| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00050/И |
| Дугаар | 304/ШШ2025/00101 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2025/00101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 18 дугаар гудамж, 07 тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би Булган аймгийн угсралтын конторт 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан. ******* аймгийн ******* суманд 1981 оноос 1985 он хүртэл цэргийн алба хаасан. Булган аймгийн угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Би ажиллаж байсан байдлаа тогтоолгож өндөр насны тэтгэвэрт орох зорилготой. Өмнө нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй. Би анх шүүхэд хандахдаа 1981-1992 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Энэ хугацаанд цэргийн алба хаасан хугацаа орсон байх тул хүсэлтийн шаардлагаа өөрчилж багасгаж байна. Би 1982 оны 06 сарын 15-ны өдрөөс 1985 06 сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Иймд Булган аймгийн угсралтын конторт 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн угсралтын конторын даргын 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “ угсралтын бригад байгуулах тухай” №81 тоот тушаал, тушаалын хавсралт,
- барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн угсралтын конторын даргын 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” 66 тоот тушаал,
- барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн угсралтын конторын даргын 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд авах, тэтгэмж олгох чөлөөлөх тухай” 84 тоот тушаал,
- барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн угсралтын конторын даргын 1985 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” 93 тоот тушаал,
-Булган аймгийн Барилгын “*******” компанийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Ажилд авах, чөлөөлөх тухай” 15 тоот тушаал,
-Батлан хамгаалах төв архивын 2025 оны 02 сарын 06-ны өдрийн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” зэрэг баримтууд,
3.Хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлтээр Ж., Г. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.*******гийн Булган аймгийн угсралтын конторт 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Б.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн угсралтын конторт 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн угсралтын конторын даргын 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “ угсралтын бригад байгуулах тухай” №81 тоот тушаал, /Даргын 81 тоот тушаалын хавсралт нэрсийн жагсаалтад: овог нэр: *******, мэргэжлийн зэрэг: Мужаан 3 дугаар зэрэгтэй/ гэсэн,
- барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн угсралтын конторын даргын 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” 66 тоот тушаал /Тушаалд: 1.1982 онд ардын цэргийн албанд тэнцэж явах болсон ...*******н ******* /мужаан/ ... нарыг 6 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.../ гэсэн,
- барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн угсралтын конторын даргын 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд авах, тэтгэмж олгох чөлөөлөх тухай” 84 тоот тушаал /Тушаалд: 1.Урьд манайд ажиллаж байгаад ардын цэрэгт явж алба хаагаад ирсэн *******н *******г 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1 дүгээр бригадад мужаанаар... ажиллуулан хийснээр цалинжуулсугай./ гэсэн,
- барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн угсралтын конторын даргын 1985 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” 93 тоот тушаал /Тушаалд: 1. ...Б.******* ... нарт 350 төгрөгийн тэтгэмж олгосугай. .../ гэсэн,
-Булган аймгийн Барилгын “*******” компанийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Ажилд авах, чөлөөлөх тухай” 15 тоот тушаал /Тушаалд:... 6.*******н ******* цэцэрлэгт ажиллах болсон тул 3 дугаар сарын 20-ноос эхлэн мужааны ажлаас чөлөөлсүгэй./ гэсэн,
-Батлан хамгаалах төв архивын 2025 оны 02 сарын 06-ны өдрийн “*******н ******* БХЯ-ны сайдын 1982 оны 06 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Булган аймгаас 1982 оны 06 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (169) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 06 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 06 сарын 18-ны өдөр 513966 дугаарын цэргийн батлахтай халагдсан.” гэсэн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ““ угсралтын трест”, “******* ХК” нь шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-гаар 1991-1992 онд хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан.” гэх тодорхойлолт, шимтгэл нөхөн тооцсон тухай лавлагаа зэрэг баримтуудаар
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч Ж.ийн: “Б.******* нь Булган аймгийн угсралтын конторын Баяннуур сумын Балжинням гэх даргатай бригадад 1981 онд өрлөгчнөөр ажилд орж ажиллаж байгаад 1982 онд цэрэгт явсан. 3 жил цэргийн алба хаасан. Цэргээс ирээд буцаад барилгадаа ажилд орсон. Би анх 1971 онд угсралтын конторт засал чимэглэл, шавар будагчнаар ажилд орж байсан. угсралтын контор гэж байснаа сүүлдээ угсралтын трест болж томорсон. Тэгээд 1992 онд угсралтын трест маань тарсан. 300 гаруй ажилтантай байж байгаад тарсан. Би тэр үед заслын бригадын дарга хийдэг байсан” гэх,
- Гэрч Г.ы: “Би 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд үйлдвэрийн хуваарь аваад барилга дээр 1980-1981 он хүртэл 1 жил ажилласан. 1981 онд Өрлөгийн курс шинээр нээгдээд 10-аад хүүхэд суралцаж төгсөөд мэргэжилтэй болж байсан юм. Тэр 1981 оны курсэд Б.******* суралцаж төгсөж байсан. Би 1981 онд хамрагдаж чадалгүй 1982 оны 1 дүгээр сард курсэд 3 сарын хугацаанд хамрагдаад 4 дүгээр сард төгсөж ирээд Баяннуур суманд ажиллаж байсан нэгдсэн 2 дугаар бригадад хуваарилагдаж очсон. Дарга нь Балжинням гэж хүн байсан. Тэгээд очиход Б.******* эхний курсийн төгсөгч гээд тус бригадад ажиллаж байсан. Тэр хооронд би 1985 онд цэрэгт 3 жил алба хаасан. Тэгээд 1988 онд цэргээс халагдаад ирэхэд Б.******* бригаддаа ажиллаж л байсан. 1988 оноос 1990 он хүртэл Ингэтэд сургуулийн барилга дээр Б.******* бид 2 цуг ажиллаж байсан. 1990 онд зах зээлд ороод би барилгаасаа гарсан” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******н *******гийн Булган аймгийн угсралтын конторт 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА