э.Гд өгсөн. Үлдэгдэл 6 000 000 төгрөгийг Б.Жаргалсайхан, эхнэр Т.Энхмаа нараас зээлж мөн тэд нараар дамжуулан өгч төлбөр тооцоог дуусгасан. Т.Энхмаа нь надад зээлсэн 6 000 000 төгрөгөө байнга нэхдэг байсан бөгөөд үүнээс болж бидний хооронд маргаан үүссэн. Учир нь Т.Энхмаагийн нөхөр Б.Жаргалсайхан бид хоёр найзынхаа хамт гурвуулаа 6 000 000 төгрөгөөр мөрийтэй тоглоод алдсан бөгөөд Б.Жаргалсайхан нь Т.Энхмаагаас дахин 3 000 000 төгрөг авахдаа намайг нэмж зээлсэн мэтээр ойлгуулж нийт 9 000 000 төгрөг болон нэмж хүү нэхсэн. Т.Энхмаагаас зээлсэн 6 000 000 төгрөгийг дүүгийнхээ дансаар дамжуулан эргүүлж төлсөн. Автомашины үнийг төлөхдөө гарын үсэг зуруулан баримт үйлдээгүйг ашиглаж 3 жилийн дараа төлбөр нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Цээс 15 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгож, үлдэх 4 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Цээс 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Ц болон түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хариуцагч нийт 9 000 000 төгрөгийг Э.Гд өгөөрэй гэж Т.Энхмаа, Б.Жаргалсайхан нараар дамжуулж бэлнээр өгсөн нь баримтаар тогтоогдоогүй гэж гэрч Т.Энхмаа, Б.Жаргалсайхан нарын ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн таарамжгүй харьцаатай гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд бусад баримтыг талуудын тайлбар болон банкны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт, ашиг сонирхлын зөрчилгүй гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Б.Жаргалсайхан нь ... 2017 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл 10 000 000 төгрөг Н.Ц-д зээлсэн. Энэ мөнгөө авсан, Э.Гд мөнгө өгөөрэй гэж надад мөнгө өгөөгүй" гэж мэдүүлсэн. Гэвч энэ мэдүүлэг нь өөрөө баримтаар тогтоогдоогүй, гэрч Б.Мөнхбаатарын мэдүүлгээс зөрүүтэй. Б.Мөнхбаатар "...тухайн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Жаргалсайханд автомашины урьдчилгаа төлбөр 6 000 000 төгрөг өгсөн" гэж мэдүүлсэн бөгөөд тухайн өдрөө Б.Жаргалсайхан, Т.Энхмаа нар дансанд мөнгө шилжүүлсэн Э.Г рүү 1-2 хоногийн дараа 5 000 000 төгрөг шилжүүлсэн нь хариуцагчийн тайлбар үнэн зөв болохыг нотолж байна. Учир нь хариуцагчийн өмгөөлөгч Э.Г, Т.Энхмаа, Б.Жаргалсайхан нарын дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчээс тухайн үед буюу 2017-2018 оны хооронд Э.Г, Б.Жаргалсайхан. Т.Энхмаа нарын хооронд ямар нэгэн өглөг авлагын тооцоо байсан уу гэж асууж байхад Э.Г "өглөг авлагын харилцаа байгаагүй гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэдний хооронд өөр автомашин зарсан асуудал байгаа гэж зөрүүтэй тайлбарласан. Хэрэв Б.Жаргалсайхан, Э.Г нар хоорондоо тухайн үед автомашин зарсан өр авлагын тооцоо байсан бол энэ тайлбараа нотлох бүрэн боломжтой байсан. Автомашин худалдан авах гэрээ эсхүл автомашин шилжүүлсэн тухай лавлагаа байхгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргасан тайлбарыг баримтаар няцаагаагүй. Нэхэмжлэгч болон гэрч Б.Жаргалсайхан, Т.Энхмаа нарын зөрүүтэй ямар ч баримтгүй мэдүүлгийг шүүх нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласан. Б.Жаргалсайхан үнэхээр Н.Ц надад 10 000 000 төгрөг 2017 оны 04-09 сар хүртэл шилжүүлсэн байгаа бол тэр тухай банкны хуулга гэх мэт баримтыг гаргах боломж байсан. Н.Ц Т.Энхмаагийн нэр дээр хадгаламж зээлийн хоршооноос 6 000 000 төгрөг зээлж авсан нь Хаан банк ХХК дахь Т.Энхмаагийн дансны хуулгаас харагдана. Тухайн Т.Энхмаа нь Н.Ц рүү шилжүүлээгүй, Б.Жаралсайхан руу шилжүүлсэн. Б.Жаргапсайхан хэн рүү шилжүүлсэн нь хуулгаас харагддагүй Э.Г-гийн нэр дээрх өөр банкны данс мөн эсэхийг тогтоохоор шүүхэд 2 банкны хуулга гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй нь хариуцагчийн өөрийн тайлбараа нотлох боломж олгоогүй. Талуудын мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагчийн зүгээс өөрийн тайлбараа нотлохоор үзлэг хийлгэх, Б.Баттулгыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Б.Баттулга нь Б.Жаргалсайханд Н.Ц хэдэн төгрөг хэзээ, юу гэж өгсөн байсан болохыг тодруулах "гэрч Т.Энхмаа, Б.Жаргалсайхан нарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар үнэн эсэхийг тогтоох ач холбогдолтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Н.Ц-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч автомашины үнийг Т.Энхмаа, Б.Жаргалсайхан нараар дамжуулан төлсөн гэж маргасан.

 

Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний гэрээгээр худалдагч Э.Г нь Тоёота приус маркийн СС хөдөлгүүртэй, ZVW30-1216337 арал дугаартай автомашиныг худалдан авагч Н.Ц-д шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэ 15 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч Э.Г нь автомашиныг худалдан авагч Н.Ц-д шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй, харин автомашины үнэ 15 000 000 төгрөг төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч Э.Г нь автомашиныг хариуцагч Н.Ц-д шилжүүлэн өгсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар уг автомашины үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно заасан. Иймд үүрэг гүйцэтгүүлэгч Э.Г нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд болох Т.Энхмаа, Б.Жаргалсайхан нарт автомашины үнэ төлөхийг өгөхийг зөвшөөрсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй энэ талаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Мөн гэрч Т.Энхмаа, Б.Жаргалсайхан нар ...Н.Ц автомашины төлбөрийг дамжуулан өгч байгаагүй гэж, гэрч Б.Мөнхбаатар ...Н.Ц автомашины урьдчилгаа гэж 6 000 000 төгрөгийг Б.Жаргалсайханд өгсөн гэж зөрүүтэй мэдүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй баримт гэж үзэхгүй. Иймд уг мэдүүлгүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Хариуцагч Н.Цийн Б.Жаргалсайхан, Т.Энхмаа нараар дамжуулан автомашины үнийг төлсөн гэх тайлбарыг үндэслэн худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм. Учир нь Н.Ц болон Б.Жаргалсайхан, Т.Энхмаа нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Э.Г болон Н.Ц нарын хоорондын худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Н.Ц нь автомашины төлбөрийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул автомашины үнэ 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх Н.Цээс 15 000 000 төгрөг гаргуулж Э.Гд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх талууд худалдах, худалдан авах гэрээний харилцааг хожим нь зээлийн гэрээ болгосон нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй тул хүү 4 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт нийцсэн. Нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Төрийн банк ХХК болон Капитрон банк ХХК дахь Т.Энхмаа, Б.Жаргалсайхан, Э.Г нарын дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах, СД бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэж үзэхгүй. /хх-137,139,171/ Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.БАЙГАЛМАА