| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00169/И |
| Дугаар | 309/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 309/ШШ2025/00292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******гийн *******ын,
“Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Намайг *******гийн ******* гэдэг бөгөөд 1966 оны 06 дугаар сарын 29-нд Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ******* регистрийн дугаартай, 59 настай. Миний бие 2026 онд тэтгэвэр тогтоолгон авах юм. Гэтэл миний урьд ажиллаж байсан Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын Хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрийн засвар үйлчилгээний даргын зарим тушаал дээр миний овгийг *******гийн ******* гэж буруу бичсэний улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Миний бусад бичиг баримтууд болох иргэний үнэмлэх, цэргийн батлах, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гэрлэлтийн баталгаа, Хөдөлмөрийн дэвтэр зэрэг дээр *******гийн ******* гэж зөв бичигдсэн байдаг билээ. Иймд *******гийн ******* гэж бичигдсэн Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын Хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрийн засвар үйлчилгээний даргын 1991 оны 06 дугаар сарын 29, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалуудын эзэмшигч нь *******гийн ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү.
Би тэтгэвэртээ гарах болчихоод бичиг баримтаа хөөцөлдөж байтал ажиллаж байсан газрын надтай холбоотой ажилд томилсон, чөлөөлсөн тушаал дээр миний эцгийн нэрийг “*******” гэж буруу бичсэний улмаас үүнийгээ зөвтгүүлэхээр шүүхэд хандсан юм гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн засвар үйлчилгээний төвийн даргын 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаар “Ажилчин авах, мэргэжлийн зэрэг ахиулах, ажлаас халах тухай” тушаал, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын Дулааны станцуудын засвар үйлчилгээний төвийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаар “Халах тухай” тушаалуудын хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 309/ШЗ2025/00259 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ын эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн засвар үйлчилгээний төвийн даргын 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаар “Ажилчин авах, мэргэжлийн зэрэг ахиулах, ажлаас халах тухай” тушаал, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын Дулааны станцуудын засвар үйлчилгээний төвийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаар “Халах тухай” тушаалуудад овог /эцгийн нэр/-ийг нь буруу бичсэн үндэслэлээр баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн засвар үйлчилгээний төвийн даргын 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаар “Ажилчин авах, мэргэжлийн зэрэг ахиулах, ажлаас халах тухай” тушаал, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын Дулааны станцуудын засвар үйлчилгээний төвийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаар “Халах тухай” тушаалуудын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэхийн болон хамт ажиллаж байсан гэх байгууллагын даргын тушаалуудын хуулбар зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Д.*******т холбогдох тушаалуудад овог /эцгийн нэр/-ийг нь буруу бичсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, Жаран овогт *******гийн *******ыг Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн засвар үйлчилгээний төвийн даргын 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаар “Ажилчин авах, мэргэжлийн зэрэг ахиулах, ажлаас халах тухай”, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын Дулааны станцуудын засвар үйлчилгээний төвийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаар “Халах тухай” тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ