Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/01185

 

Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00166 дугаар шийдвэр,        

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Алтайн Номадис” ХХК-д холбогдох,

42 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Алтай номадис” ХХК-тай 2014.07.10-ны өдөр ОХУ-аас Эдильбаев үүлдрийн хуц худалдан авч нийлүүлэх гэрээг байгуулан, гэрээний дагуу 38 850 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний тусгай нөхцлийн 13 дугаар заалтын 13.1-д заасны дагуу нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувь байна гэсэн заалтын дагуу 3 950 000 төгрөг, нийт 42.800.000 төгрөг болж байна. ОХУ-аас Эдильбаев үүлдрийн хуц нийлүүлэхээр байгуулсан гэрээгээ жил гаруй хугацаанд зөрчиж, гэрээний тусгай нөхцлийн 4 дүгээр заалтын 4.1-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газартай “Алтайн Номадис” ХХК нь ОХУ-аас Эдильбаев үүлдрийн үржлийн хуц худалдан авч нийлүүлэх гэрээг 2014.07.10-нд байгуулсан. 2014 оны 3-р улирлаас Монгол улсын мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмд өөрчлөлт орж, олон улсын мал эмнэлгийн хорио цээрийн шаардлагын дагуу мал импортлохоор болсон. Дээрх шаардлагын дагуу Меди-весна болон халдварт өвчний шинжилгээг олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, мал импортлох шаардлагатай болсон. Гэтэл хуц нийлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын өөрөө сонгосон Гукова.А.В аж ахуйн Монгол руу экспортлох зорилгоор бэлтгэсэн 33 хуцнаас 5 хуцанд Меди-весна өвчний халдвар илэрсэн. Энэхүү шалтгаанаар ОХУ-ын талаас дахин шинжилгээнд оруулах тул санхүүжилтээ хийнэ үү гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу манай компани 2014.10.08-нд 39 500 рубль шилжүүлсэн. Мөн Владимирийн итгэмжлэгдсэн лабораториор дахин шинжилгээнд оруулж, дахиад маланд халдварт өвчин илэрсэн тул ОХУ-аас 2015 оны шинэ цөм сүргээс дахин хорио цээрийн дэглэм тогтоож, олон улсын стандарт шаардлагын дагуу хуц бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. Энэ тухай, тухай бүр Хүнс, хөдөө аж ахуйн газарт мэдэгдэж байсан. Дээрх 39 500 рублийг ОХУ руу шилжүүлэхдээ дарга З.Лувсанд мэдэгдэж, танилцуулж зөвшөөрөл авсан болно. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хуц бэлтгэн нийлүүлэх газрыг өөрсдөө сонгосон учраас гүйцэтгэгч “Алтайн Номадис” ХХК-ийн хувьд хуц нийлүүлэх газрыг өөрчлөн, өөр газраас мал бэлтгэх боломжгүй.Гэрээ байгуулахаас өмнө ОХУ руу Хүнс, хөдөө аж ахуйн газраас гэрээний нийт үнийн дүнгээс 72 900 рублийг шилжүүлсэн тул энэхүү мөнгийг манай компани хариуцах үндэслэлгүй. Хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын эхээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын өрөөнд З.Лувсан, Бат-Өлзий болон бусад ажилтнууд намайг оролцуулан хуралдсан бөгөөд энэ хурал дээр мал оруулж ирэх нөхцөл хорио цээрийн дэглэмээс болж саатаад байгаа тухай болон шинэ сүргийн бүтцийг тухай аж ахуй дээр бүрдүүлж, хорио цээрийн дэглэм тогтоож, Владимирийн итгэмжлэгдсэн лабораторийн хариуг хүлээж байгаа тухайгаа миний бие тайлбарласан бөгөөд тус газрын хуралдаанаар манай компанийг мал нийлүүлэх нөхцөл бүрдсэн даруй гэрээний дагуу хонийг нийлүүл гэсэн шийдвэрийг гаргасан.Иймд нэхэмжлэгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Алтайн Номадис” ХХК-иас 38 335 000 төгрөг гаргуулан Ховд аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газарт олгож, илүү нэхэмжилсэн 4 465 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Энэ нэхэмжлэл нь 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Алтайн Номадис” ХХК-иас 349 625 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00166 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 710 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал “42 800 000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч талтай байгуулсан “ОХУ-аас Эдильбаев үүлдрийн үржлийн хуц худалдан авч нийлүүлэх гэрээ цуцалж, учирсан хохирлыг төлүүлэх тухай” гэж өөрчилсөн боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ “42 800 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах журмыг зөрчиж, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэсэн бөгөөд “гэрээний үнийн дүн гаргуулах” шаардлага, “гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх” шаардлага нь Иргэний хуулийн зохих өөр өөр зүйл, заалтуудаар зохицуулагдах тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байна. Гэрээний үүрэг биелүүлэх хугацаа зөрчигдсөн тухайд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. “Алтайн номадис” ХХК гэрээнд заасан хугацаанд үржлийн хуцыг зөвхөн Гуковын аж ахуйгаас нийлүүлэх ёстой байсан. Гэтэл тус аж ахуйгаас нийлүүлэхээр бэлтгэсэн сүргийн цөм бүтцээс Медиа-весна гэх малын халдварт өвчин илэрсэн. Өвчтэй малыг нь ялгаж эрүүл малаар нь дахин шинэ сүрэг үүсгэж шинжилгээнд оруулахад дахин дээрх өвчин илэрдэг. Анхны шинжилгээний хариу 2014 оны 08 сард, 2 дахь шинжилгээний хариу мөн оны 11 сард, 3 дахь шинжилгээний хариу 2015 оны 10 сард гарсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дэх заалт “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомжийн дагуу...”, 7 дахь заалт “Давагдашгүй хүчин зүйл”, гэрээний ерөнхий нөхцлийн 4.2 дахь заалт “Үржлийн малыг ...Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон малын эрүүл мэнд хорио цээрийн албанаас гаргасан хууль ёсны шаардлага дүгнэлтийг хүлээн авч биелүүлнэ” гэж зааснаар Гуковын сангийн аж ахуйгаас үржлийн хуц нийлүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Дээрх нөхцөл байдлын талаар үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын удирдлагууд “Алтайн номадис” ХХК-ийн захирлыг оролцуулан 2015.9.03-ны өдөр хуралдсан байдаг ба “үржлийн хуцыг заавал нийлүүл” гэсэн шаардлагыг тавьж, нийлүүлэлтийн хугацааг 2015 оны 10 дугаар cap гэж талууд тохиролцсон байдаг боловч 2015.10.14-ний өдөр сүүлийн шинжилгээний хариугаар мөн л халдварт өвчин илэрсэн. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Олон улсын мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмээр “Медиа-весна өвчин илэрсэн газраас мал импортлохыг хориглосон байдаг. Олон улсын мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмээр оруулж ирэхийг хориглосон, халдварт өвчин удаа дараа илэрсэн газраас мал оруулж ирэх боломжгүй, өөрөөр хэлбэл гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. ...Гэрээний тусгай нөхцлийн 2.1-д ОХУ-ын Алтайн хязгаарын Ключки районоос нийлүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл захиалагч нь худалдан авах эд зүйлийг хаанаас авахыг гэрээнд тухайлан заасан байгаа. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь “Алтайн номадис” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл “Алтайн номадис” ХХК-тай байгуулсан “ОХУ-аас Эдильбаев үүлдрийн үржлийн хуц худалдан авч нийлүүлэх гэрээ”, ОХУ-ын Алтайн хязгаарын Ключев дүүргийн А.В.Гуковын аж ахуйтай “Үржлийн малыг худалдах, худалдан авах гэрээ”-г Ховд аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар байгуулсан байдаг. Хариуцагч тал хэдийгээр энэ талаар маргаагүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар жинхэнэ нэхэмжлэгч мөн эсэхэд шүүх дүгнэлт хийх үүрэгтэй байсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болон Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нь З.Лувсан гэсэн хүн байгаа боловч байгууллагын бүтэц, нэршил өөрчлөгдсөн эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 80 дугаар магадлалын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлагыг Н.Ганзоригт холбогдуулан гаргажээ” гэж тусгажээ. Н.Ганзориг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу “Алтайн номадис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт Н.Ганзориг гэх хүнийг хариуцагч гэж тусгаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118, 167 дугаар зүйлийн 167.2-т заасан магадлал гаргах журмыг зөрчсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1, 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1, 348, 356 дугаар зүйлийн 356.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “Алтайн номадис” ХХК-д 3 485 000 төгрөгийн алданги ногдуулж гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж алдангийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг агуулгаар нь хянан шийдвэрлээгүй, хариуцагчаас үндэслэлгүйгээр алданги гаргуулсанаар шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар нь хариуцагч “Алтайн номадис” ХХК-д холбогдуулан ОХУ-аас Эдильбаев үүлдрийн хуц нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, хуцны үнэд шилжүүлсэн 38 850 000 төгрөгийг гэрээнд заасан алдангийн 3 950 000 төгрөгийн хамт нийт 42 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ \хх-ийн 1 дүгээр тал\.

Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “ОХУ-аас Эдильбаев үүлдрийн үржлийн хуц худалдан авч нийлүүлэх” нэртэй, А\2014\20\01 дугаартай гэрээ байгуулагдсан байна \хх-ийн 2-8 дугаар тал\. Уг гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3.-т зааснаар Ховд аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А\34 дүгээр тушаалд үндэслэгджээ \хх-ийн 9 дүгээр тал\. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 34 850 000 төгрөгийг хариуцагч “Алтайн номадис” ХХК-ийн дансанд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 4 000 000 төгрөгийг ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотын Гуковын аж ахуйд 72 900 рубль болгон \72 900х53.24\ 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гадаад гуйвуулгын даалгавраар шилжүүлж, холбогдох хураамжийг төлсөн байна \хх-ийн 11-14 дүгээр тал\.

Хариуцагч “Алтайн номадис” ХХК нь ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаулын Ключевийн районы А.В. Гуковын аж ахуйд малын үнэ болон шинжилгээнд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 39 500 рубль, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 50 000 рубль шилжүүлсэн боловч удаа дараагийн шинжилгээгээр худалдан авах малд халдвар илэрсэн тул нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй гэж тайлбарласан байна \хх-ийн 23-25, 32, 33 дугаар тал\.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1.-д заасан зохицуулалтыг баримталсан нь алдаатай болсноос гадна нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг бус харин гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан шаардсан байгааг анхаараагүй нь буруу болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигчдын гэрээний зүйл болох эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн зүйл биш, уг эд хөрөнгийг бусдын өмчлөлөөс нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн хариуцагчийг худалдагч гэж үзэх үндэслэлгүй юм. Харин тэрээр нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс худалдах-худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлөөс нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснээр түүнийг даалгавар гүйцэтгэгч гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д заасан даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн зүйлийн 399.4.-т зааснаар ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах эрхтэй байна. Иргэний хуулийн 405 дугаар зүйлийн 405.1.1.-д зааснаар даалгавар өгөгч даалгавраа цуцалсан бол даалгаврын гэрээ дуусгавар болдог.

Даалгаврын гэрээ нь хиймэгц биелэх бус харин тодорхой хугацаанд гүйцэтгэгддэг гэрээ тул урт хугацааны гэрээг цуцлах хуулийн зохицуулалт тухайн гэрээний харилцаанд хамааралтай болно. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог. Мөн зүйлийн 221.5.-д зааснаар гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлах бөгөөд ийнхүү цуцлахад Иргэний хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг.

Хариуцагч “Алтайн номадис” ХХК нь даалгаврын гэрээний үүргээ 2014 оны 08 дугаар сарын 30-ны дотор гүйцэтгэх байсан боловч тодорхой шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэж чадаагүй ба нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын эхний долоо хоногт үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2.-т заасан шаардлага хангагдсан гэж үзнэ \хх-ийн 35-39 дүгээр тал\.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул гэрээнээс татгалзаж буй нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 34 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч “Алтайн номадис” ХХК нь Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1.-д зааснаар даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, хөлс, учирсан хохирлыг нэхэмжлэгчээс шаардаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагч нь өөрт учирсан хохирлоо ОХУ-ын Барнаул хотын Гуковын аж ахуйгаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч даалгаврын гэрээнээс татгалзсанаар гэрээний бүхий л нөхцлөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй тул “ОХУ-аас Эдильбаев үүлдрийн үржлийн хуц худалдан авч нийлүүлэх” нэртэй, А\2014\20\01 дугаартай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 13.1., гэрээний тусгай нөхцөлд заасан алдангийн тохиролцоо мөн адил цуцлагдсан гэж үзнэ. Нөгөө талаар, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэггүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алданги хасуулах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 399 дүгээр зүйлийн 399.1.-д заасныг баримтлан хариуцагч “Алтайн номадис” ХХК-иас 34 850 000 төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газарт олгож, нэхэмжлэлээс 7 950 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “349 625 төгрөг” гэснийг “332 200 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН