| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0943/З |
| Дугаар | 128/ШШ2025/0001 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2025/0001
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарыг оролцуулан Т.*******ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн танхимд нээлттэй хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх ажлын 31 хоногийн цалинг өгөхөөр тооцоог гаргасан байгаа. Цалин олгоход 3 үе шатыг дамжих удахгүй нэхэмжлэгчийн дансанд шилжиж орно. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбараа ирүүлсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******аас Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны 31 хоногийн цалин хөлс 3,808,844 төгрөг гаргуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, урьдчилсан хэлэлцүүлгийн явцад бичгээр тайлбар өгчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Т.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.*******аас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны 31 хоногийн цалин хөлс 3,808,844 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР