Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00164

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00164

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам, шүүгч П.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Монгол овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 30,405,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******, Д.*******,

Хариуцагч: М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч М.******* холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 30,405,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор М.******* нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.ыг зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, тархины хүнд няцралын дараах байдал, нойргүйдэл бүхий хүндэвтэр болон хамрын яс таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон.

Тус гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Э. нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан байсан бөгөөд үүссэн гэмтлийн үлдэц уршиг одоог хүртэл үргэлжилж байгаа. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр гавал тархины гэмтлийн үлдэц оношоор түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг дахин 1 жилээр буюу 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан. Нэхэмжлэгч Э. нь урьд тус шүүхэд нэхэмжлэл гарган 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цалин тэтгэмжийн зөрүү цалин, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийн зөрүүг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан ба Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00197 дугаар шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Одоо Э.******* хөдөлмөрийн чадвар алдалт хэвээр, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийн зөрүү 24,079,914 /сүүлийн 6 сарын дундаж цалин 2,825,403 төгрөг - хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр 818,744 төгрөг = 2,006,659 төгрөг, 2,006,659 төгрөг х 12 сар = 24,079,914 төгрөг/ төгрөгийг нэхэмжилнэ.

Мөн өмнөх гэмтэл нь эдгэрээгүй, тэнцвэрээ алдаж гуйвж унах гээд байдаг, даардаг, мөр зэргээр татвалздаг зовууриуд хэвээр байгаа тул 2024 оны 4 дүгээр сард Хятад улс руу явж эмчлүүлсэн. Энэ үед эмчилгээ, замын зардал зэрэг 7,011.12 юанийн зардал гарсан. Үүнийг тухайн үеийн Монгол банкны ханш болох 469.5 төгрөгөөр тооцвол 3,291,721 төгрөг. Автомашины зогсоолын төлбөр 50,000 төгрөг, хятад хэлээр бичигдсэн баримтыг орчуулуулах зардал 210,000 төгрөг нийт 3,551,721 төгрөгийн зардал гарсан байна. Гэмт хэргийн улмаас хамрын яс таславчийн хугарал, таславчийн мурийлт гэмтэл үүссэн байсан. Энэ гэмтлээ эмчлүүлж Грандмед эмнэлэгт хамрын мэс засалд орсонтой холбогдох зардал 405,500 төгрөг, мөн бусад эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэг оношилогоо 215,000 төгрөгийн зардал, нийт 620,500 төгрөгийн зардал, уламжлалт анагаах ухааны Лижинжи эмнэлгээр үзүүлж, эмчлүүлсэн зардал 1,580,000 төгрөг Ухаабулаг эмийн сангаас эм авсан 451,900 төгрөг, Улаанбаатараас Багануур хоорондын таксины зардал 121,500 төгрөг, нийт эмчилгээ оношилогоо болон замын зардал, бусад зардал 30,405,535 төгрөг болж байна. Иймд хариуцагч М.*******аас дээр дурдсан гэм хорын хохиролд 30,405,535 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч хариу тайлбар өгөөгүй байгаа, өөрийнх нь ярианаас харахад Э. өөрөө шүүх хуралд оролцох боломжтой байж яагаад өөрөө оролцохгүй байгаа юм гэж байна, мөн Хятад руу явж эмчлүүлснийг ямар эмч Хятад руу явж эмчилгээ хийлгэх бичиг өгсөн юм бэ гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн биеийн байдал хэвээрээ, унаж, татах байдалтай, даарах, мөр хүний мэдрэмжээс үл шалтгаалан татганах зэрэг зовуурь хэвээрээ байгаа, үүнийг эрүүл мэндийн байгууллага дүгнээд хөдөлмөрийн чадвар алдалтыг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гавал тархины гэмтлийн үлдэц гэсэн оношоор дахин 60 хувиар сунгасан байгаа.

Хариуцагч Э.ыг гадуур зүгээр л явж байна лээ, яагаад хуралдаа өөрөө орохгүй байгаа юм бэ гэж яриад байна, эмнэлэг энэ хүний зовуурь хэвээрээ байгаа гээд хөдөлмөр магадлах комиссын шийдвэр гаргасан нь энэ хүн цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай, эрүүл мэндийн хувьд хэвийн болох гэж эмчилгээ хийлгээд байгаа, зүгээр гэртээ хэвтчихээд хариуцагчаас мөнгө нэхээд байсан юм байхгүй. Хариуцагч одоо хүртэл өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгөө төлөөгүй байгаа, нэхэмжлэгчид зовуурь байгаа учраас Хятад руу дахин яваад эмчилгээ хийлгээд байгаа, тийм ч ураас хариуцагчаас мөнгө аваагүй, өөрсдөө зардлаа гаргаад Хятад яваад байна. Мөн хамрын ясны таславчийн мурийлт гэмтэл тогтоогдсон, үүнийг эмчлүүлсэн, баримт, хагалгаанд орсон тухай Лижинжи эмнэлгээс үйлчилгээ авсан, мөн эмийн сангаас эм тариа авсан болон хот хооронд явсан зардлаа л нэхэмжилсэн. Сонсоход бага зардал сонсогдож байгаа боловч зарим нэг зардлыг нэхэмжлээгүй, оруулаагүй. Нэхэмжлэгч маань өөрөө биеэ даагаад хот руу явж чадахгүй учраас эхнэр, аав нь дандаа дагаж явдаг, энэ бүхнээс гарсан зардлыг оруулаагүй гэдгийг ойлгоорой. Нэхэмжлэгч дахин эмчилгээ хийлгээд яваад байгаа нь биеийн байдал дээрдэхгүй, эдгэхгүй байгаа учраас эмчилгээнд яваад байгаа юм. Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн үйл баримтын тухай дурдсан, энэ хэрэг хохирогчийн буруугаас болж гарсан гэсэн ямар ч дүгнэлт байхгүй, таксинд явж байхад араас цохисон гэсэн юм ярьдаг. Нэхэмжлэгчийг арслан бар шиг л гэж байна, гэтэл та өөрөө хохирогчийг араатан шиг зэрлэг байдлаар удаан хугацаанд газар хэвтүүлж байгаад шуудайтай юм өшиглөж байгаа юм шиг зодож байгаа бичлэгийг бүгд үзсэн. Тэгж аймаар зодуулаад өнөөдөр өдий зэрэгтэй гайгүй өнгөрсөн шүү дээ. Та өнөөдөр энэ хүнийг зэрлэг гэж ярьж болохгүй, үйлийн үр гэж байдаг л гэж байна, хүнийг тэгж харгис хэрцгий зодсон учраас түүний үйлийн үр байгаа болохоор та өнөөдрийг хүртэл шүүхээр яваад байна шүү гэв.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний хэлэх зүйлийг төлөөлөгч Д.******* хэлчихлээ, энэ нэхэж байгаа зардалд ороогүй зардал их байгаа, ер нь хурдан эдгэрч ажилдаа орох гэж л хичээж байгаа, эмнэлэг болохоор манай зүгээс хийх эмчилгээ одоо байхгүй, та нар нөхөн сэргээх эмчилгээнд явуулаарай гэж хэлсэн, тэгээд аль болох уламжлалт эмчилгээнд оруулж эрүүл болгох гэж хичээж байна. Эрүүгийн хэргийн шүүхээр та өмгөөлөгчтэйгөө орсон, тэгээд шүүхээс таныг гэм буруутай гэж тогтоосон. Өөрийн чинь яриад байгаа араатан шиг авир бол танаас өөрөөс чинь гарсан, зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг хөдөлмөрийн чадваргүй болгочихоод ийм юм яриад байж арай болохгүй, одоо ч бичлэг нь байгаа байлгүй. Энэ хүн цалингийн 50 хувийг шилжүүлж байсан гээд байна, цалингаас нь 142,000 төгрөг, 307,000 төгрөг, сүүлд 1,150,000 төгрөг, нийт шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой 68,330,000 төгрөг төлөхөөс 5,599,000 төгрөгийг хариуцагч төлөөд байгаа гэв.

4.Хариуцагч М.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: За ер нь тайлбараас нь ойлгож байна, энэ шүүх хуралд хамааралгүй ч гэсэн би хэлмээр байна, эрүүгийн хэрэг 100 хувь миний буруу юм шиг л яриад байна, гэтэл би Э. гэж хүнийг огт танихгүй, мэддэггүй байсан, тэр өдөр өөрөө намайг эхлээд цохиогүй байсан бол ийм юм болохгүй байх байсан. Би ч гэсэн энэ хэргээс болоод маш их хохирч байна, одоо ямар ч ажил хийх боломжгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байсан гээд цагдаагийн газрын тодорхойлолт гараад ирэхээр намайг ажилд авах газар олдохгүй байгаа, эрүүгийн хэргийг миний буруу гэж шийдсэн, гэхдээ би та нарыг мэдээсэй гэж хүсэж байна, үйлийн үр гэж байдаг юм шүү. Хятад улс руу эмчилгээнд явсан л гэж байна, ямар эмч нь заавал Хятад руу явж эмчлүүл гэсэн юм бэ, би энэ хохирлыг зөвшөөрөхгүй байгаа, яагаад гэхээр энэ хэрэгт өөрийнх нь буруу бас байгаа шүү дээ, тэгээд эмчилгээний зардал гээд жил бүр нэмээд нэхээд байх юм уу, надад одоо ямар ч төлөх боломж байхгүй, эсвэл энэ хэрэг би үхэж байж дуусах юм уу. Намайг арслан бар, араатан шиг байсан гээд байна, тэгвэл ямар ч хүн газар байсан чулууг дээшээ шийдэж толгойгоо хагалчихаад энэ чулууны буруу гэх үү, хэзээ ч тэр хүн шидээгүй бол чулуу дээрээс нь унахгүй, тэгээд таксинд цохисон явдал гээд байна, хэрвээ үнэхээр та нар итгэлгүй байсан бол үүнийгээ шүүх дээр хэлэхгүй яасан юм бэ, энэ чинь гэрчийн мэдүүлэгтэйгээ батлагдсан зүйл, тийм учраас тэр хүний буруутай үйлдэл байсан болохоор намайг торгох ялаар шийтгэсэн. Хэрвээ үнэхээр гэрчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ ярихгүй яасан юм бэ. Тухайн үед би хуулийн ямар ч мэдлэггүй, манай өмгөөлөгч хурлын өмнөх өдөр ирж хэрэгтэй танилцсан байсан, та нар хот руу зүгээр яваад ирсэн 2 хүний зардлыг зохиомлоор бүрдүүлээд надаас нэхээд байсан хүмүүс, 8 минутын зөрүүтэй хотоос наашаа ирэхгүй биз дээ гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдийн хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн жагсаалт, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/513 дугаар тушаалын хуулбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2024/00197 дугаартай шийдвэрийн хуулбар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ2024/123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын лавлагаа, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Э.******* 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарын цалингийн жагсаалт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Грандмед эмнэлгийн үзлэгийн баримт, төлбөрийн баримтууд, Сант оюу ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Бао Тоу хотын Монгол анагаах ухааны эмнэлгийн өвчтөний эмнэлгээс гарах дэлгэрэнгүй жагсаалт /баталгаат орчуулгын хамт/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч М.******* холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 30,405,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: М.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсан учраас цалин хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн зөрүү болон эмчилгээний зардлаа гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч нь Энэ гэмт хэрэг зөвхөн миний буруутай үйлдлээс болоогүй, нэхэмжлэгч Э. эхлээд гэмт хэрэг гарах эх үүсвэрийг бий болгосон учраас бүх хохирлыг би зуун хувь хариуцахгүй, хятад улс болон хувийн эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмчийн зөвлөгөө байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна.

2.1.Хариуцагч М.*******ыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Э.******* биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. /хх-ийн 12-21 дүгээр хуудас/

Уг шийтгэх тогтоолын 6 дахь заалтад хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

2.2.Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдагдсан болох нь зохигчдын тайлбар, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруугийн талаар шүүх дахин нотлохгүй.

2.3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч нь Э.******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, түүний хууль бус үйлдэл хохирогч Э.******* эрүүл мэндэд учирсан хохирол хоёр нь шалтгаант холбоотой байх тул тэрээр эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

2.4.Нэхэмжлэгч Э. нь Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/513 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байна.

2.5.Нэхэмжлэгч Э. нь Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 50 хувиар, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 60 хувиар тус тус тогтоосон байна. Тэрээр 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид сард 818,744 төгрөг авдаг болох нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байна. / хх-ийн 23 дугаар хуудас/

2.6.Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоосон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээ нь М.*******ын учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай юм.

2.7.2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолд бичигдсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний шинжээчийн 810 дугаартай дүгнэлтэд Э.ад баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, тархины хүнд няцралын дараах байдал, нойргүйдэл, хамрын яс таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ гэсэн байна.

2.8.Шүүх нэхэмжлэгч Э.******* хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, эмчилгээний болон замын зардал, үзлэгийн төлбөр төлсөнтэй холбоотой баримтуудаас:

-2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийн зөрүү 24,079,914 /сүүлийн 6 сарын дундаж цалин/ 2,825,403 төгрөг - /хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр/ 818,744 төгрөг = 2,006,659 төгрөг, 2,006,659 х 12 сар = 24,079,914 төгрөг,

-2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Грандмед эмнэлэгт хамрын мэс заслын төлбөрт төлсөн 30,000 төгрөг /хх-44/,

-чих, хамар, хоолойн хагалгааны багцад төлсөн 287,500 төгрөг /хх-44/,

-2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хамар дайврын КТ-ийн төлбөр 27,000 төгрөг /хх-45/,

-2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн нуруу нугасны мэс заслын эмчийн үзлэгийн төлбөр 70,000 төгрөг /хх-45/,

-Ухаа булаг эмийн сангаас 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр авсан отилин хамрын дусаалга 6,800 төгрөг /хх-49/,

-2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар, Багануур явсан, буцаж ирсэн замын зардал 14,000x4=56,000 төгрөг /хх-52/,

-Эмжж эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тэнцвэрийн үзлэгийн төлбөр 200,000 төгрөг /хх-52/,

-Ухаа булаг эмийн сангаас 2024 оны 01 дүгээр 12-ны өдөр авсан отилин хамрын дусаалга 15,800 төгрөг /хх-53/,

- Ухаа булаг эмийн сангаас 2024 оны 02 дугаар 01-ний өдөр авсан отилин хамрын дусаалга 14,900 төгрөгийн /хх-53/ баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд, түүнийг эмчлэхтэй холбоотой гарсан зардлууд гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

2.9.Харин Лижинжи эмнэлэгт 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл эмчлүүлсэн гэх баримтууд нь /хх-46-49/ зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан эсэх, эмчийн заавраар хийгдсэн эсэх, ямар эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, Бао Хоу хотын Монгол анагаах ухааны эмнэлэгт зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай талаар эмчийн заавар зөвлөгөө байхгүй, энэ талаарх болон цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх эмчийн тодорхойлолт, эмчлүүлэгчийн картыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй, Монмедикал клиникийн эмнэлэгт 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үзүүлсэн үзлэгийн төлбөрт 15,000 төгрөг төлсөн нь /хх-49/ ямар эмчилгээ хийлгэсэн, ямар үзлэгт хамрагдсан нь тодорхойгүй, 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Тээвэрчин буудал-зогсоолд 50,000 төгрөг /хх-50/ төлсөн үйл баримт нь Бао Хоу хотын Монгол анагаах ухааны эмнэлэгт үзүүлсэнтэй холбогдон гарсан зардал, 2024 оны 5 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Улаанбаатар хот явж үзүүлсэн замын зардал 56,000 төгрөг /хх-51/ төлсөн гэх боловч тухайн хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан баримтгүй, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ухаа булаг эмийн сангаас 31,000 төгрөг, 7,900 төгрөгийн эм, тариа авсан гэх баримтууд нь уншигдахгүй, баларсан байх тул дээрх зардлуудыг шүүх хариуцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

2.10.Иймд хариуцагч М.*******аас эмчилгээний зардалд 699,000 төгрөг, цалин тэтгэмжийн зөрүүд 24,079,014 төгрөг нийт 24,778,914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,626,621 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.11.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2024/00197 дугаартай шийдвэрээр Э. нь 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны 6 сарын цалин, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү 9,192,075 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-наас 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон группийн мөнгөний зөрүү сар бүр 2,227,404 төгрөг бүгд 26,728,848 төгрөг нийт 35,920,923 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.******* зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

2.12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж зааснаар оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

2.13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 309,978 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагчаас 24,778,914 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 281,845 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* овогт ******* *******аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 24,778,914 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол овогт ******* ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,626,621 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 309,978 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******аас 24,778,914 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 281,845 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 



 

ДАРГАЛАГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД П.ЦЭЦЭГДУЛАМ

П.ТУЯА