| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 165/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ДШМ/11 |
| Огноо | 2023-09-07 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Нансалмаа |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/11
О.М холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, Ерөнхий шүүгч Н.Батчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Прокурор Т.Нансалмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Д.Баттулга,
Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.М холбогдох 2217001200054 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй, Амтат зоогийн газарт зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ц-У овогт О М /- /,
Яллагдагч О.М нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл “Г г” ХХК-ийн АХЦС-14 Чойр салбарт эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс “Г О” ХХК-д 47,677,003 төгрөгний түлш болон бэлэн орлогыг, “Г г” ХХК-ийн бараа материалаас 668147 төгрөгний эд хөрөнгийг завшиж, нийт 48,363,150 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: О.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц-У овогт О М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.М 36,063,150 /гучин зургаан сая жаран гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч буюу “Г г” ХХК-нд олгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О.М холбогдох 2217001200054 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасныг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. 59 дүгээр тогтоолын ТОГТООХ хэсгийн 2-т шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэжээ. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан Албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, учруулсан хор уршигаа арилгаагүй байдал, гэмт хэргийг санаатай үйлдсэн байдал зэргийг харгалзан ял оноолгүй эдгээрийг зөрчиж анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ялын бодлогод харшилсан ял оноож хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтойгоор зөрчиж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцлага хүлээлгэсэн байна. Тодруулбал О.М нь “Г г” ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Чойр салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан нийт 48,363,150 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Гэтэл О.М нь гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан цагаас хойш 14 сарын хугацаанд хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, өнөөдрийн байдлаар 36,063,150 төгрөгийн хохирол төлөөгүй, хохирол барагдуулах талаар санаачлага гаргаагүй, 2022 оны 08 дугаар сараас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхэлсэн ажилгүй, цалин, орлогогүй байгаа нь хохирол төлөгдөхгүй байдлаас харагдана. Хэдийгээр шийтгэх тогтоолд Амтат зоог цайны газарт зөөгч ажилтай гэх боловч тухайн газарт ажиллдаг цалин хөлс авдаг эсэх нь тодорхойгүй энэ талаар нотолсон баримт тухайн хэрэгт байдаггүй. Харин ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт хохирлыг төлөх боломжгүй, мөнгө байхгүй гэж мэдүүлдэг. Иймээс О.М нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй цалин орлоггүй байхад түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж торгуулийн ял оноосон нь холбогдох хуулийг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд “энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, ...гэмт халдлагаас хамгаалахад оршино” гэж зааснаар хохирогчид учирсан хохирол түүний эрхийг хамгаалах үүрэгтэй. Нөгөө талаар эрүүгийн хариуцлага гэдэг бол тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оноож цээрлэл үзүүлэх буюу дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зорилготой. Гэтэл анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэж ял оноосон байдал нь гэмт хэрэг үйлдсэн О.М урамшуулж дахин гэмт хэрэг үйлдэх сэдэлийг төрүүлсэн шийдвэр боллоо. Түүнчлэн эрүүгийн хариуцлага заавал биелэгдэх учиртай гэвч гэмт хэрэг үйлдсэн О.М ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй хүнд торгуулийн ял оноосон нь биелэгдэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын шаардлагыг дэмжиж байна. Анхан шатны шүүх гэм буруутай гэж шийдвэрлэсэн эсэхэд бол маргахгүй байгаа. Гагцхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцэхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн байдлаар гомдол гаргасан. Шүүгдэгч О.М нь “Г Г” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгчээр 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл ажиллахдаа нийт 48.363.150 төгрөгийн хөрөнгийг завшсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Энэ үйл баримт нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж тогтоогдсон гэж үзэж байгаа. Энэ эд хөрөнгийг жил гарангийн хугацаанд О.М хувьд хохирол барагдуулах санаачлага гаргаагүй. Эрүүгийн хуулинд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх буюу хохирол төлбөрийг барагдуулах талаар шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа. Гэтэл шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 сар өнгөрч байхад хохирол төлбөр төлөгдөөгүй, өнөөдрийн байдлаар 36.000.000 төгрөгийн хохирол төлбөртэй байна. Эрүүгийн хариуцлага гэдэг бол цээрлэл байдаг. Өөрөөр хэлбэл дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Харин анхан шатны шүүх эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэн ял оноож байгаа байдал нь шүүгдэгчид дахин гэмт хэрэг үйлдэх боломж бололцоог олгож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хохирол төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад 10.000.000 төгрөгийн торгох ял оноож, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь энэ эрүүгийн хариуцлага биелэгдэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Торгох ялыг эдийн засгийн баталгаатай хүнд хүлээлгэдэг ял. О.М хувьд эдийн засгийн ямар ч боломжгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “А з” гэдэг газар ажилладаг гэдэг ч энэ талаар хавтаст хэрэгт ямар ч холбогдох баримт байхгүй. Гэм буруугийн хэлбэр, хохирогчид учруулсан хор уршиг, гэмт хэргийн сэдэл зэргийг харгалзан тохирсон ял шийтгэл оноох ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээснээсээ хойш ч хохирол төлөх боломж бололцоог эрэлхийлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч О.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирол төлбөр төлөх санаачлага гаргаагүй гэж байна. Би гэрээ хийгээд сар бүр төлье гээд очиж уулзах гэсэн боловч зөвшөөрөөгүй. Би албан тушаалын байдлаа ашиглаад мөнгө дутаасан нь үнэн. Гэхдээ би энэ мөнгийг өөрөө авч үрээгүй. Хүнд итгээд цааш нь зээлчихсэн асуудал гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн гэж үзэж байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргаан бол байхгүй. Энэ гэмт хэрэг өөрөө торгох болон хорих ял оногдуулах ялтай гэмт хэрэг. Шүүгдэгч О.М хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж шүүх эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд санаачлага гаргаж байгаагүй гэж байна. Хохирогч байгууллага 5 хоногийн завсарлагын хугацаанд төл гэсэн шаардлага тавьсан. 36.000.000 төгрөгийг богино хугацаанд төлөх боломж байхгүй байсан. Цаашид О.М ажил хийж тодорхой хугацаанд төлье гэсэн байр сууриа илэрхийлсэн. Хохирогч байгууллагын зүгээс эрүүгийн хариуцлагыг буруу оногдуулсан гэж байгаа ч шүүгч өөрийн дотоод итгэлээр шийдсэн. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч О.М нь 26 настай залуу хүний хувьд хорих ял эдлэхээр хохирол төлбөрийг төлөх боломжгүй. Хуульч хүний хувьд ч заавал хорих ял өгөх нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт болон тайлбартаа: Хохирогч байгууллага анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч хорих ялын санал гаргасан байдаг. Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар шудрага ёсны зарчимд нийцүүлэн О.М үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаад шүүгч дотоод итгэлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэсэн байна. Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулинд зааснаар анхан шатны шүүх буруу тайлбарлаагүй. Тухайн зүйл заалтад заасан сонгох санкцитай эрүүгийн хариуцлагаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзээд сонгож хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгч өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэсэн гэж харж байгаа. Хуулийн хүрээнд л шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч О.М нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл “Г г” ХХК-ийн АХЦС-14 Чойр салбарт эрхэлгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс “Г О” ХХК-д 47,677,003 төгрөгний түлш болон бэлэн орлогыг, “Г г” ХХК-ийн бараа материалаас 668147 төгрөгний эд хөрөнгийг завшиж, нийт 48,363,150 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт үйлдсэн болох нь шүүгдэгч О.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, дүгнэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э “...Чойр салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан нийт 48 363 150 төгрөгийн хохирол учруулсан. Өнөөдрийн байдлаар 36 063 150 төгрөгийн хохирол төлөөгүй. О.М нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй цалин орлогогүй байхад түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж торгуулийн ял оноосон нь холбогдох хуулийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэж давж заалдсаныг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч О.М үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан түүнд 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэг нөхцөл байдалд тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь хорих болон торгох ял оногдуулахаар заасан сонгомол санкцтай байх тул шүүхээс торгох ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхжин болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА