Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 192

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн даргаар Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Энхбат,

Өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонбаатарын Төгөлдөрт холбогдох 1708003040280 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, ах, дүү нарын хамт

     - урьд Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсгийг журамлан 2 жил 3 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

 

Холбогдсон хэргийн талаар:  

Өсвөр насны шүүгдэгч О.Т нь Б.Алтангарамтай 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 2-70 тоотод оршин суух иргэн Ч.Отгонбаярын байнга амьдрах Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн шарф маркийн Лед дэлгэцтэй зурагт, ногоон болон шилэн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, сувдан цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, сэтэрчихсэн содон тэмдэгтэй, 2.4 гр оросын монетон бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 439.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:          

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл /хх-5/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-14/,

- хохирогч Ч.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Дунд нарангийн 2-70 тоотод байх гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын урагшаа түлхээд засвар гаргасан байсан. Би онгойлгож ороход гэрийн хамаг шүүгээ, чемодан, авдар зэргийг бүгдийг онгойлгоод хувцас гээд бүгдийг нь сандаачсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би гэртээ ганцаараа амьдардаг. Гэрт нүдний шил, жижиг цэнхэр өнгийн даавуу 2 манайд байсан. Тэдгээрийг цагдаа нар аваад явсан. Манайхаас хар өнгийн гадартай, хавтгай суурьтай 32 инчийн шарф маркийн Лед дэлгэцтэй зурагт алдагдсан. 2015 онд Номингоос авсан. 450.000 төгрөгөөр үнэлж байна. Ногоон шилэн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 50.000 төгрөг, сувдан цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 50.000 төгрөг, сэтэрчихсэн содон тэмдэгтэй 2.4 гр монетон бөгж 120.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-81-85/

- эд зүйлийн үнэлгээ-439.200 төгрөг /хх-137-138/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3784 дугаартай:...шинжилгээнд ирүүлсэн СХДКШТ-ийн шинжээч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхбаярын илрүүлж бэхжүүлсэн “2, 7” дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ, “1,3,4,5,6,8” дугаартай 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн “7” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000510015555, MN000120003902, MN000510016204 дугааруудаар бүртгэгдсэн Отгонбаатарын Төгөлдөрийн баруун гарын эрхий  хурууны дардастай тохирч байна. “2” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй...гэх дүгнэлт /хх-28/

- өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Отгонбаатарын Төгөлдөрийн төрсөн эх нь байгаа юм...Хүү маань ойролцоогоор 1 жил 3 сарын өмнөөс эхлэн гэрээсээ дайжсан. Дайжсан шалтгаан нь гэвэл манай нөхөр болох Отгонбаатар нь элэгний өвчнөөр нас барсан юм. Түүнээс хойш О.Т маань гадуур их оройтдог болж, PC тоглоомонд донтсон байсан. Би арай гэж PC толгохыг нь болиултал надаас далдуур гэрээсээ гарч явдаг, оройтдог болсон байсан...Манай хүү их өглөгч, зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Арван жилдээ дуулдаг, бүжиглэдэг их авъяастай хүүхэд байсан. Хичээл номын хувьд мөн адил их дажгүй, сэргэлэн цовоо хүүхэд..Миний хүү нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи ч татдаггүй...Хүү маань надад ямар нэгэн эд зүйл болон мөнгө төгрөг өгсөн удаа байхгүй. Харин энэ оны 9 дүгээр сарын дундуур О.Ттэй тааралдахад шинээр ногоон өнгийн Бомбер куртик болон шинэ хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн байсан...Би хамгийн сүүлд 10 дугаар сарын 20-ны үеэр бага хүүгийнхээ шүдийг Эх нялхасын эмнэлэгт үзүүлэх шалтгаанаар өөрийн том хүү болох н.Дэмчигнорвотой холбогдон О.Тийн хамтаар бид 4 уулзсан болно. Энэ өдрөөс 2 хоногийн дараа өмнө би 2 хүүдээ хоорондоо төстэй дугаарууд болох 85111451, 85111461 нарыг худалдан өгч явуулсан. Харин түүнээс хойш би огт уулзалдаагүй болно...Би хүүгээ Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдэж байсан, мөн баривчлагдсан талаар би ч мэдсэн...гэх мэдүүлэг /86-88/

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-105-112/,

- нас тоолсон баримт /хх-141/

- ял шалгах хуудас /хх-145/

- өсвөр насны шүүгдэгч О.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08-09 цагийн орчимд өөрийн найз Алтангарамтай Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн ойролцоо уулзалдсан. Бид 2 өдөржин хамт PC тоглоом тоглож байгаад мөнгө дуусангуут нь оройны 22-23 цагийн орчимд тухайн PC-ны газраас гарсан. Бидэнд мөнгө үлдээгүй байсан ба мөнгө олох зорилгоор би өөрийн хуучин амьдарч байсан хашааны шинэ айлд очихоор болсон. Бид 2 яваад очиход тус хашаанд 3 ширхэг монгол гэр байсан...нэгэнд нь айл амьдардаггүй юм шиг байсан. Бид 2 харж байгаад хамгийн баруун талын гэрлүү нь орох гэж үзсэн. Тус гэр нь гаднаа цагаан өнгийн модон таамбартай, таамбарын хаалгыг өргөж байгаад өөрлүүгээ татаж хүн багтах зайтай болгосон. Бид 2 таамбарт нь ороход монгол гэрийн хаалга нь цоожтой байсан учраас бид 2 цоожийг эвдэх юм хайсан боловч олоогүй. Тиймээс бид 2 нийлж байгаад тус хаалгыг татаж байгаад цүүг нь мулт татан нээсэн ба тухайн үед миний зүүж явсан нүдний шил таамбарт унаж үлдсэн байсан. Бид 2 гэрт нь ороход Гармаа үүдэнд зогсон хүлээж байсан. Харин би гэрийн хойморт байсан 32 инчийн Шарп маркийн ЛСД зурагтыг авсан. Мөн би шилэн сирваантыг нээн юм авч халаасандаа хийсэн. Гэрэлгүй байсан болохоор би яг юу авч халаасандаа хийснээ сайн мэдээгүй. Зурагтыг нь аваад бид 2 шууд гарсан ба би тэр зурагтыг фэйсбүүкийн хаягаа ашиглан зар тавьсан. Тэгтэл надаас нэг хүн тус зурагтыг авна гэж чатаар бичсэн ба би тэр хүнд зарсан...Надад өөр дүүргүүдэд шалгагдаж байгаа хэрэг байхгүй...Намайг хэн нэгэн хулгай хий гэж хэлдэггүй, өөрийн сонирхлоор би хийсэн...Надад мөнгөний хэрэг гарсан учраас би хулгай хийсэн болно...гэх мэдүүлэг /хх-59-61, 100-104, 200-201/

- Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай прокурорын даалгавар, эрэн сурвалжлалт зарласан тэмдэглэл /хх-113-118/

- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-196-199/

- Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай Прокурорын тогтоол зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Т нь Б.Алтангарамтай 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 2-70 тоотод оршин суух иргэн Ч.Отгонбаярын байнга амьдрах гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн шарф маркийн Лед дэлгэцтэй зурагт, ногоон болон шилэн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, сувдан цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, сэтэрчихсэн содон тэмдэгтэй, 2.4 гр оросын монетон бөгж зэргийг хулгайлж 439.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь : ...

- хохирогч Ч.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай гэрээс хар өнгийн гадартай, хавтгай суурьтай 32 инчийн шарф маркийн Лед дэлгэцтэй зурагт 450.000 төгрөг, ногоон шилэн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 50.000 төгрөг, сувдан цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 50.000 төгрөг, сэтэрчихсэн содон тэмдэгтэй 2.4 гр монетон бөгж 120.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-81-85/

- эд зүйлийн үнэлгээ 439.200 төгрөг /хх-137-138/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3784 дугаартай:...шинжилгээнд ирүүлсэн СХДКШТ-ийн шинжээч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхбаярын илрүүлж бэхжүүлсэн “2, 7” дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд тэнцсэн “7” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000510015555, MN000120003902, MN000510016204 дугааруудаар бүртгэгдсэн Отгонбаатарын Төгөлдөрийн баруун гарын эрхий  хурууны дардастай тохирч байна...гэх дүгнэлт /хх-28/

- нас тоолсон баримт /хх-141-142/,

- өсвөр насны шүүгдэгч О.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08-09 цагийн орчимд өөрийн найз Алтангарамтай Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн ойролцоо уулзалдсан...мөнгө олох зорилгоор би өөрийн хуучин амьдарч байсан хашааны шинэ айлд очихоор болсон...тус гэр нь гаднаа цагаан өнгийн модон таамбартай, таамбарын хаалгыг өргөж байгаад өөрлүүгээ татаж хүн багтах зайтай болгосон. Бид 2 таамбарт нь нийлж байгаад тус хаалгыг татаж байгаад цүүг нь мулт татан нээсэн ба тухайн үед миний зүүж явсан нүдний шил таамбарт унаж үлдсэн байсан. Би гэрийн хойморт байсан 32 инчийн Шарп маркийн ЛСД зурагтыг авсан. Мөн би шилэн сирваантыг нээн “юм“ авч халаасандаа хийсэн. Зурагтыг нь аваад бид 2 шууд гарсан ба би тэр зурагтыг фэйсбүүкийн хаягаа ашиглан зар тавьж зарсан...гэх мэдүүлэг /хх-59-61, 100-104, 200-201/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Т хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Өсвөр насны шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Өсвөр насны шүүгдэгч О.Т, Б.Алтангарам нар тухайн гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн, гэвч Б.Алтангарам нь хаана байгаа нь тодорхойгүй, эрэн сурвалжлагдаж байх тул /х-113-116, 196, 219/ түүнд холбогдох хэргийг тусгаарлажээ

Хохирол төлбөрийн тухайд:  

Хохирогч Ч.Отгонбаярт учирсан нийт хохирол 439.200 төгрөг /хх-137-138/-ийн ½  болох 219.600 төгрөгийг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.    

2002 оны Эрүүгийн хуулийн дагуу хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд:      

Шүүгдэгч О.Тт шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсгийг журамлан 2 жил 3 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан байх боловч дараах үндэслэлээр тухайн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу сэргээн эдлүүлэх боломжгүй гэж үзэв. Үүнд :   

1. Насанд хүрээгүй (өсвөр насны) хүүхдэд хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахад 2002 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар “хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд” гэх бүх ангиллын гэмт хэргийг хамааруулж байсан, харин 2015 оны хуулиар зөвхөн “хөнгөн” ангиллын гэмт хэрэг байх шалгуур тавьсан.   

2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд тус тус гэмт хэргийн ангиллын утга агуулга, шалгуурыг тодорхой заасан ба эдгээр нь өөр хоорондоо утга агуулга, шалгуур нь эрс ялгаатай байна.  

Гэтэл шүүгдэгч О.Тийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр ангиллынх байх тул тухайн 2 өөр Эрүүгийн хууль дахь тус бүр “эсрэг тэсрэг өөр ангилал”-ын гэмт хэргүүдийг адилтгах буюу Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй.    

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тухайн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа нь нэгэн зэрэг ялтай байдлыг тооцох хугацаа болж байсан ба тийнхүү хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу О.Тийн тухайн гэмт хэргийнх нь ялтай байдлын хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.2-т зааснаар тоологдож байсан, О.Т 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэл хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д зааснаар  түүний ялтай байдал тасраагүй байсан гэж үзэх үндэслэлтэй.      

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны ялтай байдлын талаарх 78 дугаар зүйлийн зохицуулалтыг бүхэлд нь хассан, мөн 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх тухайн цаг хугацаанд шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй байх тул шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг “дууссан”-д тооцох буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг сэргээн эдлүүлэхгүй байх үндэслэл бүхий болно.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1-д “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө...гэж зааж байсан бол, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө...гэж зохицуулсан нь бас ялгаатай гэж ойлгогдохоор байна.

 “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа, мөн оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг үйлдэх гэдэг нь утга агуулгаараа өөр ойлголт болно.

Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа...гэмт хэрэгт үйлдсэн гэдэгт “хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хорих ял оногдуулсныг тэнсэж, хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад гэмт үйлдсэн байхыг ойлгоно, харин...”оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө....гэмт хэрэг үйлдсэн гэдэгт...оногдуулсан тухайн төрлийн ялыг биечлэн эдэлж байхдаа буюу биелүүлж дуусаагүй байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэнийг тус тус ойлгох үндэслэлтэй.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа...гэснийг хассан буюу зохицуулаагүй байх тул 2002 оны Эрүүгийн хууль дахь “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа” гэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө” гэдэгт багтааж ойлгох, адилтган төсөөтэй хэрэглэх буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй гэж үзнэ.      

4. Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хуулийг хэрэглэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн, мөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар  тухайн асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.     

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бусад асуудал         

Шүүх өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хорих ял оногдуулав.

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.   

            Өсвөр насны шүүгдэгч О.Тийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний /хх-129/ өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний /хх-236/ өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь,:    

 

            1. Өсвөр насны шүүгдэгч О.Тийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.       

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

түүний эдлэх хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тийн цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.    

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ч.Отгонбаярт учирсан хохирлын 219.600 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу  иргэний хариуцагч Б.Цэнгэлмаад үүрэг болгосугай.     

            7. Уг хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.   

            8. Өсвөр насны шүүгдэгч О.Тийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тооцсугай.    

            9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   өсвөр насны шүүгдэгч О.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР