Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 480

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40 мянгат ******* тоотод оршин суух хаягтай Д.Н*******,  

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн *******  тоот хаягтай Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга,  

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Их сургуулийн гудамж-1 тоот хаягтай Монгол Улсын Их сургууль, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т*******, хариуцагч Монгол Улсын Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н******* 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  тус шүүхэд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “...Д******* овогтой Н******* миний бие 1987 оноос хойш Төрийн тусгай хамгаалалтын газарт /хуучнаар НХАЯамны 3 дугаар газар байхаас эхлэн/ тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд тус байгууллагын Хангамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Миний бие энэ байгуулллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал, ажлын алдаа гаргаж байгаагүй билээ. Би сахарын өвчний улмаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өвчтэй байсан ба намайг өвчтэй байх хугацаанд Төрийн тусгай хамгаалалтын газар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тушаал гаргаж, намайг төрийн албанаас чөлөөлсөн тухай мэдэгдлээ.

Намайг чөлөөлөх тухай надад мэдэгдээгүй бөгөөд ямар үндэслэлээр чөлөөлсөн, чөлөөлсөн тушаалын хуулбарыг өвчтэй байгаа учир гардан авч чадаагүй. Миний бие төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй, өвчтэй байх хугацаанд төрийн албанаас чөлөөлж миний Үндсэн хууль ба Төрийн албаны тухай хуульд заасан эрхийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан, уг гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн.

Улмаар Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар албан бичгээр миний гомдлыг хэлэлцэж хангахгүй орхисон тухайгаа мэдэгдсэн. Дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү” гэв. 

Хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус газрын Хангалт, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан хошууч Д*******ын Н******* төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, өвчтэй байх хугацаанд төрийн албанаас чөлөөлсөн тул Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хангалт, үйлчилгээний хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Д.Н*******ын нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна.

1. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалаар Д.Н*******ыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Д.Н******* нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурцад хандан ажлаас түр чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл гаргаж, үүнийг Тагнуулын ерөнхий газраас тус газарт зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрөн шилжүүлсэн. 

Уг хүсэлтийг хүлээн аваад Д.Н*******т хүсэлтийнх нь дагуу түр чөлөөлөх зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байхгүй байгаа тул өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлж болох эсэх талаар мэдэгдэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4, Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны журмын 211 дүгээр зүйлийн 211.5.1 дэх заалт, Тагнуулын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/2311 тоот албан бичгийг тус тус үндэслэн өөрийнх хүсэлт, зөвшөөрлөөр ажлаас чөлөөлсөн.

Д.Н******* нэхэмжлэлдээ өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн байх бөгөөд дурьдсан хугацаанаас хойш өнөөг хүртэл тус газарт өвчтэй гэдгээ нотлох ямар нэг баримт өгөөгүй, ажил тасалсан тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлгүй, харин ч “Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны журам”-ын 218 дугаар зүйлийн 218.4.1-ийн “б”-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас халах боломжтой байхад хүндэтгэн үзэж өөрийнх зөвшөөрлөөр хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн юм.

2. Д.Н*******т алба хаагчдын боловсролын баримт бичгийн талаар хийгдсэн лавлагааны хариуд түүний боловсролын диплом хуурамч байх магадлалтай албан бичиг ирсэн талаар хэлснээс хойш /2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс/ ажилдаа ирэхгүй удаан хугацаагаар ажил тасалсан бөгөөд энэ хугацаанд өвчтэй байгаагаа баталгаажуулах баримт ирүүлээгүй юм. 

Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хувьд алба хаагчдын хариуцлага, ачаалал ихтэй, босоо удирдлагатай байгууллагын хувьд өөрийнх нь эзгүйд удирдлагад байгаа нэгжүүд, алба хаагчдын үйл ажиллагааны доголдол, үүнээс шалтгаалан байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, хамгаалуулагчдын аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг тул удирдах албан тушаалтанд өвчний чөлөө авах гэж байгаа талаараа мэдэгддэг, зөвшөөрөл авдаг эрх зүйн зохицуулалттай. 

“Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны журам”-ын 221 дүгээр зүйлийн 221.3.7-д заасны дагуу удирдах даргадаа энэ талаараа мэдэгдээгүй бөгөөд Тагнуулын ерөнхий газрын даргад өргөдөл гаргасан байсан бөгөөд төрийн албан хаагч аливаа асуудлаар гомдол гаргах, шалгуулах эрхээ эдлэхдээ ажлаас түр чөлөөлөгдөх /чөлөө биш/ эрх зүйн зохицуулалтгүй, түүнийг хүсэлтээр нь ажлаас чөлөөлөх нь цаашид төрийн ажил, албан тушаал дахин хашихад харшлахгүйг түүнд мэдэгдэж, ажлаас чөлөөлөхийг зөвшөөрснийг нь харгалзан Б/340 дүгээр тушаалыг гаргаж, уг тушаалыг өөрөө хүлээн зөвшөөрч, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж ажлаа хүлээлгэн өгсөн.

Д.Н*******ын нэхэмжлэлийг ханган түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг зөрчигдөх бөгөөд ингэсэн тохиолдолд шүүгч захиргааны байгууллагыг хууль бус үйл ажиллагаа явуулахыг даалгахад хүрэх юм” гэв. 

Нэхэмжлэгч Д.Н******* 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Их сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн ангийг /оройгоор/ “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд тухайн үед сургууль төгссөн дипломыг зохих журмын дагуу тус сургуулийн сургалтын албанаас хүлээн авсан билээ.

Улмаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 02 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтэд “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/9920, Монгол Улсын Их сургуулийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22/2103, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6/3676 дугаар албан бичгүүдээр иргэн Д.Н*******ын D2000/7052 дугаартай диплом нь 2000 онд Монгол Улсын Их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн З.Өнөржаргал гэдэг иргэний нэр дээр бүртгэлтэй байна” гэжээ. 

Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд албан ёсоор элсэн орж, суралцаж төгссөн, санхүү, татварын эдийн засагч мэргэжил эзэмшсэн болохыг надад байгаа D2000/7052 дугаартай диплом гэрчилэхээс гадна тухайн үед хамт суралцаж байсан ангийн хамт олон болон сургагч багш нар нотолно. Миний D2000/7052 дугаартай диплом ямар шалтгааны улмаас З.Өнөржаргалын нэр дээр бүртгэгдсэнийг би мэдэхгүй, харин энэ асуудал нь тухайн сургуулийн дотоод бүртгэл, зохион байгуулалттай холбоотой байна.

Үүний улмаас Д.Н******* миний дээд боловсрол эзэмшсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж, төрийн алба хаах боломж хязгаарлагдлаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т заасан “эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх” асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох” гэсэн ойлголттой төсөөтэй бөгөөд харин уг харилцаа нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсэж байгаа эсэхээс хамааран захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Тухайн тохиолдолд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д заасан төрийн өмчийн сургуулиас Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд миний дээд боловсрол эзэмшсэн асуудлыг тогтоох шаардлага яригдаж байгаа тул захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Иймд Д.Н******* нь 1996-2000 онд Монгол улсын их сургуульд “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр, суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Монгол Улсын Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Д******* овогтой Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх гэжээ. Д.Н******* нь 1996-2000 онд тус сургуулийн эдийн засгийн ангийг /оройгоор/ “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр суралцан тухайн үед сургууль төгссөн дипломыг Сургалтын албанаас авсан хэмээсэн байна.

Монгол Улсын Их сургуулийн 2000 оныхоос өмнөх баримтууд Архивын ерөнхий газарт шилжсэн тул иргэн Д.Н*******тай холбоотой материалыг үзэх боломжгүй байна.

Монгол Улсын Их сургууль дээр байгаа баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг хүргүүлж байна.

1. Монгол Улсын Их сургуулийн захирлын 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр тушаалаар батлагдсан төгсөгчдийн нэрс дотор иргэн Д.Н*******ын нэр байхгүй байна. /нотлох баримтыг хавсаргав/ 

2. Монгол Улсын Их сургуулийн захирлын 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн Санхүүгийн татварын оройн 4 дүгээр ангийн Төгсөлтийн улсын шалгалтын комиссын 2000 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн салбар хуралдааны Төгсөгчдөд мэргэжил, цол олгуулах тухай тогтоолд иргэн Д.Н*******ын нэр байхгүй байна. /Нотлох баримтыг хавсаргав/ Нийт 33 төгсөх оюутны нэрс орсон.

3. Монгол Улсын Их сургуулийн бакалаврын D2000/7052 дугаар бүхий дипломыг тухайн үеийн Мэдээлэл компьютерийн сургуулийг Математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн Зандан овогтой Өнөржаргалд олгосон байна. /Нотлох баримтыг хавсаргав/

4. Иргэн Д.Н*******т олгогдсон дипломын бүртгэлийн 9264 дугаарт тухайн үеийн Эдийн засгийн сургуулийг Нягтлан бодогч-Эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн Бүрэнжаргал овогтой Мөнхгэрэлд олгосон диплом байна. / Нотлох баримтыг хавсаргав/

5. Монгол Улсын Их сургуулийн захирлын 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 477 дугаар “Зарим оюутны төгсөлтийг хойшлуулах тухай” тушаалд Санхүүгийн анги дээр Д.Н******* гэсэн нэр орсон байна. /Нотлох баримтыг хавсаргав/

Иргэн Д.Н*******т олгогдсон дипломын дугаар болон бүртгэлийн дугаар нь тус тус Монгол Улсын Их сургуулийн өөр өөр төгсөгчийн нэр дээр бүртгэгдсэн, төгсөгчдийн нэрс баталсан тушаалд нэр нь байхгүй, Улсын шалгалтын комиссын хуралдааны тэмдэглэлд нэр нь дурдаагүй зэрэг байдал нь тус сургуулийн албан ёсны төгсөгч гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байдлыг бий болгож байна” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн Д.Н*******аас шүүхэд гаргасан “Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 

Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н*******, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нар хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэж болох бөгөөд...” гэснийг баримтлан, хэргийн нөхцөл байдлын талаар өмнө нь олон удаа шүүх хуралдаанаар хэлэлцсэн зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд байлцуулах шаардлагагүй хэмээн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно. 

1. Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрөх” гэсэн шүүхийн үндэслэл бүхий шийдвэр гаргах зохицуулалт бөгөөд уг эрх зүйн харилцааг юуны тулд, ямар шаардлагын үүднээс тогтоохыг шүүх тодруулах нь чухал юм. 

 Нэхэмжлэгч Д.Н*******аас шүүхэд гаргасан дээрх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь түүнийг 1996-2000 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн ангийг оройгоор “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшиж, улмаар мэргэжлийн дагуу төрийн албанд ажиллах нөхцөл боломж бүрдэхээр байна. 

Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Их сургууль, дээд сургууль, коллежид суралцагчийн мэдлэг чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 16 дугаар зүйлийн 16.2-д “Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т заасан үүрэг хүлээнэ” хэмээн дээд боловсролын агуулга, суралцагчдын анги дэвших болон, төгсөх шалгалтын журам, суралцагчийн үүргийг тодорхойлжээ. 

Мөн Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1-д “сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших”, 45.2.5-д “сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих” гэж суралцагч этгээд нь тухайн шатны боловсролыг эзэмшихийн тулд ямар үүргийг гүйцэтгэх талаар тусгайлан зохицуулж өгсөн байна. 

Нэхэмжлэгч Д.Н*******ыг 1996 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн ангид элсэн орж, улмаар 2000 он хүртэл анги дэвших шалгалтанд орж, суралцаж байсны тухайд хариуцагч байгууллага маргаагүй бөгөөд харин “Д.Н*******ыг сургууль төгсөх шалгалтанд ороогүй, сургууль төгссөнийг гэрчлэх баримт бичиг болох Монгол Улсын Их сургуулийн бакалаврын D2000/7052 дугаар бүхий диплом нь хуурамч  болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3586 дугаар дүгнэлт болон холбогдох байгууллага, гэрчүүдийн мэдүүлэг,  Монгол Улсын их сургуулийн захирлын 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр “төгсөгчдөд мэргэжил, боловсролын зэрэг, диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаалын хавсралтад, Д.Н*******ын нэр байхгүй зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий байна. 

Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-д “Боловсролын баримт бичиг /...диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж зааснаар их, дээд сургуульд элсэн суралцагч нь хууль, журмын дагуу үүргээ биелүүлж, сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшиж, анги дэвших болон сургууль төгсөх шалгалтанд хангалттай дүн үзүүлж, боловсролын баримт бичиг болох дипломыг зүй ёсоор эзэмшсэнээр дээд боловсролын буюу бакалаврын зэргийг эзэмшсэн гэж үзэх хууль зүйн боломжтой болно.

 Иймд нэхэмжлэгч Д.Н*******аас төрийн албанд ажиллах, төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод дурьдагдсан дээд боловсролтой байх шаардлагыг хангах үүднээс шүүхэд гаргасан “1996-2000 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн ангийг оройгоор “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

2. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 

Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дугаар тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д тус тус заасныг үндэслэн Д.Н*******ыг хүсэлт гаргасан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Нэхэмжлэгч Д.Н******* нь Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагад “Боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй, эрх зүйн болон бусад мэргэжилтэй” байхыг тусгасан байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн “Төрийн тусгай хамгаалалтын газрын дотоод журмын дагуу явагдсан хяналт шалгалтаар илэрсэн зөрчил болох Д.Н*******ын дээд боловсролын баримт бичгийн талаар холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны хариунд түүний боловсролын диплом хуурамч байх магадлалтай албан бичиг ирсэн талаар хэлснээс хойш /2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс/ ажилдаа ирэхгүй удаан хугацаагаар ажил тасалсан бөгөөд энэ хугацаанд өвчтэй байгаагаа баталгаажуулах баримт ирүүлээгүй” гэх тайлбар нь Төрийн тусгай хамгаалалтын газрын хөдөлгөөний бүртгэлийн дэвтэр болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн магадлагаа, өвчний түүх болон эмчлүүлэгчийг эмнэлэгт хүлээн авсан баримт зэргээр нотлогдож байна. 

Харин Д.Н*******ын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын даргад хүргүүлсэн “...Би 1996-2000 оны хооронд МУИС-ын Эдийн засгийн ангийг оройгоор төгссөн боловч бичиг баримт олдохгүй байгаа МУИС-ийг шалгуулах хүсэлтэй байгаа тул түр хугацаагаар чөлөөлж өгнө үү. Миний бие ухамсарт амьдралдаа хууль бус үйл ажиллагаа хийж байгаа болно” гэсэн хүсэлтийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “төрийн жинхэнэ албан хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албанаас чөлөөлнө”, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Тагнуулын төв байгууллагын даргатай зөвшилцөн боловсон хүчнийг томилох, чөлөөлөх” гэж зааснаар Тусгай төрийн тусгай хамгаалалтын газарт шилжүүлсэн байна. 

Ийнхүү Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дугаар тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д тус тус заасныг үндэслэн Д.Н*******ыг хүсэлт гаргасан хэмээн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн бөгөөд энэ талаар Д.Н*******т мэдэгдсэн бөгөөд хувийн эд зүйлээ өөрийн бие төлөөлөгчөөр өрөөнөөсөө авахуулсан, ажил хүлээлцэх актад 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэн зурсан, өмгөөлөгч Б.Ганпүрэв нь ажлаас чөлөөлсөн тушаалтай Төрийн тусгай хамгаалалтын газарт очиж танилцсан зэрэг нь хууль зүйн дагуу явагджээ. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6/3676, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6/3897 дугаар албан бичиг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг, Монгол Улсын Их сургуулийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2а/2103 дугаар албан бичгүүд болон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Н*******ын гэх Монгол Улсын Их сургуулийн бакалаврын D2000/7052 дугаар бүхий диплом нь хуурамч болох нь нэгэнт нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “Д.Н*******ын нэхэмжлэлийг ханган түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг зөрчигдөх бөгөөд ингэсэн тохиолдолд шүүгч захиргааны байгууллагыг хууль бус үйл ажиллагаа явуулахыг даалгахад хүрэх юм” гэх тайлбар үндэслэл бүхий байна. 

Иймд Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхад нь дээд боловсролын диплом хуурамч гэсэн үндэслэлээр Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалаар ажлаас халсан нь хууль бус гэж үзэж маргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Монгол Улсын Их сургуулийн бакалаврын D2000/7052 дугаар бүхий диплом нь хуурамч болох нь эрх бүхий байгууллагын тодорхойлолт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй. 

 

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.2,  Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 45 дугаар зүйлийн 45.2.1, 45.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******ын Монгол Улсын Их Сургуульд холбогдох  “Д.Н*******ыг 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******ын “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосугай.  

3. Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасныг баримтлан Д.Н*******ын гэх Монгол Улсын Их сургуулийн бакалаврын D2000/7052 дугаар бүхий дипломыг эх хувиар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсүгэй. 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА