Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/1016

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.*******,

Хариуцагч: Нийслэлийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н. нарын хоорондын дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 031/01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Иргэн Б.******* Д.тэй 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн ******* н 20 гудамж, тоот, 214 м.кв, нэгж талбарын , улсын бүртгэлийн дугаар бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хавсралтаар Д. миний бие нь дүүргийн ******* хангайн тоотод байрлан хашаа байшингаа ******* овогтой *******д 15,000,000 төгрөгөөр зарж байгаа юм. Уг хаягт байрлах 2 давхар байшинг нурааж өөр байшин барих гэж байгаа нь үнэн болно тодорхойлолт гаргажээ.

2.2. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн Х.гөөс зөвшөөрөлгүй барилга барих гээд байгаа талаарх гомдлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт гаргасныг Хотын стандарт, хяналтын газарт шилжүүлж, тус газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/640 дугаартай албан бичгээр[1] Нийслэлийн онцгой байдлын газарт гомдлыг шилжүүлсэн байна.

2.3. Нийслэлийн онцгой байдлын газар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлд Иргэн Б.*******гийн өмчлөлийн гэх газар саарал өнгийн сэндвичэн агуулахын зориулалтаар ашигладаг гэх барилга барьсан тул барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байна. Иргэн Б.*******гийн өмчлөлийн барилгын ертөнцийн зүгээр хойд талд улаан тоосгон 2 давхар нийтийн байр гэх барилга байна... гэжээ.

2.4. дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хяналт шалгалт хийсэн тэмдэглэлд ...2 давхар тоосгон нийтийн байрны зориулалтаар ажилладаг барилга байгууламжаас 1.40 м замд /өөрийн хэмжилт/ гэр бүлийн зориулалттай амины орон сууц барьж байна. 2 байшингийн хооронд галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6.8 дахь заалт Гэр байшин, гэр хоорондын зай 5 м-ээс дээш байна гэсэн заалт 6-8 хангагдахгүй байна. /10 айл/ иргэний Сэндвичэн барилга нь хуучин барилгын суурин дээр байшингаа сайжруулаад 1 давхар барилга барьж байна. /хуучин хоёр давхар байсан болно[2] гэсэн байна.

2.5. Нийслэлийн дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 031/01 дүгээр дүгнэлт[3]-ээр ...Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-нэхэмжлэгч Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

2.6. Дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч Б.******* нэхэмжлэлээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ******* овогтой ******* би 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* овогтой өөс дүүргийн ******* н 20 гудамж, тоот, 214 м.кв, нэгж талбарын , Улсын бүртгэлийн дугаар бүхий газрыг худалдаж авсан. Анх тухайн газрыг авахад зэргэлдээ хоёр хашаа, байшин байсан бөгөөд тухайн газар дээр байшин барих гэж буйгаа илэрхийлж зөвшөөрч бичиг хүртэл хийж өгсөн.

Гэтэл Д.ийн ах гэх Д.*******а тухайн газрын зэргэлдээ хашааг өмчилдөг бөгөөд манай хашаан дотор барьсан агуулахыг галын норм дүрэм зөрчиж байна гэж гомдол гаргаж, улмаар Нийслэлийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 031/01 дугаар дүгнэлтийг үндэслэн хоорондох зай 15м байх ёстой зэргээр буруутгаж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Гэтэл Нийслэлийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 031/01 дүгээр дүгнэлт нь ямар нэг хуульд үндэслээгүй илт хууль бус акт байна. Хэрвээ хоорондоо 15м зайтай байшин барихаар бол бидний барилга хашаанаасаа буюу өмчилсөн газрын хэмжээнээс илүү гарах билээ.

Учир нь байцаагчийн дүгнэлтэд Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-н Заавал мөрдөх 4 дүгээр зүйлийн хавсралтын 1 дүгээр хүснэгтийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг зөрчсөн гэсэн байх боловч дүрмийн тус заалт нь Орон сууц, олон нийтийн барилга болон, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг 1 дүгээр хүснэгтэд зааснаас багагүи. гэсэн байна. Гэтэл яагаад манай гэр бүлийн зориулалтай газар дээр баригдсан ахуйн зориулалттай гражийн барилгыг үйлдвэр, олон нийтийн болон орон сууцны барилга гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэл бүрдэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д зааснаар тус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн Заавал дагаж мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн Барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг ...полимер болон галд хялбар шатдаг материалаар барьсан үйлдвэрийн барилга хоорондын зай 15 м-ээс багагүй байхаар төлөвлөнө... гэж заасныг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Тус дүрмийн 1.1 дэх хэсэгт ...хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө болон үе шатны төсөл зохиоход дагаж мөрдөнө... гэж заасан. Энэ нь иргэд хоорондын хашаа, барилга хоорондын зайнд дагаж мөрдөх дүрэм биш. Харин улсын хэмжээнд төсөл төлөвлөгөө, төлөвлөлт боловсруулах үед дагаж мөрдөх дүрэм юм. Уг журмыг баримталж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан дагуу ...бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт ...Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна... гэж заасан бөгөөд барилга хоорондын зайг 15 м зайтай болгох нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэмжээ өөрчлөгдөх үр дагавартай учир бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байх шинжийг маргаан бүхий дүгнэлтийн гол үндэслэл болгосон тул захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3.3. Хариуцагч тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н. би 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн *******, н *******ны ******* тоотод оршин суух хаягтай иргэн Х.гийн гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгч талын барилга байгууламжид Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг 16.1.3 дэх заалтад зааснаар хяналт шалгалт явуулсан.

Тус хяналт шалгалтын хүрээнд ******* ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хэмжилтийн зургаар 2 байшингийн хоорондын зай 1.2 метр байна гэж тогтоогдсон. Гэтэл иргэн Б.******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай гэр бүлийн зориулалттай газар дээр баригдсан ахуйн зориулалттай гараашны барилгыг үйлдвэр, олон нийтийн болон орон сууцны барилга гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус байна гэсэн байна.

Гэвч Орон сууцны тухай хуулийн 3.1.1. дэх хэсэгт орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж заасан байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04 Заавал мөрдөх 4 дүгээр хавсралт Галын аюулаас хамгаалах шаардлагын 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу Барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг мөрдөх нь зүйтэй байна. гэжээ.

3.4. Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хотын стандарт, хяналтын газраас Нийслэлийн онцгой байдлын газарт иргэн Х.гийн Иргэн Р. нь хуучин байсан барилгыг буулгаад, үйлдвэрлэлийн зориулалттай барилга барина гэх агуулгатай гомдлыг шилжүүлсэн. Хотын стандарт, хяналтын газраас тухайн объектод очиж хяналт шалгалт хийгээд Р.ийн дүүрэг, *******, н *******, ******* тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 214 метр квадрат талбайтай газарт барьсан 2 давхар 112.5 м.кв амины орон сууцыг буулган шинээр 114 м.кв хувийн сууц гаражийн хамт хуучин суурин дээр барина. Ямар нэгэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахгүй буюу барилгын материалын агуулахын зориулалтаар ашиглахгүй. Өөрөө амьдрах хувийн орон сууц барьж байгаа талаар өргөдөл гаргасан. Энэ нь Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалаар баталсан Барилга байгууламжийн хөгжлийн ангилалд хамаарахгүй, барилга ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байх тул Нийслэлийн онцгой байдлын газарт шилжиж ирсэн.

Үүний дагуу Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад заасны дагуу хяналт шалгалт хийгээд дүүрэг, *******, н *******, ******* тоот хаягт, дүүрэг, *******, н *******, 781б тоот хаягт байрлах 2 барилгыг шалгахад, нийтийн байр нь тоосгон, нөгөө нь хавтгайлсан буюу туузан материал бөгөөд гал тэсвэрлэлтийн 4 дүгээр зэрэгтэй учир барилга хоорондын зайг 6-10 м байх ёстой гэж дүгнэсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас өөрийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 031/01 дугаар дүгнэлтийн үндэслэлээ 2004 оны Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм-ийн Галын аюулаас хамгаалах шаардлага хэсгийн БНбД 30.01.04-ийн Заавал дагаж мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн Барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай-г[4] зөрчсөн байна гэж тайлбарласан болно.

Гэтэл дээрх Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм-ийн нэг, ерөнхий зүйлд Энэхүү норм ба дүрмийг шинээр барих, сэргээн шинэчлэх хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө болон үе шатны төсөл зохиоход дагаж мөрдөнө гэж зааснаас үзвэл энэ тохиолдолд уг дүрэм хэрэглэгдэхгүй.

Учир нь маргаан бүхий газар нь шинэ хороолол, хотхон биш, хотын хуучин гэр хорооллын хэсгийг шинэчлэн барилгажуулах талбай биш, /1998, 2008 оны/ Хот байгуулалтын тухай хуульд энэ талаар нарийвчлан зохицуулалт байдаггүй аж.

Энэ тохиолдолд хариуцагчийн маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон дүрэм нь дээрх хууль, дүрэм батлагдахаас өмнө нэгэнт баригдсан барилгын хувьд хамааралгүй, харин уг хууль батлагдсаны дараа шинээр барилгажих талбайн хувьд хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Б.*******гийн худалдах худалдан авах гэрээгээр авсан барилга нь гомдол гаргагч Х.гийн[5] нөхрийн төрсөн дүү Д.ийн дүүргийн *******, н *******, 781б тоот хаягт байрлалтай, 112.5 м.кв талбайтай /хуучин/ 2 давхар барилгын суурь[6] нь нэгэнт барилгажсан талбай байх тул уг газрыг шинээр эзэмшигч нь хуучин барилгын суурийг хэтрүүлэхгүй шинэ барилга барих тохиолдолд уг талбайг ирээдүйд барилгажих талбай гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас өөрийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 031/01 дугаар дүгнэлтийн үндэслэлээ 2004 оны Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм-ийн Галын аюулаас хамгаалах шаардлага хэсгийн БНбД 30.01.04-ийн Заавал дагаж мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн Барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай-г үндэслэл болгон асуудлыг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй; гэж зааснаар тус акт илт хууль бус бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд нийцүүлэхгүйгээр халдсан, түүнийг бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй гэж дүгнэгдэж байна.

Иймд шүүхээс уг актыг илт хууль бус болохыг тогтоосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ын 2023 оны 07 дугаар сарны 03-ны өдрийн 031/01 дугаар дүгнэлт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ын 2023 оны 07 дугаар сарны 03-ны өдрийн 031/01 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР