Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 38

 

                                          

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Б.Гансүх, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Иргэдийн төлөөлөгч: Б.Энхбат,

Хохирогч: Д.Д,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,                               

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын О-т холбогдох 1735001680107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудалд харуулын ажил эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 6-01 тоотод оршин суух, /РД:ОН75080479/ Т овогт Б-ын О.

 

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Увс аймгийн Түргэн сумын 2-р багийн нутагт иргэн Д.Д-ийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Хохирогч Д.Д-ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой 21 цаг өнгөрч байхад Мын гэрт хүү Бийн хамт очиход О 14-71 УВХ улсын дугаартай суудлын автомашинтай ганцаараа ирсэн байсан. О, М нар архи уугаад дуусч байсан ба М авдраасаа Улаанбаатар нэртэй 0,5 л хэмжээтэй архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Архи дуусах үед О машинаасаа 0,5 л хэмжээтэй Шар чингис гаргаж ирэхэд бид гурав хувааж уусан. О надад “би өнөөдөр ажлаас буучихаад Улаангомоос ан агнахаар ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “манай хүү Б нь шүдээ эмчлүүлэх гэж байгаа” гэж хэлэхэд О “би маргааш өглөө эрт явна, та хүүхдээ надад өгөөд явуулчих, харин өнөө орой М гурвуулаа явж чоно агнана” гэж хэлсэн. Тэгээд бид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 00.30 өнгөрч байхад архиа ууж дуусцгаасан юм. Тухайн үед О нэлээд согтсон байсан. Тэгээд О, М бид гурав айлын хотоор явж чононы мөр хайж чоно агнахаар Мын гэрээс гарсан юм. Бид гурав О-ын машинаар М урд суудалд, би арын суудалд суусан. Бид гурав Мын гэрээс 500 орчим метрын зайнд зам дагаад хойшоо явж байтал О гэнэт машинаа эсрэг тал руу дарж эргүүлээд зогссон. Тэгээд О машинаасаа буугаа аваад буусан ба машиныхаа ар талын хэсэгт гараад М бид хоёрыг буугаад ир гэж хэлсэн. Тэгэхээр бид хоёр машинаас буугаад ирэхэд О зүүн гартаа буу, баруун гартаа хар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд О “ар талд нь ямар хүн суучихсан байгаа юм бэ? наадах чинь ямар хүн бэ?” гэж хэлсэн. М бид хоёр О уруу ойртоод хоёр алхамын зайтай очсон. М От “та маяглаад бай, буу хутгаа наашаа өгчих” гэж хэлсэн. Тэгтэл О нь Мад “чи наашаа хөдлөх л юм бол буудчихна шүү” гэж хэлсэн. О надад хандаж “ойртоод ир” гэж хэлсэн тул би О уруу ойртол О гэнэт дээшээ нэг удаа буудах шиг болсон. Тэгэхээр нь би гүйж очоод Оын зүүн гарт байсан бууг нь булааж авсан тэгтэл О намайг барьж аваад ноцолдож байгаад миний зүүн талын цээжинд баруун гартаа байсан хутгаараа нэг удаа хутгалсан юм. Уг үйлдэл маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Би “намайг хутгалчихлаа” гэж хэлээд түүний бууг нь аваад гэр лүүгээ зугтсан. Харин М миний ар талд Оаас хутга салгах гээд ноцолдоод хоцорсон. Би хэрэг болсон газраас 1 км орчим гүйгээд явж байтал М миний араас гүйж ирээд “та ямар хурдан явсан юм бэ?, би О-аас хутгыг нь булааж аваад хаячихаад ирлээ” гэж хэлсэн. О хэрэг гарсан газраа үлдсэн. Би О-аас булааж авсан буугаа гэрийнхээ хаяанд хаяаад гэр лүүгээ орсон ба тухайн бууны магазинд нь 3 ширхэг сум байсан. Би гэртээ орж эхнэртээ болсон явдлын талаар ярьж эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. О-ыг нутгийн хүн гэдгээр нь танина. О-тай урьд болон тухайн өдөр ямар ч маргаан болоогүй. Машин дотор бид гурав нэг их зүйл яриагүй. Энэ хэргээс болж миний элэгний зүүн дэлбэн, ходоодны өмнөд хана зүсэгдсэн, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл учирсан. /хх-ийн 12-14 тал/, Элгэнд 3 газар, ходоодонд 2-3 газар оёдол тавьсан гэсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нэгдсэн эмнэлгээс гараад Жаргалант эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Байнгын эмчилгээ хийлгэсний хүчинд миний бие эдгэрсэн. Би тухайн үед О-т хэлсэн. Хүн харахад эрүүл юм шиг харагдаж байгаа ч би хөдөлмөрийн чадвараа алдлаа, эмч нар намайг морь унаж болохгүй гэж байна гэж хэлсэн. Цаашид би өөрийгөө эмчлүүлэх шаардлагатай байна. Энэ хэргээс болж би маллаа маллаж чадахгүй малчин авч сард 600.000 төгрөгийн хөлс төлөхөөр, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж байгаа. Иймд малчин авч ажиллуулсны хөлс 7.200.000 төгрөг, мөн эм тариа авсан болон эмчилгээний, бензин, тээврийн зардал, өмгөөлөгчийн хөлс гээд нийт 9.122.547 төгрөгийг нэхэмжилж байгаа. О нь 3.500.000 төгрөг өгсөн тул одоо үлдэгдэл 5.622.547 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг

гэрч Г.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Б.О, Д.Д бид гурав архи хувааж ууж нэлээд халцгаасан юм. Тэгээд бид гурав О-ын 14-71 УВХ улсын дугаартай автомашинд сууж, О нь машин жолоодсон ба машинтайгаа айлуудын малын хот эргэж чоно нохой харж явсан. 500 орчим зайд явж байгаад хээр тал газарт машины зам дээр О машинаа буцааж эргүүлээд гэнэт зогссон. О машинаас нэг гартаа буу, нөгөө гартаа хутга барьж буусан. Тэрээр машины ар талд гарчихаад Д бид хоёрыг “буугаад ир” гэж дуудсан юм. Д бид хоёр машинаас буутал О нь надаас “наадах чинь ямар хүн юм бэ?” гэж хэлсэн. Би “та маяглаад бай, буу хутгаа өгчих” гэж хэлсэн. Тэгтэл О “чи наашаа хөдлөх юм бол буудна шүү” гэж хэлсэн. Д машинаас буугаад О дуудахаар нь урдаас нь очиж явтал О гэнэт нэг удаа буудсан. Тухайн үед харанхуй байсан учраас хаашаа буудсныг хараагүй. Тэгтэл Д О-аас бууг нь булааж авсан бөгөөд тухайн үед О Дийн цээжинд нэг удаа хутгалсан байсан. Д надад “энэ хүн намайг хутгалчихлаа” гэж хэлээд О-аас булааж авсан буугаа аваад замын баруун тал руу гэрийнхээ зүг зугтсан. Тэр үед Дийн цээжин хэсгээс цус гарч байсан. Би О-ын зүүн гарт өчиг хийж баруун гарт байсан хутгыг булааж аваад замын гадагш шидчихсэн юм. Тэгээд би Дийг дагуулаад түүний гэрт нь ирсэн юм. Тухайн үед Д нь гадуураа ногоон өнгийн дээлтэй байсан ба дотор талдаа ямар өнгийн хувцастай байсныг би хараагүй. Д, О бид гурав хоорондоо маргалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

гэрч Д.О хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Шөнийн 23:00 цагийн үед О, Д, М нар О-ын жижиг цагаан өнгийн машинд суугаад явсан. Тухайн үед О нь нэлээн согтуу байсан ба М, Д нар халамцуу байсан. О, Д, М нар манай гэрт архи ууж байхдаа хоорондоо хэрэлдэж, зодолдсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02.00 цагийн үед нөхөр Д, М-ын хамт гэртээ алхаж ирсэн. Тухайн үед манай хүүхдүүд унтаж байсан бөгөөд би орноосоо босоод гэрлээ асаахад манай нөхөр Д.Дийн цээжний зүүн талаас их хэмжээгээр цус гарч байсан тул би юу болсон талаар асуухад “О, М бид гурав Мын гэрт архи ууж дуусаад О өөрийнхөө машинаа бариад бид гурав чононы мөр үзэх гэж явсан юм. Тэгээд явж байтал О гэнэт машинаа зогсоогоод машинаас буугаад ир гэхээр нь би машинаас буугаад очтол О гартаа барьсан буугаараа нэг удаа буудсан. Тэгэхээр нь би гүйж очоод Оын гарнаас бууг нь булааж аваад гүйгээд ирлээ. Миний араас М гүйцэж ирээд бид хоёр хамт ирлээ” гэж хэлсэн юм. Мөн энэ талаар М надад Дтой адилхан хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө хувцасыг тайлаад хартал манай нөхрийн цээжний зүүн хэсэгт 4 см орчим хэмжээтэй хутгалагдсан шархтай байсан. Тэр шархнаас их хэмжээний цус гараад байсан тул сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгч их эмч Ц, бага эмч Ц, сувилагч Д нар ирж нөхрийн шархыг цэвэрлэж, цус тогтоох арга хэмжээ авсан. Удалгүй аймгийн төвөөс эмч цагдаагийн газраас хүмүүс ирсэн. Сумын болон аймгийн төвөөс ирсэн эмч нар манай нөхрийн шарханд оёдол тавьсан. Тэгээд нөхөр бид хоёрыг эмч нар аваад аймгийн төв рүү авч ирж аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтүүлэн эмчилгээ хийлгэж эхэлсэн. ...Тухайн өдөр нөхөр Д нь гадуураа ногоон өнгийн дээл, дотор талдаа хар хөх өнгийн хүрэм, нимгэн цагаан суудалтай, дотор талдаа саарал фудболкатай байсан юм. Мөн доогуураа хар өнгийн хөвөнтэй өмдтэй, монгол гуталтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 тал/,

гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Түргэн сумын төвд хүүхдийн их эмчээр ажилладаг бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 02:05 минутад би Түргэн суманд байх гэртээ унтаж байтал над руу сумын төвийн жижүүрийн утаснаас залгаад “Түргэн сумын 2 дугаар багт Д Д гэгч хүн хутаглуулсан байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би гэрээсээ гараад сумын эрүүл мэндийн төв дээр ирээд сувилагч Д, статистикч бага эмч Ц, жолооч Баттогтох нарын хамт УАЗ-469 маркийн автомашинаар уг дуудлаганд явахаар болсон юм. Бид нар сумын төвөөс 02:30 орчим минутад дуудлаганд гарсан бөгөөд сумын төвөөс 1 цаг орчим, 40 орчим км яваад Түргэн сумын Рашаант багийн нутагт Тошилтын гануу гэх нэртэй газарт иргэн Дийн гэрт ирсэн юм. Тухайн үед бид нарыг Дийн гэрт очиход тэнд Д эхнэр, хүүхдийн хамтаар мөн нутгийн М нар байсан. Тэгээд эмч Ц, сувилагч Д бид гурав Дийн биеийг үзэхэд Дийн цээжний зүүн хэсэгт хөндлөн байрлалтай хутаглагдсан шархтай уг шархнаас цус гарсан байдалтай байсан юм. Уг шархны хэмжээ нь 4 см орчим хэмжээтэй байсан. Өвчтөн Д-ийн хоёр гарт хоёр уян зүү тавьж цус тогтоох, өвчин намдаах, зүрх судас дэмжих эмчилгээг хийж эхэлсэн юм. Мөн Д-ийн шарханд анхны цэгцлэлт хийсэн юм. Удалгүй аймгийн төвөөс цагдаа болон нэгдсэн эмнэлэгийн эмч Э нар ирсэн. Э эмч өвчтөний шарханд газар дээр нь оёдол тавьсан. Тухайн үед өвчтөн Д-ийн биеийн байдал хүнд байсан ба цус алдалтын шокны шинж илэрсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 125 тал/,

гэрч С.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Түргэн сумын төвд сувилагчаар ажилладаг бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 02:05 минутад ... “Түргэн сумын 2 дугаар багт Д Д гэгч хүн хутаглуулсан байна” гэсэн дуудлага ирсэн. ...Иргэн Д-ийн гэрт ирээд ... эмч Ц, Ц бид гурав Д-ийн биеийг үзэхэд Д-ийн цээжний зүүн хэсэгт хөндлөн байрлалтай хутаглагдсан шархтай уг шархнаас цус гарсан байдалтай байсан юм. Уг шархны хэмжээ нь 4 см орчим хэмжээтэй байсан. Өвчтөн Д-ийн хоёр гарт хоёр уян зүү тавьж цус тогтоох, өвчин намдаах, зүрх судас дэмжих эмчилгээг хийж эхэлсэн юм. Мөн Дийн шарханд анхны цэгцлэлт хийсэн юм. Удалгүй аймгийн төвөөс цагдаа болон нэгдсэн эмнэлэгийн эмч Э нар ирсэн. Э эмч өвчтөний шарханд газар дээр нь оёдол тавьсан. ...Оёдол тавьж дууссаны дараа өвчтөн Д-ийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 126 тал/,

гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 02:30 минутын үед над руу нэгдсэн эмнэлэгийн жижүүрээс дуудаж” Түргэн сумын 2-р баг руу алсын дуудлага гарлаа, хутгалагдсан хүн байна” гэж хэлсэн. Тэгээд би уг дуудлагад жолоочийн хамт хоёулаа ланд-76 маркийн автомашинаар явсан. Бид цагдаагийн газрын алба хаагч нартай хамт Улаангом сумаас 02.50 орчим минутын үед Улаангом сумаас гарсан. 03.00 цаг өнгөрч байхад Улаан даваа даваад Түргэн сумын 2-р багт байх өвчтөн Д-ийн гэрч очсон юм. Тэнд очиход Түргэн сумын эрүүл мэндийн төвийн эмч нар ирчихсэн өвчтөн намдаах, цус тогтоох эмчилгээ хийлгэж байсан юм. Өвчтөн Д-ийг үзэхэд биеийн байдал дунд, амьсгал зүрх судас тогтвортой байсан бөгөөд цээжний зүүн хэсэгт хөндлөн байрлалтай 4 см орчим хэмжээтэй хутгалагдсан шархтай байсан юм. Түргэн сумын эмч нарын хамт шархыг цэвэрлэж анхдагч оёдол тавьж өвчтөнийг эмнэлэгийн машинд суулгаад аймгийн төв рүү авч явсан юм. Тэгээд өглөө үүрээр Улаангом суманд ирцгээсэн бөгөөд өвчтөн Д-ийг нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 127 тал/,

шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагийн үед Мын гэрт очоод цай уучихаад, цас орчихсон байсан тул чонын мөр харахаар явсан. Тэгээд чонын мөр хараад явж байгаад орой бүрэнхий болохоор нь буцаад Мын ирээд хоол хийлгэж идээд эндүүр чоно хэр байна гэхэд оройд хоттой мал руу ороод байна гэж хэлсэн. Тэгээд М-ын сууж байтал М адуунаас ирсэн. Би орой гарч чоно агнах уу? ангийн гэрэл, буугаа аваад ирсэн гэж хэлэхэд М тэгье хэлсэн. Би агаарт гарч ирсэн хүн байна ганц 100 татчихъя гээд машинаас нэг шил архи гаргаж ирээд М-тай хувааж уусан. Би хоёр 8.30 цагийн үед архиа ууж дууссан. Тэгээд би М-ыг гарах уу? гэхэд М арай эрт байна 9.00 цаг гээд гаръя гэж хэлсэн. Тэгээд байж байтал Мын хадам ах Д орж ирсэн. Дийг орж ирэхэд Мын хүүхэд нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг бид 3 хамт хувааж уусан. Д намайг урьд эмчилгээнд явахад хандив, тусламж өгч байсан болохоор би машинаасаа нэг шил архи гаргаж ирээд бид 3 хувааж уусан. Уг архийг би уугаад сууж байгаад согтоод тасрчихсан бөгөөд тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Би гэнэт ухаан ороод сэртэл би согтуу өөрийнхөө 14-71 УВХ улсын дугаартай машиныг жолоодоод Зөөлөн зааг гэх газарт явж байсан бөгөөд миний урд талаас цагдаагийн машин ирсэн юм. Би М-ынхаас яаж гарч машинаа барьж явснаа санахгүй байна. Баруун гараараа бүх юм хийдэг хүн зүүн гартаа тэр хүнд буу бариад зогсож байсан гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ Д, М хоёрыг намайг мэдсээр байж арай ийм хүнд гэмт хэрэгт гүтгэхгүй байх, хууль сануулаад мэдүүлэг авсан юм чинь арай худлаа хэлээгүй байх гэж итгэж байна. Би өөрөө согтуу байсан болохоор яг юу болсныг мэдэхгүй байгаа юм. Гэхдээ би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө ухаан ороод М-аас юу болсон талаар асуухад М надад “чи өчигдөр манай гэрт сүүлийн архиа ууж дуусчихаад айлын хот эргэж чоно харья гэж манайхаас гарсан. Тухайн үед чи өөрийнхөө 14-71 УВХ улсын дугаартай автомашиныг өөрөө жолоодсон. Би урд талын суудалд суусан. Харин Д арын суудалд суусан. Тэгээд явж байгаад Тулгын ам гэх газар чи машинаа гэнэт зогсоогоод машинаас өөрийнхөө ангийн буу болон хар иштэй хутга авсан юм. Д бид хоёрыг машинаас буу гэхээр нь бид хоёр машинаас буусан. Тэгээд чи надад “наадах чинь ямар хүн юм бэ” гэж асуухаар нь би “чи маяглаад бай, буу, хутгаа надад өгчих” гэж хэлэхэд чи “наашаа хөдлөх юм бол чамайг буудна шүү” гэж хэлсэн. Д машинаас буугаад чамайг дуудахаар нь очиж явтал чи гэнэт нэг удаа буудчихсан бөгөөд чи хий буудсан юм. Тэгтэл Д чиний бууг булаасан юм. Тэгтэл чи Д-ийг зөрүүлээд түүний цээжинд гартаа барьж байсан хутгаар нэг удаа хутгалсан. Д хутгалуулаад цус гараад намайг хутгалчихлаа гэж хэлээд чиний бууг аваад гэрийнхээ зүг гүйгээд явсан. Би чамайг барьж дарж аваад зүүн гаранд чинь өчиг хийж байгаад чиний баруун гарт байсан хутга аваад шидсэн. Тэгчихээд би босоод Д-ийн араас яваад өгсөн. Харин чи машинаа асаагаад дээшээ явсан” гэж хэлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Д-ийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний ажил зогсож байгаа, 48.000.000 төгрөгний зээлтэй, эхнэр 500.000 төгрөгний цалинтай. Мөн Солонгос улсад зүрхний титэм солиулах хагалгаанд 90.000.000 төгрөгөөр орсон. 2014, 2015 онуудад Солонгос улс руу явж эмчийн хяналтанд зүрхээ үзүүлсэн юм. Мөн байнга эм хэрэглэдэг. Тэр эмээ Солонгос улсаас авахуулж уудаг. Би хүнээс хүүтэй мөнгө зээлж 3.500.000 төгрөг хохиролд төлсөн. Дахиад мөнгө төлөх боломж байхгүй байна” гэх гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 тал/, Б.О-аас хураан авсан Карвин маркийн буу, хар өнгийн бариултай хутга, хар өнгийн ноосон малгай, сумны хонгиог эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 30-43, 129-131 тал/, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18/08 тоот дүгнэлт, мөн албаны шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737а тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Увс аймгийн Түргэн сумын Рашаант 2 дугаар багийн нутаг, Тулгын ам гэх газарт хохирогч Д.Д-ийн зүүн талын цээжинд 1 удаа хутгалсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

          Шүүгдэгч Б.О-ын хохирогч Д.Д-ийг хутгалсан үйлдэл нь хохирогчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шууд санаатай үйлдэл ба Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 а дугаар дүгнэлт /хх-ийн 50 тал/-ээр хохирогчийн биед зүүн хавирганы нумын доор хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны өмнөд ханад зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл учирсан, дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах нь тогтоогдсон байна.

 

            Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-т зааснаар “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх” нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарахаар заасан ба хохирогч Д.Д-ийн өвчний түүх /хх-ийн 100-114 тал/-ээр хохирогчийн хэвлийд байсан шингэнийг авч, элэг, ходоодны зүсэгдсэн шархыг оёж мэс ажилбар хийсэн байх тул шинжээч эмчийн 737а дүгнэлт үндэслэлтэй.  

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж дүгнэнэ.

 

            Түүнчлэн шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ хутга хэрэглэж, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон бөгөөд хутга нь аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай хэрэгсэл буюу зэвсэгт хамаарах тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хангагдсан байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.О нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул хуульд зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-ийн биед хүнд гэмтэл учирч, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндий шалгах, элэг, ходооны гэмтэл шархыг оёх мэс засал хийлгэсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт дараах хохирол нэхэмжилжээ. Үүнд:

- Хаш эмийн сангийн зарлагын 14, 18 тоот баримттай эм авсан 248.000 төгрөг, эмнэлэгт хэвтэж байхдаа гаднаас авсан эм тарианы мөнгө 61000 төгрөг, хагалгааны цагаан бор, материалын үнэ 90.947 төгрөг, мөн Жаргалан эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсний төлбөр 200.000 төгрөг гэж эмчилгээний зардалд 599.947 төгрөг,

- Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хөлсөөр малчин авч ажилуулсны хөлс 7.200.000 төгрөг,

- Эмнэлэгээс гараад гэртээ машинаар хүргүүлсэн шатахууны үнэ 109200 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхөөр Улаангом суманд ирсэн шатахууны үнэ 82500 төгрөг, гэрээ өвөлжөөндөө буулгахад зарцуулсан шатахууны үнэ 165.000 төгрөг, шинжилгээ, оношилгоо хийлгэх, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр Улаанбаатар хот онгоцоор явсан онгоцны тийзний үнэ 171.100 төгрөг, шүүх хуралд оролцохоор Улаангом суманд ирэх, буцах шатахууны болон тээврийн зардал 177.700 төгрөг, Улаанбаатараас Улаангом суманд ирсэн замын зардал 60.000 төгрөг, нийт тээвэр, шатахууны зардалд 765.500 төгрөг,

- Улаанбаатараас Улаангом сум ирэхдээ замдаа хэрэглэсэн хоолны үнэ 15000 төгрөг, 

- Өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 500.000 төгрөг,

- Нотариатын хөлс 42.100 төгрөг, нийт 9.122.547 төгрөг, үүнээс шүүгдэгчийн хохиролд төлсөн 3.500.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 5.622.547 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн байна.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч Д.Д-ийн өөрийн гэрээ өвөлжөөндөө буулгахад гарсан шатахууны зардал 165000 төгрөг болон хоолны зардал 15000 төгрөг нь гэмт хэрэг гарсан эсэхээс үл хамааран гарах зардал байх тул гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардал гэж үзэхгүй.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх бөгөөд хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр болох 500.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Гэвч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Л нар нь дээрх 680.000 төгрөгийн зардлыг хохиролд тооцон нөхөн төлсөн, энэ талаар маргаангүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул хохиролд тооцсон болно.

 

Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Д.Д-ийн биед хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч гэмт хэргийн улмаас хохирогч хэдий хугацаанд ямар хувь хэмжээгээр хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх нотлох баримт байхгүй байх тул хохирогч Д.Д-ийн эрүүл мэндийн улмаас өөрөө малаа маллаж чадахгүй болсон гэх үндэслэлээр гэрээний үндсэн дээр 1 жилийн хугацаатай сарын 600.000 төгрөгөөр тохиролцож, малчин ажиллуулсны хөлс 7.200.000 төгрөг нэхэмжилснийг   хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иймд дээрх үндэслэлээр шүүх хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 9.122.547 төгрөгөөс 7.200.000 төгрөгийг хасч, энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг 1.922.547 төгрөг гэж тогтоосон бөгөөд шүүгдэгч хохиролд 3.500.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Б.О-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэсэн болно.  

 

Харин хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ, сувилгаатай холбоотой хохирол, хор уршиг гарахыг үгүйсгэхгүй тул хохирогч нь цаашид өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.О-ын хувийн байдлыг тогтоосон хэргийн 26-28, 62-63, 69, 73-80 талд авагдсан гэрч Д.У, Б.Э нарын мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1626 тоот албан бичиг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дэглий цагаан нисэх буудлын дарга Л.Э-гийн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Элбэг өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Г-гийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 баг, 6-1 тоотод оршин суудаг, Дэглий цагаан нисэх буудалд харуулаар ажилладаг, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх ба зүрхний цочмог шигдээс өвчний учир 69 хувиар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдож, зүрхний титэм судас солиулах хагалгаа Солонгос улсад хийлгэж, байнгын эмчийн хяналтад байдаг болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.О-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүх шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг тус тус харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан тул гэмт хэрэг үйлдсэн зэвсэг болох хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг устгах үндэслэлтэй байна.

 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн хар өнгийн ноосон малгай, хохирогчийн ногоон өнгийн дээл, хар хөх өнгийн хүрэм, цагаан суудалтай хар өнгийн урт ханцуйтай нимгэн давуун цамц, саарал өнгийн богино ханцуйтай фудболк зэрэг эд зүйлсийг шүүгдэгч, хохирогч нар буцаан авах санал гаргасныг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгчийн эзэмшлийн Карвин загварын гол төмөрний 7352432001, замагны 001 дугаартай буу, сумны хонгио хураагдаж ирсэн бөгөөд хэргийн 70 дахь талд авагдсан буу эзэмшигчийн гэрчилгээгээр уг бууг шүүгдэгч Б.О эзэмшдэг болох нь нотлогдож байх ба шүүгдэгч тухайн галт зэвсгийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул бууг эзэмшигчид буцаан олгохоор шийдвэрлэж, сумны хонгио 1 ширхэгийг устгах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.  

 

 Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/219 дугаар тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэсвэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцааан олгох, шилжүүлэх журам”-ын 3.1-д “хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг ...өмчлөгчид буцаан олгох шилжүүлэх ажлыг цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна”, 3.7.2-д “өмчлөгчид буцаан олгох тухай эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бол өмчлөгчид буцаан олгоно” заасны дагуу бууны эзэмшигч буюу шүүгдэгч Б.О-т Карвин загварын бууг буцаан олгуулахаар Увс аймгийн Цагдаагийн Газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овгийн Б-ын О-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Т овгийн Б-ын О-т 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д 1.922.547 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, шүүгдэгч Б.О 3.500.000 төгрөг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчоос нэхэмжилсэн 7.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Д цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/219 дугаар тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэсвэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцааан олгох, шилжүүлэх журам”-ын 3.1, 3.7.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Карвин загварын гол төмөрний 7352432001, замагны 001 дугаартай бууг эзэмшигч Б.О-т буцаан олгохоор Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, Б.Оын эзэмшлийн хутга 1 ширхэг, хонгио 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Д.Д-ийн ногоон өнгийн дээл 1 ширхэг, хар хөх өнгийн хүрэм 1 ширхэг, даавуун цамц 1 ширхэг, саарал өнгийн фудболк 1 ширхэг, шүүгдэгч Б.О-ын ноосон малгай 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.АЛТАН

 

                                                    ШҮҮГЧИД                                            Б.ГАНСҮХ

 

                                                                                                                    С.БОЛОРТУЯА