| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07844/И |
| Дугаар | 191/ШШ2025/01350 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/01350
2025 02 13 191/ШШ2025/01350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **************, **************** тоот хаягт оршин суух, ******** овогт Б.Б*********** /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************, **************** тоот хаягт оршин суух, ********овогт Ч.Г*********** /РД:***********/,
Хариуцагч: **************, **************** тоот хаягт оршин суух, ******** овогт Д.Г*********** /РД:***********/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг, хүүгийн төлбөрт нийт 5,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д.Г***********, Ч.Г*********** нарт зээл олгосон. Их сургуулийн ангийн Н.Т*********** гэх хүүхэн Д.Г***********ийг манай хадам эгч, Ч.Г***********ийг манай 10 жилийн ангийн хүүхэд юм байгаан, нэг удаа зээл олгож туслаач гэж удаа дараа гуйж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай гэрт дагуулж ирсэн.
Монгол хүн байна гээд цай унд идэж уулгаад мөнгө зээлээч гэсэн хүсэлтийг гараар нь бичүүлж авч, яг банкаар шилжүүлэг хийсэн баримтаа авч үлдсэн. Нэг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн дараа мөнгөө буцааж өгнө гэсэн нөхцөлтэйгөөр зээлсэн. Ч.Г***********т 2,000,000 төгрөг, Д.Г*********** 2,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Тухайн үед Д.Г***********, Ч.Г*********** нар нь 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг гэж ярьж байсан тул эргэн төлөх боломжтой гэж үзэж мөнгө зээлсэн, эхэн үедээ зээлээ маш сайн төлж байсан боловч сүүлдээ төлөлт нь багасаж эхэлсэн, харин Д.Г*********** өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 500,000 төгрөгийг хасуулж, 1,500,000 төгрөгийн зээл үлдсэн. 6 дугаар сар хүртэл би сануулж, гуйж байгаад хүүгээ авдаг байсан. Гэтэл 6 дугаар сараас хойш зээл, хүүгээ өгөхөө больсон. Би 2024 оны 6 дугаар сараас хойш хугацааны хүү, үндсэн зээлээ тооцсон.
Д.Г***********ийн хувьд үндсэн зээл 1,500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх нийт 8 сарын хүү /нэг сарын хүүг 60,000 төгрөгөөр тооцож/ 480,000 төгрөг, нийт 1,980,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Ч.Г***********ийн хувьд үндсэн зээл нэг ч төгрөг төлөгдөөгүй, нийт 3 жил буюу 36 сар байгаа, 1 сарын 80,000 төгрөгөөр хүүг тооцож нийт хүүгийн төлбөрт 2,880,000 төгрөг болсон. Үүнээс над руу 1,710,000 төгрөг шилжүүлсэн. Үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, үе үе 100,000 төгрөг, 80,000 төгрөг шилжүүлж байгаад 2024 онд 350,000 төгрөг, 300,000 төгрөг төлөөд таг болсон. Үндсэн зээлээс хасах уу, хүүгээс хасах уу гэхэд ямар ч байсан төлөөд байж байя гэдэг байсан. Хүү ч гээгүй, үндсэн зээл ч гээгүй тул нийт хүүгээс хасахаар хүүгийн зөрүү 1,770,000 гэж гарч байгаа.
Үндсэн зээлээс мөнгө хасаагүй. Над руу шилжүүлсэн 1,710,000 төгрөгийг нийт хүүгээс хассан. Иймд үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 1,170,000 төгрөг нийт 3,170,000 төгрөгийг Ч.Г***********ээс нэхэмжилж байна гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баритмаар, хоёр хуудас гар бичмэл баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б*********** нь хариуцагч Д.Г***********, Ч.Г*********** нарт холбогдуулан, 5,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбарт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг Д.Г***********тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 480,000 төгрөг, нийт 1,980,000 төгрөг, Ч.Г***********тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,170,000 төгрөг нийт 3,170,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон.
3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “2022 оны 02 сарын 25-нд хоёр сая төгрөг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн болно. Б.Б***********оос 2022 оны 02 сарын 25, 2,000,000 төгрөг дансаар авлаа. *********** дугаартай Ч.Г*********** би 1 жилийн хугацаанд төлж дуусгана” гэх гар бичмэл бичгийн баримт, “Б.Б***********оос 2022.2.25-нд 2,000,000 төгрөг дансруу шилжүүлж авлаа. Д.Г*********** *********** зээлдэн авсан мөнгөө 1 жилийн хугацаатай буцаан төлнө. Д.Г*********** нь 2022 оны 2 сарын 25-нд /2,000,000/ хоёр сая төгрөг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн болно. Утас нь 80491939” гэх бичгийн баримтуудаар хариуцагч Д.Г***********, Ч.Г*********** нар нь нэхэмжлэгч Б.Б***********оос тус бүр 2,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
4.Нэхэмжлэгчийн хариуцагч Д.Г***********ээс үндсэн зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 480,000 төгрөг, нийт 1,980,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Г*********** нь хүүгийн төлбөрт 2,025,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөг, нийт 2,525,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн дээрх тайлбартай холбогдуулан хариуцагч Д.Г***********ээс хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.
Хэрэв зээлийн гэрээний хугацааг сунгах бол хүүтэй зээлийн гэрээний хувьд бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдах бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ нэг жилийн хугацаатай байгуулсан байх тул хариуцагчаас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хугацааны хүү шаардах эрхгүй байна.
Хариуцагч Д.Г***********ийн хувьд 2,000,000 төгрөгийн нэг жилийн хүүгийн төлбөр нь 960,000 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгчид төлсөн 2,525,000 төгрөгийн 960,000 төгрөгийг хүүгийн төлбөрт, 1,565,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн гэж үзэхээр байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Г*********** нь үндсэн зээлийн төлбөрт 1,565,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул үлдэгдэл төлбөр болох зээлийн гэрээний үндсэн төлбөрт 435,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,545,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгчээс хариуцагч Ч.Г*********** холбогдуулах гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, тооцоололоор хариуцагч Ч.Г*********** нь нийт 1,710,000 төгрөгийг төлсөн гэж үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Ч.Г*********** нь 1 жилийн хүүгийн төлбөр болох 960,000 төгрөгийн үндсэн зээл 2,000,000 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй байна.
Талууд гэрээгээр 2,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас төлсөн 1,710,000 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцон авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн төлсөн 1,710,000 төгрөгөөс нэг жилийн хүүгийн төлбөр болох 960,000 төгрөгийг хасч тооцож, үлдсэн 750,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн гэж үзэхээр байна.
Дурдсан үндэслэлээр зээлийн төлбөр болох 2,000,000 төгрөгөөс 750,000 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Ч.Г***********ээс үндсэн зээлийн төлбөрт 1,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг болон хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлж, хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нарын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж хариу тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.
Иймд хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Ч.Г***********ээс 1,250,000 төгрөг, хариуцагч Д.Г***********ээс 435,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б***********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,465,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ч.Г***********ээс 34,550 төгрөг, Д.Г***********ээс 13,700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б***********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА