Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00163

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00163

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын талын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.******* нь 19** онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Миний бие ******* ******* нь 1963 оны ** дүгээр сарын **-нд О.*******, С.******* нарын том хүү болж төрсөн. Эцэг эх минь 1962 онд гэр бүл болон хамтран амьдарсан. Тэд минь гэрлэлт цуцлуулсан салсан зүйл байхгүйгээр амьдарч ээж минь 1999 онд нас барсан. Анх бүртгэл хийлгэхэд эцгийн мэдээлэл бүртгэгдээгүйгээр ээж *******аар овоглосон байдаг. Миний бүх бичиг баримт *******аар овоглон одоог хүртэл явдаг. 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр аав О.*******оор овоглосон байдаг. Одоо тэтгэвэрт гарах гэхэд 1979 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн овог зөрсөн шалтгаанаар ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, 8776 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тушаалууд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр О., С. нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд хандаж гаргасан бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах болсон үндэслэлээ 1963 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил илэрсэн гэж тодорхойлжээ. Түүний эрх олгосон бичиг баримт болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх нь эх *******аар овоглосон, 1979 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр овгийг эцэг *******оор овоглож бичигдсэнээс бичиг баримтууд хууль ёсны эсэх, эзэмшигч нь мөн эсэхэд эргэлзээ төрүүлсэн байна.

2.Б.******* нь 1963 онд төрсөн, түүний ээж С.*******, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг ээж С.*******аар овоглож авсан, улсад ажиллаж байх үеийн бичиг баримтууд эцэг О.*******оор овоглосон болох нь гэрч О.*******ийн шүүхэд өгсөн Миний эхнэрийг ******* гэдэг, бид хоёр 1960 онд гэр бүл болж байсан. Манайх 12 хүүхэдтэй, Б.******* манай хамгийн том хүү байгаа юм. Бид 1960 онд гэр бүл болж том хүүгээ төрүүлэх үедээ гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан. 1964 онд гэрлэлтээ бүртгүүлснээс хойш төрсөн хүүхдүүд маань бүгд надаар овоглож явдаг. Бичиг баримт нь анхнаасаа ээжээрээ овоглосон байхад ажил эрхлэх үедээ надаар овоглоод бичиг баримтаа будилуулчихсан юм байна лээ гэсэн мэдүүлэг, гэрч С.гийн шүүхэд өгсөн Бид 1988-1994 оныг хүртэл Багануурын бөөний худалдааны баазад хамт ажилласан. Манай байгууллагад өөр ******* гэдэг нэртэй хүн байгаагүй. ******* аав овоглодог байсан. Ээжийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Хамт ажиллаж байх үед аав, ээж нь Багануурт байдаггүй байсан, 1997 оны үед аав нь Багануурт шилжиж ирсэн. Бид нэг нутгийн хүмүүс болохоор дотно байдаг гэсэн мэдүүлгүүд, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, 1979 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 8776 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Улаанбаатар хотын Худалдаа удирдах газрын харьяа Багануур худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны конторын даргын 1985 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 174, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 48, Багануурын бөөний худалдааны газрын даргын 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103, 1987 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 56, 1988 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 53, Багануур дахь худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 178 дугаартай тушаалууд дээр ******* овогтой ******* гэж бичигдсэн, төрсний бүртгэлийн лавлагаан дээр ******* овогт ******* *******, эцгийн мэдээлэл бичигдээгүй, эх ******* гэж бичигдсэн зэрэг баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 7-16 дугаар тал/

3.Дээрх баримтуудаас харахад хүсэлт гаргагч Б.*******г төрөх үед ээж *******аар овоглосон, Иргэний бүртгэлийн байгууллага төрсний гэрчилгээг үндэслэн иргэний үнэмлэхийг ээж *******аар нь овоглож олгожээ. /хх-ийн 3, 5 дугаар тал/

4.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэж байгаа хэдий ч эрх олгосон баримт бичиг болох 1979 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн овог нь ******* гэж зөрүүтэй бичигдсэнээс өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон, тухайн үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна. /хх-ийн 8-10 хуудас/

5.Дээрх үйл баримтууд болон нотлох баримтуудыг үндэслэн 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ