Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/889

 

   2023           8              31                                          2023/ДШМ/889

 

Л.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогч М.Б, Ц.Т,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2110 02068 1055 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

А овгийн Л.А, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай, /РД: ........../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн ...дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Л.А нь өөрийгөө Нийслэлийн орон сууцны корпорацид ажилладаг, түрээсийн байранд оруулж өгнө гэж хуурч, Буянт Ухаа хороололд байр үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан үргэлжилсэн үйлдлээр:

хохирогч М.Б-ээс Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ... хотхоны ....тоотоос 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг У.Э-ын дансаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас 2021 оны 01 дүгээр сарын 12-нд 1.500.750 төгрөгийг Ц-ийн дансаар тус тус дамжуулан, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөгийг Л.А-ийн дансанд тус тус шилжүүлж нийт 31.800.750 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хохирогч У.Э-ээс Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, .... хотхоноос 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 8 удаагийн гүйлгээгээр нийт 34.800.000 төгрөгийг Л.А, О.Х нарын дансаар шилжүүлэн авч залилсан,

хохирогч Ц.Д-ээс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Н-ийн дансаар 500.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр О.Х-ын дансаар 2.500.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр У.Э-ын дансаар 2.500.000 төгрөгийг тус тус дамжуулан нийт 7.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

хохирогч Ц.Т-ээс Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн .. банкны салбараас 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Э-ийн дансаар 7.500.000 төгрөгийг дамжуулан залилсан,

хохирогч Ц.Т-ээс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ... банкны .... дугаартай дансаар өөртөө шилжүүлж, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын автобусны орчимд 1.700.000 төгрөгийг бэлнээр авч 9.200.000 төгрөгийн хохирол учруулан залилж, нийт 90.800.750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-аас нийт 87.000.750 төгрөгийг гаргуулан, Ц.Д-д 5.000.000 төгрөгийг, Ц.Т-д 8.000.000 төгрөгийг, М.Б-д 30.750.000 төгрөгийг, У.Э-д 34.800.000 төгрөгийг, Ц.Т-д 9.200.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шийтгүүлэх болсон үйлдэлдээ харамсал илэрхийлж, гэмшиж байгаа бөгөөд энэ бүх байдлаа мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд бүхий л байдлаар хэлж, уг үйлдлийн хор уршиг, үр дагавар, гэмшиж байгаагаа эхнээс нь илэрхийлж ирсэн. Дээрх байдлыг ойлгон хүлээн авч, надад оногдуулсан 5 жилийн хорих ялын хугацааг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

1. Шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь талд байгаа “... хохирогч Ц.Д-ээс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н-ийн дансаар 500.000 төгрөг, 2.000.000 төгрөг ... шилжүүлэн авч залилсан...” гэсэн, 9 дэх талд “... хохирогч Ц.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн анх 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Л гэх хүн Буянт-Ухаа гэх газарт урьдчилгаагүй байр авах боломж байна авах уу гэхээр нь хүүхдүүддээ байр авъя гээд эхний удаа 2.000.000 төгрөгийг эхнэрийнхээ, 500.000 төгрөгийг найз Б-ийн данс руу авсан...” гэсэн, үүний доор байгаа хохирогч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “... би гэж хэлээд дараагийн өгүүлбэрт байгаа Л-той 2019 оны 4 дүгээр сард уулзсан...” гээд тус тус өгсөн мэдүүлгүүдээр энд дурдагдсан Л гэх хүн нь өмнө хохирогч Ц.Д-тэй холбогдож байсныг илтгэдэг бөгөөд миний бие энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа хохирогч Ц.Д-ыг залилсан гэх Л.А нь Л-тай анх 2020 оны 5, 6 дугаар сард танилцсан байдаг. Хэрэгт авагдсан бүх гэрчүүдийн болон хохирогч нарын, мөн Л-ын өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогддог. Иймд шийтгэх тогтоолд дурдагдсан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Миний бие 19.. онд төрсөн бөгөөд монголчуудын хэллэгээр ахмад настан болно.

3. Эрүүл мэндийн хувьд байнгын хууч байхгүй боловч амархан ядардаг, салгалдаг, биеийн ерөнхий чадвар байнга сул дорой байдаг.

4. Би хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж, гэмшиж байгаа бөгөөд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахад миний бие урт хугацааны турш хоригдох нь ямар ч ашиггүй, аль болох эрүүгийн хариуцлагаа хурдан хугацаанд хүлээж, чөлөөт иргэн болж, хохирол төлбөрийг барагдуулна гэсэн итгэл үнэмшил, үзэл бодолтой байгаа болно.

Дээрх дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан надад оногдуулсан 5 жилийн хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүх хуралдааныг хурал давхацсан гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүх хүлээж аваагүй. Уг хэрэгт хохирогч гэх Э, Э, Л нар нь энэ хэрэгт хамтран оролцсон. Э нь хохирогч нарын мөнгийг аваад шүүгдэгч Л.А-д болон бусад хүмүүст дамжуулан өгсөн нөхцөл байдал тогтоогддог. Гэтэл Э нь хохирлыг төлсөн гэх утгаар уг хэрэгт хамааралгүй болсон. Шүүгдэгч Л.А нь 60 настай, гэр бүлийн хувьд бага насны хүүхэдтэй, биеийн байдал нь сул хүн байдаг. Мөн ар гэрийнхэнтэй нь холбогдоход ах, дүү нар нь хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Хохирогч М.Б-ын хохирлыг бага багаар төлөх асуудал яригдаж байгаа. Иймд шүүгдэгч Л.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.А надаас 31 сая төгрөг аваад өгөөгүй 3, 4 жил болж байна. Би төрийн албанд 40 жил ажилласан. Үүнийг минь төр үнэлж 30 сая төгрөг өгсөн. Уг мөнгөө энэ хүнд өгөөд алдсан. Амьдралдаа ашиглах байсан мөнгөө залилуулсандаа маш их гомдолтой байна. Шүүгдэгч Л.А залилан хийгээд сурсан мэргэшсэн хүн байсан. Ямар үндэслэлээр ял хөнгөрүүлэх гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Хохирлоо гаргуулж авмаар байна. Бүлэглэж залилсан байхад нэг нь ялыг нь үүрч байгаа болох нь харагдаж байна. Бусад хүмүүсийг нь шалгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 8.000.000 төгрөгөө залилуулсан. Энэ хохирлоо гаргуулж авмаар байна. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Л.А нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан. ... Хохирогч Д-ээс 7.500.000 төгрөгийг залилан авсан гэж яллах дүгнэлтэд дурдсан. Хохирогч Д-д анхан шатны шүүх хуралдаанд оролцоод 2.500.000 төгрөгийг авсан болохоо тайлбарлаад, 5.000.000 төгрөгийг Х-ын данс руу шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Л.А 5.000.000 төгрөгийг Д-ээс авсан асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт яриад Д-д 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Шүүх шүүгдэгч Л.А-аас 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Л.А нь 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .... дүгээр албан бичигт “...Л.А-ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ өдрийн байдлаар тооцоход 2 сар 24 хоногийн ялыг эдэлж, 9 сар 6 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй...” талаар дурджээ.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд, Л.А нь өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах”, 6.9 дүгээр зүйл “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” талаар зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд тус тус хамаарч байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Л.А-ийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгдэгч Л.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Л.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР