Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.А даргалж,

Нарийн бичгийн дарга Х.З,

Улсын яллагч Д.О,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1738004320010 дугаар хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Т овогтБ.Э, 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Хангамжийн хажуугийн хашааны үүдэнд тавьсан иргэн М.Д машинаас аккумлятор, сэгсүүргэн дотортой үстэй дээл хулгайлж 335.000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,,, дугаар багийн нутаг дэвсгэрт Хангамжийн хажуугийн хашааны үүдэнд тавьсан иргэн М.Д-н машинаас аккумлятор, сэгсүүргэн дотортой үстэй дээл хулгайлж 335.000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

ШүүгдэгчБ.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө би 9 цагийн үед Мөрөн сумын ,,дугаар багийн хангамжийн худгийн урд хашаанд ганцаараа явж очсон. Тэгэхэд тэр хашаанд хүмүүс мал нядалж байсан, тэр хашааны эзэн Сайнаа гэдэг Шинэ-Идэр сумын залуу байдаг. Тэр залуутай тааралдахад надад 2 шил архи авч өгсөн. Тэр архийг Сайнаа, Бямбаа, Одноо гэх зэрэг олон хүмүүстэй хамт уусан. Уг архийг ууж байхдаа би даараад байхаар нь Сайнаагийн хашаанд байсан хөх өнгийн жижиг ачааны машин байхаар нь тэр машин дээр очоод кабен дээр нь байсан дээлийг авч өмсөөд шууд тэндээсээ зах орсон. Тэгээд зах дээр очоод би хүмүүстэй хамт архи уучихаад захын хажуу талын Наранбумбат дэлгүүрийн эсрэг талд ганцаараа явж байгаад дээлний эзэнд баригдаад дээлийг нь буцааж өгсөн. Тэгээд би гэрлүүгээ тэр залуугийн аккумляторыг авч өгнө гээд түүнийг дагуулаад явсан. Би гэртээ очоод тэр залуугийн аккумляторыг хайгаад олоогүй, тухайн үед би нилээн согтуу байсан учраас аккумляторыг нь авсан үгүйгээ санахгүй байгаа. Хэрэв аккумлятор авсан бол хаана тавьснаа санахгүй байгаа. Тухайн үед би нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хохирогч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11-р сарын 26-ны өглөө Мөрөн сумын ,, р багийн нутаг дэвсгэр хангамжийн худгийн хажуугийн хашааны үүдэн дээр машинаа 07 цаг 30 минутанд аваачиж тавьсан юм. Тэгээд айлын хашаанд орж малын мах ачааны машин руу ачиж байгаад 10 цагийн үед хашааны гадаа гарч ирээд машинаа асаах гэсэн чинь миний машины аккумулятор, үстэй дээл хоёр алга болсон байсан. Тэгээд тухайн үед 09 цагийн үед Абаа гэгч зүс таних архи уудаг нөхөр миний мах ачиж байсан хашаан дотор явж байсан болохоор нь би машинаас эд зүйлс алдагдсаны дараа машинд байсан эд зүйлсийг Абаа гэгч хулгайлж авсан байж магадгүй гэж бодсон. Тэгээд Абааг хайгаад явж байгаад Мөрөн сумын ,,, тоотоос төрсөн эгчийндээ байхад нь олсон. Тэгтэл Абаа миний машинд байсан дээлийг өмсчихсөн эгчийнхээ хашаан дотор явж байсан. Тухайн үед би шууд явж очоод дээлийг нь авсан. Тэгээд машины аккумляторыг асуухад манай гэрт байгаа гээд намайг дагуулж Мөрөн сумын 7-р хороонд гэрлүүгээ аваачсан. Тэгсэн чинь гэрт нь аккумлятор байгаагүй. Тэгээд цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шиг санагдаж байсан, нөхөр Д маань өглөө эрт мах ачихаар явсан. Тэгээд үдээс хойш 11 цагийн үед нөхөр маань надруу залгаад машины аккумлятор болон миний үстэй дээл хоёр хулгайд алдагдсан байна, би ямар ч байсан цагдаад тэмдэглүүлчихлээ гэж ярьж байсан. Нөхөр маань 12 цагийн үед намайг ирж гэрээс авсан, тэгээд би нөхөртэйгээ хамт зах орсон. Зах дээр очоод нөхөр маань Абаа нэртэй хүнийг хайсан, тухайн үед нөхөр бид хоёр нилээн удаан хайсан. Нөхөр бид хоёр Абаа гэгчийг хайж явж байгаад 4 дүгээр хороонд эгчийнх нь гэрт очсон. Тухайн үед нөхөр маань эгчийнх нь гэрлүү орчихоод Абаа гэгч залууг дагуулсаар гарч ирсэн, тэр залуу манай нөхрийн дээлийг өмсчихсөн гарч ирж байсан. Тэгээд нөхөр маань түүнээс дээлээ буцааж авсан. Нөхөр маань түүнээс аккумлятороо хаана байгааг асуухад гэрт байгаа гэж байсан, тэгэхээр нь түүнийг дагуулаад гэрлүү нь очиход аккумлятор маань байхгүй байхаар нь түүнийг цагдаад барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 5 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.Э нь урьд 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 68 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж тэнссэн, 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 236 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Э-ээс аккумляторын үнэ 135.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738004320010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 9 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 8.7, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт Б.Э бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-с 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч  М.Д-д олгосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 09 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  6. Эрүүгийн 1738004320010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.АРИУНЖАРГАЛ