| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0003/э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогтой Б-ийн С-д холбогдох эрүүгийн 1735001550100 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 03-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, худгийн цахилгаан моторчин мэргэжилтэй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт оршин суух, /РД:ОК67010318/ Т овогтой Б-ийн С.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.С нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Цагаан байд” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай агнаж байгаль хамгаалах санд 700.000 төгрөгийн хохирод учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С-г Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай агнаж байгаль хамгаалах санд 700.000 төгрөгийн хохирод учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Цагаан байц” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай агнаж байгаль хамгаалах санд 700.000 төгрөгийн хохирод учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн гэрээс зэрлэг гахайн толгой 1 ширхэг, зүрх 1 ширхэг, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мустанг-6 маркийн улсын дугааргүй мотоцикль битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14 тал/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын “Би Б.Сг 2017 оны 9-р сарын 24-ний өдөр “Хан хөхий” нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Цагаан байц” гэх газраас гахай агнасан талаар мэдээллийг цагдаагийн байгууллагаас авсан юм. Миний авсан мэдээллээр Б.С нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зэрлэг гахай агнаж гэмт хэрэг үйлдсэн байна. Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн зэрлэг эм гахай 800,000 төгрөг, эр гахай 700,000 төгрөг байдаг юм. Уг хэргийн улмаас хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага тавьж байна. Учирсан хохирол буюу экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу учирсан хохирлын хэмжээг нөхөн төлүүлж, сумын байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
гэрч Н.Т-ын “Би 2017 оны 9 сарын 23-наас 10 сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу найр хуримын ажлаар явсан. Намайг ирээд удаагүй байтал цагдаа нар ирж манай амбаараас гахайн мах хурааж авсан, тэгэхэд гахай агнасан талаар мэдсэн юм. Миний ээжийн бие муу байгаа болохоор би ээжийндээ байнга байдаг тул ирээд 2-3 хоноход амбаарт гахайн мах байсныг мэдээгүй. Бид гэр бүл болоод 30-аад жил болж байгаа 4 хүүхэдтэй, 3 тусдаа гарсан. Нөхөр Б.С нь машин техникт сонирхолтой, сумын иргэдийн машиныг засдаг. Өнгөрсөн жилээс дэлгүүр, гуанз ажиллуулж байгаа. Ар гэрийн хувьд бод мал 20 гаруй, бог мал 40-50 бий, бид дундаж амьдаралтай. Зан араншгийн хувьд үг дуу цөөтэй даруу, архи дарс уугаад байдаггүй. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хувьдаа ааваасаа өвлөж авсан ТОЗ-8 загварын буутай” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,
гэрч Г.Ч-ын “Б.С нь Өвөрхангай аймагт ТМС-ийг мотор монтажын анги төгссөн. Төгсөж ирээд худгийн монтаж хийх ажил хийж байгаад сумын төв шилжсэн. Техникийн сэтгэлгээ сайтай, автомашины завсар үйлчилгээ хийдэг. Эхнэр нь гуанз ажиллуулдаг. Сумын төвөөс холгүй газар тариалан эрхэлж чацаргана тариалдаг. Зүгээр суудаггүй, байнга л ямар нэгэн ажил хийж байдаг, хөдөлмөрч хүн юм. 3 хүүхэд нь тусдаа гарсан, 1 хүүхэд нь оюутан. Зан байдлын хувьд төлөв даруу, элдэв муу зуршилгүй, нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй, архи дарс уугаад байдаггүй. Хаяа найз нөхдийн хүрээнд баяр ёслолоор тохируулан хэрэглэдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2017 оны 11 дүгээр 24-ний өдөр гаргасан 04 тоот “Б.С-гаас хураан авсан мах нь зэрлэг гахайн мах байна. Б.Сгаас хураан авсан мах нь ойн зэрлэг гахайн /Sus scrofa sibiricus/ мах байна. Увс аймагт 2015, 2016 онуудад хийгдсэн ерөнхий болон нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгаагаар ойн сан бүхий газруудын зэрлэг гахайн тархац байршил нөөц нь Улсын тусгай хамгаалалттай газруудын хилтэй давхцаж байгаа нь тогтоогдсон. Иймд зэрлэг гахайг ахуйн зориулалтаар агнах агнуурын нөөц, ангуурын бүс нутагт тогтоогдоогүй учир Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Увс аймагт зэрлэг гахай агнах зөвшөөрөл олгоогүй болно. Хураан авсан махнаас зэрлэг гахайн нас хүйсийг тогтоох боломжгүй байна. “Ам амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ эр-700.000 төгрөг, эм- 800.000 төгрөг, Зэгсний зэрлэг гахай эр-2.900.000 төгрөг, эм-3.300.000 төгрөг зэрэг экологи, эдийн засгийн үнэлгээтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 тал/,
Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 2017.11.05-ны өдөр гаргасан А-109 тоот “Увс аймгийн Өндөрхангай сумын “Цагаан байц” хэмээх N49o33”09,2“ E95o04“29,6“ координаттай газар нь Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн дотор талд байгааг тогтоолоо” гэх албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 34-35 тал/,
шүүгдэгч Б.С-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “Би сонсгосон ялыг зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Өндөрхангай сумын төвөөс Баруунтуруун сумын нутаг Хар цагаан ус гэх газар луу айлаас шимийн архи авахаар ганцаараа Мустанг 6 маркийн хар өнгийн мотоцильтой хөдөлсөн. Замдаа Цагаан байц гэх газарт явж байтал гахайны шинэхэн мөр байсан бөгөөд цусаа гоожуулаад явсан байсан юм. Би уг мөрийг дагаад явганаар явсан ба 100 м орчим зайд модон дотор нэг гахай цаашаа хараад хэвтэж байхаар нь өөрийнхөө авч явсан ТОЗ-8 М загварын ангийн буугаараа араас нь нэг удаа буудаад хэсэг харзнаж байгаад очиход гахай үхсэн байсан. Уг гахайг шархтай байхад нь таарч буудаж алсан. Тэгээд би гахайг чирч мотоцикль дээрээ авч ирээд мотоцикльдоо ачиж гэртээ авч ирсэн. Уг гахайн махыг өөрөө хүнсэндээ хэрэглэж дуусгасан. Гахайн махнаас толгой, зүрх хоёр нь үлдснийг цагдаад хураалгасан юм. Уг гахай зэрлэг гахай байсан бөгөөд 3 настай, эр хүйсний гахай байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.С-н гахай агнасан Увс аймгийн Өндөрхангай сумын “Цагаан байц” гэх газар Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн дотор талд буюу улсын тусгай хамгаалаллтай газар нутагт хамаардаг болох нь хэрэгт авагдсан Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2017 оны 11 дүгээр 05-ны өдрийн А/109 тоот албан бичгээр, Б.С нь зэрлэг гахай агнах тусгай зөвшөөрөл аваагүй, Увс аймгийн хэмжээнд 2015, 2016 онуудад зэрлэг гахай агнах, барих тусгай зөвшөөрөл олгогдоогүй болох нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот дүгнэлтээр тус тус нотлогдсон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөцийн газар, дурсгалт газар гэж ангилна” мөн хуулийн 13 дугаар зүйлд “байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ”, 18 дугаар зүйлд “байгалийн цогцолборт газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус зааснаар байгалийн цогцолборт газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах бөгөөд уг газарт амьтан агнахыг хориглосон байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.С-г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 37.2-д “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэж заасан ба Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ, шинжээчийн 04 тоот дүгнэлтээр шүүгдэгч Б.С-н тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүй агнасан ойн зэрлэг /Sus scrofa sibiricus/ эр гахайн экологи эдийн засгийн үнэлгээ 700.000 төгрөг байна.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан тул байгаль орчинд буюу амьтны аймагт учирсан хохирол, хор уршгийг 1.400.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.С нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдал тогтоосон гэрч Н.Т, Г.Ч нарын мэдүүлэг, Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн засаг дарга Х.Б-ын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 396 тоот албан бичиг, Б.С-н 2016 оны жилийн эцсийн малын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдсон.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 1.400.000 төгрөг бөгөөд үүнээс шүүгдэгч Б.С нь 900.000 төгрөгийг орон нутгийн орлогод төлсөн нь хэргийн 67-68, 97 дугаар хуудаст авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон тул үлдэх 500.000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн шүүгдэгчийн эзэмшлийн мустанг-6 загварын мотоцикль, ТОЗ-8М загварын бууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон хурааж, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулах, гахайн толгой 1 ширхэг, зүрх 1 ширхэгийг тус тус устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулинд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах арга хэмжээ авсан, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зохистой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч Б.С-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шийдвэрлэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогтой Б-н С-г хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Амьтны тухай хуулийн 37.1, 37.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б-н С-гаас 500.000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн эзэмшлийн ТОЗ-8М загварын буу 1 ширхэг, битүүмжлэгдсэн хөрөнгө болох Мустанг-6 загварын улсын дугааргүй мотоцикль 1 ширхэгийг тус тус хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулж, гахайн толгой 1 ширхэг, зүрх 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ C.БОЛОРТУЯА