| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0010/э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Х.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хольдог овогт Хулнаагийн Ганхуягт холбогдох 1735002320011 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багт оршин суудаг, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ОВ87081019, Хольдог овогт Хулнаагийн Ганхуяг.
Холбогдсон хэргийн талаар: Х.Ганхуяг нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бямбажавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Х.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Б Х.Ганхуяг нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бямбажавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Бямбажавын “...2017 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед ажилчдын нүүрс ихээр буулгаж дуусаад гэртээ очиж хоол цайгаа уучихаад 00 цагийн үед сургууль галлах гээд гэрээс гараад явж байтал нэг хүн урдаас ирж явсан. Гадаа харанхуй байсан болоод хэн гэдгийн таниагүй, тэгээд ойртоод ирэхэд манай Хулнаагийн Ганхуяг гэж ах байсан. Би “сайн байна уу? Та хаагуур явав” гэхэд Ганхуяг ах “миний хаагуур явах чамд хамаатай юм” гэхээр нь “мэнд асууж болдоггүй юм уу” гэсэн чинь толгой руу хатуу зүйлээр цохичихоод яваад өгсөн. Би сургууль орж галлагаагаа хийгээд байж байтал нүүрээр юм урсах шиг болохоор толинд очоод хартал миний толгойноос цус гарч байсан. Би тэр шөнө цусаа тогтоогоод өглөө ээлжнээсээ буугаад гэртээ очоод эхнэртээ болсон зүйлийг хэлэхэд зүгээр явж байсан хүнийг яагаад цохиж байгаа юм цагдаад өгч шийдүүлэх хэрэгтэй гэж хэлээд сумын цагдаад хэлсэн юм. Х.Ганхуяг ах тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өглөө нь гэрт ирээд ах нь архины халуунд чамайг цохисон байна ахыгаа уучил гэж хэлсэн. Тэр орой гартаа даалин барьж явсан даалин дотор байсан хөөрөгөөрөө цохисон гэж бодож байна” /хх-ийн 16-18 тал/ гэх мэдүүлэг, гэрч Б.Алтанцэцэгийн “...Манай багийн иргэн Бямбажав толгойдоо боолт хийлгэмээр байна гэж ирэхээр нь би толгойныхон нь боолтыг авахад баруун хөмсөгний дээд талд ямар нэгэн зүйлээр цохисон байдалтай байсан юм. Намайг үзэхэд цохиулсан хэсгээс цус гараагүй язарсан байдалтай шарханд эмзэглэлтэй байсан. Ц.Бямбажав орой 20 цагийн үед ирсэн, би цэвэрлэж өгөөд боолт хийж өгсөн” /хх-ийн 19-20 тал/ гэх мэдүүлэг, гэрч Б.Туяагийн “2017 оны 12 дугаар сарын 19-ний орой манай нөхөр сургуульд гал түлнэ гэж хэлээд гэрээсээ гараад маргааш өглөө 8-9 цагийн үед ирэхэд толгойгоо боочихсон ирэхээр нь толгой чинь яасан юм бэ гэхэд орой гал түлэх гээд ажил руугаа явж байтал согтуу хүн таараад толгой руу хөөргөөр цохиод толгой хагалчихлаа гэсэн. ...Х.Ганхуяг манайд ирээд өнгөрсөн шөнө ах нь согтуу явж байгаад ийм зүйл болсон байна гээд уучлалт гуйж байгаад явсан” /хх-ийн 21-22 тал/ гэх мэдүүлэг, гэрч Л.Нянтайсүрэнгийн “Би Ганхуяг ахтай танилцаад 7-8 жил болж байна. Ганхуягтай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй хуурай ах дүүгийн холбоотой.. Ганхуяг ах илүү дутуу зан байдаггүй бид хоёр нэгнийгээ таньж мэдсэн цагаас хойш надад болон бусад хүнтэй муудалцаж архи дарс уучихаад агсам согтуу тавьж байгаагүй хүнд сэтгэлээсээ тусалдаг илүү дутуу зан араншин байдаггүй. Өглөө над руу яриад ах нь хүн цохиод цагдаа дээр шалгагдаж байна чи хүрээд ир гэхээр нь гайхаад та чинь бас хүн цохидог байсан юм уу? гээд цагдаа дээр ирэхэд ах нь архи уугаад багийнхаа нэг хүнийг хөөргөөрөө цохиод толгойг нь хагалчихлаа гэж хэлсэн юм” /хх-ийн 23 тал/ гэх мэдүүлэг, гэрч Т.Мөнгөний “Би Х.Ганхуягийг 1990 оноос хойш таньж мэддэг болсон. Х.Ганхуяг нь ууртай ширүүн хүн биш даруухан зан араншинтай, архи согтруулах ундаа уусан үедээ агсам согтуу тавьж хүн цохисон зодсон гэж би сонсож байгаагүй, их даруухан хүнд их тусархаг хүн” /хх-ийн 24 тал/, гэрч Ч.Отгонхүүгийн “Тухайн өдөр манай манай нөхөр 11 цагийн үед үхэр услаад ирнэ гэж хэлээд явсан юм. Тэгээд орой үйлчилгээний машин манайд хүүхэд авч ирээд байж байтал манай нөхөр Сайнжаргал ахыг дагуулаад ороод ирсэн. Би тэр хоёрыг ороод ирэхээр нь хоол цай болоод манайд 1 шил 0,5 граммтай Хараа нэртэй архи байсныг уугаад дуусахад Сайнжаргал ах нилээн согтоход манай нөхөр би Сайнжаргалыг гэрт хүргэж өгөөд ирнэ гэж хэлээд гэрээс гараад явсан. Өглөө нь манай нөхрийн дугаар луу Бямбажавын эхнэр залгаад та манай нөхрийг цохиж зодсон байна гэхээр нь нөхөр бид хоёр Бямбажавын гэрт очиход Бямбажав та орой намайг цохиод миний толгой хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр багийн эмнэлэг ороод толгойг нь боолт хийлгээд аймгийн цагдаа руу хамт явсан юм.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Ганхуягийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө үхэрээ худган дээр услах гээд очиход манай багийн олон хүмүүс байсан. Тэгээд худаг дотор пиво ууж байсан тэнд 8, 9 хүн байсан, зарим нь орж гараад яваад байсан худган дотор 5-6 пиво уусан байх тэгээд үхэрээ услаж дуусахад Бака манайд очъё гээд Сайнжаргал, Бака бид 3 Бакаагийн гэрт очсон юм. Бакаагийн гэрт очиход эхнэр нь байгаагүй тэнд 2,5 грамттай пиво ууж дуусаад би Сайнжаргалыг манайд очъё гэж хэлээд дагуулаад гэрт ирэхэд эхнэр хоол цай болоод бид 2 нэг шил архи уусан. Архиа ууж дуусаад Сайнжаргалыг гэрт нь хүргэж өгнө гээд явж байтал хүүхэд нь тосоод аваад явсан, би гэр лүүгээ явж байгаад Ц.Бямбажавтай таараад тэр надаас мэнд асуусан би тухайн үед архи уучихсан байсан болоод салхинд гараад согтчихсон миний хаагуур явах нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд даалинтай хөөрөгөөрөө түүний толгой руу нь цохисон. Маргааш өглөө нь Ц.Бямбажавын гэрт очоод өчигдрийн болсон зүйлд уучлалт гуйсан юм. Ц.Бямбажавын тоглойг багийн эмнэлэг орж боолт хийлгээд аймаг орж шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан. Хийсэн зүйлдээ маш их харамсаж байна би нэг их архи уугаад байдаггүй тэр өдөр худаг дээр хүмүүс таараад уучихсан юм” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Ганхуягийн хохирогч Ц.Бямбажавыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар дүгнэлт /хх-ийн 27 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Ганхуяг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэм буруутайд тооцох шүүх хуралдаанаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрч Т.Мөнгөн, Ч.Отгонхүү, Л.Нянтайсүрэн нарын мэдүүлэг, баримтуудаар шүүгдэгч Х.Ганхуяг нь Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багт эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Хэргийн 48 дугаар талд авагдсан хохирогчийн гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаарх тодорхойлолт, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...50 гаруй төгрөгөөр эм тариа авч өгсөн” гэх мэдүүлгээр хохирогч Ц.Бямбажавд учруулсан хохирол, хор уршгийг арилгасан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Х.Ганхуягаас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Х.Ганхуягийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Х.Ганхуяг хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Ганхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн эзэмшлийн хуванцар циплод толгойтой, зэс бөгжтэй, зэс халбагатай, бор шаргал өнгийн орчин үеийн мана хөөргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Хольдог овогт Хулнаагийн Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хольдог овогт Хулнаагийн Ганхуягийг 550 /таван зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ганхуяг нь торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.Ганхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хуванцар циплод толгойтой, зэс бөгжтэй, зэс халбагатай, бор шаргал өнгийн орчин үеийн мана хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч буюу шүүгдэгч Х.Ганхуягт буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Ганхуягт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Э.Ууганзаяа
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ц-ын Б-т холбогдох 1835000010016 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багийн 02-17 тоотод оршин суух, регистрийн дугаар ОО85051570, Г овогт Ц-ын Б.
Холбогдсон хэргийн талаар: Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний орой Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Э-ын “2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...Ц.Б, Э.Д, Г.А бид 4 “Тооромтын ам” гэдэг газар зогсоод Ц.Б Түмний хишиг нэртэй 0,75 литртэй архи гаргаж ирээд бид нар хувааж ууж дуусаад явахаар болоод би өөрийнхөө мотоциклийг асаагаад дараа нь Г.А-гийн мотоциклийг асаасан чинь Ц.Б хүрч ирээд чи миний мотоциклийг асаачихгүй ямар арчаагүй бацаан бэ гээд над руу дайраад байхаар нь би 2 мотоцикль асаалаа та өөрөө асаагаач гэсэн чинь чи ах дүү байж ямар арчаагүй юм гэхээр нь та өөрөө хөл гартай биз дээ өөрөө асаачихад яадаг юм гээд маргалдаад зогсож байтал толгойгоороо миний баруун дээд уруул руу мөргөсөн, дараа нь гараараа духны баруун талд цохисон. Тэгээд барьцалдаж аваад зогсож байтал Э.Д салгаад би салгасан үед нь сумын төв рүү зугтаасан юм. Миний толгой доргисон хиймэл шүд унаж алга болсон. 1 шүд хөдөлсөн баруун дээд уруул язарсан гэмтэл учирсан” /хх-ийн 4-5 тал/ гэх мэдүүлэг, гэрч Б.Б-гийн “Б.Энхбат нь миний төрсөн дүү юм. ...19 цагийн орчим намайг Б зодчихлоо гэчихсэн дээд уруул язарсан, амнаас нь цус гарч, шанаа нь хавдаж бага зэрэг арьс нь шалбарч хувцас нь цус болчихсон байдалтай орж ирэхээр нь цагдаад мэдэгдсэн” /хх-ийн 6-7 тал/ гэх мэдүүлэг, гэрч Ц.С-гийн “би эрүүл мэндийн төвд зодуулж гэмтсэн хүн ирсэн байна гэх дуудлагаар гэрээсээ 19 цагийн орчим ирээд анхны тусламж үзүүлж биеийн байдлыг нь үзсэн. Биеийн байдалд үзлэг хийхэд ноцтой гэмтэл байгаагүй, баруун дээд уруул язарсан шарх байсан, духан дээр жижиг хавдсан бага зэрэг зулгарсан байсан тул өвчин намдаах эм зэрэг эмчилгээ хийж өгөөд мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвөлсөн. 1 шүд нь хөдөлсөн гэж жаахан цус гарч байсан” /хх-ийн 8-9 тал/ гэх мэдүүлэг, гэрч Н.А-ийн “Намайг хэнд зодуулсан бэ гэж асуух үед Б гэдэг нэртэй хүн хээр хөдөө авч яваад архи ууж байхдаа маргалдаж улмаар зодож эхлэхээр нь зугтаж саллаа гэх мэтийн зүйл ярьж байсан” /хх-ийн 10 тал/ гэх мэдүүлэг, гэрч Э.Д-ын “Тэгээд ууж байсан архи дуусаад тарахаар болоод Энхбат, Б 2 мотоциклио авах гээд явсан, удалгүй юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй 2-лаа барьцалдаад авсан. Б түрүүлж толгойгоороо дээд уруул тус газар мөргөхөд Энхбат нь газар уначихаад Б-ын нүүрний тус газар алгаараа 2 цохисон. Би зодолдохоо боль гээд очиж салгахад Энхбат мотоциклио орхиод сумын төв рүү явсан. Б мотоциклио асаагаад хөдөө явлаа гээд унаад явсан” /хх-ийн 12-13 тал/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “17 цагийн орчим сумын төвөөс 600 м орчим газар уг асуудал болсон. Би дэлгүүрээс хөдөө очоод хэрэглэх гэж авсан Түмний хишиг нэртэй 0.75 литртэй архи гаргаж ирээд бид дөрөв хувааж ууж дуусаад хөдөө явах гээд тус тус мотоциклээ асааж байтал Б.Э-ын мотоцикл асахгүй байсан тул над дээр ирээд миний мотоциклийг асаагаад өг гэж надад хэлсэн. Би өөрийн мотоциклио асаагаад халааж байсан тул чи өөрөө асаахгүй юу гэж хэлтэл чи асаагаад өг л дөө гээд зүүн талын шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь хувцаснаас нь зулгааж татаж ойртуулаад толгойгоороо дээд уруул орчим нь нэг мөргөсөн. Б.Э-ын дээд уруулын дотор талаас цус гарч байсан тэгээд хиймэл шүд алга болчихлоо гээд хайгаад байхаар нь одоо харанхуй болчихсон олдохгүй маргааш би олоод өгье гээд тэр өдрөө салсан юм” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 42, 45 дугаар дүгнэлтүүдээр тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ын биед дээд уруулын салстад язарсан шарх, духанд зулгаралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар дүгнэлт /хх-ийн 19 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрч Б.Ч, Н.Г нарын мэдүүлэг, баримтууд /хх-ийн 14-17, 30-35 тал/-аар шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн 2-17 тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Б нь хохиролд 100.000 төгрөг төлж барагдуулсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт “Улаангомд авч ирж эмчид үзүүлсэн. Унааны зардал эмчилгээний зардалд нийт 100.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Б-аас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн байдлыг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.Бт шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г овогт Ц-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Ц-ын Бт 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь хохиролд 100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА