| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0001/э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., 24.6.2.3., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Мөнхөө, Д.Бунжаа,
Шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Ш-гийн О, Ш овогт Ж-ын Б, М овогт С-гийн О нарт холбогдох эрүүгийн 1735001090061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сагил сумын 3 дугаар багт оршин суудаг, /РД:ОЛ80082595/ С овогт Ш-н О.
2. Монгол улсын иргэн, 1969 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сагил суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сагил сумын 7 дугаар багт оршин суудаг, /РД:ОЛ69060377/ Ш овогт Ж-ын Б.
3. Монгол улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сагил суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, нөхрийн хамт Сагил сумын 7 дугаар багт оршин суудаг, /РД:ОЛ68052763/ Ш овогт С-ийн О.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдснаар/
Шүүгдэгч Ш.О нь бусдыг санаатай гэмт хэрэгт хөлсөлж улмаар яллагдагч Ж.Б, С.О нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Сагил сумын “Нүцгэн салаа” гэх газарт улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж ойн санд нийт 459.756 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Б, С.О нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Сагил сумын “Нүцгэн салаа” гэх газарт улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүй 62 ширхэг шинэс мод бэлтгэж нийт ойн санд 459.756 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Сагил сумын нутаг “Ёлын амны Нүцгэн салаа” гэх газрын ойгоос буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 1.935 м3 буюу 62 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, ойн санд 459.756 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тодруулбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 тал/, эд мөрийн баримтаар хураан авсан хөрөө, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-19 тал/, шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн мод нь Шинэс мод байна. 62 ширхэг мод нийтдээ 1,935 метр куб болж байна. Уг мод нь нойтон 62 ширхэг амьдрах чадвартай мод байжээ. Уг мод бэлтгэсэн газар нь N 50015038.2. E 91017011.7 улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд орж байна. Уг модыг 2017 оны 8-р сард бэлтгэсэн гэж үзэв. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 459756 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн хэрэгцээний мод, хөрөөг 240,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайлан /хх-ийн 36-37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.М-ын “Сумын засаг дарга Д надад Сагил сумын иргэд болох Ж.Б, Ш.О нар нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэж хэлсэн. Хууль бусаар бэлтгэсэн мод нь дүгнэлтээр 1,935 метр куб мод гэж тогтоогдсон. Шинэс модны 1 метр кубын экологи эдийн засгийн үнэлгээ нь 132.000 төгрөг байдаг ба шинэс модны итгэлцүүр нь 1,8-тай байдаг. Тухайн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модноос байгаль орчинд 459.756 төгрөгний хохирол учирсан бөгөөд мод бэлтгэсэн газар нь Цагаан шувуут уулын тусгай хамгаалалттай газарт багтах бүс нутаг юм. Ш.О учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан тул надад болон манай байгууллагад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/, гэрч О.Ц-ын “Би уг бэлтгэгдсэн модны мэдээлэл аваад шалгаж Сагил сумын 1 дүгээр багийн иргэн Жав овогтой Б гэх хүн бэлдсэн болохыг олж тогтоож очиж уулзаж асууж тодруулахад “Уг модыг О гэх хүн бэлдүүлсэн” гэж хэлсэн. Ж.Б-ээр мод бэлтгүүлсэн газрыг нарийн заалгаж ганцаараа очиж үзэхэд уг мод нь Сагил сумын 3 дугаар багийн нутаг “Ёлын ам” гэх газрын “Нүцгэн салаа” нэртэй хэсэгт байсан. Анх очиж үзэхэд уг газрын модноос тайрч бэлтгэсэн байдалтай хэв газарт буулгаж хураасан байсан. Уг модыг тоолж үзэхэд 62 ширхэг байсан. Уг модны бэлтгэсэн газарт очиж тайрагдаж үлдсэн хожуулыг тоолоход 30 ширхэг байсан ба газарт буулгаж хураасан модтой таарч байсан. Анх Ж.Б-тэй уулзахад 69 ширхэг гэж хэлсэн учраас албан бичигт 69 ширхэг гэж бичигдсэн, модыг тоолоход 62 ширхэг байсан” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/, гэрч Д.Д-ийн “Тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч О.Ц гэх хүнээс “Ёлын ам” гэх газар зөвшөөрөлгүй мод тайрагдсан талаар сонссон. Надтай уг 3 иргэн мод авах талаар уулзаж, ярилцаж, санал, хүсэлт гаргах, өргөдөл өгөх зэрэг зүйл болоогүй. Ж.Б, С.О нар гэр бүлийн хүмүүс ба сумын Баянзүрх багт амьдардаг малчин иргэд юм. Уг айл нь цөөн тооны малтай, ядуу түвшиний өрхөд багтдаг, насанд хүрсэн хүүхдүүдтэй, улаан загалмайн тусламжинд хамрагддаг, хэрэгт холбогдоод байдаггүй юм. Харин Ш.О нь Өндөр мод багийн малчин залуу. Нийгмийн идэвхи сайтай, болж бүтэхгүй асуудал гаргаж байгаагүй төлөв даруу залуу байдаг” гэх мэдүүлэг/хх-ийн 62-63 тал/, гэрч Б.Б-ийн “Сагил сумын байгаль хамгаалагчаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Ж.Б, С.О, Ш.О нарыг танина. Надаас мод бэлтгэхтэй холбоотой асуудлаар уулзаж ярилцаагүй, ямар ч бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/, гэрч Р.Ж-гийн “...Ёлын амны Нүцгэн салаа гэх газар нь Цагаан шувуут уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд багтдаг тул улсын тусгай хамгаалалттай газар нутагт орно” /хх-ийн 66-67 тал/ гэх мэдүүлэг, гэрч Б.О-ын “2017 оны 8 дугаар сард Сагил сумын нутагт Ш.О-тай таарсан ба надаас модны гоожин авах гэсэн чинь хуурайшилтын үе гээд өгөхгүй байна. Энэ үнэн үү даргаа гэсэн зүйлийг асуухаар нь модны гоожинг хуурайшилтын үе гээд бичихгүй байгаа нь үнэн 10 дугаар сар хүрээд өгөх байх гэдгийг нь хэлсэн. Би тухайн үед сумын байгаль хамгаалагч Б-ээс мод бэлтгэх эрхийн бичиг өгч буйг нь асуухад одоохондоо эрхийн бичиг өгөхгүй байгаа 10 дугаар сар хүрч эрхийн бичиг өгнө гэж хэлж байсан. Энэ сонссон зүйлээ л Ш.О-д хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/, шүүгдэгч Ш.О-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сумын төвд явж байгаад Ж.Б-тэй тааралдаж малын хашааны мод солих мод бэлтгүүлмээр байна гэж хэлэхэд бэлдэж өгнө гэж бид хоёр ярилцаад салаад явсан. 2017 оны 8 дугаар сарын 20-нд би дахин ганцаараа Б-ийн гэр Ёлын ам гэх газарт байхад очсон. Тухайн үед 10 гаруй мод хамт хөрөөдөж буулгаад хөрөөгөөр баримжаалан хэмжиж ойролцоогоор 4 метрийн урттай тайрч бэлтгэсэн. Тэгээд ажилтай байсан учраас бусдыг энэ хоёрыг бэлдчихээрэй гээд явсан. Бэд мод бэлтгэж өгвөл 100.000 төгрөг өгнө гэж тохиролцож бэлдүүлсэн боловч одоог хүртэл Бэд мөнгө өгөөгүй. Тэр үед манай багийн дарга Одням хуурайшилтын үе гээд сумын хэмжээнд мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоосон байна гэж хэлсэн. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй. Буруу зүйл хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Би буруутай учраас хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр төлсөн. Цаашид хохирол гарвал төлнө. Миний амьдрал байдлыг харгалзан надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...О намайг болбол хурдан мод бэлдээд өгээрэй гэж хэлээд буцаад явсан ба 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт мотоциклиор ирж мод бэлтгэхээр болж О, манай эхнэр, бид 3 мод бэлтгэсэн газар луу очсон. Бид 3 гар хөрөөгөөр ээлжилж мод тайраад унагасан мод дээр хөрөөгөөр баримжаалж хэмжиж ойролцоогоор 4 метрээр тайрсан. ..Мод бэлтгэсэн газар нь Ёлын амны Нүцгэн салаа гэх газар юм. Ёлын ам нь дархан цаазат газар гэдгийг мэднэ. Учир нь уг газрыг дархан цаазат гэсэн самбар тэмдэг байдаг. О модны бичгийг би өөрөө мэдээд авна та 2 мод бэлтээд өг гэж хэлсэн. Мод бэлтгэсэн өдөр бид 2 ярилцаад О надад 150.000 төгрөг хөлсөнд өгөхөөр болсон боловч одоо хүртэл юу ч өгөөгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Манай гэр Ёлын амны ойролцоо байсан. Ш.О миний нөхөр Б бид гурав мод бэлтгэх газарт очсон. О, Б ургаа мод хөрөөдөж эхэлсэн ба би мал руугаа явсан. Малаа очиж үзчихээд буцаад мод бэлтгэж байсан газарт ирэхэд О Б хоёр 10 ширхэг ургаа мод хөрөөдөж буулгасан байсан ба модон дээрээ хөрөөгөөр баримжаалан хэмжиж ойролцоогоор 4 метрийн урттай тайрч бэлтгэж байсан. О явсны дараа нөхөр бид хоёр нийлж 20 ургаа мод хөрөөдөн унагаж ойролцоогоор 4 метрийн урттай тайрч бэлтгэсэн. О нь нялх хүүхдүүдтэй, малаа чонод оруулчихсан болохоор дахиад чонод оруулчих вий нутгийн нэг ч гэсэн ах дүү мал хөрөнгөтэй байг гэж бодоод тусалсан. Улсын тусгай хамгаалалттай газарт мод бэлтгэж, ан агнахыг хориглосон гэдгийг энэ хэрэгт холбогдсоныхоо дараа мэдсэн. Буруу зүйл болсон байна. Нөхөр Бэд мөнгө өгнө гэж байсан боловч өгөөгүй. Бидний хувьд амьдрал бас хэцүү. Нөхөр маань осолд орж биеийн байдал сайнгүй байгаа. Амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг, баримтуудаар шүүгдэгч Ш.О нь өөрийн хэрэгцээндээ буюу малын хашаагаа солих зорилгоор иргэн Ж.Б-ээр мод бэлтгүүлэхээр, мөн хөлс төлөхөөр тохиролцсон байх ба улмаар 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ж.Б, түүний эхнэр С.О нарын хамт Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутаг “Ёлын амны Нүцгэн салаа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.935 м3 буюу 62 ширхэг /4 метрээр тайрсан/ нойтон шинэс модыг хууль бусаар бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нарын мод бэлтгэсэн гэх Сагил сумын 3-р багийн нутаг “Ёлын амны Нүцгэн салаа” гэх газар нь Цагаан шувуут уулын дархан цаазат газрын хязгааралтын бүсэд буюу улсын тусгай хамгаалалттай газар нутаг, бүсийн ойд хамаарах болох нь хэрэгт авагдсан Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/137 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 78-79 тал/ баримтаар нотлогдсон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ”, мөн хуулийн 8 дугаар зүйлд “дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хуваана”, 11 дүгээр зүйлд “хязгааралтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж болно” гэж зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хэрэгцээний зориулалтаар мод бэлтгэхийг хориглосон байдаг тул шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нарын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос амьдрах чадвартай нойтон шинэс модыг тайрч хөрөөдөн, 4 метрийн урттай 62 ширхэг мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч Ш.О нь шүүгдэгч Ж.Б, С.О нараар мод бэлтгүүлэх, мод бэлтгэсний дараа хөлс төлөхөөр тохиролцсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан зүйлчилсэн нь үндэслэлтэй.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Ш.О-ыг бусдыг санаатай гэмт хэрэгт хөлсөлсөн, бусадтай бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Б, С.О нарыг бусадтай бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №4 тоот дүгнэлтээр 459.756 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагвар буюу хохирол нь 459.756 төгрөг байна.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.379.268 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэгт холбогдсоныхоо дараа осолд орсон, ослын улмаас түүний баруун чамархай, зулай, суурь ясны хугарал, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгт хатуу хальсны дээрх, зүүн тал бөмбөлөгт хатуу хальсны доорх цусан хураа, баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, хамрын муруйлт, баруун зулайд язарсан шарх, духанд зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан нь шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 773 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байх боловч сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.
Мөн шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон гэрч Я.О, Ц.Д, Н.Э нарын мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сагил сумын 1, 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.О нь ам бүл 6, эхнэр, бага насны 5 хүүхдийн хамт Сагил сумын Өндөрмод багт амьдардаг, шүүгдэгч Ж.Б, С.О нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, нэн ядуу өрхөд багтдаг, Сагил сумын 1 дүгээр багт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 1.379.268 төгрөг бөгөөд үүнээс шүүгдэгч Ш.О нь 459.756 төгрөгийг төлж барагдуулсан нь хэргийн 142 дугаар талд авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон тул үлдэх 919.512 төгрөгийг шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нараас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 1.935 м3 буюу 62 ширхэг нойтон шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хэрэгсэл болох хөрөөг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон тус тус хурааж, шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нарын ойн санд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүх тэдгээрийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулах арга хэмжээ авсан, шүүхийн хэлэлцүүлэгт үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, оролцоог харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шийдвэрлэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Ш-н О-ыг бусдыг санаатай гэмт хэрэгт хөлсөлсөн, бусадтай бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг,
-Шүүгдэгч Ш овгийн Ж-ын Б, М овгийн С-гийн О нарыг бусадтай бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар,
- Шүүгдэгч Ж.Б, С.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар биелэлтэд нь хяналт тавихыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохиролд 459.756 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.О, Ж.Б, С.О нараас 919.512 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 5/21 тоот прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1.935 м3 нойтон шинэс мод, хөрөөг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА