Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00199

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00199

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн *** дугаар хороо ***** дүгээр байр ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад дуучнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оны 8 дугаар сарын 07ы өдрөөс Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгад 1994 оныг дуустал дуучнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт дутуу, мөн Хэнтий аймгийн архиваас ажилд орсон гарсан болон бусад тушаалууд шүүлгэхэд олдоогүй, тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байгаа тул намайг 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад дуучнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1987 оны 6 сард Хэнтий аймгийн 10 жилийн сургууль төгссөн, 10-р анги төгсдөг хавар хичээл арай тараагүй байх үед Ардын дуу, бүжгийн Хан Хэнтий чуулга дуучин, бүжигчин шалгаруулж авна гэхээр нь би шалгаруулалтад орж тэнцэж байсан. Тэгээд сургуулиа төгсөөд 7 дугаар сарын 01-ний өдрөөс чуулгад дуучнаар орсон, гэхдээ тушаал 8 сараас гарсан байна лээ. Тэр үед Ардын дуу бүжгийн чуулгын дарга нь ******* гэж дарга байсан, 16 дуучинтай байсан. Ер нь би 2003 он хүртэл Хан Хэнтий чуулгад ажилласан. Би 1988 оны 8 дугаар сарын 16-нд төрсөн, тэгээд төрсөн хүүхэд маань 3-4 хоногтой байхдаа нас барсан, нэр өгөөгүй, гэрчилгээ аваагүй байсан учраас нас барсны лавлагаа одоо гарахгүй байна, ингээд би удаагүй 10 дугаар сард ажилдаа орсон, дараа нь 1990 оны 7 дугаар сарын 03-нд охин Гэрэлтуяаг төрүүлсэн. Охиноо төрүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд дуулалт жүжигт дуудагдаад хүүхэдтэйгээ ирээд жүжигт тоглож байсан, тухайн үед цалин өгч байсан үгүйг санахгүй байна. Охиноо төрүүлээд 1991 оны 3 сар гэхэд би ажилдаа орсон байсан, тухайн үед Эцгийн голомт гээд киноны туслах дүрд тоглож байсан юм. Дараа нь 1992 оны 01 дүгээр сарын 13-нд хүү Цэсинг төрүүлсэн. Хүүгээ төрүүлээд 2 сартай байхад ээж хүүхдийг маань аваад хөдөө явсан, тэгээд би 4 сард ажилдаа орж байсан. Ер нь манай ээж 2 хүүхдийг маань өсгөж өгсөн учраас би төрөөд удахгүй ажилдаа орж байсан. Хавтаст хэргийн 11-р хуудсанд байгаа зураг бол 1989 оны зун, доор байгаа нь 1994 оны 12 сард шинэ жилийн үеэр авахуулсан гэрэл зураг, хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд байгаа зураг бол 1988 оны эхээр өвөл авахуулж байсан зургууд байна. Би 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дуучнаар тасралтгүй ажилласан, зарим нэг тушаалд бичигдсэн жүжигчин гэсэн нэр томьёо нь Хан Хэнтий чуулга Соёлын ордон байх үед жүжигчин гэсэн нэршлээр явж байсан, түүнээс биш тасралтгүй дуучнаар ажилласан. Угаасаа дуу бүжгийн чуулга болохоор дуучин, бүжигчин гэсэн ажлын байртай, гэхдээ бүх ажилчдыг жүжигчин гэдэг нэршлээр явдаг байсан. Би бол энэ хугацаанд жүжигчнээр биш дуучнаар тасралтгүй ажилласан гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024.04.01-ий өдрийн 8/143 дугаартай тодорхойлолт, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын даргын 1988.01.10-ны өдрийн 01 дугаартай ээлжийн амралт олгох ба өөр ажилд шилжүүлж ажиллуулах тухай тушаал, Хэнтий аймгийн дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын даргын 1992.4.14-ний өдрийн 19 дугаартай ажилд авч зэрэглэл тогтоон цалинжуулах, цалин нэмэгдүүлэх тухай тушаал, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын даргын 1993.07.23-ны өдрийн 34 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, дуучнаар ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зургууд зэргийг ирүүлсэн болно.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.*******-*******, Л.******* нарын мэдүүлэг, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтээс ХААТР-1, ХААТР-21, ХААТР-15 маягтуудын хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Хүсэлт гаргагч Ц.******* нь 1970 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 55 настай бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон талаарх бичилт хийгдсэн боловч ажилд орсон тушаал архиваас олдохгүй байгаа гэсэн шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

4.Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

5.Хүсэлт гаргагч 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажилд орж 2003 он хүртэл Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад ажилласан бөгөөд 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан, түүний ажилд орсон тушаал эх хувиар байхгүй байгаа болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/62 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

7.Хүсэлт гаргагч Ц.******* нь 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн дуу бүжгийн Хан-Хэнтий чуулгад дуучнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар ,

-1987 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт Ардын дуу бүжгийн чуулгад дуучнаар авч ажиллуулав, чуулгын даргын 1987 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 32 тоот тушаалаар гэсэн байв,

-Мөн дэвтэрт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ц.******* дэвтрийн бичилтийг дуусгавар болгон хааж НД-ын 109208 тоот дэвтэр олгов гэсэн байв,

-Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын даргын 01 дугаартай ээлжийн амралт олгох ба өөр ажилд шилжүүлж ажиллуулах тухай тушаал уг тушаалын 3-рт Цэцэгмаа овогтой *******ыг 1988 оны 01 дүгээр сарын 25-наас эхлэн хүүхдээ асрах тэтгэмжтэй 3 сарын чөлөө эдэлж байгаа дуучин Г.Алтантуяагийн оронд дагалдан жүжигчнээр түр ажиллуулсугай гэсэн байв,

-Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын даргын 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаартай ажилд авч зэрэглэл тогтоон цалинжуулах, цалин нэмэгдүүлэх тухай тушаалын 1-рт 4 сарын 1-нээс Ц.*******, .....нарыг дуучнаар авч Ш-А зэрэглэлээр .....тогтоож цалинжуулсугай гэсэн байв,

-Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын даргын 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалд уран бүтээлчид ажилчдын амралтын хоногийн цалинг хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг үндэслэн олгосугай, 52 дугаарт Ц.*******-21 хоног гэсэн байв,

-1988 оны өвөл Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын тайзнаа үндэсний хөгжимтэй гоцлол дуу дуулж байна гэх тайлбартай гэрэл зураг,

-1989 оны зун авахуулсан гэх Насны харгуй дуу бүжгийн цомнолд Санпилмаагийн дүрд тоглосон гэх тайлбартай гэрэл зураг,

-1994 онд өвөл дууны ангид бэлтгэл хийж байв гэх тайлбартай гэрэл зураг,

-1990.10.11-ний өдөр бүртгэсэн гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягт, уг маягтын 27-рт ажилладаг байгууллага АДБ чуулга, 28-рт эрхэлдэг ажил дуучин гэсэн байв,

-1990.08.15-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт, уг маягтын 13-рт мэргэжил дуучин, 14-рт ажилладаг байгууллага Хан Хэнтий чуулга гэсэн байв,

Гэрч Л.*******ийн шүүхэд өгсөн: Ц.*******ыг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд 7 дугаар сараас Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад дагалдан бүжигчнээр ажилд орж байсан. 2008 оныг хүртэл 26 жил Хан Хэнтий чуулгад бүжигчнээр ажилласан. Ц.******* 1987 онд Хан Хэнтий чуулгад дуучнаар ажилд орж, 1995 оныг хүртэл дуучнаараа ажилласан, Ц.******* Хан Хэнтий чуулгад дуучин хөтлөгчөөр тасралтгүй ажилласан. Төрөөд хүүхэд асрах чөлөө авч байсан, яг хэдэн онд гэдгийг нь сайн санахгүй байна. Ажиллаж байх хугацаандаа улсаас авсан шагнал байхгүй. 2024 онд соёлын тэргүүний ажилтан авсан. Миний ярьсан хэлсэн зүйл бүгд үнэн гэх мэдүүлэг,

Гэрч Б.*******-*******ийн шүүхэд өгсөн: Ц.*******ыг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би 1983 оноос 2013 оныг хүртэл Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад дуучнаар ажилласан. Ц.******* нь сургуулиа төгсөөд манай Хэн Хэнтий чуулгад ажилд орж байсан, би яг хэдэн онд ажилд орсныг нь сайн санахгүй байна. Хэдий хүртэл ажилласан талаар нь сайн санахгүй байна. Өөр ажил эрхэлж байгаагүй тасралтгүй Хан Хэнтий чуулгад дуучин, хөтлөгчөөр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа улсаас авсан шагнал байхгүй. Сая 2024 онд Соёлын тэргүүний ажилтан авсан. Миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг зэрэг болно.

 

8.Иймд хүсэлт гаргагч Ц.******* нь дээрх хугацаанд Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад дуучнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа, 1988.8.16-нд хүүхэд төрүүлсэн боловч 3-4 хоногийн дараа нас барж 1988 оны 10-р сард ажилдаа орсон, 1990.07.03-нд охин Гэрэлтуяаг төрүүлж 1991 оны 03-р сард ажилдаа орсон, 1992.01.14-нд хүү Цэсинг төрүүлж 1992 оны 04-р сард ажилдаа орсон, хүүхэд асах чөлөөтэй байснаас бусад хугацаанд тасралтгүй дуучнаар ажилласан талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурдаж хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн, түүний тасралтгүй ажилласан гэх тайлбар гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа учраас хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг улсад ажилласан хугацаанд оруулж тооцсон болно.

9.1988.01.10-ны өдрийн тушаалд хүсэлт гаргагчийн ажлын байрны нэршлийг дагалдах жүжигчнээр гэж тэмдэглэсэн байгаа хэдий ч хүсэлт гаргагчийн Би 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дуучнаар тасралтгүй ажилласан, зарим нэг тушаалд бичигдсэн жүжигчин гэсэн нэр томъёо нь Хан Хэнтий чуулга Соёлын ордон байх үед жүжигчин гэсэн нэршлээр явж байсантай холбоотой. Угаасаа дуу бүжгийн чуулга болохоор дуучин, бүжигчин гэсэн ажлын байртай, гэхдээ бүх ажилчдыг жүжигчин гэдэг нэршлээр явдаг байсан гэсэн тайлбар, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн тогтоолгох гэж буй хугацаанд дуучнаар ажиллаж байсныг тогтоон шийдвэрлэсэн болно.

10.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дуучнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА