| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0742/З |
| Дугаар | 128/ШШ2024/0960 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Н.*******, Ц.*******ь
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарыг хариуцсан үйлчилгээний байцаагч Ц.******* нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 0135311, 0135315 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Н.*******, Ц.*******ь, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч Н.*******аас Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарыг хариуцсан үйлчилгээний байцаагч Ц.*******ын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0135311 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах,
1.2. Гомдол гаргагч Ц.*******ь Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарыг хариуцсан үйлчилгээний байцаагч Ц.*******ын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0135315 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.
2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Анх иргэн Ё.гээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10:53 цагт ...манай ээжийн РД-аар ... дүүрэг дээр эрүүл мэндийн даатгалаар нь эм бичүүлж авсан байна...даатгалыг нь ашиглачихсан байна. Энэ асуудалд маш гомдолтой байна. Хаана ийм асуудал үүссэнийг олж тогтоож, арга хэмжээ авч өгнө үү. ( овогтой ) гэх гомдлыг[1] утсаар гаргасныг №0000531131 дугаарт бүртгэж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харьяаллын дагуу тус гомдлыг Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарыг хариуцсан үйлчилгээний байцаагч Ц.*******д шилжүүлжээ[2].
2.2.Хариуцагчаас дээрх гомдлыг хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2402000458 дугаар бүхий зөрчлийн хэргийг нээн, хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулан, дүүргийн 29 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Н.*******, Ц.*******ь нарыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн /нэг мянган нэгжтэй тэнцэх/ 1.000.000 төгрөгийн торгууль, 49980 төгрөгийн хохирол, мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхийг 3 сарын хугацаагаар хязгаарласан шийтгэл оногдуулжээ.
2.3.Н.*******, Ц.*******ь нар өөрт оногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 29-ний шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/8172 дугаар захирамжаар гомдол гаргагч нарын хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн болно[3].
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...хохирогч гэх Д.*******гийн регистерийн дугаарыг ашиглан эмийн программаас мэдээллийг нь шалгатал утасны дугаар болон гэрийн хаяг нь гарч ирсэн. Д.*******гийн гэрийн хаяг нь дүүргийн 17 дугаар хороонд харьяалалтай байсан учир утсаар холбогдож асуухад миний үндсэн хаяг мөн гэвч хөдөө орон нутагт амьдарч байгаа. Би эм тан бичүүлж аваагүй гэж хариу өгсөн...намайг нэг удаа жороор эм бичсэн байхад шийтгэл оногдуулсанд гомдолтой ... гэв.
3.2. Гомдол гаргагч Ц.*******ь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Ахмад настан буюу 70 дээш насны иргэнд хурууны хээ уншуулахгүйгээр байнга ууж хэрэглэгдэг эмийг цахим жороор бичиж болно гэсэн стандарт байдаг байхад намайг буруутгаж байгаад. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөж барагдуулах хэрэгтэн шалгагдаж байгаа байтал нэмж намайг төл гэсэн байгаад гомдолтой байна...Иргэн яг өөрөө хохирсон хохиролгүй нь тодорхойгүй.
...бид үндсэн хаяг нь дүүргийн өөр хороо хэдий ч манай хороонд түр амьдарч байгаа бүх хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл: 5 хоног хүүхдийндээ байгаа хүний эмийг бичиж өгдөг, тэр хүн хаанаас ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авна гэдэг утгаар өгдөг... гэв.
3.3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Танай байгууллагаас ирүүлсэн 2024 оны 09 дугаар сарын 09-ны өдрийн 01/6815 тоот албан бичгийг хүлээн авч, судалж танилцлаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.******* би 2024 оын 06 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харьяаллын дагуу удирдах албан тушаалтаны 24-07-003-68/035 дугаартай тогтоолоор ирүүлсэн гомдол мэдээлэлтэй танилцахад: Гомдлын утга: Манай ээжийн РД-ээр ******* дүүрэг болон дүүрэг дээр эрүүл мэндийн даатгалаар нь эм бичүүлж авсан байна. Манай ээж 03 сарын 25-нд Улсын хоёрдугаар эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгээд эмч нь 3 төрлийн эм бичиж өгсөн юм. Гэтэл эдгээр эмүүдийг 2 нь ******* дүүрэг, нэгийг нь дүүрэгт бичүүлж аваад эрүүл мэндийн даатгалыг нь ашиглачихсан байна. Энэ асуудалд маш их гомдолтой байна. Хаана ийм асуудал үүссэнийг олж тогтоож арга хэмжээ авч өгнө үү гэх гомдолд ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийн хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.58 дахь хэсэгт заасан эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид хамаарах харьяаллын дагуу хяналт шалгалтыг явуулсан.
Тус хяналт шалгалтаар дүүргийн 29 дүгээр хорооны *******-ийн их эмч Н.******* нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно) заасны дагуу хуульд нийцүүлэн арга хэмжээ тооцсон байдаг. Үүнд: 1.0135311 дугаартай шийтгэлийн хуудас нь: дүүргийн 29 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч ******* овогтой ******* нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 сараар хязгаарлаж, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн төрийн сангийн 100200000911 тоот дансанд өөрийн хүсэлтийх нь дагуу хэсэгчлэн төлүүлэх, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 49,980 төгрөгийг 100900020080 тоот дансанд тушаахаар бичигдсэн.
Нэхэмжлэлд хариу тайлбар гаргах нь: 1.Ахмад настан буюу 70-с дээш насны иргэнд хурууны хээ уншуулахгүйгээр байнга ууж хэрэглэдэг эмийг цахим жороор хуруу хээ уншуулахгүй бичиж болно гэсэн стандарт байдаг байхад намайг буруутгаж байгаа гэх нэхэмжпэлд:
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10-р сарын 26-ний өдрийн А/495 дугаар тушаал Заавар батлах тухай цахимаар жор бичих, олгох зааварт цахим жор бичихдээ эмч цахим жор бичихдээ Эмийн жорын маягт, жор бичилт МЫЗ 5376:2014 стандартыг баримтлана, цахим жорын систеимд цахим жор бичигч нь иргэний бүртгэлийг регистрийн дугаараар бүртгэх ба үзлэгийн тэмдэглэлийг бичиж оруулан, оношийг олон улсын өвчний 1СО-10 дугаар ангиллын кодоор тавьж, эмчилгээний үргэлжпэх хугацааг сонгон системээс эмийг олон улсын ерөнхий нэршлээр тун хэмжээг сонгож тоо ширхгийг бичнэ гэж заасан байдаг.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А/115 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам -ын 2.3.Даатгуулагчдад үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн цахим жор бичих эмч, эрүүл мэндийн байгууллагын эрх үүрэг: 2.3.1.Эрүүл мэндийн байгууллага, эмч нь эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх цахим жорыг даатгуулагчдад мэргэжлийн дагуу үзлэг хийж, даатгуулагчийн иргэний үнэмлэх, даатгуулагчийн хурууны хээний баталгаажуулалт дээр үндэслэн бичих бөгөөд жор бичсэн эмч мөн хурууны хээний баталгаажуулалт давхар хийж цахим жор хүчинтэй болно;
2.3.2. Байнгын эм уух шаардлагатай архаг оноштой даатгуулагчлал хяналтын үзлэгээр хөнгөлттэй эмээр үйлчлэх цахим жорыг хяналтын үзлэг хийсний дараагаар бичих бөгөөд анх удаа тухайн оношоор оношлогдож байгаа даатгуулагчдад анхан үзлэг, онош баталгаажуулах оношилгоо, шинжилгээ хийж давтан үзлэг хийгдсэний дараа хөнгөлөлттэй эмийн цахим жор бичнэ;
2.3.6.Эмч нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасны дагуу баталгаажуулсан эмийн хэрэглэх зааварт заасан тунгаар насны хязгаарт тохируулан эмийн жор бичих ба цахим жорын тэмдэглэл хэсэгт үндэслэлээ тодорхой тусгах гэж заасан байдаг.
Гэвч *******-ийн эмч Н.******* нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрүүл мэндийн даатгалын цахим жор бичих системийн үзлэгийн тэмдэглэл хэсэгт бичихдээ:
Биеийн ерөнхий байдал дунд, арьс салст цэвэр чийглэг, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод, хэм жигд, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, пастернацик (-), шээсний гарц хэвийн. Онош: 054 Мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг, 101 Зүрх гэмтээсэн хэрлэг гэж онош бичсэн.
Эмчилгээнд: Gabapentin 300mg өдөрт 1 удаа 60 ширхэг (2 сарын хэрэглээ) Primatazideni 35mg өдөрт 2 удаа 60 ширхэг (1 сарын хэрэглээ) гэж жорыг цахимаар илгээсэн байсан.
Их эмч Н.******* нь тухайн иргэн Д.*******д үзлэг хийлгээгүйгээр онош тавьж, жор бичсэн, үзлэгийн тэмдэглэл болон онош тохироогүй байхад эмчилгээ бичсэн нь: 1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим жор бичих системийн маягт; 2.Холбогдогч Н.*******ын мэдүүлэг; 3.Мөн иргэн Д.******* нь *******-ийн үйлчлэх хүрээний хүн амд хамраагдаггүй, 70-с дээш насны иргэдийн бүртгэлд байдаг үгүйг шүүж үзээгүй; 4.Өөр хүний үзлэгийн тэмдэглэлийг хуулбарлан ашигласан.
Мөн их эмч Н.*******ын нэхэмжлэл дэх 70-аас насны иргэнд хуу ашиглахгүй бичнэ гэсэн стандарт байхгүй. Gabapentin 300mg (худалдааны нэршил ТЕБАНТИН) эм нь цахим жорын системд зөвхөн 054 оношоор бичигддэг тиймээс их эмч Н.*******ын үзлэгийн тэмдэглэлд ерөнхий үзлэг бичсэн нь оноштой тохиороогүй байхад эмчилгээг бичсэн, 60 ширхэг буюу 2 сарын хэрэглээг бичсэн, Primatazideni 35mg эмийг 60 ширхэг буюу 1 сарын хэрэглээг тус тус бичсэн.
Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйл 28.4.3.үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан байдаг. Их эмч Н.******* нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлүүд: 1.Үзлэгийн тэмдэглэлийг бүрэн зөв, үнэн бодит, оноштой таарсан үндэслэлээр бичээгүй ба хуурамчаар бичсэн. 2.Тухайн хүн өөрийн харьяалалын хүн амын бүртгэл байдаг эсэх, архаг хууч өвчтэй эсэх, тухайн оношоор оношлогдож эмчилгээ хийлгэсэн эсэх дээр хяналт тавиагүй. 3.Үзлэгийн тэмдэглэл болон онош тохироогүй байхад эмчилгээ бичсэн нь ЗТХ-ийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд хуулийн дагуу арга хэмжээ тооцсон.
2.Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролыг нөхөж барагдуулах хэрэгтэн өөрөө шалгагдаад төлөх байтал нэмж намайг төл гэсэн нэхэмжлэлд:
Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно) заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 49,980 төргийг жор бичсэн эмч буюу тухайн иргэн өөрөө хариуцна. Иймд их эмч Н.******* нь өөрөө хариуцан нөхөн барагдуулна.
З.Иргэн яг өөрөө хохирсон хохироогүй нь тодорхойгүй гэх нэхэмжлэлд:
Иргэн Д.*******гийн регистерийн дугаарыг ашиглаж Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм бичүүлж авсан нь тухайн иргэн өөрийн харьяалалын дагуу хяналтын үзлэгт орж, эмчилгээ бичүүлж авахад хязгаарлалт хийгдэх тул иргэний хувийн мэдээллийг хууль бусаар ашиглаж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан шудрага ёс, тэгш байдлын зарчмыг хангаж, улсын байцаагчийн үүргээ шударгаар биелүүлсэн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
3.4.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Ё. гэдэг хүн гомдол гаргасан бөгөөд тухай үед Ё. нь ээж Т.гийн регистрийн дугаарыг ашиглан эм авсан. Шалгаж үзэхэд Ё.гийн таньдаг ******* гэдэг хүн иргэн Д.*******гийн регистрийн дугаарыг ашиглаж жороор эм бичүүлж авсан байсан... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх гомдол гаргагчийн шаардлагын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн маргаан бүхий захиргааны актуудыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
4.2. Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас Ё. гэдэг хүн гомдол гаргасан бөгөөд тухай үед Ё. нь ээж Т.гийн регистрийн дугаарыг ашиглан эм авсан. Шалгаж үзэхэд Ё.гийн таньдаг ******* гэдэг хүн иргэн Д.*******гийн регистрийн дугаарыг ашиглаж жороор эм бичүүлж авсан байсан... хэмээн мэдүүлсэн.
4.3.Дээрх тайлбартаа холбогдуулан зөрчлийн 2402000458 дугаар хэрэгт авагдсан баримтуудыг шүүж үзэхэд тус маргааны үйл баримт болох гомдол гаргагч Н.*******, Ц.*******ь нарын буруутгаж буй үйлдэлд холбогдолтой иргэн Д.*******г Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн эсэхийг тодруулах, мөн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрчээр дуудаж зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл аваагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн С.*******гаас гэрчээр мэдүүлэх авахдаа гомдол гаргагч Н.*******, Ц.*******ь нарын зөрчил гаргасан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий баримт мэдээллийг асууж тодруулаагүй болох нь тогтоогдсон.
4.4.Хариуцагчийн дээрх тайлбар, Зөрчлийн хэргийн материалд авагдсан мэдүүлэг болон баримтуудаар Эрүүл мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарыг хариуцсан үйлчилгээний байцаагч Ц.*******ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэглэн гомдол гаргагч нарт шийтгэл оногдуулсан эсэхэд эргэлзээ төрүүллээ.
4.5.Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйл ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2-т Зөрчил шалгах ажиллагаа ньбаримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, мэдүүлэг авах,ажиллагаанаас бүрдэнэ гэж заасантай нийцсэнгүй.
4.6.Шүүхээс хариуцагчийн дээрх орхигдуулсан үйл ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Шүүх нотлох зарчим хүрээнд нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн[4] боловч шүүхээс дуудсан этгээд шүүх хуралдаанд оролцоогүй тул холбогдох ажиллагааг нөхөн хийх боломжгүй болсон.
Учир нь хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, гомдол гаргагчийг огт зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж байдал, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийн асуудлыг бүрэн судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ тохиолдолд шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй юм.
4.7.Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн, бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.
Иймээс нэг мэдээлэлд тулгуурлан хэд хэдэн зөрчлийг хэд хэдэн холбогдогч хамтран үйлдсэн мэт маргаан бүхий шийтгэлийн хуудас тус бүрд хамаарах зөрчлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Эрүүл мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарыг хариуцсан үйлчилгээний байцаагч Ц.*******ын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0135311, 0135315 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Эрүүл мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарыг хариуцсан үйлчилгээний байцаагч Ц.*******ын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0135311, 0135315 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Эрүүл мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарыг хариуцсан үйлчилгээний байцаагч Ц.*******ын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0135311, 0135315 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР