| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/0859/З |
| Дугаар | 128/ШШ2024/0927 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/0927
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К******* ХХК /РД: *******/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Д.Ж
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжийг хүчингүй болгуулах,
1.2. К******* ХХК-д ******* дүүргийн ны нутаг дэвсгэр нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9828 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9228 м.кв газрыг К******* ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч К******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 тоот захирамжаар ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар бүхий 14800 м.кв газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгосон байна.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/243 дугаар болон 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/884 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, зориулалтыг үйлдвэрлэл үйлчилгээ орон сууцны зориулалт[1] болгон өөрчилжээ.
2.3. К******* ХХК-иас маргаан бүхий газар дээр 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/22 тоот[2], 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12/60 тоот[3], 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22/18 тоот[4] албан бичгүүдээр өөрийн эзэмшлийн газрыг тойрсон 9828 м.кв газрыг эзэмших хүсэлтэй байгаа болохоо илэрхийлэн Нийслэлийн Засаг даргад хандаж байжээ.
2.4. Харин К******* ХХК дээрх эзэмшихийг хүсэж буй газраас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар иргэн Д.Жд нэгж талбарын 1898 м2 газар эзэмшүүлсэн байна.
Учир нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/767 тоот захирамжаар Нийслэлийн дүүргийн ны нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр газрын дуудлага худалдаа явуулж иргэн Д.Жд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/873 тоот захирамжаар 1300 м.кв газрыг эзэмшүүлсэн[5] боловч уг газар нь ХХК-ийн эзэмшлийн газартай давхцан, улмаар энэ асуудлаа шүүхийн журмаар шийдвэрлүүлснээр Нийслэлийн Засаг даргаас иргэн Д.Жы дуудлага худалдаагаар авсан газрын байршлыг өөрчилж, дүүргийн нд байх маргаан бүхий газарт шилжүүлжээ.
2.5. Нэхэмжлэгч К******* ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдлыг гаргасан хэдий ч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 06/4952 тоот албан бичгээр[6] гомдлыг хүлээн авахаас татгалзсан тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан аж.
2.6. Шүүх К******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх явцдаа 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/9884 дугаартай шүүгчийн захирамж[7]-аар Д.Жыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч К******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: К******* ХХК нь Нийслэлийн засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 тоот захирамжаар ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар бүхий 14800 м.кв газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/243 дугаар болон 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/884 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацаагаа сунгаж зориулалтыг үйлдвэрлэл үйлчилгээ орон сууцны зориулалтаар өөрчлүүлж газар эзэмшигчийн хувьд газрыг зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж газартаа хөрөнгө оруулалт татаж холбогдох үйл ажиллагааг явуулж байна.
К******* ХХК анх 2012 онд Нийслэлийн засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 тоот захирамжаар ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар бүхий 14800 м.кв газрыг эзэмшихэд түүнийг тойрсон 9828 м.кв газар нь их хэмжээний хур хог овоорсон, элэгдэж эвдрэлд орсон, хэн нэгний эзэмшил ашиглалтанд байдаггүй байсан тул тухайн газрыг нийтийн сайн сайхан хотын өнгө үзэмжийг бодож хогийг манай компанийн зүгээс өөрсдийн зардлаар цэвэрлэж, тэгшилж дахин хогны цэг болгохгүй байх зорилгоор 2012 онд хашаа барьсан. Ийнхүү К******* ХХК-ийн зүгээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/22 тоот, 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12/60 тоот хүсэлтүүдээр дээрх хогийн цэг байсан 9828 м.кв газрыг манай компанид эзэмшүүлж өгнө үү гэж удаа дараа хүсэлтийг гаргаж байсан.
Нэхэмжлэгч К******* ХХК-ийн зүгээс дээрх хүсэлтүүдийг гаргаснаар холбогдох газрын албаны хүмүүстэй очиж уулзахад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах гэж зааснаар танай хашаалсан газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд эзэмшүүлнэ, бид нар танай хүсэлтийн дагуу тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулна гэж хэлдэг байсан. Иймээс нэхэмжлэгч К******* ХХК-ийн зүгээс бид нарын эзэмшихээр төлөвлөж хашаалсан 9828 м.кв газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг хардаг байсан, өнөөдрийн хүртэл бид нарын эзэмшихээр төлөвлөсөн 9828 м.кв газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа. Харин нэхэмжлэгчийн зүгээс тус төлөвлөгөөнд тусгагдснаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх хүсэлтийн дагуу тухайн 9828 м.кв газрыг эзэмшүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21/18 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд 2012 оноос хойш Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Нэмэлт газрыг эзэмших хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан.
Нэхэмжлэгчийн зүгээс газрын албаны мэргэжилтний хэлснээр 2024 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн 2012 онд ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар бүхий 14800 м.кв газрын хажуу талын газар болох нэхэмжлэгч компанийн хашаалсан 9828 м.кв газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдах байх, тусгагдсаны дараа нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг эзэмшинэ гэж хүлээж байсан.
Нэхэмжлэгч К******* ХХК-ийн эзэмшлийн газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Ж гэх хүн нэвтэрч үйл ажиллагаа явуулна гэсний дагуу түүнээс яагаад ийм үйлдэл гаргаж байгааг лавлахад нэхэмжлэгч компанийн 2012 онд хашаалсан газрын зарим хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжаар 1900 метр квадрат газрыг эзэмшүүлсэн гэснийг олж мэдсэн.
Иймээс нэхэмжлэгч К******* ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргад 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Жд газар эзэмшүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч компанид тухайн газрыг эзэмшүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Тус гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 06/4952 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгч тухайн хариугаа нэхэмжлэгч рүү 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шууданд хийсэн байдаг.
Шуудан хүргэгч хариуцагчид өгөлгүй нэхэмжлэгчид 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буцаан хүргэж өгсөн байдаг. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн засаг даргад 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өдөр гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаар 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас лавлахад гомдлыг шийдвэрлэсэн гэсэн тул нэхэмжлэгч тухайн өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очиж 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 06/4952 тоот хариуг хүлээн авсан.
Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 06/4952 тоот хариуг хэзээ гардаж авсан талаар баримт, албан бичиг өгнө үү гэсэн хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Тус хүсэлтийг хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06/6203 тоот хариу хүргүүлэх албан бичгээр нэхэмжлэгчийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг албан бичгийг авсан байна гэсэн.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг хэтрүүлээгүй болно.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тухайд:
Нэхэмжлэгч К******* ХХК анх 2012 онд ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар бүхий 14800 м.кв газрыг эзэмшихдээ тухайн газрыг тойрсон газарт олон жил хур хог овоорж, элэгдэж эвдрэлд орж хэн нэгний эзэмшил ашиглалтанд байдаггүй байсан 9828 м.кв газрыг хотын өнгө үзэмж нийтийн сайн сайханы төлөө хогийг өөрсдийн зардлаар цэвэрлэж, тэгшлэж дахин хогны цэг болгохгүй байх зорилгоор 2012 онд нийт 10 орчим сая төгрөгийн зардал гарган хашаа барьсан. Улмаар тухайн газрыг эзэмших зорилгоор 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/22 тоот, 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12/60 тоот хүсэлтүүд гаргаж байсан боловч ямар нэгэн шийдвэр гараагүй.
Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэх гэсэн 27 дугаар зүйлийн 27.5-д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг ...эзэмшүүлж болно" гэж зааснаар, түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь Газрын тухай хуулийг зөрчиж 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжаар иргэн Д.Жд газар эзэмшүүлсэн нь байна.
Нийслэлийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамж Газрын тухай хуулийг зөрчсөн тухайд:
Нийслэлийн засаг даргын 2015 оны А/767 тоот захирамжаар Нийслэлийн дүүргийн ны нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр газрын дуудлага худалдаа явуулж иргэн Д.Жд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/873 тоот захирамжаар 1300 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Тус газар нь ХХК-ийн асфалт бетоны үйлдвэртэй давхцуулан олгосон байдаг.
Гэтэл хариуцагч нь Д.Жд дүүргийн ны нутаг дэвсгэрт олгосон газраа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ." гэж заасныг зөрчиж ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагаа явуулалгүй нэхэмжлэгч компанийн 2012 онд хашаалсан, газар эзэмших хүсэлт гаргасан газарт 2018 оны 06 сарын 18-ны өдрийн А/576 тоот захирамжаар 1900 м.кв газар олгосон байна.
Ийнхүү Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээний үндсэн зарчимд зааснаар газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэлгүй Газрын тухай хуулийг зөрчиж иргэн Д.Жд газар эзэмшүүлсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
3.2. Нэхэмжлэгч К******* ХХК 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа[8]:
Хариуцагч нь нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхгүй гэх үндэслэл нь "Талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасан тухайн байршил нь Сэлбэ сэргэлт төслийн нөлөөллийн бүс, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсэд тус тус хамаарч байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна" гэсэн.
Гэтэл тухайн газарт хариуцагч нь иргэн Д.Жд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ." гэж заасныг зөрчиж ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагаа явуулалгүй нэхэмжлэгч компанийн 2012 онд хашаалсан, газар эзэмших хүсэлтийг 2012-2023 онуудад гаргаж байсан газарт 2018 оны 06 сарын 18-ны өдрийн А/576 тоот захирамжаар 1900 м.кв газар олгосон байдаг
Иймд К******* ХХК-нд ******* дүүргийн ны нутаг дэвсгэр нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9828 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9828 м.кв газрыг нэхэмжлэгч К******* ХХК-нд эзэмшүүлэхийг хариуцагч Нийслэлийн засаг даргад даалгаж өгнө үү. гэжээ.
3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч К******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Д.Ж нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/767 дугаар захирамжийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон бөгөөд дуудлага худалдааны дуудсан үнэ болох нийт 80,500,000 /наян сая таван зуун мянга/ төгрөгийг бүрэн төлсөн тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/873 дугаар захирамжаар дүүргийн ны нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар 1300 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Улмаар дуудлага худалдаагаар иргэн Д.Жд эзэмшүүлсэн тухайн байршилд ХХК зохих зөвшөөрөлгүй газар ашиглаж, объект давхцуулан барьж үйл ажиллагаа явуулсан нь газраа эзэмших боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн бөгөөд иргэн Д.Жы 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан эзэмшил газрын байршлыг ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт шилжүүлэх тухай гаргасан хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамжаар дүүргийн ны нутаг дэвсгэр байрлах 1300 м.кв газрын байршлыг шилжүүлж ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт 1900 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар иргэн Д.Жд эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамж нь К******* ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт ******* дүүргийн нд байрлах 9828 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Тус компанийн эзэмшиж буй ******* дүүргийн нд байрлах 14800 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжаар ******* клуб-д спортын зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар К******* ХХК-д нэр шилжүүлэн эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/243 дугаар захирамж болон 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/884 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна.
Иргэн Д.Жд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/873 дугаар захирамжаар дүүргийн , 4 дүгээр *******-ын зүүн талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 1300 м.кв газрыг Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа-гаар эзэмшүүлсэн боловч тус байршилд ХХК зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж, объект давхцуулан барьж, газраа эзэмшиж ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн тул иргэн Д.Жы газрын байршлыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн А/546 дугаар захирамжаар тус газрыг ******* дүүргийн буюу К******* ХХК-ийн эзэмшил газрын урд талд шилжүүлэн олгохоор шийдвэрлэсэн байна.
К******* ХХК нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа илүү хашаалан ашиглаж буй 9828.4 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэхийг даалгасан байх ба тус байршил нь зүүн талаараа ******* ХХК-ийн эзэмшил газартай, хойд талаараа цэвэр усны шугамын хамгаалалтын бүс болон үерийн далангийн хамгаалалтын бүстэй, зүүн урдаас баруун хойшоо тууш чиглэлээр бохир усны шугамын хамгаалалтын бүс болон өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүстэй, урд талаараа иргэн Д.Жы эзэмшиж буй газартай тус тус давхацсан баина. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна, 17.14-т Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно, 2.5-д Онцгой хамгаалалтын бүсэд 2.5.1-2.5.6-д дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.3.4-т Хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 100 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс тогтооно, эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т 110 кВ-ийн цахилгаан дамжуулах шугамаас 2 тийш 5 м зайд хамгаалалтын зурвасыг тогтооно, 2.6-д Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж байх тул тус 9828 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг өөрийн зардлаар хашаалж, хог хаягдлыг цэвэрлэсэн гэж шүүхэд маргадаг боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасны дагуу газраа зөвшөөрөгдсөн хэмжээнд хашаалан ашиглах, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12 дахь хэсэг болон Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон түүний ойр орчмын 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг байх тул газар эзэмших давуу эрх үүсэх ёстой гэж маргах үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... К******* ХХК-иас газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргаас болон газар зохион байгуулалтын албанаас хариу хүргүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тухайлбал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт ...Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна..., мөн зүйлийн 17.14 дэх хэсэгт ...Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно..., Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.5-д "Онцгой хамгаалалтын бүсэд 2.5.1-2.5.6-д дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно", тус журмын 2.3.4-т "Хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 100 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс тогтооно", эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т "110 кВ-ийн цахилгаан дамжуулах шугамаас 2 тийш 5 м зайд хамгаалалтын зурвасыг тогтооно", 2.6-д "Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчиж байх тул 9828 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжгүй талаараа мэдэгдэж байсан.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг өөрийн зардлаар хашаалж, хог хаягдлыг цэвэрлэсэн гэж шүүхэд маргадаг боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасны дагуу газраа зөвшөөрөгдсөн хэмжээнд хашаалан ашиглах, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12 дахь хэсэг болон Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон түүний ойр орчмын 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг байх тул газар эзэмших давуу эрх үүсэх ёстой гэж маргах үндэслэлгүй юм.
Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт ...аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус газраас дүгнэлтийг гаргуулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол нь сэргэх нь тодорхойгүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт ...Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно... гэж заасан бөгөөд маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3.5. Гуравдагч этгээд Д.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ж миний бие анх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн А/873 дугаар захирамжаар, нийслэлийн газрын дуудлага худалдаагаар дүүргийн ******* хороонд ******* нэгж талбарын 1299 м2 газар эзэмшсэн ба энэхүү газар нь ХХК-ийн газартай давхацсан тул Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар, дуудлага худалдаагаар авсан газрын байршлыг өөрчилж дүүргийн нд нэгж талбарын 1898 м2 газар эзэмшүүлсэн юм.
К******* ХХК-аас нэхэмжлэлийн үндэслэлээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар тухайн газрыг эзэмших хүсэлт 2012 оноос хойш гаргаж байсан учир надад эзэмшүүлэх байсан гэжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл нь эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэхэд тавигдах ерөнхий шаардлагыг агуулсан зохицуулалтууд ба К******* ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан шиг түрүүлж хашаалаад эзэмших хүсэлт гаргаснаар газар эзэмшүүлэх, газар эзэмшүүлээгүй нь түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 27.5-д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно гэж зааснаас үзэхэд зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засаг даргаас захиргааны сонгох боломжид тулгуурлан гаргах шийдвэр байна.
Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж ч болно, гаргахгүй ч байж болно. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг нь иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхэд хэрэглэгдэх зохицуулалт ба аж ахуйн нэгжийн зориулалтаар болон Газрын тухай хуулийн29 дүгээр зүйлийн 29.1-29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэхэд баримтлах боломжгүй юм.
Гэхдээ энэхүү шийдвэр гаргах үйл явц нь Газрын тухай хуулийн 33 дүгаар зүйлд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмын хүрээнд явагдах ёстой ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу хэрэгжих учиртай.
Иргэн Д.Ж миний бие Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар эзэмшиж буй нэгж талбарын дугаар бүхий газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу нээлттэй дуудлага худалдаагаар эзэмшсэн тул уг газрын хууль ёсны эзэмшигч болно.
Харин К******* ХХК нь уг газрыг хашаалж, орц гарцыг зориудаар хааж эзэмшил газраа ашиглах иргэн миний эрхийг одоог хүртэл зөрчсөөр ирсэн ба дээрх газрыг иргэн Д.Ж надад эзэмшүүлсэн гэдгийг аль 2019 оноос мэдэж энэ талаараа Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж өргөдөл гаргаж, хариу авч байсан болох нь тогтоогдож байна.
К******* ХХК нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-06/5347 дугаар албан бичгээр ...иргэн Д.Жы газар эзэмших эрхтэй холбогдуулан Газрын тухай хуулийн 60.2-т заасны дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу авч байснаар тэрээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжид маргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж. байгууллага газартай холбогдсн үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2. 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан нэхэмжлэгч К******* ХХК нь Нийслэлийн Засаг дарга буюу түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас өргөдлийн хариу авсан тул түүнийг Нийслэлийн Засаг даргаас өргөдлийн хариугаа авсан гэж үзэх үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" 14.1.1 дээд шатны захиргааны байгууллага. эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол, 14.1.2 холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол заажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.5 нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 54.1.8 энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасан тул К******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх түүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх нь зөрчигдсөн бол уг захиргааны шийдвэрийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргэх журамтай.
4.3. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар захиргааны акт хууль бус, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
4.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заажээ.
Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэдэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан хоёр тохиолдлыг хамруулан ойлгоно.
4.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд К******* ХХК-иас 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/22 тоот[9], 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12/60 тоот[10] албан бичгээр маргаан бүхий газрын орчмын эзэмших талбайг нэмэгдүүлэх хүсэлтийг гаргасныг хариуцагч Нийслэлийн Засаг дарга шийдвэрлээгүй хэмээн маргах боловч нэхэмжлэгч тус маргааны үйл баримтад хамаарах цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, /2016 оны/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтны хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгчээс энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна шүүх зөвхөн дан ганц нэхэмжлэгчийн хүсэлтэд тулгуурлан түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдүүлбэр, мэдээлэлгүйгээр нэхэмжлэгч К******* ХХК-д ******* дүүргийн ны нутаг дэвсгэр нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9828 м.кв газрыг эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан хэмээн дүгнэх боломжгүй байна.
4.6.Түүнчлэн нэхэмжлэгч компанийн нэмэлт талбай эзэмших тухай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22/18 тоот[11] албан бичигт хариуцагчаас ямар нэг хариу өгсөн талаар баримт олдоогүй бол 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 19/58 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-06/3397 албан бичгээр[12] ...холбогдох материалын бүрдэл хангаагүй..., бүрдүүлэх баримтын жагсаалтыг хавсарган хариуг өгч байсан бол 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23/101 дугаар хүсэлтэд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01-08/76 дугаар албан бичгээр ...тухайн байршил нь Сэлбэ сэргэлт төслийн нөлөөллийн бүс, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсэд тус тус хамаарч байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй...[13] гэх хариу өгч байснаас үзвэл гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзэхгүй болохоос гадна шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна.
4.7.Өөрөөр хэлбэл хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, харин хариуг бичигт дурдсан газар нэмэгдүүлэн олгохоос татгалзсан шийдвэр гаргасан гэж үзнэ.
4.8. Хариуцагчийн дээрх татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэхийг тогтоох учиртай бөгөөд дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
4.9.Тодруулбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: гээд мөн зүйлийн 33.1.2 дахь заалтад энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
4.10. Гуравдагч этгээд иргэн Д.Жы хувьд анх Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцон[14] улмаар уг дуудлага худалдааны ялагчаар тодрон дүүргийн ны нутаг дэвсгэрт ******* зүүн талд Жижиг дунд үйлдвэрийн зориулалттай 0,13 га газрыг худалдан авч, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/873 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүсэж, гэрчилгээ[15], олгож гэрээ байгуулан[16], нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актаар газраа хүлээн авчээ[17].
Гэтэл дээрх газар нь ХХК-ийн үйлдвэр, обьект байгаа газар байсан[18] тул Газрын эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг[19] дагуу /2006 он/ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар түүний дүүргийн ны нутаг дэвсгэрт ******* зүүн талд Жижиг дунд үйлдвэрийн зориулалттай 0,13 га газрыг Хан- Уул дүүргийн ны нутаг дэвсгэр 1900 м.кв хэмжээтэй, үйлдвэрийн зориулалт болгон шилжүүлэн эзэмшүүлжээ.[20]
4.11.Хариуцагчийн энэхүү үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, байна, 31.2.Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна[21], 31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна[22]гэж заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан болох нь хангалттай баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар Д.Жд газар эзэмшүүлсэн үйлдэлд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.
4.12.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч К******* ХХК-ийн эзэмшихийг хүсэж буй 9828 м.кв газарт гуравдагч эдгээр Д.Жы хууль ёсоор газар эзэмших эрх үүссэн газартай давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчихөөр байгаа нь тэмдэглэх нь зүйтэй.
4.13.Тиймээс дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээд Л.Жд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамж хуульд нийцсэн, түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй, К******* ХХК-д ******* дүүргийн ны нутаг дэвсгэр нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9828 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байх үндэслэл байх тул хариуцагчийн эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9228 м.кв газрыг К******* ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдсангүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2, /2006 он / Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан К******* ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжийг хүчингүй болгуулах, К******* ХХК-д ******* дүүргийн ны нутаг дэвсгэр нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9828 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын дугаар бүхий газрын зүүн урд байрлах 9228 м.кв газрыг К******* ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР