| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00141/И |
| Дугаар | 103/ШШ2025/00180 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00180
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00180 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* ******* холбогдох гарааш чөлөөлөхийг даалгах, 2025 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Э.******* холбогдуулан гарааш чөлөөлөхийг даалгах, 2025 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие Л.******* нь хариуцагч Э.******* 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаатай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж улсын бүртгэлийн Ү-220800*** дугаар бүхий №00032**** тоот гэрчилгээний дугаартай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Баялаг хотхон ** тоот хаягт байршилтай 64,8 м.кв талбайгаас хэсэгчлэн 36 м.кв-ыг гараашийн зориулалтаар түрээсэлсэн ба гэрээний хугацаа дууссан тул гараашийг чөлөөлөхийг даалгаж, 2025 оны 1, 2 дугаар сарын төлбөрт гарааш чөлөөлөх хүртэл хугацаанд өдрийн 20,000 төгрөгөөр тооцож ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр гараашийг чөлөөлөсөн бөгөөд Л.******* нэхэмжилсэн түрээсийн төлбөрт 980,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Э.******* нь 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр гараашийг чөлөөлөсөн бөгөөд Л.******* нэхэмжилсэн түрээсийн төлбөрт 980,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Монгол овогт ******* ******* холбогдох гарааш чөлөөлөхийг даалгах, 2025 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51,755 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамж 51,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ