Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0987

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* Б*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,

Маргааны төрөл: Хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нөхөн олгохоос татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. “******* Б*******” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг “******* Б*******” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, “******* Б*******” ХХК хооронд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр огноолсон “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар баталгаажуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шуудангаар Б******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэнийг нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авчээ.
  3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар удирдамжийн хүрээнд Б******* аймаг дахь гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг  хамруулж 2022 оны 02 дугаар сарын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд хяналтийг хэрэгжүүлсэн байна.

3.1. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр тайлант хугацааны нэхэмжлэлээ огт ирүүлээгүй гэрээт нэр бүхий 23, хугацаа хоцроож ирүүлсэн 3, нийт 26  эмийн сан, ковидын халдварын үед гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжллээ ирүүлээгүй 3 СЭМТ-ийн гүйцэтгэлийг хүлээн авахгүй, хянахгүй талаар мэдэгдэл хүргүүлж, энэ талаарх чанар, төлбөрийн хяналтын газар ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд хавсралтад зааснаар нэхэмжлэгч “******* Б*******” ХХК-ийг нэхэмжлэл ирүүлээгүй гэжээ.

3.2. Үүний дагуу Б******* аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр 2022 оны 02 дугаар сарын нэхэмжлэлээ тайлант хугацаанд ирүүлээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй талаар гэрээт эмийн сангийн эрхлэгч нарт мэдэгдсэн байна.

  1. Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ 25,906,031 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. 

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01929 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01678 дугаар магадлалаар “******* Б*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. 

  1. Нэхэмжлэгчээс даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн үнэ болох 25,906,031 сая төгрөгийг гаргуулахтай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандсан бөгөөд тус газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.
  2.  2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлээ гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6032 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
  3. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гомдол гаргасныг тус газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар албан бичгээр нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн байна.  
  4. Ийнхүү 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна. 
  5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Б******* аймгийн ******* суманд байрших ******* эмийн санг ажиллуулдаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий” жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ирсэн. Дээрхи харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.7, 3.1.8, 9.1.7 дахь заалтуудаар тодорхой зохицуулсан байдаг бөгөөд өмнөх онуудад тухайн сарын хөнгөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг дараа сарын 05-ны дотор Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст цаасан хэлбэрээр, мөн цахим хаягаар хүргүүлж эмийн үнийг авдаг байсан. 

2022 оны “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээний загвар өөрчлөгдөж батлагдсан тул 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээний маягтыг манай компанид ирүүлсэн. Тухайн үед ирүүлсэн гэрээний маягтыг өөрсдөд холбогдох хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн ба тэндээс Эрүүл мэндий даатгалын ерөнхий газарт хүргүүлж тус газрын дарга болон худалдан авалт, гэрээлэлтий газрын дарга нар гарын үсэг зурж, тамга дарж ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээ 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баталгаажиж хүчин төгөлдөр болсон юм. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар мэдсээр байж 2022 оны 02 дугаар сарын нэхэмжлэлээ тайлант хугацаанд ирүүлээгүй гэсэн шалтгаанаар эмийн хөнгөлсөн үний манай компанид нөхөж олгохгүй хохироож байна.

Тухайн үед “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2.4.4-т заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын эмийн үнийн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр баталгаажуулж цаасан хэлбэрээр Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн боловч тус нэхэмжлэлийг хугацаандаа ирүүлээгүй шалтгаанаар олгохоос татгалзаж манай компанийг хохироосоор байна. Манай компани анх даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг гаргуулахаар анх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх эмийн хөнгөлсөн үнэ болох 25,906,031 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх маргааны зүйл гэрээ нь захиргааны шинжтэй гэрээ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 117.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай магадлалд заасны дагуу манай компанийн нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу 2022 оны 02 дугаар сард даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжийн дагуу дээрхи асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хандсан боловч гомдлыг хангахгүй гэсэн хариуг ирүүлсэн тул дахин нэхэмжлэлээ гаргаж байгаа бөгөөд өмнөх хэргийн баримтыг бүхэлд нь хуулбарлан энэхүү хэрэгт бүрэн хавсаргаж өгнө үү.” гэжээ. 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан гэрээний 2.1.7-д төлбөрийн нэхэмжлэхийг хянах, санхүүжүүлэхээс татгалзах нөхцөлүүдийг заасан. 2.1.7.2-т гэрээний 2.4.4-т заасан хугацаа буюу дараа сарын 05-ны өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэхийг хянахгүй гэж заасан. Тэгэхээр гэрээний хугацаа хожимдож ирсэн. Энэ нь Монгол шуудан болон бусад баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэхийг хянахаас татгалзаж байгаа шалтгаанаа шүүхэд гаргахдаа Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, эсвэл буруу хаягаар нэхэмжлэх илгээсэн гэдэг. Энэ шалтгаанууд нь гэрээний 2.1.7-д хамаарахгүй. 2.1.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон бол гэж заасан. Хүндэтгэн үзэх шалтгаан байвал нэхэмжлэхийг хүлээн авч хянах ёстой. Бидэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Цахим шуудангийн хаяг өөрчлөгдөж байгаа, тухайн гэрээ хоцорч ирж байгааг урьдчилж сануулаад зааварчилгаа өгөх боломжтой байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүйд нь нэхэмжлэгч тал буруугүй гэж үзэж байна. Нэгэнт ард иргэдэд хөнгөлөлттэй жорын үйлчилгээгээ үзүүлсэн гэсэн нэхэмжлэхээ явуулсан учир хянах үүрэгтэй. Энэ эрхийг нээж өгөөч гэсэн хүсэлттэй байна.” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “… Манай байгууллага “******* Б*******” ХХК-ийн Б******* аймгийн ******* суманд байрших ******* эмийн сантай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулан ажиллаж байсан байна.******* Б******* эмийн сан нь Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2022 оны 2 дугаар сарын нэхэмжлэлээ тайлант хугацаандаа ирүүлээгүй гэрээт эмийн сангийн эрхлэгч нарт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр санхүүжилтийг олгох боломжгүй тухай албан бичгээр мэдэгдсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдийн дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан бичигт 2022 оны 03 дугаар сард санхүүжилтийг олгох боломжгүй тухай мэдэгдсэн тухай албан бичгийг дурдсан байна. Тус Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийг хүлээн авах, хянах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Тус байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ” гэж зааснаар тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагатай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний дагуу иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 05 дугаар тогтоол “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ыг мөрддөг байсан байна. Тус журмын 3.4-т Энэхүү журмын хавсралтаар тодорхойлсон чанар, төлбөрийн хяналтын үйл явцын зураглал доторх хяналтын дэс дарааллыг дараах байдлаар тайлбарлана. Үүнд: 3.4.1. Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналт нь эрүүл мэндийн байгууллага сар бүр үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг илгээх үйл явцаар эхэлнэ. 3.4.2. ЭМДЕГ нь эрүүл мэндийн байгууллагын ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авснаар нэхэмжлэлийн хяналт эхэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэл илгээх хугацааг Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээнд 2.4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ. 2.4.4. тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичиг заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэхээр хугацааг заасан.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тоот удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Нэхэмжлэлийн хяналтын мэргэжилтэн Д.З Б******* аймаг дахь гэрээт эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд дэмжлэгт хяналтыг хийж ажилласан байна. Тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим хаягаар тайлант хугацааны нэхэмжлэл, албан бичгийг ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудын нэхэмжлэлийг гэрээний 2.1.7 дахь заалтын дагуу хянах болон санхүүжүүлэхгүй талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг хяналтын ажилд Б******* аймагт үйл ажиллаагаа явуулдаг нийт 46 эмийн сангаас 23 эмийн сан тайлант хугацааны нэхэмжлэл ирүүлээгүй бөгөөд үүний дотор “******* Б*******” ХХК багтсан байна. “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2 дугаар зүйл Талуудын эрх, үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлс 2.4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 2.4.4. тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичиг заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх; үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул гэрээний 2.1.7. дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах; 2.1.7.2. гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл; гэж заасны дагуу "******* Б*******” ХХК нь Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2022 оны 2 дугаар сарын нэхэмжлэлээ тайлант хугацаандаа ирүүлээгүй нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэлийг хянахаас татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзэхээр байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албаны даргын хамтран баталсан “Б******* аймагт хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу Б******* аймаг дахь Эрүүл мэндийн байгууллагуудын тус байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилт, цахим жор бичиж буй эмч нарын жор бичилт, эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олголтын үйл ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэж харьяаллын дагуу Б******* аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа Хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэгт Б******* аймгийн эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сангууд, эмч нарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн. Тус эрүүгийн хэрэгт ******* Б******* эмийн сан холбогдон шалгагдаж байна. Манай байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль, журам, гэрээний хүрээнд жор бичих эрх бүхий эмч нар, эмнэлгийн байгууллагууд, эмийн сангууд үзүүлж байсан эсэхийг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байна. Иймд Захигааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх 65.1.3. “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж үзэхээр байна. Иймд хууль, тогтоол, журамд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэд хэдэн шалтгаан байна. Эхнийх нь “******* Б*******” ХХК нь 2022 онд регистрийнхээ дугаарыг буруу бичсэн өөрсдөөс нь болсон шалтгаанаар Б******* аймагт 2 ******* байсан. 1 нь эмийн сан, нөгөө нь эм хангамжийн газар байсан. Манайх эм хангамжийн газартай гэрээ байгуулж ажилладаггүй. Тэгэхээр ганцхан ******* Б******* гэдэг эмийн сантай гэрээ байгуулж ажилласан. Тухайн эмийн сан нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, эмийн сангийн стандартыг мөрдөж ажиллаагүйн улмаас Цагдаагийн газарт одоог хүртэл шалгагдаад явж байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд ч хамаарах нөхцөл юм. Эрүүгийн хэрэг шийдэгдээгүй байхад шийдэгдэх боломжгүй гэсэн заалт байгаа. Дараагийн үндэслэл нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Б******* аймагт дэмжлэгт хяналтын дагуу манайхаас ажилтан очиж ажилласан. Энэ хяналтаар нэхэмжлэхийг ямар нэгэн байдлаар үнэлээгүй. Яагаад гэвэл нэхэмжлэхийг илгээсэн бол манайх холбогдох нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байна. Нэхэмжлэхийг хүлээж аваад, хянаад, дагалдах хуудастай нэхэмжлэхэд мөнгөн төлбөр олгодог. Эднийх ямар нэгэн нэхэмжлэх илгээгээгүй байж төрийн байгууллагаас мөнгө гаргуулах оролдлого хийж байна гэж үзэхээр байна. Манайх Төсвийн тухай хууль болон холбогдох нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримтгүйгээр төсвийн байгууллагаас нэхэмжлэгдсэн мөнгийг гаргах боломжгүй. Нэхэмжлэхээ илгээгээгүй байхад манайх гаргаж өгөх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2022 оны 03 дугаар сард болсон хэрэгт манайх нэхэмжлэлийг хянахгүй талаар албан бичиг гаргасан нь үйл ажиллагаатай холбоотой баримт. 30 хоногийн дотор тухайн захиргааны байгууллагадаа гомдол гаргана, дараа нь дээд шатны захиргааны байгууллагад, дараа нь шүүхэд гомдол гаргах ёстой. Энэ дарааллаар явна. Хамгийн эхний гомдлыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан. Үүнээс өмнө гомдол гаргах боломж байхад гомдол гаргаж байгаагүй. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... гэрээт эмийн сангийн эрхлэгч нарт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр санхүүжилтийг олгох боломжгүй тухай албан бичгээр мэдэгдсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй байна.” гэж тайлбарлаж байна. 

1.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ 25,906,031 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 1.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01929 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01678 дугаар магадлалаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01929 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн санхүүжилтэд 25,906,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

1.3. Нэхэмжлэгчээс дээрх магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар  тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. 

1.4. Нэхэмжлэгчээс даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн үнэ болох 25,906,031 сая төгрөгийг гаргуулахтай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандсан бөгөөд тус газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээр хариу өгсөн байна. 

1.5. Энэхүү хариуг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1811 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл ирүүснийг бүрдүүлбэр хангуулаагүй гэх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн. 

1.6. Улмаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлээ гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6032 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

1.7. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гомдол гаргасныг тус газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар албан бичгээр хариу өгсөн тул 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна. 

1.8. Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.   

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Манай байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль, журам, гэрээний хүрээнд жор бичих эрх бүхий эмч нар, эмнэлгийн байгууллагууд, эмийн сангууд үзүүлж байсан эсэхийг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байна.” гэж тайлбарлаж байна. 

2.1. Хэрэгт авагдсан Б******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичигт “******* Б*******” ХХК болон холбогдох бусад хуулийн этгээд, албан тушаалтнуудад холбогдох хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа гэсэн боловч 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичигт хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цар хүрээнээс хамаарч одоогоор хэн нэгэн албан тушаалтан, хуулийг этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй талаар дурдсан байна. 

2.2. Иймд Нэхэмжлэгчээс “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон 2022 оны 02 дугаар сарын эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг “******* Б*******” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгчид 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээр нэхэмжлэл ирүүлээгүй гэж хөнгөлттэй эмийн үнийг олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэхэд дээрх цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал саад болохгүй гэж үзлээ. 

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.“Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.8.““даатгалын гэрээ” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг;”, 10 дугаар зүйлийн 10.1.“Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид гэрээ гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ.”, 10.2.“Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна.” гэж тус тус зохицуулжээ.

3.1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, “******* Б*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г  байгуулсан бөгөөд гэрээг баталгаажуулж  2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шуудангаар Б******* аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтооогдож байна. 

3.2. Маргаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээс үзвэл “... Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын нэхэмжлэлээ нэгэнт хугацаандаа ирүүлээгүй гэрээт эмийн сангийн эрхлэгч нарт 2022 оны дугаартай албан бичгээр санхүүжилтийг олгох боломжгүй тухай мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэл ирүүлээгүй эмийн сангуудын жагсаалтад уг эмийн сан багтсан байна.” гэжээ.

3.3. “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.1.7-д “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах;”, 2.1.7.2.“гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл”, 2.4.”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ:... 2.4.4.тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичиг заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх;”  гэж тус тус заажээ. 

3.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 25,906,031 төгрөгийн нэхэмжлэхийг Б******* аймаг Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ******* мэйл рүү “******* эмийн сан 2-ийн 2022 оны 02-р сарын 01-02.28-ний хооронд ЭМД-ын хөнгөлөлттэй эм олгосон нэхэмжлэл явууллаа.” гэх нэртэйгээр 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ******* гэсэн хаягнаас хүргүүлсэн баримтыг хавсаргаг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

3.5. Хэдийгээр нэхэмжлэгч нь өөрийн байгууллагын албан ёсны хаягаар явуулаагүй боловч ******* гэх мэйл хаягаар 2 дугаар сарын нэхэмжлэхийг Б******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байх ба хариуцагч нэхэмжлэгчийг нэхэмжлэл ирүүлээгүй эмийн сангуудын жагсаалтад уг эмийн сан багтсан гэсэн үндэслэлээр санхүүжилт олгохоос татгалзсан нь үндслэлгүй болжээ. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг “******* Б*******” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-д заасныг тус тус баримтлан “******* Б*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг “******* Б*******” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН