| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 183/2020/03527/И |
| Дугаар | 210/МА2021/00278 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2021/00278
МАГАДЛАЛ
2021.01.29 Дугаар 00278
Ц К ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03009 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 93 744 800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ц К ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний 4.3-т зээлдэгч нь үндсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, мөн гэрээний 4.7-д зээлийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн төлбөрт холбогдох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Ц.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гараагүй байна. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зээлийн хугацаа 6 сар буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл байна гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан тул шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл үүсээд байна. Мөн гэрээний 9.2-т зээл төлөгдөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж зааснаар төлбөрөө барагдуулахын тулд шүүхэд хандаж, зээлийн гэрээний өр төлбөрийг нэхэмжилж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2206023461 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 24 дүгээр байрны 91 тоот хаягт байрших 57,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 60 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн үндсэн хүүгийн үлдэгдэл 29 640 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 104 000 төгрөг, нийт 93 744 800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 93 744 800 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Ү-2206023461 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 24 дүгээр байрны 91 тоот хаягт байрших 57,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-оос 91 744 800 /ерэн нэгэн сая долоон зуун далан дөрвөн мянга найман зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696 874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 616 674 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд оролцохоор хүлээлгийн танхимд сууж байтал надад мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг хийсэнд гомдолтой байна. Ц К ББСБ ХХК-аас 60 000 000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Нэхэмжлэгч нь үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 29 640 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 104 000 төгрөг, нийт 93 744 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож 91 744 800 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлд төлсөн 6 000 000 төгрөгийг 60 000 000 төгрөгөөс дутуу хасаж тооцсон бөгөөд үүнээс үүдэн зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтэрсэн хүүг илүү тооцсон. Мөн нэмэгдүүлсэн хүү 4 104 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү 29 640 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 104 000 төгрөг, нийт 93 744 800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна.
Талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлүүдэгч Ц К ББСБ ХХК нь зээлдэгч Ц.Б-д 60 000 000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогджээ. /хх-9-11/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээ нь бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
Зээлдүүлэгч Ц К ББСБ ХХК нь зээлдэгч Ц.Б-д гэрээгээр тохиролцсон 60 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингис Хаан банк дахь түүний эзэмшлийн 3401001275 тоот дансанд шилжүүлсэн болох нь электрон төлбөрийн баримтаар тогтоогдсон байна. /хх17х/ Иймээс хариуцагч Ц.Б үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 13 680 000 төгрөг, нийт 73 680 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэг хүлээжээ.
Зээлийн гэрээний 3.8-т зааснаар Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүнээс нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлнө гэж талууд тохиролцсон. Талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй ба хариуцагчийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх зээлийн хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Хариуцагч Ц.Б нь зээлийн төлбөрт нийт 5 000 000 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон ба хариуцагч үүнийг үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байна. Хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 6 000 000 төгрөг төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй. /хх-15/
Анхан шатны шүүх гэрээний хугацаанд төлсөн 3 000 000 төгрөгийг зээлийн хүү 13 680 000 төгрөгөөс хасаж, гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 2 000 000 төгрөгийг үндсэн зээл 60 000 000 төгрөгөөс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцжээ. Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх нийт үүргийг тооцоход үндсэн 58 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 10 680 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 20 520 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 140 000 төгрөг, нийт 93 340 000 төгрөг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд нийт 29 640 800 төгрөгийг нэхэмжилсэн байх тул үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээ болох 29 640 800 төгрөгийн хэмжээгээр тодорхойлж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 91 744 800 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Ц К ББСБ ХХК болон Ц.Б нар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 24 дүгээр байр, 91 тоотод байрлах Ц.Бын өмчлөлийн 57,87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-112-13/
Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч Ц.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбар болон баримт ирүүлээгүй.
Мөн анхан шатны шүүх хариуцагч Ц.Б-д 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн тул шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 316 680 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.БАЙГАЛМАА