Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 421

 

                                                             М.Идэржавхлан, Ц.Оюундэлгэр нарт

                                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

улсын яллагч М.Гэрэлбадрах,

хохирогч Д.Ганцэцэг, Б.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч М.Идэржавхлан,

шүүгдэгч Ц.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 374 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, улсын яллагч Ж.Бүрэнжаргалын бичсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар эсэргүүцлээр М.Идэржавхлан, Ц.Оюундэлгэр нарт холбогдох эрүүгийн 201401070049 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хонгор овогт Манлайбаатарын Идэржавхлан, 1986 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Медиа” группт технологи хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Нэхмэлийн 19 дүгээр байрны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЛД86011911/,

2. Сандагжав овогт Цэвэлмаагийн Оюундэлгэр, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Монголын алт МАК” ХХК-ийн захиргааны удирдлагын хэлтэст ажилладаг, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хорооллын 27 дугаар байрны 174 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:СМ81122927/,

Ц.Оюундэлгэр нь 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдөр, Багануур дүүргээс 60 км-ийн зайд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог асфальтан замд, 52-58 УНҮ улсын дугаартай, “Т.Марк-Икс” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг замаар зорчиж явсан 72-10 УНЭ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж,  52-58 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Соёлмаа, Д.Энхцэцэг, А.Алтангэрэл нарын амь насыг хохироож, зорчигч Б.Номин-Эрдэнэ, 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч М.Идэр-Оюун нарын биед хүнд гэмтэл, зорчигч У.Гантуяагийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан,

М.Идэржавхлан нь 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдөр, Багануур дүүргээс 60 км-ийн зайд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог асфальтан замд, 72-10 УНЭ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт “7.1-д заасан тэмдэглэлийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг замаар зорчиж явсан 52-58 УНҮ улсын дугаартай “Т.Марк-Икс” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Соёлмаа, Д.Энхцэцэг, А.Алтангэрэл нарын амь насыг хохироож, зорчигч Б.Номин-Эрдэнэ, 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч М.Идэр-Оюун нарын биед хүнд гэмтэл, зорчигч У.Гантуяагийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт тус бүрдээ холбогджээ.

Дүүргийн 3 дугаар Прокурорын газраас: М.Идэржавхлан, Ц.Оюундэлгэр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...осол болсон “А” цэгийг авахдаа 2 өөр газар 2 удаа авсан гэж талууд мэтгэлцдэг бөгөөд хэргийн газарт үзлэг хийх үед Ц.Оюундэлгэр байгаагүй, М.Идэржавхлан өөрөө “А” цэгийг зааж өгсөн гэж ярьдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчид “А” цэгийг өөрсдөө зөвлөлдөж тавьсан гэж мэдүүлснээс үзэхэд үл хөдлөх цэг зөв тавигдсан эсэх нь эргэлзээтэй байна. Техникийн шинжээчдийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 114 тоот дүгнэлтэд шүүхээс тавигдсан 2 дахь асуултад хариулахдаа ...тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн гэх “А” цэгийг хэрхэн тодорхойлсон, буруу эсвэл зөв авагдсан эсэхийг хэргийн материал болон бусад нотлох баримтын тусламжтайгаар тогтоох боломжгүй ... гэсэн, мөн “...урьд гаргасан 1056, 14/7-1 тоот дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй вэ” гэсэн 4 дэх асуултад “...үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх нь учир дутагдалтай” гэж дүгнээд Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг зааж ирүүлсэн нь тус тус буруу бөгөөд дээрх дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн гол нотлох баримт болох үл хөдлөх цэгийг нарийвчлан тогтоогоогүй ба энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зайлшгүй шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэн, шүүхээс томилогдсон шинжээч нар товлосон хугацаанд дүгнэлт гаргахгүй байх, хугацаа алдах, араасаа байнга шаардуулах зэрэг хүндрэл гарч байсан тул прокурорын өдөр тутмын хяналтан дор шинжилгээг дахин явуулах нь зүйтэйг дурдаж, 201401070049 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Багануур дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч М.Идэржавхлан, Ц.Оюундэлгэр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Ж.Бүрэнжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ, мөн улсын яллагч М.Гэрэлбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн 374 дугаартай тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн гадна хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Тухайлбал:

1. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10/07 дугаартай 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргахад шинжээчээр орсон Д.Цэнгүүнжав нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 114 дугаартай 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргахад дахин орсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Хуулийн дээрх заалтыг зөрчиж гаргасан хууль бус шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх тогтоолынхоо гол үндэслэл болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангахгүй байна.

З. Уг хэрэгт нийт 6 удаа шинжээчийн дүгнэлт гарсан нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт  зааснаар буюу шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ зааж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Мөн дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааны ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор...” явуулж, шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэхэд гол нотлох баримт болох:

 1. Хэргийн газарт үзлэг хийсэн, ...осол болсон газарт хэмжилтийг хийхэд замын нийт өргөн 8.9 метр, “А” /тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн цэг/ цэгээс “Б” /цус мэт улаан өнгийн хүрэн толбо тогтсон хэсэг/ цэг хүртэл 17.7 метр, “Б” цэгээс замын урд хэсгийн ирмэг хүртэл 5.5 метр, 52-58 УНҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй замын хойд талын ирмэг хүртэл 6.5 метр, баруун урд талын дугуйнаас 5.1 метр, баруун урд хэсгийн дугуйнаас “А” цэг хүртэл 7.1 метр байв. “А” цэгээс 72-10 УНЭ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн хойд гуфер хүртэл 3.2 метр, 72-10 УНЭ улсын дугаартай, тээврийн хэрэгслээс 52-58 УНҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл хүртэл 6.60 метр, “А” цэгээс замын урд хэсгийн ирмэг хүртэл 4.5 метр, 72-10 улсын дугаартай, тээврийн хэрэгслийн зүүн талын хойд дугуйнаас замын урд хэсгийн ирмэг хүртэл 6.9 метр, зүүн урд дугуйнаас замын урд ирмэг хүртэл 6.6 метр зайтай байв. Үзлэгээр осол болсон гэх газрын ойр орчимд маш их эвдрэл гэмтэл, бутарсан хэсгүүд байх ба ойр орчимд нь тээврийн хэрэгслийн ямар нэгэн тоормосны мөр гараагүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-11/,

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн, ...хэргийн газарт өмнө нь хэмжилт хийсэн Замын цагдаагийн байцаагчаар осол болсон анхны цэг “А” болон “Б” цэгийн хооронд 17 метр 70 см, замын өргөн 8 метр 80 см байв. Анхны хэргийн газрын үзлэгээр тодорхойлогдсон “А” цэгээс яллагдагч Ц.Оюундэлгэр хэргийн газрын үзлэгийн үед байгаагүй тул осол болсон “А” цэгийг заана уу гэхэд хэргийн газрын үзлэгээр авагдсан “А” цэгээс ертөнцийн зүгээр баруун тийш 20 см зайд осол анх энд болсон гэж заав. Ц.Оюундэлгэрийн заасан осол болсон цэгийг жижиг “А” үсгээр тэмдэглэв. Уг жижиг “A” цэгийг хэмжихэд хар замын Багануур дүүргээс Хэнтий аймгийн чигт явдаг хэсэгт байрласан байх ба замын голын цагаан зурааснаас 40 см зайд, замын хажуугийн ирмэгээс 4 метр 20 см зайд байрласан байв. Нөхөн үзлэгийг цааш үргэлжлүүлэн сэжигтэн М.Идэржавхлангаар осол болсон гэх “А” цэгийг заана уу гэхэд замын зорчих хэсгийн Хэнтий аймгаас Багануур дүүргийн чигт явах хэсэг замын төмөр хашлагаас 250 см зай, эхний хэргийн газрын үзлэгээр авагдсан “А” цэгээс ертөнцийн зүгээр хойш 4 метр 50 см зайд байрлах цэгийг “Б” гэж тэмдэглэв. “Б” цэгээс замын голын цагаан зураас хүртэл хэмжихэд 1 метр 15 см байв. “Б” цэг байрлах хэсгийн замын өргөн 8 метр 70 см, “А” болон жижиг “А” цэг байрлах замын өргөн 8 метр 80 см байв. Дээрх “А” болон жижиг “А”, “Б” цэгүүд нь замын огцом эргэлттэй хэсэгт байрласан байв. Дээрх хэрэг осол болсон гэх замын ертөнцийн зүгээр зүүн тал Хэнтий аймгаас Багануур дүүрэг хүрэх чигийн дагуу төмөр хашлага байх ба эхний хэргийн газрын үзлэгт уг хашлагыг 72-10 УНЭ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын буфер крыло нь мөргөсөн байдалтай гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлэгдсэн байх ба уг үзлэгийг нөхөн үзлэгээр дахин олж “В” үсгээр тэмдэглэн “Б” болон “А”, жижиг “А” цэгүүдийн хооронд хэмжихэд “Б” цэгээс “В” цэг хүртэл 5 метр 90 см, “В” цэгээс “А” цэг хүртэл 4 метр 10 см, жижиг “А” цэг хүртэл 4 метр 40 см байв. “А” болон жижиг “А”, “Б”, “В” цэгүүдийг гэрэл зургаар тодорхой бэхжүүлэн хэргийн газрын нөхөн үзлэгт бүдүүвч зургийг хавсаргав. Замын нөхцөл байдал нь Багануур дүүргээс Хэнтий аймаг руу чиглэх чиг нь аажимдаа өгсөх, Хэнтий аймгаас Багануур дүүрэг явах чиг нь аажимдаа уруудсан байдалтай байв. Үзлэгийн явцад шинжээч “Никон” загварын гэрэл зургийн аппаратаар 12 кадр зураг авч бэхжүүлэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-14-18/,

3. Техникийн шинжзэчийн бүрэлдэхүүнтэй гаргасан, ...хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, бүдүүвч болон фото зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн эвдрэлүүд, мөргөлтийн дараах байрлал, гэрч холбогдогч нарын мэдүүлгүүд зэргийг үндэслэхэд “Т.Марк-Икс” загварын, 52-58 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Ц.Оюундэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.3.б/ заалт “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. “Т.Приус-11” загварын, 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Идэржавхлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.25 дахь заалт “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16. а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, мөн дүрмийн 2.3.б/ заалт “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. Шинжээчид 2 тээврийн хэрэгслийн жолоочийн дээрх дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс уг зам тээврийн осол хэрэг гарсан газар гэж үзэж байна гэх 1056 тоот дүгнэлт /1хх-198/,

4. Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан, ...тээврийн хэрэгслийн мөргөлдсөн байдал болон хавтаст хэрэгт авагдсан бусад материалаас харахад 52-58 УНҮ улсын дугаартай, “Т.Марк-Икс” загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Оюундэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд ... эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. 72-10 УНЭ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгслийн жолооч М.Идэржавхлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт “7.1 ... тэмдэглэлийг давахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна. 52-58 УНҮ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгслийн жолооч М.Идэржавхлан нар Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.

Шинжээчийн багийн 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр осол хэрэг гарсан газарт явуулсан үзлэг, замын хажуу хашлагад гарсан ором, хавтаст хэрэгт авагдсан осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн зураг зэргээс харахад 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөлдөхөөс өмнө өөрийн урсгалд зогсож байгаагүй, харин явж байгаад ташуу чиглэлээр зөрж мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэл хөндлөн чигт шарваж эргэхдээ баруун хойд хажуу хэсгээрээ замын хашлагыг гуядаж цохисон байдлаар зогссон байна. Тээврийн хэрэгслүүдэд үүссэн гэмтэл, хоёр автомашины ослын дараа зогссон байдал зэргээс харахад Ц.Оюундэлгэр нь эсрэг урсгалд явж байгаад жолооны хүрдийг баруун гар тийш дарсан байх үндэслэлтэй байна. Мөн Ц.Оюундэлгэрийн заасан жижиг “А”-гаар тэмдэглэсэн цэгт хоёр автомашин мөргөлдсөн байх үндэслэлгүй байна. 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн анхны хэргийн газрын үзлэгээр авагдсан “А” цэгт тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн тохиолдолд 72-10 УНЭ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгсэл баруун урд тал руу шилжиж “В” цэгт очих боломжтой. 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талд үүссэн гэмтэл нь уг тээврийн хэрэгслүүд анх мөргөлдөх үед үүссэн байна. Ослын үед 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөлдөх хүчний үйлчлэлээр баруун тийш огцом шилжиж замын хашлагыг гуядаж цохисон байна. Энэ нь 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу хэсэгт үүссэн гэмтэл болон буфер хойд хэсгээр хөндлөн чиглэлийн дагуу цуурч, хагарсан байдал зэргээр нотлогдоно. Ц.Оюундэлгэрийн заасан жижиг “А” цэг болон М.Идэржавхлангийн заасан “Б” цэгүүдэд анх мөргөлдсөн байх боломжгүй байна. Сэжигтэн М.Идэржавхлангийн заасан “Б” цэг дээр тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн тохиолдолд 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун хойд өнцөг хэсгээрээ замын хашлагыг мөргөж, түүн дээр гулсах ба мөн тээврийн хэрэгслийн гэмтэл нь өөр байдлаар үүснэ.

Зам тээврийн осолд орсон хоёр тээврийн хэрэгслийн эвдрэл болон осолд орсны дараа байрласан байрлал, явж байсан чиглэл, шинжээчийн багийн хийсэн үзлэг, хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харахад хэргийн газрын анхны үзлэгээр тодорхойлсон “А” цэг нь тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн цэгийг тодорхойлж байх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан материал болон тээврийн хэрэгслийн эвдрэл, осолд орсны дараа байрласан байрлал зэргээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох боломжгүй. Тээврийн хэрэгслийн мөргөлдсөн болон замын хашлага цохисон байдал, осолд орсны дараах байрлал зэргээс харахад 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байгаагүй бага хэмжээний хурдтай явж байсан байх үндэслэлтэй гэх 14/7-1 тоот дүгнэлт /1хх-209-210/,

5. Шинжээч И.Базаррагчаагийн, ...тээврийн хэрэгслүүдийн гэмтсэн байдал, шинжээч нарын хэргийн газарт биеэр очиж хийсэн хэмжилт зэргээс харахад Ц.Оюундэлгэр нь эсрэг урсгалд ороод буцаж өөрийн урсгалд орж яваад мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. М.Идэржавхлан нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1 заалтыг зөрчин тэнхлэгийн үргэлжилсэн шугамыг давсан. Харин эсрэг урсгалд тээврийн хэрэгслээрээ бүрэн орж эсрэг урсгалыг сөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалуудад авагдаагүй. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-г зөрчсөн биш 7.1-г зөрчсөн гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэмтсэн байдал, осол гарсан газар анхны хэргийн газрын үзлэгийн бүдүүвч, акт, осол хэргийн гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт шинжээч нар биеэр очиж хийсэн хэмжилт зэргээр холбогдогч Ц.Оюундэлгэр урсгал сөрсөн гэдгийг нотлож байна. М.Идэржавхлангийн жолоодож явсан “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгсэл нь баруун хойд талын хажуу хэсгээрээ гуядаж мөргөсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаар нотлогддог. Энэ осол хэргийн тээврийн хэрэгслийн мөргөлдсөн байдал, эвдрэлээс харахад осол гарсан цэг “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгслийн хойд хэсэгт байж болно. Техникийн шинжээч нарын хэргийн газарт хийсэн хэмжилт, тооцоо зэргээс харахад “A” цэгийг зөв тодорхойлсон байх үндэслэлтэй байна гэх мэдүүлэг /2хх-127-131/,

6. Шинжээч Ж.Мягмаржавын, ...Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 болон 2.3.б заалтуудыг жолооч Ц.Оюундэлгэр зөрчсөн байгаа нь үнэн боловч уг осол үүсэх шалтгаан болоогүй. Тийм учраас дүгнэлтэд тусгаагүй. Харин 10.6.е заалт буюу тухайн үед Ц.Оюундэлгэр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт нэг гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байдаггүй. Техникийн шинжээчийн дүгнэлт нь бодит тооцоонд үндэслэж гардаг бөгөөд жолооч Ц.Оюундэлгэрийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэж тогтоох боломж байхгүй байсан. Зам тээврийн ослын газарт хийсэн анхны үзлэгийн материал болон шинжээч бид нар хэргийн газар өөрсдийн биеэр очиж замын зорчих хэсэг дээр автомашины байрлалыг зурж тогтоосноос үзэхэд Ц.Оюундэлгэрийн жолоодож явсан 52-58 УНҮ улсын дугаартай, “Т.Марк-Икс” загварын автомашин нь эсрэг урсгалдаа орж яваад буцаж өөрийн урсгал руу бүрэн орж амжаагүй үедээ тээврийн хэрэгслийн зүүн талаараа “Т.Приус-11” загварын, 72-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан. Ийм учраас Ц.Оюундэлгэрийг Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон шинжээч нарын баг өөрсдийн биеэр очиж осол болсон газарт замын зорчих хэсэгт 2 тээврийн хэрэгслийн байрлалуудыг зурж үзэхэд уг зам тээврийн осол анх болсон цэг нь анхны хэргийн газрын үзлэгээр авагдсан “А” цэг болох нь үндэслэлтэй байсан. Иймд жолооч М.Идэржавхланг Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт буюу “7.1 тэмдэглэлийг давахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзсэн. Учир нь 72-10 УНЭ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгал руу бүрэн ороогүй, харин тэнхлэгийн үргэлжилсэн цагаан шугамнаас 20 см орчим хэмжээгээр давж орсон байдаг. М.Идэржавхлангийн жолоодож явсан уг тээврийн хэрэгсэл нь мөргөлдсөний дараа шарвахдаа хойд буферийнхээ баруун доод хэсгээр замын хажуугийн хаалтыг гуядаж цохисны улмаас хойд хэсгээрээ хөндлөн чиглэхдээ эгц цуурсан ул мөр /1хх 9-10, 2хх-24/ гэрэл зурагт тодорхой үлдсэн байна. Үүнээс харахад М.Идэржавхлангийн ярьснаар “Б” цэгт мөргөөд ухарч хажуугийн хаалтыг цохисон гэх боломжгүй. Мөн “Б” цэгт мөргөлдсөн гэж үзвэл замын хаалтнаас 2.5 м зайд амжиж хаалтыг гуядаж цохих боломжгүй. Ц.Оюундэлгэрийн заасан “А” цэгт мөргөлдсөн бол 72-10 УНЭ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгсэл нь “В” цэгт хашлагыг гуядах боломжгүй. Мөн түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын зорчих хэсэгтээ багтаж шарван эргэх боломжгүй. Шинжээч бид нар хэргийн газарт очиж анхны үзлэгээр тогтоосон болон холбогдогч тус бүрийн зааж өгсөн цэгүүдэд тээврийн хэрэгслийн байрлалыг зурж тэдгээрийн мөргөлдсөний дараа шарваж шилжих боломжтой замуудыг тогтоож үзсэн. Үүгээр “А” цэг илүү тохирч байсан. Техникийн шинжээчийн дүгнэлт нь бодит тооцоо зураглалд үндэслэдэг. Гэрчийн мэдүүлгийг зөвхөн боломжтой нэг тохиолдол болгон тооцон зураглалаар шалгаж үздэг. Ганцогтын мэдүүлэгт байгаа жолооч М.Идэржавхлангийн явж байгаа урсгалд орох үедээ мөргөлдсөн гэдэг нь бидний тогтоосонтой тохирохгүй байгаа. Өөрөөр хэлбэл Ц.Оюундэлгэрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалаасаа буцаж өөрийн урсгал руу орох үедээ мөргөлдсөн. Бид дээрх дүгнэлтийг санал нэгтэй гаргасан. Бид дүгнэлт гаргахдаа санал зөрөлдсөн тохиолдолд санал нийлэхгүй байгаа тухайгаа бичиж өөрийн саналыг дүгнэлтэд тусгадаг гэх мэдүүлэг /2хх-133-139/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 374 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагч Ж.Бүрэнжаргалын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Д.Ганцэцэг, Б.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шинжээч Д.Цэнгүүнжав нь энэ хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаа нь ажиглагддаг. Уг 2 тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн гэх “А” цэгийг зөв тодорхойлох нь осол гарсан шалтгаан нөхцлийг тогтооход нэн ач холбогдолтой. Иймээс техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч М.Идэржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Оюундэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Оюундэлгэрийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...техникийн шинжээчийн дүгнэлтүүд тодорхой бус, эргэлзээ бүхий гарсан. Иймээс техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Хэргийн материалыг судлахад, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог асфальтан замд, 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Ц.Оюундэлгэр нь 52-58 УНҮ улсын дугаартай, “Т.Марк-Икс” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн М.Идэржавхлан нь мөн замд 72-10 УНЭ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа харилцан мөргөлдсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Соёлмаа, Д.Энхцэцэг, А.Алтангэрэл нарын амь насыг хохироож, Б.Номин-Эрдэнэ, М.Идэр-Оюун нарын биед хүнд гэмтэл, У.Гантуяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргажээ.

 Прокурор энэ осолд Ц.Оюундэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг, М.Идэржавхлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт “7.1-д заасан тэмдэглэлийг давахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх энэ осолд жолооч нарын хэн нь ямар буруутай болох, мөн энэ талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гаргуулсан техникийн шинжээчийн дүгнэлтүүд хэр үндэслэлтэй болохыг тус тус тогтоолгох зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Энэ шинжээчийн дүгнэлт нь зөвхөн жолооч Ц.Оюундэлгэр осол гаргахад хурд хэтрүүлсэн байх боломжтой, харин хавтаст хэргийн материалыг үндэслэн осол гарсан “А” цэгийг тогтоох боломжгүй гэжээ.

Иймээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, зам тээврийн осол гарсан “А” цэгийг эргэлзээгүйгээр тогтоох, эцэст нь цугларсан баримтуудыг үндэслэн техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хэргийг шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн агуулга бүхий анхан шатны шүүхийн тогтоолын заалт үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Ж.Бүрэнжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолын дагуу нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 374 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн тогтоол болон магадлалд заасан үндэслэлээр М.Идэржавхлан, Ц.Оюундэлгэр нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Багануур дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Улсын яллагч Ж.Бүрэнжаргалын бичсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ