Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 0061

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Т

Шүүгдэгч                                                       Л.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Л.Б/цахим/

Хохирогч                                                       Б.М

Нарийн бичгийн дарга                             Ц.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-н давж заалдах гомдлоор Л.Бад холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Л-н Б,

 

Л.Б нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр         аймгийн        сум       багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Б.М-г найзуудтайгаа уулзах гэхэд нь дагаж явлаа гэсэн шалтгаанаар хоолойг нь боож, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний гэдэс хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр         аймгийн       сумын       баг           тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу жирэмсэн Б.М-тэй үл ялих шалтгаанаар маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж унаган, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж зодсон, мөн гал тогооны өрөөнөөс хутга авч ална гэж айлгаж харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,

2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр        аймгийн       сумын       баг         тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Б.М-г үл ялих шалтгаанаар маргалдан гараас нь барьж мушгин нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унагааж, юу гээд байгаа пиздаа вэ чи гэх зэргээр харгис хэрцгий харьцсан, догшин авирлан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овогт Л-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан “жирэмсэн хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Л-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхгийг хэрэгт хавсаргаж,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо:

... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх дээрх үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ойлголт, шинжийг төсөөтэй тайлбарлан гэмт хэргийг шинжийг хангаагүй үйлдэлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан болно.

Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна." гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул дээрх үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан гэж салгаж зүйлчлэх боломжгүй юм.

Дээрх байдлуудыг харьцуулан дүгнэж үзэхэд шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж явцдаа насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Б тайлбартаа: ... Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх асуудал дээр тухайн цагдаа хэргээ хүлээгээд хялбаршуулсан журмаар хэргээ хүлээвэл торгуулаад өнгөрнө. Өмгөөлөгч авах боломжгүй мөнгө төгрөггүй байсан учраас өөрөөс нь асуусан. Тэгээд ингэж хүндэрнэ гэж бодоогүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.М тайлбартаа: ... Анх ийм ноцтой хэрэг болно гэж бодоогүй гомдол гаргасан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн Л.Бад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.М-тэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

 

             Анхан шатны шүүх Л.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, жирэмсэн хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялын хэмжээг 7 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэжээ.

 

             Шүүгдэгч Л.Б нь       аймгийн         сумын        багийн         тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.М-г 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хоолойг нь боож, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

              мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд харгис хэрцгий харьцаж догшин авирлан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Б.М, гэрч Б.Б, гэрч Ц.Н нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.М-н 2022 оны 06 дугаар сард Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлж эмчлүүлсэн талаарх баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б ... Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул дээрх үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан гэж салгаж зүйлчлэх боломжгүй ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Л.Бын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр          аймгийн       сум        багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.М-г “найзуудтайгаа уулзах гэхэд нь дагаж явлаа” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хохирогчийн хоолойг нь боож, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд зүүн чихний гэдэс хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

             Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг тогтоож зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалт болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

             Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-н ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ