Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

Д.М-Э, В.Г нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

      Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, Ерөнхий шүүгч Н.Батчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

       Прокурор Т.Түмэнжаргал,

       Шүүгдэгч Д.М-Э өмгөөлөгч Б.Баясгалан,

       Шүүгдэгч В.Г өмгөөлөгч П.Наранхүү,

      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нарыг оролцуулан,

    Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-Э өмгөөлөгч Б.Баясгалан, шүүгдэгч В.Г өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.М-Э, В.Г нарт холбогдох 2217000430022 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

       Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Ц суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Б сумын И т х д ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Б сумын - дүгээр баг, С  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, Б дугаар гудамжны  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй,  

       урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан гэх Ч овогт Д М-Э /РД: /,

      Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн С суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Б сумын З д Т г д ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Б сумын - дүгээр баг, дугаар байр  тоотод оршин суух хаягтай, одоо Говьсүмбэр аймгийн Баянтал сум, 1 дүгээр баг, - дугаар байрны - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, 

       урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан гэх Б овогт В Г /РД: /,  

         Яллагдагч Д.М-Э нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтанд заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9 дэх заалтад заасан  “албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтад заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн зүйл хэсгийн 39.1.4 дэх заалтад заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулсан ашиглах...”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай “Журам батлах тухай” тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.5 дахь хэсэгт заасан “зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж, иргэн Б.Мөнхтамираас 3 566 625 төгрөгийн гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай В.Г хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дүгээртэй “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, Б.М холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.М зээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан,

     Яллагдагч В.Г нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтанд заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах,  бусдын эрхийг хязгаарлах, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2 дахь заалтад заасан  “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,” мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа... хувийн болон  бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.1 дэх заалтад заасан “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.11 дэх заалтад заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл ашиглах завших” гэснийг тус тус зөрчиж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШЗ2017/00929 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамжаар иргэн Б.М 3 566 625 төгрөгийн гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.М-Э хандан шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг таслан зогсоох тухай албан бичигт гарын үсэг зуруулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, өөрийн охин Б.М холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож, албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.М зээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Д.М-Э үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, В.Г үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Д М-Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт В Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.М-Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч В.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9 000 000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-Э оногдуулсан 7000 долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч В.Г оногдуулсан 9000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9 000 000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүгдэгч Д.М-Э, В.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-Э оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч В.Г оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тус тус тоолж, шүүгдэгч Д.М-Э, В.Г нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай албан бичгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохбөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-Э, В.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

       Шүүгдэгч В.Г өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч В.Г өмгөөлөгчийн хувьд түүнийг гэм буруугүй гэж үзэж байна. 1-р хавтаст хэргийн 53 болон 136-р хуудсанд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 314 тоот албан бичигт: ... манай сангийн зүгээс төлбөр төлөгч Б.М харилцан тохирч төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр багтааж 500 000 төгрөгөөр тооцон төлбөр төлүүлж байхаар болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эвлэрсэн тул холбогдох хэргийг хааж, дуусгавар болгож өгнө үү ... гэсэн байдаг. Засаг даргаар ажиллаж байсан Д.М-Э гарын үсэг бүхий албан бичгийн гарчгийг уншсан ч утга агуулгын хувьд ч, үндэслэсэн хуулийн зүйл хэсэгт заасныг харсан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд хохирол учруулах санаа зорилго агуулаагүй байхад анхан шатны шүүхээс буруу үнэлэлт дүгнэлт гаргаж байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн гэх 314 тоот албан бичигт авагдсан. Энэ нь эх хуваариа биш, нотариатаар гэрчлүүлээгүй, эрх бүхий этгээдийн хуулбар үнэн дардас дарагдаагүй хэлбэртэй. Мөн уг төслийг хувь хүний мэйлээс хувь хүний мэйл рүү явуулсан. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай /хүсэлт гаргах тухай/ албан бичигт хүргүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын архив бичиг хэргийн эрхлэгч Д.С-Э мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгч С.Б-Э утсаар ярьсан тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /314 тоот албан бичиг эх хувиар байхгүй/ зэргээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буюу албан ёсоор 314 тоот албан бичигт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирээгүй болох нь харагддаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаас харахад иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох эрх бүхий этгээд нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.Х болох нь тогтоогддог. /шүүгдэгч В.Г биш/ Шийдвэр гүйцэтгэгч С.Б-Э өөрийнх нь мэдүүлгээр: төлбөр төлөгч биш этгээд болох В.Г руу шийдвэр гүйцэтгэгч утсаар залгаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж байна, зээлсэн мөнгөө өгөхгүй юм уу гэх мэтээр дарамталсан болох нь харагддаг. Мөн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, хугацаа хожих ямар ямар арга байдаг талаар заавар зөвлөгөө өгсөн хүн бол шийдвэр гүйцэтгэгч С.Б-Э. /өөрийнх нь мэдүүлгээр нотлогдоно/ Мөн шийдвэр гүйцэтгэгч С.Б-Э нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 314 тоот хүсэлт албан ёсоор ирээгүй буюу мэйлээр төсөл нь ирснийг мэдсээр байж тэр өдөртөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол үйлдүүлж, шийдвэр гүйцэтгэх материалыг дуусгавар болгож архивт шилжүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгч В.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотлоно гэж үзэж байна. Нөгөө талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох 2 үндэслэл бий болсон тохиолдолд л 29.1.4-г хэрэглэнэ. 314 тоот хүсэлт гаргах тухай албан бичгийн агуулга нь: төлбөр төлөгч нь сар бүр 500 000 төгрөг төлөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр төлбөр авагчтай тохирч эвлэрсэн. Харин яллах дүгнэлтэнд дурдагдсан шиг төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоох санаа зорилго агуулаагүй, тийм зүйл ч болоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зөвшөөрөгдсөн, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч В.Г гэм буруугүй гэж үзэж байна.... 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг нь агууллагын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох санаа зорилго агуулаагүй, Уг албан бичгийг шийдвэр гүйцэтгэгч эх хувиар нь аваагүй, зүгээр хувь хүний мэйл хаягаар авсан ... гэх дүгнэлтийг гаргасан боловч уг мэйл хаягаар ирсэн албан бичиг нь эд мөрийн баримтаар тооцсон 1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар хуудсанд авагдсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг дарга Б.М-Э 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай албан бичигтэй зөрүүтэй зүйл байхгүй, өмгөөлөгч нараас гаргасан уг дүгнэлт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч В.Г өмгөөлөгч нараас хэд хэдэн үндэслэлийг дүгнэлт болгон ярьж хэлсэн. Тухайлбал: шүүгдэгч В.Г Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хуулийн зүйл хэсэг заалтыг зөрчсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй хууль бус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т: энэ хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д эрүүгийн хуулиас бусад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн талаар огт дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.Г эрүүгийн хуулиас бусад хууль буюу Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хуулийн зүйл хэсэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд /хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн бол/ мөн хуулийн 27.10 дугаар зүйлд/ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд энэ талаар тусгагдаагүй тул шүүгдэгч В.Г цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна. В.Г нь Засаг даргаар ажиллаж байсан Д.М-Э хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох тухай албан бичигт гарын үсэг зуруулаагүй яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсэгт: 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.М-Э хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох тухай албан бичигт гарын үсэг зуруулсан гэж бичигдсэн. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 тоот албан бичигт: ...манай сангийн зүгээс төлбөр төлөгч Б.М харилцан тохирч төлбөрийг 2020.10.25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр багтааж 500 000 төгрөгөөр тооцон төлбөр төлүүлж байхаар болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эвлэрсэн тул хнолбогдох хэргийг хааж, дуусгавар болгон өгнө үү ... гэсэн байдаг. В.Г нь албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаагүй яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсэгт: зээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг буй болгож 3 566 625 төгрөгийн хохирол учруулсан гэж бичигдсэн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, түүний улмаас хохирол учирсан нь үнэн бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон яллах дүгнэлтэд дурдагдсан зүйлчлэл бодит байдалтай нийцэхгүй. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх шүүгдэгч В.Г өмгөөлөгч нарыг хоёрхон үндэслэл гаргасан мэтгээр үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч нарын үйлдэлтэй холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрэв хохирол хор уршиг учирсан гэж үзвэл зүйлчлэлийн хувьд өөр байх байсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

    Шүүгдэгч Д.М-Э өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан дүгнэлт нь шүүх хуралдаанаар нотлогдоогүй, хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт шүүх Д.М-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ шийтгэх тогтоолд 26 нотлох баримтыг шинжлэн судалсан гэж тэмдэглээд үүнээс 9 нотлох баримтад үндэслээд энэ гэмт хэрэгт гэм буруутай байна гэж дүгнэсэн байдаг. Миний үзэж байгаагаар эдгээр 9 нотлох баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа. Эдгээр 9 нотлох баримтаас 6 баримт нь мэдүүлгийн баримт байдаг. Нэг нь албан бичиг, хоёр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол байна. Өөрөөр хэлбэл дээрх 9 нотлох баримтаар Д.М-Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдох ёстой. Түүний дараа энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж болох юм. Гэтэл энэ баримтуудаар тогтоогдоогүй. Тухайлбал албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх асуудлын хувьд Засаг даргын бүрэн эрх байсан уу, үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон сангийн журмаар бол санг хууль ёсоор төлөөлөх эрхтэй этгээд нь Засаг дарга байдаг. Тухайн үед Д.М-Э нь Засаг дарга байсан. Мөн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байгаа. Төлбөр төлөгчтэй зөвшилцөж, эвлэрэх бүрэн эрх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Засаг даргад олгогдсон байгаа. Тэгэхээр хууль хэрэглээний хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Д.М-Э төрийг хохиролгүй болгох үйлдлийг таслан зогсоосон гэж үзсэн. Д.М-Э төлбөр төлөгчтэй эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь төрийг хохиролгүй болгох ажиллагааг таслан зогсоосон гэж тайлбарласан нь буруу. Мөн Д.М-Э санд хөрөнгө төвлөрүүлэх журмын заалтыг зөрчсөн гэж буруутгадаг. Энэ журмын заалт нь сангийн хөрөнгийг өөр бусад зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэсэн утгатай заалт байдаг. Гэтэл өөр бусад зориулалтаар ашигласан нөхцөл байдал тогтоогдсон асуудал байхгүй. Үүнд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Бусдад давуу байдал бий болгосон гэх асуудлын хувьд яллах дүгнэлтэд дурдагдснаар төлбөр төлөгч М эвлэрэх асуудал хийх эрхгүй байсан гэдэг мэдүүлгүүд авагдсан байдаг. Эдгээр мэдүүлгүүдийн эх сурвалж нь өөрсдийнх нь бодол болон хууль эрх зүйн хүрээнд л ингэж болохгүй гэдэг утгыг хэлсэн асуудал байгаа. Мэдүүлгүүдийн эх сурвалжыг харахад бүгд хууль хэрэглээний л асуудал. Эвлэрээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа руу явуулсан гэх бичгийн утга нь М төлбөр авахгүй гэсэн агуулга байхгүй. Хувиар гаргаад төлнө л гэсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдаад эвлэрэл бодитой хийгдсэн үү, үгүй юу гэдэг асуудлын хувьд төлбөр тодорхой хэмжээгээр хийгдсэн баримт байдаг. Хэрвээ Д.М-Э хувьд энэ төлбөрийг огт авахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаа гэсэн бол энэ нь гэмт хэргийн шинж болно. Ийм агуулга огт байхгүй. Талууд эвлэрсэн асуудал нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс чөлөөлөгдсөн асуудал биш. Тийм үр дагавар ч үүсэхгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноор шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй.  Тийм учраас шүүх үзэхдээ М эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс тодорхой хэлж мэтгэлзсэн. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэл тус бүрээр няцаасан, үгүйсгэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолд дурдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудалд хамаарна. Хэрвээ Д.М-Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзвэл цаашид төрийн байгууллагыг толгойлж байгаа эрх бүхий этгээд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгчтэй эвлэрэх асуудал яригдаж эвлэрлийн гэрээ хийвэл гэмт хэрэг гэж үзэх жишиг тогтохоор байна. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй. Мөн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар талууд эвлэрч болно гэх агуулгатай заалт нь төрийн байгууллага болоод төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарахгүй юм байна гэдэг жишиг тогтохоор байна. Хуулинд төрийн байгууллагад хамаарахгүй гэсэн ойлголт огт байхгүй. Энэ агуулгаараа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулинд нийцэхгүй байх тул Д.М-Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан гэв.

     Шүүгдэгч В.Г өмгөөлөгч П.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүх хурадлдаанд оролцсон. Б.Баясгалан өмгөөлөгчийн ярьсан байр суурьтай адил боловч өмгөөлөгч Ц.Гансүх, Ц.Батболд нарын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Ц.Гансүх, Ц.Батболд өмгөөлөгч нарын бичгээр гаргасан гомдол дэлгэрэнгүй байгаа. Миний хувьд товч агуулгыг дурдъя. Нэгдүгээрт 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 314 дугаартай Баянтал сумын Засаг даргын албан тоот хийгдсэн нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулинд заасан гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Өмгөөлөгч Б.Баясгалангийн хэлсэн зарчмын агуулгаар бол адилхан. Өөрөөр хэлбэл төлбөр авагч нь төлбөр төлөгчтэй эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь төлбөр төлөхийг дуусгавар болгосон асуудал биш. Төлбөрийг хэсэгчлэн сар бүр 500.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож эвлэрсэн гэсэн утгатай албан тоот байдаг. Төрийг хохироож байгаа хэлбэр байхгүй. Эвлэрсэн ажиллагаа л явагдсан. Албан бичиг бичигдэх ажиллагаа бол шийдвэр гүйцэтгэгчийн шаардсанаар л гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч л дуусгавар болно. Гэтэл В.Г, Д.М-Э нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоцон мэт тайлбарлаж байна. Шийдвэр гүйцэтгэгч өөрөө шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэн дуусгавар болгох вэ гэхэд шийдвэр гүйцэтгэгч л дуусгавар болгоно гэж хариулсан. Тухайн албан бичиг шийдвэр гүйцэтгэх байгууллагад очоогүй байхад шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргасан. Энэ шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоос харагддаг. Шийдвэр гүйцэтгэгч өөрөө В.Г тухайн албан тоотыг яаж бичих талаар зааж өгсөн. Хуулийн заалтыг нь зааж өгч, зөвлөгөө өгсөн гэсэн үг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч албан тоотыг ямар утга, агуулгатай бичихийг зааж өгсөн нь буруугүй бол тухайн албан бичиг ач холбогдолгүй буюу энэ нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Гомдолд дурдсанаар албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа буюу захиргааны эрх зүйн хэм хэмжээний асуудал яригдана. Мэйлээр ирсэн гэдэг боловч бичиг хэргийн ажилтан хувь мэйлээр ирсэн гэсэн. Одоо болтол тэр албан бичиг эх хувиараа байхгүй байгаа. Энэ асуудал одоо болтол тогтоогдоогүй. Албан тушаалын эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол яагаад албан ёсны баримт шаардахгүй байгаа юм бэ? Шийдвэр гүйцэтгэгч өөрийнхөө хариуцсан ажлыг л хурдан дуусгах зорилготойгоор хариуцлагагүй, хайнга хандаж хийсэн. Энэ мэт олон асуудал дээр анхан шатны шүүх хууль ёсны дүгнэлт огт хийгээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараа оролцогчид эрх хэмжээнийхээ хүрээнд олгогдож байгаа боломжуудыг нөхцөл байдлаар нь харьцуулан дүгнэлт хийгээгүй нь бодит нөхцөл байдалтай тохирохгүй байна гэж үзэж байгаа гэв.

       Прокурор: Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Миний бие Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 3.1, 39.4.5 дахь хэсгийг үндэслэн В.Г, Д.М-Э нарт холбогдох хэрэгт дараах дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял оногдуулсан байгаа. Төрөөс Мөнхтамираас 3.500.000 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан байдаг. Д.М-Э, В.Г нар нь төрийн эрх ашгийн эсрэг шүүхээс давсан шийдвэр гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Хуулинд зааснаар Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд санд хөрөнгийг төвлөрүүлэх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл Д.М-Э нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа. Энэ нь гэмт хэргийн шинжийг агуулсан. Албан бичигт сар бүр 500.000 төгрөгөөр төлөхөөр тохирсон гэсэн байдаг ч Мөнхтамир өөрөө би зээлээ төлж чадахгүй байна, сар бүр 500.000 төгрөгөөр төлье гэсэн талаар огт ярьдаггүй. Ийм хүсэлт ч гаргаагүй. Энэ талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. В.Г нь өөрөө Тамгын газрын даргаар ажиллаж байгаа учраас өөртөө давуу байдал бий болгох боломжтой гэж ойлгоод албан бичиг хийж өгөөч гэж Д.М-Э гуйсан байдаг. Ингэж гуйсан талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Д.М-Э, В.Г нар тодорхой мэдүүлсэн. Мөн тухайн албан бичигт энэ үйл явц ингээд дуусаж байгаа талаар тодорхой тусгасан. Энэ нь тухайн гэмт хэргийг Д.М-Э, В.Г нар хүсэж, санаатай үйлдсэн болохыг харуулж байна. Д.М-Э, В.Г нар нь төрийн албанд олон жил ажилласан, эрх зүйн тодорхой мэдлэгтэй, бусдын нөлөөнд автахгүй бие дааж шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтангууд. Энэ байдлаа хувийн сэдлээр ашиглаж, санаа зорилгоо нэгтгэсэн. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамаарч хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Хохирол хэрхэн төлсөн асуудал гардаг. Тухайн асуудал гомдол мэдээллээр бүртгэгдэж, Авлигатай тэмцэх газарт очиж шалгагдаж эхэлснээс хойш төлсөн байдаг. 314 дугаартай албан бичиг эх хувиараа очоогүй, мэйлээр авсан асуудал яригддаг. Тухайн үед мэйлээр аваад, сүүлд эх хувиар нь хүлээн авсан тухай шийдвэр гүйцэтгэх алба тодорхой дурьддаг. Хавтаст хэрэгт 314 дугаартай албан бичиг эх хувиараа авагдсан байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийгээд, эх хувийг хэрэгт авч шинжээч томилон гарын үсэгт шинжилгээ хийх ажиллагааг явуулсан. Энэ гарын үсэг Д.М-Э өөрийнх нь гарын үсэг мөн байна гэдэг нь тогтоогдсон.  Энэ талаар В.Г шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Ийм учраас дээрх гэмт хэрэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  давж заалдсан гомдлуудын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.          

         Яллагдагч Д.М-Э нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Б.М 3 566 625 төгрөгийн гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай В.Г хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дүгээртэй “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, Б.М холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.М зээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан,

      Яллагдагч В.Г нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа иргэн Б.М 3 566 625 төгрөгийн гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.М-Э хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох тухай албан бичигт гарын үсэг зуруулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, өөрийн охин Б.М холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож, албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.М зээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

    Хохирогч С.Оюунтүлхүүрийн “...2016 онд батлагдсан Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар ‘’Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ын 3.5-д Сумын Засаг дарга нь 9 чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр гарч сумаас олгосон мөнгийг эргүүлэн төлүүлэх ажиллагаа явагдаж байхад таслан зогсоох эрхгүй. Харин ч сумын Засаг дарга нь зээлийн хүү, алдангийг эргэн төвлөрүүлэх үүрэгтэй шүү дээ ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70-71/

       Гэрч Э.Ундралын “... Сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа, тухайн зээл нь эргэн төлөгдөөгүй байхад тийм хүсэлт гаргаж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5.5 дахь хэсэгт Сумын Засаг дарга нь зээл, зээлийн хүүг сангийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй байхад үүргээс эсрэг зүйл хийж болохгүй. Ихэнх сумуудад ашиг сонирхлын зөрчлийн нөхцөл байдал нэлээдгүй ажиглагдаж байсан....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 73-74/

        Гэрч Д.Сувд-Эрдэнийн ... Гантуяа дарга Засаг даргын нэрээр нэг албан бичиг хийлгэх хэрэгтэй байна. Яаралтай гээд нэг бичгийн цаасан дээр бичсэн  зүйлээ надад хэлж бичүүлсэн. Үүнийг би засаг дарга Д.М-Э хянуулж гарын үсэг зуруулаад Г даргын өгсөн майл хаяг руу тэр дор нь албан бичгийг явуулсан ... /1-р хх-ийн 171/

        Гэрч Б.М “...ээж Г миний утас руу залгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас залгаад байна. Данс энэ тэрийг чинь хаана гээд байна. Тэрнээс өмнө тэр мөнгийг нь өгөөч гэж байсан. Тухайн үед би дөнгөж ажилд орсон төлөх боломжгүй байсан юм. Сумын Засаг даргаас ийм бичиг очсон эсэхийг би мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153/ болон Санхүүгийн хяналт, Аудитын албаны хяналт шалгалтын тайлангийн нэгтгэл, Засаг даргын 314 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлт анхан шатны шүүхээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

   Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял оногдуулсан нь  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн  хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.

      Шүүгдэгчдийн  өмгөөлөгч Б.Баясгалан, П.Наранхүү нараас “...Баянтал сумын Засаг даргын албан тоот хийгдсэн нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулинд заасан гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. ... төлбөр авагч нь төлбөр төлөгчтэй эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь төлбөр төлөхийг дуусгавар болгосон асуудал биш. Төлбөрийг хэсэгчлэн сар бүр 500.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож эвлэрсэн гэсэн утгатай албан тоот байдаг. Төрийг хохироож байгаа хэлбэр байхгүй. Эвлэрсэн ажиллагаа л явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулинд нийцэхгүй байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү“ гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

       Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

    Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалын хувьд ижил зэрэг дэвийн болон өөрт нь захирагддаг буюу хяналт тавьдаг албан тушаалтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, албан тушаалынхаа байдлыг ашиглан давуу эрх эдлэх, хууль бусаар бусдад давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглаж бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхолын зөрчилтэй үйл ажиллагаа хийхийг хориглосон байна.

       Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг,

         Мөн зүйлийн 3.1.4-т давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан байна.

     Шүүгдэгч Д.М-Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 1.4-д заасны дагуу хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Б.М хүсэлтийг шийдвэрлэсэн гэх боловч төлбөр төлөгч Б.М нь өөрөө төлбөр авагч Д.М-Э эвлэрэх талаар ямар ч хүсэлт гаргаагүй байхад ээж болох тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Г өмнөөс нь Засаг даргатай эвлэрэх тухай хүсэлт гаргасны дагуу албан бичиг хийж өгч бусдад давуу байдал олгож байгаа үйлдэл нь

       Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

        Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн тайлбарт урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэжээ.

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар Тамгын газрын дарга бол Засаг даргын ажлын албаных нь дарга бөгөөд өөрт нь шууд захирагддаг албан тушаалтан юм.

        Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5 дугаар зүйлд Засаг дарга нь Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй болохоос биш зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавих эрх, үүргийг эдлэхгүй бөгөөд журмын 5.3-т зааснаар Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан орон тооны бус зөвлөл дээрх үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар заажээ. Үүнээс харахад Сум хөгжүүлэх сангийн журамд зааснаар сумын Засаг дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр авагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй  байна.

     Түүнчлэн шүүгдэгч Д.М-Э хийж өгсөн албан бичгийн дагуу төлбөр төлөх ажиллагаа дуусгавар болж, Сум хөгжүүлэх сангийн зээл болох 3,566,625 төгрөг бүрэн төлөгдөөгүй бөгөөд энэ нь Аймгийн Аудитын албаны хяналт шалгалтаар илэрсний дүнд төлбөрийг төлж дуусгасан  байна.

        Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.ОДНЯМАА

         ШҮҮГЧ                                                 Н.БАТЧИМЭГ

         ШҮҮГЧ                                                  Н.БОЛОРМАА