Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 199

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

            улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоо, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн,

            хохирогч М.М, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

            иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэн,

            иргэний хариуцагч З.Ганбаатар,

гэрч М.Батбилэг, Д.Жамбалдорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Бардоржийн Бямбадоржид холбогдох 17030000100093 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1957 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын зам, Цэргийн хотхоны автобусны буудлын замд Хьюндай Портер маркийн 14-10 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэгтэй: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно", 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтуудыг зөрчсөнөөс Ө.Бүрэнгийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 64-50 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, явган зорчигч М.М, А.Цэцэгмаа нарыг мөргөж М.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, А.Цэцэгмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-17/

- Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №17/57518 дугаартай шинжээчийн:....Б.Бийн жолоодож явсан БНСУ-д үйлдвэрлэсэн Kia маркийн Bongo загварын, цагаан өнгөтэй 14-10 ТӨВ улсын дугаартай, KNCDC0362TS161734 арлын дугаартай автомашиныг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 15:29 цагаас 16:01 цаг хүртэл...шалгаж үзэхэд...урд салхины шил байхгүй, зүүн болон баруун холын гэрэл, дохионы гэрэл, зүүн болон баруун урд оврын гэрэл, зүүн хойд тоормосны болон оврын гэрэл, ухрах арааны гэрэл, ослын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй...хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, зогсоолын тоормос зогсохгүй байна. Урд гэрлийн тусгалын эрчим зүүн талдаа 0 канделъ, баруун талдаа 0 канделъ байлаа. Холын гэрэл баруун, зүүн тал асахгүй...Уг автомашины тоормосны систем нь бүрэн ажиллагаагүй, хоёрдугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсохгүй стандартын шаардлага хангаагүй..Тоормосны систем нь бүрэн бус ажиллагаатай, хоёрдугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь ашиглалтын явцад эвдэрсэн байх боломжтой...өргөх төхөөрөмж дээр шалгаж үзэхэд баруун талын босоо тэнцүүлэгч мурийсан, зүүн талын босоо тэнцүүлэгч байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Баруун урд талын дугуй стандартын шаардлага хангахгүй байна...1-р тэнхлэгт өөр хээтэй дугуй тавьсан,...нэг тэнхлэгт 2 өөр хээтэй дугуй тавьсан...уг гэмтлүүд осолд нөлөөлнө....автомашиныг жолоодох үед жолоодлого алдагдах байдлаар, зүүн болон баруун холын гэрэл, зүүн болон баруун урд оврын гэрэл асахгүй нь явган зорчигчид харагдахгүй, жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-124-130/

- Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №520 дугаартай:...Х.Портер маркийн 14-10 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” мөн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 9 дэх зүйлийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Х.Соната-6 маркийн 94-50 УБЧ улсын дугаартай автомашины жолооч М.Батбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 заалт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дахь зүйлийн 3.9 заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” мөн дүрмийн 4 дэх зүйлийн 4.1 заалт “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам /эсвэл хөвөө/ тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Цэцэгмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дахь зүйлийн 3.9 заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” мөн дүрмийн 4 дэх зүйлийн 4.1 заалт “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам /эсвэл хөвөө/ тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-143-144/

- хохирогч М.Мын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 30-ны оройны 20-21 цагийн үед би эхнэр А.Цэцэгмаагийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Цэргийн хотхоны зүүн талын зам буюу Толгойтын эцэс рүү өгсдөг замын ертөнцийн зүгээр баруун талаас нь зүүн тал руу зам хөндлөн гараад замын 1-р эгнээнд байсан саарал өнгийн Х.Соната-6 маркийн машинд суух гээд тэр машины зүүн хойд хаалгыг онгойлгож байтал гэнэт хажууд тас гэсэн хүчтэй дуу чимээ гараад би машинд мөргүүлж байгаагаа мэдсэн. Тэгээд газар унасан хойно Х.Портер маркийн машин намайг мөргөөд миний бие дээгүүр урд дугуйгаараа дайрч байх шиг байсан. Тэгээд л би ухаан алдаж унасан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ухаан ороод хартал би зам дээр хэвтэж байсан, миний хажууд надаас нилээн зайтай /20 орчим метр зайнд/ манай эхнэр бас зам дээр хэвтэж байгаа харагдсан. Тэгэнгүүт нь би босох гээд өндийсөн боловч босож чадахгүй бие өвдөж байсан. Удалгүй түргэний машин ирээд эхнэр бид 2-г гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод манай эхнэрийг шууд сэхээний тасаг руу авч орсон. Харин би хүлээн авахыг тасаг дээр үлдсэн...Би эхнэртэйгээ зам руу орохоосоо өмнө замын 2 тийш машин ойртон ирж байна уу харахад ойрхон ямар ч машин харагдахгүй болохоор нь зам руу орсон. Тэгээд замаа хөндлөн гарч дуусаад замын 1-р эгнээ рүү орох үед эхнэр бид 2-г машин ирж мөргөсөн...Х.Портер маркийн машин ойртон ирэхийг огт хараагүй. Тэр машин гэнэт л гарч ирээд намайг мөргөсөн...Тэр үед миний зам хөндлөн гарсан замын машины хөдөлгөөн бага цөөхөн ганц нэг машин явж байгаа харагдсан, зам дээр ямар ч гэрэлтүүлэг байхгүй байсан, гадаа бүрэнхий болж байсан, цаг агаар тогтуун сайхан байсан...Эхнэр бид 2-н зам хөндлөн гарч байсан, яг тэр газар явган хүний гарцны цагаан зураас байхгүй байсан...Миний баруун талын 5 хавирга хугарсан байгаа...Би энэ ослоос болж биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан осолд орсноос хойш өөрийнхөө эмчилгээг бүгдийг нь өөрөөсөө гаргасан тэр жолооч миний эмчилгээний зардалд нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Иймд өөрийнхөө эмчилгээний зардлыг намайг мөргөсөн жолоочоос гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-45-46/,

- гэрч А.Ариунбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 30-ны орой би нөхөр Г.Баяржаргал, 5 настай охин н.Номин-Эрдэнэ нарын хамтаар нөхрийнхөө найзуудтай голын эрэг гарчихаад бид нар гэр гэрлүүгээ харих гээд Х.Соната-6 маркийн автомашиныг М.Батбилэг нь жолоодон жолоочийн хажуугийн урд суудал дээр 5 настай охин н.Номин-Эрдэнийн хамт суугаад арын суудал дээр нөхөр Г.Баяржаргал, Баагий /М.Батболд/, М.М нар суугаад...Цэргийн хотхоны автобусны буудлын замаар явж байтал М.М эхнэрийгээ ажлаас нь авъя наанаа зогсчих гэсэн. Тэгээд манай машин замынхаа 1-р эгнээнд аваарын гэрлээ татаад зогссон. Харин М.М нь машинаас ганцаараа буугаад гарсан...би тухайн үед гар утсаараа яриад сууж байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн түс тас гээд явчихсан. Тэгсэн М.М нь Х.Портер маркийн автомашинд мөргүүлээд газар унаж байгаа харагдсан, харин талийгаач нь замынхаа 1-р эгнээнд газар хэвтэж байсан...Тухайн орой бороотой, гадаа харанхуй болчихсон, үзэгдэх орчин муу, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байсан...Манай машины зүүн талаар түс тас гээд хажуу талаар зөрж өнгөрөхдөө их хурдтай өнгөрч байсан. Тэгээд М.М, А.Цэцэгмаа 2-г мөргөчихөөд нилээн хол автобусны буудал руугаа ороод машин зогсчихсон...гэх мэдүүлэг /хх-61-62/,

- гэрч М.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 30-ны орой би найз М.Мын найзуудын хамт гол орчихоод тэндээ 1 шил 750 граммын...архийг М.М, Баагий /М.Батболд/ бид 3 хувааж уусан. Тэгээд орой хотруу орохдоо Х.Соната-6 маркийн автомашины М.Батбилэг нь жолоодон жолоочийн урд суудал дээр эхнэр А.Ариунбаяр нь охин н.Номин-Эрдэнийн хамт суугаад арын суудал дээр машины зүүн хойно би голд Баагийн /М.Батболд/ баруун захад М.М бид 3 суугаад би машинд суугаад шууд унтчихсан. Нэг сэрсэн чинь хүмүүс орилох чимээ гарсан. Тэгээд сэрээд хартал М.М, А.Цэцэгмаа 2 зам дээр хэвтэж байсан. Тэгээд би машинаас буугаад цаад талд нь хэвтэж байсан М.М дээр явж очиход юу ч ярьж чадахгүй ёолоод хэвтэж байсан, наана нь байсан А.Цэцэгмаа дээр очиход толгойноос нь нилээн цус гарсан байдалтай хагас ухаантай хэвтэж байсан. Тэгээд удалгүй түргэн тусламж хүрч ирээд А.Цэцэгмаа, М.М 2-г аваад явахад нь хамт Баагийн /М.Батболд/ суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-72-74/,

- гэрч М.Батбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би Х.Соната-6 маркийн 94-50 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон найз М.М болон түүний 3 найзууд, 1 хүүхдийн хамт бид нар Сонгинохайрхан дүүргийн нутаг Цэвэрлэх байгууламжаас хойшоогоо голын эрэг дээр гарчихаад орой 20-21 цагийн орчимд хотруу орж ирээд хамт явсан хүмүүсийг Цэргийн хотхоны буудал дээр буулгах гээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байтал найз М.М нь эхнэрээ би ажлаас нь авъя наанаа зогсчих гэхээр нь би машинаа замын 1-р эгнээнд зогсоосон. Тэгээд найз М.М нь жолоочийн эсрэг талын хойд хаалгаар буугаад явсан...ойролцоогоор 5 минутын дараа машины зүүн хойд хаалга онгойх шиг болсон. Гэтэл машины зүүн хойд хаалга тас нис гээд дуу гарсан тэгтэл хойд хаалга нь жолоочийн хаалган дээр ирээд наалдчихаар нь юу болов гээд гайхтал хойноос яанаа нөгөө 2-г чинь мөргөчихлөө гээд хэлэх шиг болсон. Тэгээд би тухайн үед нилээн сандарсан ямар ч байсан машинаасаа буугаад хамгийн түрүүнд найз М.М дээр явж очиход найз маань Х.Портер маркийн автомашины хойд зам дээр газар уначихсан харин түүний эхнэр А.Цэцэгмаа нь мөн адил 1-р эгнээнд уначихсан газар хэвтэж байсан. Тэгээд бид 102, 103 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд түргэн тусламж ирээд гэмтсэн А.Цэцэгмаа, М.М нарыг аваад явсны дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд явсан...Замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар гадаа бороо орчихсон, шиврээ бороотой, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин харанхуй байсан...Миний унаж явсан Х.Соната-6 маркийн автомашиныг би Өлзийбатын Бүрэн гэдэг хүнээс 2016 оны 10 дугаар сард анх Түрээсийн гэрээ байгуулж худалдан авсан байгаа...Машины зүүн хойд хаалга, жолоочийн хаалга...сэвтэж нугаларсан, машины зүүн талын 2 хаалганы голын багана гажсан. Зүүн талын толь хагарсан. Өөр гэмтэл бол байхгүй...гэх мэдүүлэг /хх-76-77/,

            - гэрч Д.Жамбалдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би найз Б.Бийг Төв аймгийн Жаргалантын 3 дугаар багаас манай хүргэн хүү З.Ганбаатарын машин болох Х.Портер маркийн 14-10 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодон хотруу засварын газарт оруулж өгөөч гэж гуйсан. Тэгээд бид 2 Төв аймгаас машиныг аваад найз Б.Б жолоодон би өөрийнхөө машинтай араас нь дагаад хотруу орой яг хэдэн цагийн үед орж ирснийг санахгүй байна. Тэгээд Б.Б Х.Портер маркийн автомашиныг жолоодон Толгойтын призер гараад 200 гаран метр орчим явсан байх тэгээд тэр замаар дээшээгээ өгсөөд ойролцоогоор 25 орчим км/цагийн хурдтай ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байхад замын 1-р эгнээнд нэг машин аваарын гэрлээ татчихсан зогсож байгаа харагдсан. Тэгээд Х.Портер маркийн автомашин тэр жижиг машины хажуугаар нь дөнгөж зөрөх гэтэл гадаа түс тас гээд хүчтэй дуу чимээ гарсан. Тэгсэн Х.Портер маркийн автомашин нь чигээрээ явсаар байгаад автобусны буудлын халаас руу ороод зогссон. Харин би яг араас нь машинтай өнгөрөхөд 1-р эгнээнд зогсож байсан машины зүүн хойд хаалга нь урагшаагаа нугасаараа тахийчихсан. Тэгээд машиныг өнгөрөөд явахад замын 1-р эгнээнд нэг хүн газар хэвтчихсан дахиад цаашлаад явахад дахин нэг хүн газар хэвтэж байсан...эрэгтэй, эмэгтэй 2 хүн газар хэвтэж байсан...Би Х.Портер маркийн автомашины араас 20 орчим метрийн зайтай машиныхаа аваарын гэрлийг татаад явж байсан. Учир нь Х.Портер маркийн автомашин нь баруун хойд талын тоормосны гэрэл нь асаад зүүн хойд талын гэрэл нь асахгүй байсан болохоор би араас нь гэрлээ тусгаад дагаад явж байсан...Манай хүргэн хүү Загдын Ганбаатарын автомашин байгаа юм...гэх мэдүүлэг /хх-82-83/ ... би гуйгаад Бямбадоржоор машин бариулсан. Би ард нь аваараа асаагаад явж байсан. Уг машины урд талын гэрэл нь асаж байсан харин арын гэрэл нь асахгүй байсан болохоор ардаас нь явж байсан...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Энэ асуудлыг би хэзээ хойно нь мэдсэн...Уг машиныг би зарын дагуу М.Батбилэгт зээлээр худалдаж бид гэрээ хийсэн байсан...Тэгээд ар гэрийнхэнтэй нь холбогдож байж М.Батбилэг надтай холбогдож дээрх асуудлын талаар хэлсэн. Энэ асуудлын шийдвэрийг харж байж хохирол төлөгдөх байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би 11 сар хүртэл М.Батбилэгийг үлдэгдэл төлбөрөө төлөөд машинаа авч болно гэж хэлээд машинаа авсан байгаа...Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрвээ төлбөрөө хийхгүй хохирлыг барагдуулахгүй бол бүх хохирлоо нэхэмжилнэ. Би 5.800.000 төгрөгөөр зарсан. Түүнээс одоо үлдэгдэл 2.500.000 төгрөгийн үлдэгдэл, мөн машины эвдрэлийн тооцоо байгаа...гэх мэдүүлэг /хх-51/,

- иргэний хариуцагч З.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:...Надад уг автомашин байдаг. Миний өөрийн эзэмшлийн автомашин...2017 оны оны 7 дугаар сарын 20-нд манай хадам аав Д.Жамбалдорж нь надруу утсаар залгаад би чиний машиныг хүнээр жолоодуулан хот руу оруулж ирээд засварт өгчих үү гэж асуусан. Би тухайн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Бөхөгийн голд Шүлхий гэх гоц халдварт өвчний хорио цээрт орчихсон байсан болохоор хадам аавд машин авч явахыг зөвшөөрсөн. Угаасаа миний машины түлхүүр манай хадам аавд байсан юм...Би Б.Б ахыг 2003 оноос хойш зүс мэднэ түүнээс бол сайн танихгүй. Манай хадам аавын найз нь байгаа юм...гэх мэдүүлэг /хх-57/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээни №1535 дугаартай дүгнэлт:

Талийгаачийн биед гавлын зулай, дагз, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, хаван, баруун хацарт зулгаралт, цус хуралт, хуйх, зүүн ташаа, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй байна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ. Цогцосны үзлэг 2017.07.31-ний 10:45 цагийн үед нас бараад 3-4 цаг болжээ гэж тогтоолд дурджээ. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна...гэх дүгнэлт /хх-90-96/

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №962 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний:...М.Мын биед баруун дал ясны хугарал, баруун 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун суганд шарх, баруун суга, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн тохой, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-115-116/

- Кости-Эстимэйт ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан №08177382 /хх-143/

- Ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-154/

- шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 30 минутын үед би найз Д.Жамбалдоржийн эзэмшлийн Киа Бонго маркийн 14-10 ТӨВ улсын дугаартай автомашин бариад 22-н товчооноос Толгойт орохоор явж байсан. Тэгээд Толгойтын цэргийн хотхоны зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явж байтал гэнэт миний машины урд талд түс тас гэсэн хүчтэй дуу чимээ гарахаар нь шууд тоормосоо гишгээд зогсоогоод машинаасаа буугаад хартал миний машины хойд талд нэг залуу зам дээр хэвтэж байхаар нь очтол нөгөө залуу надад цаана чинь манай эхнэр бас машинд дайруулаад хэвтэж байгаа шдээ гэж хэлэхээр нь би түргэнд дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирж миний машинд мөргүүлсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг гэмтлийн эмнэлэг авч явсан...Би огт мэдээгүй, тэр хүмүүсийг зам хөндлөн гарч байхыг нь ч хараагүй. Би тэр 2 хүнийг мөргөх үед эсрэг урсгалаас миний машинтай хурц гэрэлтэй машин зөрөөд би гэрлийн гялбаанд орсноос болж зам хөндлөн гарч байсан хүмүүсийг хараагүй мөргөсөн. Тэгээд осол болсны дараа харахад тэр 2 хүн замын 1-р эгнээнд зогсож байсан суудлын машины зүүн хойд хаалгаар суух гэж байхдаа миний машинд мөргүүлсэн байсан. Мөн тэр машины зүүн хойд хаалга нь миний машинд шүргүүлээд арагшаа тэнийсэн байсан. Би ойрын гэрэлтэй явж байсан...Миний машины холын гэрэл тэр үед асахгүй байсан, харин ойрын 2 гэрэл асаж байсан. Манай найз Д.Жамбалдорж Төв аймгийн Жаргалант суманд байсан энэ машиныг хот руу оруулж засварт өгөөч гэж гуйгаад байхаар нь би тэр машиныг нь хөдөөнөөс хот руу оруулж өгч байгаад ийм осолд орчихлоо. Манай Д.Жамбалдоржийн хүргэн болох З.Ганбаатарын эзэмшлийн автомашин. Би ганцаараа явж байсан. Осол болох үед миний явж байсан замын машины хөдөлгөөн их, гадаа харанхуй, тэр замд замын гэрэлтүүлэг огт байхгүй юм билээ, үзэгдэх орчин муу харагдаж байсан, гадаа бороо орж байсан...Миний машинд мөргүүлээд нас барсан эмэгтэйн оршуулгын зардал болох 5 сая төгрөгийг төлсөн байгаа, харин нөгөө гэмтсэн гэх залуугийн эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй байгаа, би тэр залууг эмчилгээний баримтаа гаргаж өгөөч гэж гуйсан боловч одоогоор надад ямар ч баримт гаргаж өгөөгүй байна. Миний машинд мөргүүлсэн 2 хүний нэг хүн нь болох залуу нь осолд орохдоо согтуу байсан....гэх мэдүүлэг /хх-151-152/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын зам, Цэргийн хотхоны автобусны буудлын замд Хьюндай Портер маркийн 14-10 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 9.2, 13.1 заалтуудыг зөрчсөнөөс Ө.Бүрэнгийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 64-50 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, явган зорчигч М.М, А.Цэцэгмаа нарыг мөргөж, М.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, А.Цэцэгмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

-  Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №17/57518 дугаартай шинжээчийн:...Б.Бийн жолоодож явсан БНСУ-д үйлдвэрлэсэн Kia маркийн Bongo загварын, цагаан өнгөтэй 14-10 ТӨВ улсын дугаартай, KNCDC0362TS161734 арлын дугаартай автомашиныг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 15:29 цагаас 16:01 цаг хүртэл...шалгаж үзэхэд...урд салхины шил байхгүй, зүүн болон баруун холын гэрэл, дохионы гэрэл, зүүн болон баруун урд оврын гэрэл, зүүн хойд тоормосны болон оврын гэрэл, ухрах арааны гэрэл, ослын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй...хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, зогсоолын тоормос зогсохгүй байна. Урд гэрлийн тусгалын эрчим зүүн талдаа 0 канделъ, баруун талдаа 0 канделъ байлаа. Холын гэрэл баруун, зүүн тал асахгүй. Уг автомашины тоормосны систем нь бүрэн ажиллагаагүй, хоёрдугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсохгүй стандартын шаардлага хангаагүй. Тоормосны систем нь бүрэн бус ажиллагаатай, хоёрдугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь ашиглалтын явцад эвдэрсэн байх боломжтой...өргөх төхөөрөмж дээр шалгаж үзэхэд баруун талын босоо тэнцүүлэгч мурийсан, зүүн талын босоо тэнцүүлэгч байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Баруун урд талын дугуй стандартын шаардлага хангахгүй байна...1-р тэнхлэгт өөр хээтэй дугуй тавьсан...нэг тэнхлэгт 2 өөр хээтэй дугуй тавьсан...уг гэмтлүүд осолд нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-124-130/,

- Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №520 дугаартай:...Х.Портер маркийн 14-10 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” мөн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 9 дэх зүйлийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-143-144/

- хохирогч М.Мын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 30-ны оройны 20-21 цагийн үед би эхнэр А.Цэцэгмаагийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Цэргийн хотхоны зүүн талын зам буюу Толгойтын эцэс рүү өгсдөг замын ертөнцийн зүгээр баруун талаас нь зүүн тал руу зам хөндлөн гараад замын 1-р эгнээнд байсан саарал өнгийн Х.Соната-6 маркийн машинд суух гээд тэр машины зүүн хойд хаалгыг онгойлгож байтал гэнэт хажууд тас гэсэн хүчтэй дуу чимээ гараад би машинд мөргүүлж байгаагаа мэдсэн...хэсэг хугацааны дараа ухаан ороод хартал би зам дээр хэвтэж байсан. Миний хажууд надаас нилээн зайтай /20 орчим метр зайнд/ манай эхнэр бас зам дээр хэвтэж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-45-46/,  

- гэрч М.Батбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Мөнх-Очир эхнэрээ ажлаас нь аваадахья гэхээр 1-р эгнээнд зогссон...5 минутын дараа машины зүүн хойд хаалга онгойх шиг болсон. Гэтэл машины зүүн хойд хаалга тас нис гээд дуу гарсан ба хойд хаалга нь жолоочийн хаалган дээр ирээд наалдчихаар нь юу болов гээд гайхтал хойноос яанаа нөгөө 2-г чинь мөргөчихлөө гээд хэлэх шиг болсон...гэх мэдүүлэг /хх-76-77/,

- гэрч А.Ариунбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед би гар утсаараа яриад сууж байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн түс тас гээд явчихсан, тэгсэн М.М нь Х.Портер маркийн автомашинд мөргүүлээд газар унаж байгаа харагдсан, харин талийгаач нь замынхаа 1-р эгнээнд газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-61-62/,

- гэрч М.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:... би машинд суугаад шууд унтчихсан. Нэг сэрсэн чинь хүмүүс орилох чимээ гарсан. Сэрээд хартал М.М, А.Цэцэгмаа 2 зам дээр хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-72-74/,

- шинжээчийн дүгнэлт :…Талийгаачийн биед гавлын зулай, дагз, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, хаван, баруун хацарт зулгаралт, цус хуралт, хуйх, зүүн ташаа, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрс судасны цочмог дутагдлаар нас баржээ...гэх дүгнэлт /хх-90-96/,

- шинжээчийн дүгнэлт:...М.Мын биед баруун дал ясны хугарал, баруун 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун суганд шарх, баруун суга, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн тохой, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-115-116/

- шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тэр 2 хүнийг мөргөх үед эсрэг урсгалаас миний машинтай хурц гэрэлтэй машин зөрөөд би гэрлийн гялбаанд орсноос болж зам хөндлөн гарч байсан хүмүүсийг хараагүй мөргөсөн. Би ойрын гэрэлтэй явж байсан. Миний машины холын гэрэл тэр үед асахгүй байсан.  Манай найз Д.Жамбалдорж Төв аймгийн Жаргалант сумаас энэ машиныг хот руу оруулж засварт өгөөч гэж гуйгаад байхаар нь би тэр машиныг нь хөдөөнөөс хот руу оруулж байгаад ийм осолд орчихлоо...гэх мэдүүлэг /хх-151-152/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь найз Д.Жамбалдоржийн гуйлтаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон нь түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон жолоочийн үүргийг зөрчсөн хариуцлагаас чөлөөлөх буюу тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үгүйсгэх үндэслэл болохгүй болно.    

Тухайн эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил бүхий автомашиныг бусдыг гуйж жолоодуулсан гэх Д.Жамбалдоржийг Эрүүгийн хариуцлагад татах үндэслэл, нотолгоо бүрдээгүй болохыг тэмдэглэв.      

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоо нь оршуулгын зардалд баримтаар 4.921.970 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б мөн иргэний хариуцагчийг төлөөлөн Д.Жамбалдорж нар нийт 5.000.000 төгрөг /хх-196, шүүх хуралдааны тэмдэглэл/ төлжээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт Р.Алтанжолоо нь 2017.08 дугаар сараас 2018.03 сар хүртэлх хугацааны 8 сарын цалин нийт 4.000.000 төгрөг, аав Даваагийн эмчилгээ, эм тарианы зардал 2017.09 сараас 2018.03 хүртлэх 7 сарын 2.450.000 төгрөг, унааны зардал 191.150 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нийт 56.641.150 төгрөг, хохирогч М.М нийт 12.246.400 төгрөг /197-198, 236-242/, иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэн нь 992.500 төгрөг /хх-135, 137/ тус тус нэхэмжилжээ.  

Хохирогчийн төлөөлөгч Р.Алтанжолоогийн нэхэмжилсэн нийт хохирлоос унааны зардал 191.150 төгрөгийг хангах боломжтой, харин тэрээр өөрийн ажлаас чөлөө авсан эсэх, чөлөө нь цалинтай эсэх, ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн эсэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар давхар баталгаажаагүй, Даваа нь гэмт хэргийн улмаас цус харвасан эсэх болон хохирогчийн өвчин ба сэтгэл санааны хохирол нь гэмт хэрэгтэй шалтгаан холбоотой гэж үзэх үндэслэл, нотолгоо хангалтгүй байх тул бусад хохирлыг хангах боломжгүй.  

Хохирогч М.Мын нэхэмжилсэн хохирлын дийлэнх нь хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй, нотолгооны эх сурвалжаар нотлогдохгүй тодорхойлолтоор буюу хохирогчийн бичсэн нэхэмжлэл, мэдүүлгээр тухайн хохирлын асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй, харин шүүгдэгч тал хохирогч М.Мт баримтаар 120.000 төгрөг /х-238/-ийг төлсөн, 26,950 төгрөг /х-109, 242/ төлөгдөхөөр байна.       

Иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэнд 992.500 төгрөгийн хохирол учирсан /х-125-137/-ыг   хангах үндэслэлтэй. Нийт төлөгдөх хохирлын дүн 1.210.600 төгрөг болж байна.

Шүүгдэгчийн тухайн үед жолоодож явсан Хьюндай Портер маркийн 14-10 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь З.Ганбаатарын өмчлөлийнх /х-57, 59/, мөн тэрээр...2017 оны оны 7 дугаар сарын 20-ны орчимд  хадам аав Д.Жамбалдорж нь над руу утсаар залгаад “би чиний машиныг хүнээр жолоодуулан хот руу оруулж ирээд засварт өгчих үү” гэж асуусан, хадам аавд машин авч явахыг зөвшөөрсөн.../хх-57/ тухай мэдүүлсэн байх тул иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар З.Ганбаатар нь иргэний хариуцагч болохын хувьд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж, хохирол төлөх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоов.         

Хохирогч, хууль ёсны төлөөлөгч нарт гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх хууль ёсны нотлох баримт, үндэслэлээ бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.       

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч ял шийтгэлгүй /хх-154/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Хохирогч М.М тухайн үед согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байх ба техникийн шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийн 3.9, 4.1 дэх заалтуудыг зөрчсөн буюу хууль бус үйлдэл гаргасан нь тухайн авто осол болоход нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүхий байгааг тэмдэглэв.    

Бусад асуудал    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн насны  байдал болон бусад хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулав.           

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй,  Б.Бийн 047082 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохиролд иргэний хариуцагч З.Ганбаатараас нийт 1.210.600 төгрөгийг 2 сарын хугацаанд гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоод 191.150 төгрөг, хохирогч М.Мт 26.950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэнд 992.500 төгрөг тус тус олгосугай.   

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, түүний төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б.Бийн 047082 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй

8. Шүүгдэгч Б.Бийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02    сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.        

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР