Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: П.Удвал,

Шүүгдэгч: Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ч-гийн А-д холбогдох 1835000100019 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн цэргийн холбоо, програмист мэргэжилтэй, Сонор мэлмий ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 15-8 тоотод оршин суудаг, РД:ОВ89101311, Ш овогт Ч-гийн А.

Холбогдсон хэргийн талаар: Ч.А нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

Хохирогч Б.Б-ийн “...Б, А бид 3 тэр архийг хувааж ууж байгаад манай гэр лүү очьё гэж хэлээд манай гэрийн гадна очсон тэгээд гэртээ ороод хоол хийгээд манайх руу оръё гэхэд орохгүй гээд машинд үлдсэн. Б бид хоёр манай гэр лүү ороод буцаад гараад ирэхэд Б-гийн машин алга болчихсон байхаар нь А рүү залгахад утас нь холбогдоогүй тул цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл А манай гэр лүү орж ирээд над руу агсамнаж чи яагаад цагдаа руу Б-г яриулаад байгаа юм бэ чи яасан сүрхий болчихсон юм гээд бид хоёр маргалдаж байтал А одоо би цагдаад дуудлага өгнө гээд цагдаа руу залгаж дуудсан. Тэгээд бид 3 эрүүлжүүлэгдсэн. Эрүүлжүүлэх байранд Б бид 2 орчихсон, А эрүүлжүүлэх байрны сандал дээр суугаад би яахаараа эрүүлжүүлэхэд ордог юм бэ гээд цагдаа нартай маргалдаад сууж байсан. Тэр хооронд би жижүүр цагдааг дуудаж ариун цэврийн өрөөнд ормоор байна гэж хэлээд бие засчихаад буцаад эрүүлжүүлэх байрны өрөө рүүгээ явж байтал коридорт сандал дээр сууж байсан А босож ирээд над руу чи яасан том болчихсон юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний амнаас цус гарч би эмнэлэг рүү очиж боолт хийлгэсэн. Эмнэлэг дээр очиход буйл хүртэл сэтэрсэн байна гэж хэлээд 5 ширхэг оёдол тавьсан. А нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 9-12 тал/ гэх мэдүүлэг, гэрч Э.А-ын “...Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажилладаг. 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр би жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан тус өдөр эмч цагдаагийн дэслэгч Ч.М хамт үүрэг гүйцэтгэж байтал оройн 23 цагийн үед дуудлагаар Б, А, Б нар ирж эрүүлжүүлэх байранд саатуулагдсан. А сандал дээр хувцасаа тайлж байсан тэр үед Б ариун цэврийн өрөө ороод бие засчихаад буцаад гарч ирж байхад А чамаас болж эрүүлжүүлэхэд хонох боллоо гэж хэлээд нэг удаа цохисон. Б нь газар унасан тэгээд босгоод харахад Бийн амнаас нь цус гараад тогтохгүй байсан тул эмч М- аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Зодоон коридорт болсон эрүүлжүүлэх баривчлах байр бүрэн камержуулагдсан тул харагдах боломжтой гэж бодож байна” /хх-ийн 15 тал/ гэх мэдүүлэг, гэрч Ч.М-ын “...Эхлээд Б, Б нарыг эрүүлжүүлэхийн өрөө рүү оруулчихаад сүүлд Ад үзлэг хийгээд оруул гэж хэлчихээд эрүүлжүүлэхэд саатуулагдаж байсан нэг хүний зүрх хатгаж байна гэхээр нь тэр хүнийг аваад үзлэгийн өрөө рүү орчихоод буцаад гараад ирэхэд Б гэдэг залуу А-д зодуулчихлаа гээд цагдаа А зогсож байсан. Би Б-ийн цусыг тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан тул хувцасыг нь өмсгөөд нэгдсэн эмнэлэг дээр очиж уруулд нь 5 ширхэг оёдол тавиулж боолгоод цагдаа дээр авч ирсэн” /хх-ийн 16 тал/ гэх мэдүүлэг, гэрч Ж.Д-ын “Би 2018 оны 1 дүгээр сарын 1-ний орой цагдаагийн газрын жижүүрийн албан дээр ирээд рапорт бичиж байхад шөнийн 00 цагийн үед эрүүлжүүлэх байранд 3  хүн ирсэн. Тэр хүмүүсийг оруулаад цагдаад нь тусла гэхэд нь би эрүүлжүүлэх байранд очоод рапорт бичээд Б, Б нарыг эрүүлжүүлэх өрөө рүү оруулсан. Тэгээд А-г оруулах гэж байтал эрүүлжүүлэхийн цагдаа Б, Б нарыг эрүүлжүүлэх өрөөнөөс бие засах өрөө рүү оруулсан. Тэгтэл А би эрүүлжүүлэхэд орохгүй би энэ хоёроос болж орохгүй гэж зогсож байгаад бие засах өрөөнөөс гарч ирж байсан Бийн нүүрэн тус газар А баруун гараараа нэг удаа цохиход Б газар унасан” /хх-ийн 17 тал/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.А-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Б, Б нар эрүүлжүүлэхийн камераас гарч ирж ариун цэврийн өрөө рүү ороход нь би та хоёроос болж би яахаараа эрүүлжүүлдэг юм гэтэл Б миний өөдөөс чамайг үргэлж ийм явахыг чинь харнаа гэж заналхийлэхээр нь би ганц удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд амнаас нь цус гарч эрүүлжүүлэхийн эмч үзээд эмнэлэг авч явсан би эрүүлжүүлэхэд орж хоносон” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 3-8 тал/ зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байранд шүүгдэгч Ч.А хохирогч Б.Б-ийн нүүрэн тус газар 1 удаа цохисон үйл баримт тогтоогджээ.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Б.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Дээд уруулд язарсан шархтай оёдол тавигдсан гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 54 тоот дүгнэлт /хх-ийн 27 тал/-ээр шүүгдэгч Ч.Агийн хохирогч Б.Бийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

            Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Р.У-ын “...Ч.А бид хоёр 2012 онд гэр бүл болж, 2 хүүтэй болсон. Одоо Ч.А “Сонор мэлмий” ХХК-ийн захирал ажилтай, би өөрөө Голомт банкны эдийн Увс салбарт эдийн засагч ажилтай. Хоёр хүү маань цэцэрлэгт явдаг. Ч.А нь зан байдлын хувьд даруу төлөв, бусадтай нийтэч, үнэнч шударга, гэр бүл үр хүүхдээ анхаарал халамжтай, бусдад тусархуу, тусч сэтгэлтэй залуу байгаа юм” гэх мэдүүлэг,  Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Сонор мэлмий ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч Ч.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт 15 байрны 1-8 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь тогтоогдсон байна.

 

Хэргийн 12 дугаар талд авагдсан хохирогчийн “гомдол, нэхэмжлэх зүйлгүй” талаарх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “би хохирогчоос уучлалт гуйсан. Хохиролд 250.000 төгрөг төлж барагдуулсан” гэх мэдүүлгээр хохирогч Б.Б-т учруулсан хохирол, хор уршгийг арилгасан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Ч.А-гээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн болон анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Ад  торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ч.А-д хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.  

 

Хэрэгт Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байрны хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан байх энэ нь гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн гарсан байдлыг тогтоосон нотлох баримт байх тул тухайн хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Ш овогт Ч-гийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Ч-гийн А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Ч-гийн А нь торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Ч-гийн А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 250.000 төгрөг төлөгдсөн, хохирогч Б.Б нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байрны хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар тогтсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА