Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 0057

 

 

 

 

 

 

 

Ө.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Т

Цагаатгагдсан этгээд                                 Ө.Г

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч     М.Э

Нарийн бичгийн дарга                             М.Халиун нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 210 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ө.Год холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   О овогт Ө-н Г,

   Ө.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд       улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа,         аймгийн        сумын       багийн “Х” хоолны газрын гадаа хохирогч Т.С-н “түр байж байгаарай, бие засчихаад ирье” гэж хэлээд “Х” цайны газар орсны дараа түр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн “iphone-14” загварын гар утас, “I watch SE” загварын ухаалаг цаг, “oriflam” үнэртэй ус, “Хаан банк”-ны виза карт, түлхүүр зэрэг эд зүйлсийг нь авч явж, завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Ө.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, О овогт Ө-н Год холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана. Мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “... шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг тусгахаар хуульчилсан байна.

Гэвч анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Ө.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө Х цайны газрын гадаа гэрч Ж.О, хохирогч Т.С нарыг 40 гаран минут хүлээснийг, хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь тэдний хойноос Х цайны газар ороход Ж.О, Т.С нар байгаагүйг, Ө.Г нь       аймаг явсан, хэрэв үнэхээр         аймаг явсан бол хэзээ буцаж ирсэн зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүх эдгээрийг хөдөлбөргүй тогтоох боломжгүй байна” гэж дүгнэсэн.

Гэтэл шүүх хохирогч Т.С-н “... Х дээр ирж О бие засчхаад гараад ирье гэж хэлэхээр нь би араас нь хоол идэх гээд орохдоо уг такси дотор Dior брэндийн эмэгтэй жижиг гар цүнх, 128 GB-ийн багтаамжтай iphone-14 загварын гар утас, iwatch SE загварын ухаалаг цагийг үлдээсэн, цүнх дотор Oriflam брэндийн эмэгтэй хүний үнэртэй ус, Хаан банкны алтан виза карт, Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын ажлын үнэмлэх, ажлын 5 ширхэг төмөр түлхүүр байсан. Гар утас, цаг хоёрыг такси дотор цэнэглээд голын хайрцаг дотор тавьчихсан байсан. Тэгээд би Х дотор хоол идээд сууж байсан чинь О намайг орж ирсэн гэдгийг мэдэхгүй шууд Х-с гарахад такси байхгүй болохоор намайг такситай явсан гэж бодоод шууд яваад өгсөн байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.О-н “...Х зоогийн газрын гадна зогсоол дээр очихоор нь Т.С болон жолооч хоёрт та хоёр байж байгаарай, гялс бие засчхаад гараад ирье гэж хэлээд Х руу орж бие засчхаад хэдхэн минутын дараа гараад ирсэн чинь такси болон Т.С хоёр, хоёулаа байхгүй байхаар нь явчихсан юм байна гэж бодоод гэр лүүгээ харьсан ... Би Х руу бие засах гээд ороход Т.С таксинд суугаад үлдсэн, тэгээд намайг гарч ирэхэд байхгүй болсон байсан. Би таксинаас буухдаа хоёуланд нь байж байгаарай гэж хэлэхэд Т.С за гэж хэлсэн ... Таксийн дотор явж байхад Т.С жолоочид өөрийн эд зүйлүүдээ өгсөн үйлдэл байхгүй ...” гэсэн мэдүүлгүүдийг үнэлэлгүйгээр шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэж, яллах талын нотлох баримтуудыг буюу хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн ямар нотлох баримтаар үгүйсгэж, эргэлзээ үүссэн талаараа тогтоолд огт дурдаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх “шүүгдэгч Ө.Г яагаад хохирогчид архи авч өгөх болсон, хохирогч Т.С ямар шалтгаанаар шүүгдэгчээс 20.000 төгрөг авч хоолонд орсон зэрэг хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа буюу архи, хоолны төлбөрийн асуудлыг бүрэн шалгаагүй тул шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх сэдэлт, зорилгыг тогтоох,. улмаар "хөрөнгө завших" гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцох нь учир дутагдалтай байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Ө.Гын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж хууль бус эзэмшил тогтоосон үйлдэлтэй хоорондоо хамааралгүй байтал шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хохирогч Т.С маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан үед нь Ө.Г нь хохирогчийн эд зүйлсийг буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэсэн сэдэлт, зорилго агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлүүдэд бүрэн хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Ө.Г тайлбартаа: ... Т.С-г утсаа аваад ор гэхэд чамд байж байг гээд утсаа шидээд машины шил хагалсан ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Э тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зөрчөөгүй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: Эсэргүүцэлд заасан үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Ө-н Гыг  2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд         улсын дугаартай “Тоyota prius-30 загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа        аймгийн        сумын        баг “Х” хоолны газрын гадаа хохирогч Т.С-н “түр байж байгаарай” гэж хэлээд цайны газар луу орсны дараа түүний машинд үлдээсэн “iphone-14” загварын гар утас, “Iwatch SE” загварын ухаалаг цаг, “oriflamme”-ийн үнэртэй ус, ХААН банкны виза карт, түлхүүр зэрэг эд зүйлийг нь авч явж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Гын гэм бурууг хянан хэлэлцэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь дүгнэхдээ бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заалгүйгээр, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгасан эсэх, тэдгээр нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хуульд заасан журмаар бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байгаа талаараа үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

 

Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсрэг агуулга бүхий нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар хангалттай дүгнэлт хийхгүйгээр нотлох баримтад үндэслэхгүйгээр зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр дүгнэлт хийж, хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах гол нотолгоо боловч хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр шүүх аль нэг талд шийдвэр гаргадаг.

 

         Хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн судалсан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг байхад хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цуглараагүй байхад эргэлзээтэй нөхцөл байдал үзэхгүй юм.

 

         Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

         Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгчийн үйлдэл, гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул  давж заалдах шатны шүүх  шүүгдэгчийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 210 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА