| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2023/0187/Э |
| Дугаар | 0056 |
| Огноо | 2023-09-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 0056
Ш.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч Ш.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э
Нарийн бичгийн дарга Д.Ундрах нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Ш.Бт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Ш-н Б,
Ш.Б нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн бага аюулгүйн тойргийн урд талын замын явган хүний гарц дээр “Тоёота приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3-т заасан заалтуудыг тус тус зөрчиж явган хүний гарцаар унадаг дугуйтай зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Ц.И-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Ш.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Ш-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Бийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах оногдуулсан үеэс тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсгүүд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Бөөс 10.117.630 төгрөг гаргуулж,
3.889.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж,
6.228.630 төгрөгийг хохирогч Ц.И, түүний хууль ёсны төлөөлөгч С.У нарт олгож,
насанд хүрээгүй хохирогч Ц.И-н хууль ёсны төлөөлөгч С.У нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлж гэм буруутай этгээд болох Ш.Бөөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч Ш.Бийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В, С” ангиллын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын буферийн сетканы хагархай хэсгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 7 дахь заалт буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар 6.228.630 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг ажил эрхэлдэг тодорхойлолт байхад цалин хөлс орлогогүй гэж үзсэн, улмаар нэг жил хүртэлх хугацааны хөдөлмөр хөлсний доод хэмжээний багагүй нөхөн төлбөрийг нэг жилийн хугацаагаар гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн уг нэг жилийн хугацааг 2023 оны 03 дугаар сарын 19-өөс-2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хүртэл 12 сараар тооцсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийг сахиж, ажлаас 20 хоног чөлөөтэй байсан эмнэлгийн магадлагаа, 3 сар хүртэл эмчилгээ шаардлагатай гэх шинжээчийн дүгнэлт, нийгмийн даатгалаас цалингийн зөрүү аваагүй гэх амаар мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн, шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3 сарын үндсэн цалин хөлс 2.700.000 төгрөгийг төлсөн. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаагүй байхад шүүхээс үндэслэлгүй, хуульд нийцээгүй дүгнэлт хийж, нөхөн төлбөрт 5.280.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/228 тоот шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Б тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У тайлбартаа: ... Одоо хүүхдийн минь биеийн байдал сайжраагүй байгаа. Тархи толгой нь өвдөөд байгаа. Гомдолтой байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Ш.Б нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас бага аюулгүйн тойргийн урд явган хүний гарцаар унадаг дугуйтай зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Ц.И-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн насанд хүрээгүй хохирогч Ц.И-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.
Тухайн эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нь ... шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт “Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө” гэж хуульчилсан байна.
Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Ш.Бийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У нь эрхэлсэн тодорхой ажилтай боловч
анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч Ц.И-н тухайд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасан “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 440.000 төгрөгийг 12 сараар тооцож 5.280.000 төгрөг төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.И, түүний хууль ёсны төлөөлөгч С.У нарт олгохоор шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн эмчилгээний зардал 948.630 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Ш.Б нь шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн дээрх хохирол буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 450.000 төгрөг, нийт 950.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ