| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 176/2019/0037/Э |
| Дугаар | 370 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Ш.Одонсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 370
С.Б-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар магадлалтай, С.Б-эд холбогдох 1834000000191 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболдын бичсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт С-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболдын бичсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүхийн магадлалд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч Б.Цэрэндовдон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.П-г шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад шинжээчид дүгнэлт гаргуулахаар “Шинжилгээнд хүргүүлж байгаа хэргийн газраас илрүүлэн авсан хоёр хэсэг яс нь шинжилгээнд тэнцэх эсэх, уг ясны ДНХ бүтцийг тогтоох гэсэн 2 асуултад 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6777 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар асуултад хариулаагүй байна. Хэргийн газраас бэхжүүлж авсан нотлох баримт болох хүний шатсан яснаас ДНХ бүтцийг тогтоох боломжтой эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Мөн шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж мэдүүлэг авах ажиллагааг явуулах нь зүйтэй байна” гэжээ. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дүгээр зүйлд шинжилгээний объект нь шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх шаардлагыг тавьдаг бөгөөд хэргийн газраас хураан авсан шатсан яс нь шинжилгээнд тэнцэхгүй байсан учраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.П нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6777 дугаартай дүгнэлтийнхээ 1 дүгээр хариултад “Шинжилгээнд ирүүлсэн шатсан ясны хэсгүүд нь шинжилгээнд тэнцэхгүй” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл шинжилгээнд ирүүлсэн шатсан ясны хэсгүүд нь шинжилгээнд тэнцэхгүй байгаа нь цаашид шинжилгээ хийж ясны ДНХ бүтцийг тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд шинжээч нь мөрдөгчийн тавьсан 2 дугаар асуултад хариулах үндэслэлгүй байна.
Мөн магадлалд “С.Б-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.6 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой нотлоогүй, шүүгдэгч С.Б-ээс амь хохирогч Ц.Н-г хэдэн цагийн үед цохиж зодсон, хэдэн удаа толгой, цээж рүү нь цохисон, зодсоны дараа амь хохирогч ямар байдалтай байсан, хэдэн цагийн үед амь хохирогч нас барсан, нас барсан эсэхийг нь яаж мэдсэн, амь хохирогч нь шүүгдэгчийн өөдөөс биеэ хамгаалах үйлдэл хийсэн эсэх зэрэг байдлуудыг асууж тодруулан “хүнийг санаатай алах” гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэнийг бүрэн нотлох шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь хэргийн бодит байдлыг нотлоход зайлшгүй ач холбогдолтой байна” гэжээ. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Б нь “2019 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 23.00 цагийн орчим мөнгө төгрөгийн маргаанаас болж Ц.Н-г толгой цээж рүү нь 4-5 удаа цохисон, талийгаач амьсгалахгүй бие нь хөшсөн байсан талаар болон талийгаачийг усаар шавшиж, хиймэл амьсгаа хийж амин үзүүлэлтүүдийг үзсэний дараа нас барсан болохыг нь мэдсэн, амь хохирогч биеэ хамгаалах үйлдэл үзүүлсэн” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Мөн яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзэж байна.
Магадлалд “2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч Б.Ц Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Ц-г шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад шинжээчид дүгнэлт гаргуулахаар асуусан 4-н асуултад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 801 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 дүгээр асуултад нь шинжээч хариулаагүй байна” гэжээ.
2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаагч С.Э Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.П-ыг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “ДНХ тогтоц нь хэн гэдэг хүний ДНХ тогтоц вэ” гэсэн асуултад 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6778 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариулт өгөөгүй байна. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2 дахь хэсгийг зөрчсөн байна” гэжээ. Эрүүгийн хэрэгт мөрдөгч Б.Ц шинжээч томилсон тогтоол үйлдэж шинжээчээс “Шинжилгээнд хүргүүлж байгаа хэргийн газраас илрүүлэн авсан хоёр хэсэг шатсан яс нь шинжилгээнд тэнцэх эсэх, шинжилгээнд тэнцэж байвал хүн малынх аль болох, хүний яс бол эрэгтэй болон эмэгтэй хүний алиных нь яс болох, уг яс нь хэдэн настай хүний яс болох” зэрэг асуултыг асуужээ. Дүгнэлт гаргасан шинжээч Ш.Ц нь “Хар өнгийн уутанд хийсэн яс хүний яс байна. Цагаан цэнхэр алаг уутанд хийсэн яс нь бог /жижиг/ малын яс байна. Хар өнгийн уутанд хийсэн хүний ясыг хэдэн настай, эрэгтэй, эмэгтэй хүний алиных нь яс болохыг тогтоох боломжгүй” гэж хариулсан байна. Шинжээч мөрдөгчийн тавьсан асуултад агуулгын хувьд бүрэн хариулсан байна. Учир нь хэргийн газраас илрүүлэн авсан хоёр хэсэг шатсан яс нь шинжилгээнд тэнцсэн учраас шинжээч “Хар өнгийн уутанд хийсэн яс хүний яс байна. Цагаан цэнхэр алаг уутанд хийсэн яс нь бог /жижиг/ малын яс байна.” гэж хариулсан байгаагаас дүгнэхэд тухайн яс нь шинжилгээнд тэнцсэн учраас хүн малын ясыг ялгаж дүгнэлтдээ тусгасан байна гэж үзсэн болно. Мөн хэрэгт мөрдөгч С.Э шинжээч томилсон тогтоол үйлдэж шинжээчээс 3 асуулт асуужээ. Шинжээч Ш.П 6778 дугаартай дүгнэлтийн “Үзлэг ба шинжилгээ” хэсэгт харьцуулах шинжилгээнд дээж ирүүлээгүй талаар дурдсан байгаа болно.Магадлалд “Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Б-ийн хувийн байдлыг бүрэн бодитой тогтоогоогүй байна. Тухайлбал хүмүүжил, боловсрол, амьдралын нөхцөл байдалтай холбоотой, танил, найз нөхдийнх нь С.Б-ийн талаар тодорхойлсон мэдээлэл гэх зэргийг хэрэгт баримтжуулж авах шаардлагатай болно. Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар маргаагүй байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Харин түүнийг гэмт хэрэг хэрхэн үйлдсэн, гэм буруугийн талаар хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ” гэжээ. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллагдагч С.Б-ийн хувийн байдлыг тогтоосон бичгийн нотлох баримт болох Говь-Алтай аймгийн Халиун сумын их эмчийн тодорхойлолт, мөн сумын 8 жилийн дунд сургуулийн анги удирдсан багш болон сурагчдын тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ү, гэрч С.Т, С.Н, Ц.А нарын мэдүүлэг, түүний эд хөрөнгө, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2017 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хэрэгт холбогдох газруудаас авч, хуульд заасан нөхцөл журмын дагуу хэрэгт хавсаргасан байгаа болно. Мөн яллагдагчийн өөрийн өгсөн мэдүүлгийн дагуу хувийн байдлыг бүрэн тогтоосон байна. Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллагдагч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргээр хангалттай нотлогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл гаргаж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн атлаа анхан шатны шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгохоо орхигдуулсан. Тиймээс уг захирамж хүчин төгөлдөр байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй тохиолдолд хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх боломжгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй тул насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгч алдсаны тэтгэмж тогтоолгох асуудал хойшлогдож, тэдний эрх ашиг зөрчигдөж байна” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа “Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч С.Б-эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байтал давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт дутуу гарсан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэл муутай байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболдын бичсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг үндэслэн С.Б-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Нуурын завсар” гэх газарт байрлах өөрийн гэртээ 2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Н-г толгой, цээжин тус газарт нь цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо хэрэгт авагдсан 801, 6777 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгөөгүй, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг шалгаж тогтоогоогүй гэж дүгнэснийг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 801 дугаартай шинжээчийн дүгнэлтээр мөрдөгчөөс хар болон цагаан өнгийн уутанд хийж ирүүлсэн агууламжийг шинжилгээнд тэнцсэн болохыг дурдаж шатсан ясны хэлбэр, хэмжээ, онцлог шинжүүдийг шинжлэн судалж, хар өнгийн уутанд хийсэн ёсны тойг, чөмөгт яс, зүүн шаант ясны үений гадаргуу зэрэг байдлаар хүний яс болохыг цагаан өнгийн уутанд хийснийг малын яс болохыг тус тус тогтоосон байна. Мөн хүрээлэнгийн 6777 дугаартай шинжээчийн дүгнэлтэд мөрдөгчөөс шинжилгээнд ирүүлсэн шатсан ясны хэсгүүд нь шинжилгээнд тэнцэхгүй болохыг дурдсан нь цаашлаад уг ясны ДНХ бүтцийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, энэхүү генийн шинжилгээний объект нь ДНХ бүтцээ хадгалж үлдсэн байхыг шаарддаг байхад бүрэн шатсан яс шинжилгээнд ирүүлсэн байна. Шинжлүүлэх зүйл нь хийгдэх шинжилгээний онцлогоос хамаараад зарим шинжилгээнд тэнцэж нөгөөд нь тохирохгүй байх боломжтой бөгөөд энэ нь харилцан зөрчил бүхий дүгнэлтэд тооцогдохгүй болно. Шатсан ясны генетик бүтэц устаж харин хэлбэр, хэмжээ нь хадгалагдсан учраас биологийн шинжилгээнд тэнцэж ДНХ шинжилгээнд тохирохгүй байгаа нь учир зүйн хувьд ойлгомжтой асуудал бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш хийгдсэн, мөрдөгчөөс тавьсан асуултын хариултыг орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй болно.
Үүнээс гадна, шинжээчийн дүгнэлтээр хар өнгийн уутанд буй хүний яс нь хохирогчийнх болохыг тогтоогоогүй боловч шүүгдэгч С.Б-ийн хамтран амьдрагчаа зодож амь насыг нь хохироогоод цогцсыг шатааж үлдэгдлийг булсан гэж мэдүүлсний дагуу уг ясыг олж ирүүлсэн тул хохирогч Ц.Нансалмаад хамаарна гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.
Шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгийн аль аль нь нотлох баримт бөгөөд гагцхүү шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар батлагдах учиртай. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй байхаар заасан. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор амь хохирогчийг шатааж, булсан гэх газарт үзлэг хийсний дагуу гэмт хэргийн ул мөр, хүний яс илэрч, шүүгдэгчийн мэдүүлэг давхар батлагдсан байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах болон анхан шатны шүүх хуралдааны үед амь хохирогчтой мөнгөний асуудлаас болж маргаж, түүнийг толгой, шанаа, цээж рүү 4-5 удаа цохиход амьсгалахгүй бие нь хөшиж, улмаар нас барсан болохыг мэдсэн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн учир “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон гэж дүгнэхээс гадна шүүгдэгчийн уг мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Шүүгдэгч С.Б нь амь хохирогч Ц.Н-г Улаанбаатар хот руу буцаж явна гэсний төлөө үл ялих зүйлээр шалтаглан хардаж, сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодод халдах байдлаар зодож алсан үйл баримт тогтоогдсон тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцжээ.
Харин анхан шатны шүүх С.Б-ийн зүгээс гэмт хэрэг үйлдсэний дараа явуулсан ажиллагаа буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь хохирогчийн цогцсыг бүрэн шатаасан, ойд аваачиж булсан зэрэгт хуульд заагаагүй нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ялыг шийтгэсэн байх тул шүүгдэгчийн гэм бурууг харгалзан бүх насаар нь хорих ялыг 20 жилийн хорих ял болгож өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “...бүх насаар нь” гэснийг “20 /хорь/ жил” болгон өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН