| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06379/И |
| Дугаар | 191/ШШ2025/01515 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01515
2025 02 18 191/ШШ2025/01515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***************, **************** хаягт байрлах, “Д.*************” ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************, **************** тоот хаягт оршин суух, **** овогт Б.Т*********** /РД:***********/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 16,975,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тамжид нар оролцов.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “Д.*************” ХХК нь тахианы мах, махан бүтээгдэхүүн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэн Б.Т*********** нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авсан.
Манай компани бол гадаад худалдаа аж ахуйн үйл ажиллагааг 2006 оноос хойш явуулж байна. Тухайн үйл ажиллагаа бол тахианы мах, махан бүтээгдэхүүн, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг газруудад бөөний үнээр нийлүүлдэг. Тухайн жижиглэнгийн худалдааны газрууд цааш нь тодорхой ашгаа нэмээд борлуулдаг.
Хариуцагч Б.Т***********гийн хувьд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан. Энэ хугацаанд манайх тахианы махаа түүний захиалсан хэмжээгээр бараагаа нийлүүлж, хариуцагч тал төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэхдээ гэрээнд эхлээд урьдчилаад махаа захиална, тахианы махны эхний нийлүүлэлт дээр мөнгийг авахгүйгээр дараагийн удаа мах нийлүүлэхдээ өмнөх төлбөрөө авах тийм харилцаатай, “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. 2022 оны 10 дугаар сараас эхлээд гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, 2023 оны 7 дугаар сар хүртэл тогтмол ийм харилцаатай байсан. Б.Т*********** нь үйл ажиллагаа явуулдаг байршил нь Н.********** худалдааны төвд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг байсан. Тэр байршилд түрээслэхээ больсон, манайх дахиж бүтээгдэхүүн авахгүй гэсэн тул гэрээгээ дуусгавар болгож дахиж нийлүүлэхээ больсон.
2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хамгийн сүүлд мах, махан бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Мах нийлүүлэх үедээ баримт үйлддэг. Шивэлтээр гарах юм уу, зарлагын падаан үйлдэж баримтын хүлээж авсан гэсэн хэсэг дээр гарын үсэг зурдаг байсан. Хавтаст хэрэгт өгсөн баримтад энэ тодорхой харагдана. Уг баримтаар өмнөх зээлийг үлдэгдлийг тодруулдаг. Баримт дээр хүлээж авсан хүн гарын үсэг зурдаг, хүлээлгэж өгсөн хүн гарын үсгээ зурдаг. Зарим баримтад тодруулах зорилготой санамж бичиг үйлддэг, зээлийн үлдэгдэл болон бусад мэдээллийн шалгалт хийсний дараа баталгаажуулж гарын үсэг зурна гэсэн байдаг. Хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тахианы мах нийлүүлсэн баримтын зээлийн үлдэгдэл нь 11,671,600 төгрөг байсан. Тооцоогоо шалгахад 300,000 төгрөг төлсөн гэж үзсэн тул 11,317,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 11,317,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ Б.Т*********** хүлээн зөвшөөрдөг. 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлдэг боловч төлбөрөө төлөөгүй.
Манай зүгээс төлбөрөө төл гэж удаа дараа мэдэгддэг боловч төлбөрөө төлөөгүй. Дараа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ондоо багтаагаад төлнө гэсэн. 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн энэ хугацааны алдангийг тооцож нэхэмжлэх эрхтэй гэж үзэж алданги 5,651,500 төгрөгийн нэмж тооцсон. Үндсэн төлбөр болох 11,317,000 төгрөгийн 50 хувиар тооцох эрхтэй. Үүрэг гүйцэтгээгүй хоног тутамд 0,5 хувиар хоног тутамд тооцоход 56,185 төгрөг болж, үндсэн төлбөрөөсөө хэтэрч байгаа тул хуулиараа 50 хувиар тооцож, нийт 16,975,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Д.*************” ХХК болон Б.Т***********гийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №БГ/01 дугаартай “Бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ”, бараа хүлээлгэн өгсөн баримт, зарлагын баримт, төлбөр барагдуулах тухай бичгээр илэрхийлсэн хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Д.*************” ХХК нь хариуцагч Б.Т***********д холбогдуулан, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 11,317,000 төгрөг, алданги 5,658,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигч талууд хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ”-ний үүрэгт төлбөр гаргуулна гэж тодорхойлж байна.
2.Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан “Бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ”-ээр нэхэмжлэгч Д.************* ХХК нь бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч Б.Т*********** нь бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн тооцооны баримт, зарлагын баримт, Б.Т***********гийн 2023 оны 7 дугаар сарын 20, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “...11,317,000 төгрөгийн тахиа, гахайны тооцоотой. Бүх тооцоог төлж барагдуулна...” гэх бичвэрээр худалдагч нийт 11,317,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд үнэ төлөх үүрэг худалдан авагч талд үүссэн байна.
Тодруулбал, төлбөрийн үлдэгдлийн үнийн дүн бүхий тооцооны баримтуудад хариуцагч хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талууд хэн аль гарын үсэг зурсан байх бөгөөд 11,317,000 төгрөгийн үнийн дүнг төлөх хүсэл зоригийг хариуцагч Б.Т***********гаас илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байна.
Иймд хариуцагч Б.Т*********** нь “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 11,317,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
4.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т***********гаас 11,317,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгчээс алдангид 5,658,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан “бүтээгдэхүүн зээлээр худалдан боруулах тухай” гэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “...худалдан авагч нь нийлүүлэгчид барааны төлбөрөө төлөөгүй, эсвэл заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан байна.
Хэдийгээр гэрээнд алданги төлөх талаар тусгасан байх хэдий ч төлбөр төлөх хугацаа, график тодорхойгүй, үүргийн зөрчлийн хугацааг хэзээнээс тооцож алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн алдангид 5,658,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Хариуцагч тал хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, маргаанд хууль зүйн дүгнэлт хийсэн болно.
Мөн тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчид 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т***********гаас 11,317,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д.*************” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,658,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т***********гаас 196,022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д.*************” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА