| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 129/2025/00052/И |
| Дугаар | 301/ШШ2025/00093 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 301/ШШ2025/00093
| 129/ШШ2025/00093 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У.... хот, Ч.... дүүрэг .....дүгээр хороо, С..... талбай, Г..... ба.... төв байран байх Г.... ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн .....сум, ..... дүгээр баг, ..... тоотод оршин суух, Б....овогт Ц......ийн Б-д холбогдох,
13,219,698.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У.... /цахимаар/, хариуцагч Ц.Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б ХХК 13,219,698.51 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Нэхэмжлэгч Г.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь Цэрэндорж овогтой Ц.Бтой 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/КР/.... тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны дууссан боловч Ц.Б-нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Иймд Ц.Б....оос ЗГ/КР/.... тоот гэрээний үүрэгт 13,219,698.51 төгрөгийг гаргуулж Г.Банд олгуулж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ц.Б холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан. Үүнээс хойш биш 2021 оны 11 дүгээр сард дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Буцаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нь тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдож байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болсон захирамж гарсан. Манайх Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 6 дугаар хэлтсээс Ц.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд оршин суудаг болох нь тогтоогдсон гэсэн албан бичиг явуулсан. Тэгээд би Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа бид дахин 6 дугаар сарын 06-ны өдөр эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Ингээд Чингэлтэй дүүргийн шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлах захирамж гарсан....Г.Б нь Ц.Б-той 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/КР/.... тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны дууссан боловч Ц.Б нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Иймд Ц.Ц.Боос ЗГ/КР/1.... тоот гэрээний үүрэгт 13,219,698.51 төгрөгийг гаргуулж Г.Б-анд олгуулж гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна..”
1.3 Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц овогтой Б миний бие анх Г.Б-наас 3,000,000 төгрөгийн карт авсан. Төлж явах явцад корона гарч үйл ажиллагаа зогссон. Үүний дараа миний бие муудаж элэгний хатуурал гэж оношлогдож эмнэлгээр явж байна. Одоо группэд байдаг. Байнгын эмчилгээтэй байдаг тул үндсэн 3,000,000 төгрөгийг төлж барагдуулмаар байна. 10,219,698 төгрөгийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний биеийн байдлын нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.
1.4 Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ковид-19 өвчин гараад 3 жил үйл ажиллагаа явуулж чадаагүй. Түүний дараа бие өвдөөд хувь хүмүүсээр эмчилгээ хийгээд эмчлүүлж байгаад Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтанд орсон. Элэгний хатуурал В вирустэй гэж оношлогдсон. Үндсэн төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй байна. 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Цаашид төлөх чадваргүй байгаад байна...” гэжээ.
2. Нэхэмжлэгч байгууллагаас
- 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 9007001012 дугаар “Улсын бүртгэлийн гэрчилгээ”,
- 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/КР/.......... дугаар “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”, кредит картын тооцооллын хүснэгт,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаар шийдвэр,
- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2235 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2640 дугаар шийдвэр,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 552 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан тухай” шүүгчийн захирамж,
- Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 28и3/1999 дугаар “Эрэн сурвалжлалтыг зогсоох тухай” албан бичиг,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2089 дугаар шийдвэр,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 448 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан тухай” шүүгчийн захирамж,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 356 дугаар шийдвэр,
- Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15118 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан тухай” захирамж,
- Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9444 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан тухай” захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б ХК хариуцагч Ц.Б холбогдуулан 2,999,462.91 төгрөг, зээлийн хүү 4,716,900.61 төгрөг, хуримтлагдсан хүү нь 4,389,014.83, эрх хэтрүүлсний хүү 1,114,120.16 төгрөг нийт 13,219,698.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Г.Б нь Цэрэндорж овогтой Ц.Б-той 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/КР/17122601 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны дууссан боловч Ц.Б-нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Иймд Ц.Ц.Боос ЗГ/КР/1..... тоот гэрээний үүрэгт 13,219,698.51 төгрөгийг гаргуулж Г.Банд олгуулж өгнө үү. Манайх улсын тэмдэгтийн хураамжид 224,049 төгрөгийг төлсөн. Үүнийгээ мөн нэхэмжилж байгаа гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Ц.Б нь кредит карт эзэмших гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй кредит картын эрх нээлгэн авчээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан, талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан ба иргэн Ц.Б нь кредит картыг ашиглан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч ашигласан талаараа тайлбар гаргасан, мөн хэрэгт авагдсан гэрээнд гарын үсэг зурсан байдлын талаар маргаагүй зэрэг байдлуудаас тэдний хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.
Нэхэмжлэгч Г.Б Х Компани, хариуцагч Ц.Б нарын хооронд үүссэн харилцаа нь нэг талаас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд буюу банк Г.Б наас зээлийн үйл ажиллагаа явуулсан байх тул тэдгээрийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа мөн байх бөгөөд Г.Б ХКомпани, хариуцагч Ц.Бнарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/КР/17122601 дугаартай “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” нь Иргэний хуулийн 451.1, 451.2, 452.2-т нийцсэн байна.
Хариуцагч Ц.Б2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд тус зээлийн эрх бүхий картнаас 8,206,800 төгрөгийг авч, 5,207,377.09 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,999,462.91 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан кредит карт тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Иргэний хуульд мөнгөн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг ба нэхэмжлэгч Г.Б хариуцагчаас мөнгөн төлбөрөө гаргуулахаар шүүхэд 2021 оны 09 сараас эхлэн шаардлага гаргасан байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулахаар шаардах шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу түүний нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дуусаагүй байна гэж үзэх үндэстэй.
Хариуцагч Ц.Б үндсэн зээл 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, өвчний улмаас хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг шүүхэд гаргасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж тус тус заасан байх тул “Г.Б” ХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Хариуцагч Ц.Бнь өвчний улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг татгалзсан нь түүнийг энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Ц.Боос үндсэн зээлийн үлдэгдэл 2,999,462.91 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,389,014.83 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,114,120.16 төгрөг, шимтгэл 200 төгрөг, нийт 13,219,698.51 төгрөгийг гаргуулан “Г.Б” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц.Боос улсын тэмдэгтийн хураамж 224,049 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 -т заасныг баримтлан хариуцагч Ц.Боос үндсэн зээлийн үлдэгдэл 2,999,462.91 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,389,014.83 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,114,120.16 төгрөг, шимтгэл 200 төгрөг, нийт 13,219,698.51 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.Б” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамж 224,049 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР