| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0028/э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л-гийн Сад холбогдох 1835000180036 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 8-р багт оршин суух, регистрийн дугаар ОЮ93112616, Т овогт Л-гийн С.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Л.С нь 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Л.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Л.С нь 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мыг зодсон болох нь хохирогч Б.М-ын “2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр манай найз Б.М Улаангом сумын 9 баг, 8-9 тоотод байрлах манай гэрт шөнө 22 цагийн үед Тэс сумаас ирэхэд 0,5 литрийн хэмжээтэй Шар Чингис нэртэй архи хувааж уусан. 23 цаг 10 минут болж байхад бид 2 Улаангом сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” бааранд очсон. Тэнд 0,5 литрийн Сэнгүр пиво 2 ширхэгийг авч ууж байхад бидний сууж байсан ширээний зүүн урд хэсэгт 6 залуу суусан ба түүнээс С-ыг зүс таниж байсан. Би бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байгаад С-ын ширээн дээр очиход надад 2 удаа хундагатай архи өгөхөд би нэг хагасыг нь уугаад эргүүлээд өгөхөд сөгнөж байсан залуу авахгүй бол алганы амт авах юм уу пизда минь минь гэж хэлсэн. Түүний дараа би бүжиглэхээр босоод явчихсан. Би бүжиглэж байгаад харих гээд гарахад бие засах газрын үүдний хэсэгт С тэдний ширээнд архи ууж байсан залуус зогсож байсан. С нь миний куртакны урд хэсгээс бариад пизда чи архи уудаггүй ямар том болчихсон юм гэж хэлсэн. С над руу томроод бид хоёр барьцалдаж авахад түүнтэй хамт явсан залуус биднийг салгасан. Би зодолдож байхдаа куртикаа тайлсан байсан. Түүний дараа би гараад явж байхад шатны хэсэгт савхин куртик байхаар нь би өмсөөд гараад таксины жолоочтой Gold ресторан пабын гадна ярилцаж байтал үл таних залуу дуудахаар түүнийг хүлээж байсан юм. Тэр залуу С-ын куртик өг гэж хэлсэн. Би тэр залуугаас миний куртик авч ирж өг хөлдөж үхлээ гэж хэлээд зогсож байхад С над руу гүйж ирээд миний баруун нүдний хэсэгт цохисон. Тэгэхээр би газар унасан. Намайг доошоо газар луу хараад толгойгоо дараад хэвтэж байхад нурууны хэсэгт өшиглөх шиг болсон. С миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” /хх-ийн 31-33 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Э-ийн “2018 оны 1 дүгээр сарын 04-ний орой манай гэрт нөхрийн найз Мэндээ Тэс сумаас ирж 0,5 л хэмжээтэй Чингис нэртэй архийг хувааж уугаад хагас архи үлдээгээд 22 цагийн үед тэд гэрээс гараад явсан. Нөхөр гэрээс гараад нэг цаг орчим болоод ганцаараа ирэхдээ бусдад зодуулсан байдалтай баруун талын нүдний зүүн талын хэсгээс цус гарсан, баруун талын нүд хавдчихсан байдалтай орж ирсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” /хх-ийн 34-35 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч О.Т-гийн “2018 оны 1 дүгээр сарын 04-ний 21 цаг өнгөрч байхад миний ажлын газар болох Андууд бааранд танихгүй залуучууд орж ирж суусан. Хоёр ширээнд сууж байсан хүмүүс нэг ширээнд сууж намайг зургаан хундага аваад ир гэж хэлэхээр нь би зургаан хундага хүргэж өгсөн. Түүний дараа манай байгууллагын захирал И хундага тоолж үзээд нэг хундага дутуу байна гэж хэлсэн. Зааланд цагаан фудболктай ах ногоо нь цамцтай залуутай зодолдсон. Тэднийг олон хүмүүс салгаж байсан. Би тэдний зодооныг хараагүй. Баарны зааланд удаан зодолдоогүй маргалдаж орж ирээд зодолдоод махлаг залуу нь гараад явчихсан” /хх-ийн 36 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.П-ын “2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн үед махлаг шар царайтай хар өнгийн куртиктэй, хар өнгийн ноосон малгайтай, хар өнгийн цамцтай эрэгтэй хажуудаа хар өнгийн куртиктэй залуутай хамт орж ирсэн. Баар хаах болж байхад нөгөө махлаг залуу намайг нэг залуу намайг цохих гээд байна танайд хамгаалагч байгаа юм уу гэж асуусан. Тэр өдөр манай хамгаалагч байхгүй байсан. Ичинхорлоо эгч баарны үүдний хэсэгт зогсож байхад гаднаас нөгөө махлаг шар залуу ногоон өнгийн ноосон цамцтай залуутай хамт гаднаас барьцалдаад ороод ирсэн” /хх-ийн 37-38 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.И-гийн “2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн үед махлаг шар залуу миний дэргэд ирээд танай хамгаалагч байна уу? Намайг нэг залуу зодох гээд байна, архины хундага халааслаад явчихсан байна та намайг гаргаад өг гэж хэлсэн. Нөгөө махлаг шар залуу ногоон өнгийн цамцтай залуутай барьцалдаж орж ирээд унаж босоод зодолдоход тэнд байсан танихгүй залуучууд салгаад махлаг шар залууг гаргаад явуулсан” /хх-ийн 39-40 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Б-ийн “Бие засах газар орох гэхэд хүмүүс их байсан тул би хүлээгээд зогсож байхад бид нартай архи уусан махлаг шар годон гуталтай залуу С-тэй маргалдаж, хэрэлдэж байсан ба юунаас болоод маргалдаж байгааг би мэдээгүй, махлаг шар залуу С-ийгийн нүүрний хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгахад махлаг шар царайтай ах Андууд баарнаас гараад явсан. Сүүгий Андууд баарны хоёр давхарын өрөөнөөс модон сандал чирээд гарахад би тухайн сандалыг булааж аваад шатны хэсэгт үлдээсэн. Би С-ыг М гэх залуугийн биеийн аль хэсэгт юугаар цохисныг анзаарч хараагүй” /хх-ийн 41-42 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.М-ын “2018 оны 1 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчим өөрийн найз Б.Мын гэрт очиж 0,5 литрийн Чингис нэртэй архи 1 ширхэгийг тухайн архины шилний хагас хүртэл ууж байгаад М бид хоёр гаръя гэж ярилцаад тэдний гэрээс гараад такси бариад Андууд бааранд очиж 0,5 литрийн лаазтай пиво аваад суусан. М босож бидний ширээний зүүн хойд хэсэгт байх ширээн дээр суугаад тэнд суусан залуустай ярилцаж архи ууж байсан. Харин би ганцаараа ширээн дээр сууж хүмүүс ажиглаж байтал бэргэн эгч утсаар “маргааш хот явах байж эрхтэн ирж амар” гэсэн тул би Мыг найз нартайгаа хамт байгаа юм чинь гэр лүүгээ явчих байх гэж бодоод явсан” /хх-ийн 43-44 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.С-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөн “2018 оны 1 дүгээр сарын 04-ний шөнө 22 цагийн үед танил ах Гантөмөртэй Андууд бааранд орж суусан. Бааранд ороод Г үүдний хэсэгт танихгүй гурван залуу суусан ширээнд очиж суусан. Би бармен руу очиж 0,75 литрийн 1 ширхэг Чингис нэртэй архи ...аваад тойруулаад ууж байхад М ирж надтай мэнд мэдэж манай ширээнд суусан. Манай ширээнд суугаад архины хундагаар 2 удаа архи уучихаад босоод явчихсан. М намайг Андууд баарны бие засах газрын урд талд зогсож байхад чи хэзээ ийм том болчихсон юм, чи муу пизда гэж хэлээд хэл амаар доромжлоод түүнээс болж маргалдсан ба хамгийн түрүүнд намайг нэг удаа цохисон. Би Андууд баараны гадна М-ын нүүрний хэсэгт гараа атгаж байгаад цохисон, нуруу хэсэгт нь 1 удаа хальт өшиглөсөн. Цамцнаас нь татахад М-ын өмсөж явсан цамцны арын хэсэг нь цамцны зах хэсгээс доошоо чиглэлтэй урагдсан. М-ыг өөр хүн зодоогүй. Тэр хооронд танихгүй залуучууд ирж биднийг салгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 63, 65 дугаар дүгнэлтээр тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.С-ын үйлдлийн улмаас хохирогч Б.М-ын биед тархины доргилт, баруун нүдний салстад цус хуралттай, нүдний эргэн тойрон хар хөхөрсөн, нурууны хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар дүгнэлт /хх-ийн 6 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч А.Т, Р.Л нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Увс аймгийн автотээврийн төвийн 37 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1/136 тоот албан бичиг зэрэг нотлох баримтууд /хх-ийн 47, 48, 58, 71, 73, тал/-аар шүүгдэгч Л.С нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт аав, ээж, ах, дүү нарын хамт ам бүл зургуулаа оршин суудаг, хувиараа эмээл, хазаар хийдэг, хаврын улиралд хүнсний ногоо таридаг, мал маллаж амьдардаг болох нь тогтоогдсон байна.
Хэргийн 33 дугаар талд авагдсан хохирогчийн “гомдол, нэхэмжлэх зүйлгүй” талаарх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “би хохирогчоос уучлалт гуйсан, түүнд учирсан хохиролд 200.000 төгрөг төлж барагдуулсан” гэх мэдүүлгээр хохирогч Б.М-д учруулсан хохирол, хор уршгийг арилгасан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Л.С-аас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Л.Сад торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Л.С хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Хавтаст хэрэгт хэрэг учрал болсон газрын буюу Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Андууд караоке баарны хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан байх ба энэ нь гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн гарсан байдлыг тогтоосон нотлох баримт байх тул тухайн хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овогт Л-гийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Л-гийн С-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх буюу 600.000/ зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь торгуулийн ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролд 200.000 төгрөг төлсөн, хохирогч Б.М гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар тогтсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.С өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА