Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 21

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

             Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Шүүгдэгч М.Б өмгөөлөгч: И.Олонмөнх, Н.Энхбат

Шүүгдэгч С.Төмгөөлөгч: Б.Оюунтунгалаг

Шүүгдэгч С.Төмгөөлөгч: И.Оюунгэрэл

Иргэдийн төлөөлөгч: О.Баасан

Шүүгдэгч: М.Б, С.Т, С.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, С.Т, С.Т нарт холбогдох 201616000258 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч М.Б, С.Т, С.Т нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, танхайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг, Зүүнсайханы 1 дүгээр гудамжинд хохирогч Р.Мийн эрүүл мэндэд халдаж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон талаар яллах дүгнэлтэд дурьджээ.  

Шүүгдэгч М.Б, С.Т, С.Т нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Р.Мтэй маргалдаад цээж юмуу нүүрэнд нь цохьсон. Яг хаана нь яаж цохисноо санахгүй байгаа. Маш хурдан болсон. Бямбачулуун, С.Т нартай нийлж бусдыг зодож гэмтээсэндээ гэмшиж байгаа. Хөнгөн гэмтэл учирсан байх гэж л бодсон. 7 жилийн ял оногдуулсан. Бага биш боловч тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага ял гэдгийг мэдэж байна. Гэвч миний хувийн байдлыг харгалзан үзэж бага ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би Р.Мөд хүнд гэмтэл учруулсан гэж бодож байгаа. Намайг уучлаарай. Хохирогч Р.Мөд цаашид гарах эмчилгээний зардал, хохирол мөнгийг төлнө.

Шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид 3 уулзчихаад явж байсан. М.Б ард бие засна гээд үлдсэн. Араас дуудахаар нь очсон чинь Р.М хажууд нь байсан. Яасан юм гэсэн чинь томорсон, дээрэлхсэн гэсэн. Баярмагнай нэг шанаадсан. Бямбака цохиод өшиглөөд байхаар нь би салгаж авсан. М.Б салгаад авсны дараа найз нь гээд залуу ирсэн. Найз нь хашгираад байхаар нь зодох гэж байгаа юм болов уу? гэж бодоод зугтсан.

Шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид 3 согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. М.Б ард үлдээд ирэхгүй байхаар нь эргээд хүрээд очсон чинь нэг хүн цаана нь байсан. Тэр өдөр Баярмагнай очоод муудалцаад Баярмагнай Р.Мийг өшиглөсөн. Маш хурдан болж өнгөрсөн, зуураад, салгаад тийм үйлдэл болсон. Нэг сайн санаанд орж ирэхгүй байна.

Хохирогч Р.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Мөнхбат манайд ирээд хоночих гээд 2 талаасаа уулзахаар болсон. Тэгээд Зүүнсайханы 1-р гудамжны баруун дээд үзүүрээр тойрох явцад цэрэг хувцастай хүн зогсож байсан. Харанхуй байсан, би утсаар Мөнхбаттай яриад зүүн зүгт явахад нөгөө цэрэг хувцастай залуу 2 залуутай хамт араас гүйж ирээд цэрэг хувцастай нь хаачих гэж байгаа юм гэхэд нь гэртээ харих гээд явж байна гэхэд  зүүн талын гараараа шууд цохисон. Яасан юм бэ, хүн андуураад байгаа юм уу гэсэн чинь гурвуулаа миний тал бүрээс цохиод, өшиглөөд, дэвсэж зодсон. Би босож чадахгүй байсан. Энгийн хувцастай 2 хүн 2 талаас сугадаж аваад чирээд хойд зүгт явж байхад манай найз Мөнхбат өөдөөс гараад ирсэн. Юу болж байна, яасан гэсэн энгийн хувцастай өндөр биетэй нь Мөнхбатын баруун талын нүд рүү нь гараараа цохичхоод гурвуулаа зүг зүг рүү зугтаагаад явсан. Мөнхбат араас нь хөөгөөд гүйцээгүй эргээд ирсэн. Мөнхбат намайг чирэгдээд явж байхад таарахдаа согтуу хүнтэй хамт явж байсан. Мөнхбат согтуу хүнээ намайг амдахад гудамжинд тасарсан байхаар нь аваад явж байгаа юм. Тэр согтуу хүн нь намайг зодсон 3 хүнтэй хамт архи уусан. Манай найзууд байгаа юм гэсэн. Тэр 3 зугтаасны дараа Мөнхбат нөгөө дагуулж явсан согтуу хүний гэр рүү нь яриад согтуу хүнийг эмэгтэй хүн ирж авсан. Тэгээд Мөнхбат намайг гэрт чинь хүргээд өгье гээд аваад явахад нь миний ярьж байсан гар утас алга байхаар нь зодуулж эхэлсэн газраа очиж утсаа хайгаад 89976280 гэсэн өөрийн дугаар руугаа Мөнхбатын дугаараас залгасан дуудаж байгаад утас холбогдохоо байсан. Би гэр рүүгээ явах гэсэн явж чадахгүй гэдийж, амьсгаа авч гишгэж болохгүй байсан болохоор найз Мөнгөнчимэгийн гэрт Мөнхбаттай хамт очоод тэндээ хоносон. Маргааш нь Мөнхбат согтуу залуугийн гэрт нь очоод шөнө манай найзыг зодсон хүмүүсээ олж өг гэсэн. 2 залуу ирээд уучлаарай, бие нь гайгүй юу гэсэн цэрэгтэй уулзах гэсэн цэргийн байрнаас гаргаагүй. Тэр өдөр өндөр биетэй залуугийн ээж цэрэгт чөлөө авч өгсөн. Ах нь гэсэн нэг ах нар ирээд бие чинь өвдөөд байгаа бол эмнэлэгт үзүүлье гээд очсон. Цээжний зураг аваад 4 хавирга хугарсан уушиг дарагдсан байна хэвтэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэхэд 313.420 төгрөг төлөх ёстой гэсэн. Мөн аппарат тавиулсан 230.000 төгрөг гэсэн. Эдгээрийг өндөр биетэй залуу цэргийн ах нар төллөө гэсэн. Би 8 хоноод эмнэлгээс гарахад 8 төрлийн эм бичиж өгсөн. Тэр эмийг ар гэрийнхнээс нь авч өг гэсэн авч өгөөгүй. Өөр мөнгө авсан зүйл байхгүй байгаа. Нүд хөхөрч хавдсан, уруул язарсан, зүүн гарын ар тал шалбарсан, зүүн талын цавь хөхөрсөн, зүүн талын цээжний хэсэг тэр чигээрээ өвчтэй, амьсгаа авч чадахгүй байсан. Эмнэлэгт үзүүлэхэд 4 хавирга хугараад уушгиндаа хүрээд уушиг шалчийсан байна, цавины дотор талын судас нь тасарсан байна гээд эмнэлэгт уушигны эмчилгээ яаралтай хийлгэсэн. Мөнхбатын дагуулж ирсэн хүн зодсон хүмүүсийг танина гэхээр нь маргааш нь уулзаж байгаад болъё гээд хэлээгүй. Маргааш нь ар гэрийнхэн нь цагдаад битгий хэлээч гэснээр хэлээгүй байж байгаад ар гэрийнхнээс нь би хот руу явж нарийн зураг авахуулъя, мөнгө хэрэгтэй байна гэсэн. Мөнгө өгөхгүй гээд цагдаад өргөдөл өгөх болсон. Эхлээд цэрэг хувцастай нь нүд рүү цохиод гурвуулаа намайг зодож эхлээд, зугтаах гэсэн унагаж байгаад дэвсэж, өшиглөж зодсон. Яг хэн нь яаж зодсоныг харах боломж байгаагүй. Би гэрээс гарахдаа ЭС-4, Нокиа-30 2 утастай гарсан байсан. Маргааш нь намайг зодсон гэсэн 2 залуутай 2 залуу хамт ирсэн байсан. Хамт ирсэн 2 залуугийн нэг нь миний Нокиа утсыг гаргаад ирсэн. Эс-4 утсаа төлүүлж авна, хот руу явж уушгиа эмчлүүлнэ, зардлыг тооцож байгаад дараа нь нэхэмжлье, Зодуулж байхыг харсан хүн байхгүй. Зодуулчхаад чирэгдээд явж байхад Мөнхбат таарсан. Зүгээр байж байгаад зодуулсандаа их гомдолтой, усаа ч авч чадахгүй байгаа. Мөнхбатын гэр Баруунсайханд байдаг. Манай гэр ногооны талбайн урд талд байдаг” гэсэн мэдүүлэг/хх-ийн 8-10-р хуудас/,

Хохирогч Р.М мөрдөн байцаалтын шатань дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед Зүүнсайханы 1-р гудамжны дээд үзүүрээр нь тойроод 1, 2-р гудамжаар доошоо уруудаад явсан. Тэгж тойрч гарч явах үед нэг цэрэг хувцастай хүн 2-р гудамжны урд талд нь зогсож байсан. Хажуугаар нь би утсаар яриад өнгөрсөн. Тэгээд өнгөрөөд явж байтал араас гурван хүн болоод гүйгээд ирсэн. Тэгээд надаас цэрэг хувцастай нь хаашаа явж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би харих гээд явж байна гэж хэлсэн чинь намайг шууд цэрэг хувцастай нь цохиод авсан. Миний шанаа хавьд оносон. Тэгэхээр нь би юу болж байна, яаж байгаа юм гэсэн чинь хэдэн талаас бариад авсан. Тэгээд дахиад нүүр рүү хэд цохисон. Тэгээд газар уначихсан. Унасан хойно дээрээс дэвслээд, өшиглөөд байсан. Тэгж байгаад болиод хоёр энгийн хувцастай нь сугадаад босгоод чирээд явсан. Тэгтэл манай найз Мөнхбат өөдөөс гараад ирсэн. Мөнхбат намайг харчхаад юу болж байна гэх зүйл ярьсан чинь гурвуулаа зугтаасан. Би бол тэр гурвыг гурвуулаа нийлээд л зодсон гэж бодож байна. Дээрээс л дэвсээд байсан. Ямар ч байсан цэрэг хувцастай нь миний зүүн талын шанаа руу цохисон. Тэгээд зууралдсан. Дахиад хэнийг нь мэдэхгүй нүүр рүү хэд хэд цохиод авсан. Тэгээд би газар унасан. Тэгээд миний дээрээс л дэвсээд байсан. Чухам яг хэн нь хаана хаана цохисон талаар мэдэхгүй байна. Би нүүр рүүгээ цохиулчих байх гээд нүүрээ хоёр гараараа хаагаад хэвтсэн. ...Зүүн хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Судас тасарсан байна гэж байсан. Зүүн талын 4 хавирга хугарсан. Зүүн уушиг дарагдаж хийгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд аппаратанд орж босгоно гээд аппаратанд оруулсан. Дахин эмчилгээ хийлгээрэй гэж эм тариа бичиж өгсөн. Тэрийг нь авах гэхээр мөнгө байхгүй авч чадахгүй байгаа. Би дахин эмчилгээ хийлгэж үзүүлж харуулмаар байна. Өмнөх эмчилгээнд гарсан зардлыг буюу эмнэлэгт хэвтсэн 313000 төгрөгийг болон аппаратанд орсон 230000 төгрөгийг төлсөн...гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-р хуудас/,

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Мийг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт: Баярмагнай нь шар эрээн цэргийн дүрэмт хувцастай явж байсан. Доогуураа хар өнгийн хагас түрийтэй, үдээстэй гуталтай явж байсан. Бямбачулуун нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. хөлдөө пүүзтэй байсан. Би өнгийг нь сайн санахгүй байна. С.Т болохоор урт хар өнгийн куртиктэй шар өнгийн үдээстэй өвлийн гуталтай. Өмдийг нь сайн мэдэхгүй байна. Намайг Зүүнсайханы 1-р гудамжны дээд үзүүрээр доошоо тойроод гараад ирсэн чинь цэрэг хувцастай хүн нь буюу Баярмагнай ганцаараа зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь ямар нэг зүйл яриагүй гараад явсан. Тэгээд намайг доошоо явж байхад араас цэрэг хувцастай Баярмагнай бас 2 залуутай хамт гүйгээд гараад ирсэн. Тэр хоёр залуу нь С.Т, Бямбачулуун нар байсан. Би сүүлд нь нэрийг нь мэддэг болсон. Тэгээд ирээд Баярмагнай нь надаас хаачих гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би харих гээд явж байна гэж хэлсэн чинь Баярмагнай шууд миний зүүн талын шанаа руу цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байна, юу болж байна гэж хэлсэн чинь хажуунаас нь Бямбачулуун нь миний нүүр рүү гараараа бас цохиод авсан. Тэгэхээр нь би Бямбачулуунаас зуураад бариад авсан чинь нөгөө хэд нь бас хэдэн талаас бариад авсан. Тэгээд би газарт унасан. Яагаад унасныг мэдэхгүй байна, зууралдаж байгаад унаад өгсөн. Тэгээд газар уначхаад би биеийнхээ баруун хэсгээр хэвтээд нүүрээ хоёр гараараа дараад хэвтсэн. Тэгэхэд хэдэн талаас өшиглөөд, дэвслээд байсан. Тэгээд нүүр рүү хэнийг нь мэдэхгүй нэг нь юм уу 2, 3-лаа ээлжлээд өшиглөөд байгаа юм уу, мэдэхгүй ямар ч байсан өшиглөөд байсан. Тэр үед би нэг хөлийг нь бариад авсан. Тэгэхэд тэр нь шар өнгийн гуталтай хүн байсан. Сүүлд харахад С.Т миний харсан уг шар өнгийн гутлыг өмсчихсөн явж байсан. Тэгж шар өнгийн гуталтай хөлийг барих үед миний биений энд тэнд бас өшиглөж байсан. Чухам яг хэн хэн миний хаана хаана цохиж, ямар гэмтэл учруулсныг ялгаж мэдэхгүй байна. Тэгээд гэнэт болиод С.Т, Бямбачулуун хоёр нь миний хоёр талаас сугадаад босгосон. Тэгээд хойшоо явахад өмнөөс манай найз Мөнхбат бас нэг хүнтэй хамт гараад ирсэн. Хамт явж байсан хүнийг Мөнхбат нь гудамжинд унтаж байхад нь босгоод аваад явж байсан юм билээ. Тэгээд Мөнхбат хөөе юу болж байна гэхэд нэг нь бас Мөнхбатыг нүд рүү нь цохичхоод зугтчихсан. Урагшаа 2 гудамжны урд өндөр цамхагт гэрэл байдаг юм. Ерөнхийдөө тэрний гэрэл бага зэрэг гэрэлтүүлж байсан. Бусдаар бол харанхуй байсан. Би зүүн талаараа удаан хэвтэж чадахгүй байгаа. Цаашдаа биеэ эмчлүүлэх шаардлагатай байна” гэсэн мэдүүлэг /хх- ийн 108-109-р хуудас/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад утсаар яриад найз Р.Мийг ханьтай гэрт ирээд хонооч гэж гуйгаад өмнөөс нь амдаж авахаар болсон. ...Өмнөөс хэдэн хүн гараад ирсэн. Хажуугаар нь зөрөх гэсэн Р.М 3 хүний голд нүүр ам нь цус болсон байхаар нь юу болж байна гэсэн. Үг дуугүй нэг нь миний баруун талын нүд рүү гараараа цохичхоод тал тал тийшээ зугтаасан. ...Тэгээд явах гэсэн Р.М эвхрээд явж чадахгүй, цээж рүү өвдөөд байна, хөл гишгэж чадахгүй байна гэсэн. ...Тэгээд Р.Мийн гэр рүү явах гэсэн Р.М явж болохгүй байна гээд Ногоочдын 1-20 тоотод Мөнгөнчимэгийн гэрт очоод тэндээ бид 2 хоносон. ...Яасан, юу болсон гэж өөрөөс нь асуухад цэргийн хувцастай хүн ирээд шууд цохьсон, огт юу ч болоогүй байхад зодсон гэж байсан. Зүүн нүдний доод талд хавдсан зүүн гарын ар тал шалбарсан, зүүн цээжний хэсэгт улайсан зүүн цавь нь улаан хөх болсон байсан. Хувцасаа тайлж болохгүй байна гэхээр нь би тайлж харж байсан. Эмнэлэгт очсоны дараа хавирга хугарсан, уушги гэмтсэн гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Шүүгдэгч С.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найзууд болох Мөнхдөл, Бямбачулуун бид гурав 18-19 цагийн үед байх Дундсайхан хорооллын зүүн талд байдаг “60х60” нэртэй авто засварын газрын хажуугаар явж байтал тэр авто засварын газрын үүдэнд зогсож байсан нэг цэргийн хувцастай хүн дуудсан. Тэгэхээр нь бид гурав явж очсон. Тэгсэн чинь тэр цэрэг караоке хаана байдаг талаар асуугаад, бид гуравтай танилцъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав нэрээ хэлээд танилцсан. Тэр цэрэг өөрийгөө Баярмагнай гэж танилцуулсан. Тэгэхээр нь Онги караокег зааж өгсөн чинь наана чинь манай дарга нар байгаа орж болохгүй гээд байсан. Тэгж юм ярьчихаад бид гурав явлаа гэсэн чинь байж бай ярилцъя гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв урагшаа алхаад явсан. Явж байх замдаа архи авч уухаар болсон. Тэгээд дэлгүүр орохоор болоод Хүрмэн дэлгүүр рүү явсан. Тэгж явахдаа би замаараа Зүүнсайханы 05-11 тоотод дэлгүүрээс авсан цамц, куртик гутлаа тавих гэсэн чинь гэрт хүн байхгүй байсан. Тэгээд чигээрээ Хүрмэн дэлгүүр орсон. Тэндээс 0,75 литрийн Стандарт нэртэй архи 1 шил, том хүрэн савтай Боргио пиво 1 ширхэгийг авсан. Тэгээд уг дэлгүүрээс дээхэн талд байдаг хуучнаар цэргийн худалдааны ар талд очиж суусан. Тэгсэн чинь тэндээс хүн хөөсөн. Тэгэхээр нь тэндээс холдоод урагшаа яваад Эрдмийн харш сургуулийн зүүн талд очоод нөгөө архи, пивоо бүгдээрээ хувааж уусан. Архи пивоо бүгдийг нь ууж дуусгачхаад дахиад архи авахаар болоод Хүрмэн дэлгүүр рүү явсан. Тэгэхэд Мөнхдөл хүүхдээс ном авна гэж хэлээд салаад явсан. Тэгээд Бямбачулуун, Баярмагнай бид гурав мөн 0,75 литрийн Стандарт нэртэй архи 1 шил, том хүрэн савтай Боргио пиво 1 ширхэгийг авсан. Тэгээд Хүрмэн дэлгүүрийн урд талын гудамжинд очоод пивоо гурвуулаа хувааж ууж дуусгасан. Тэгээд архиа Эрдмийн харш сургуулийн зүүн талд очиж ууя гээд явж байсан. Тэгсэн чинь Баярмагнай бид хоёрыг түрүүлээд явж бай гэж хэлээд бие засахаар үлдсэн. Тэгээд бид хоёр түрүүлээд явж байтал ардаас Баярмагнай бид хоёрыг хөөе гээд дуудсан. Тэгээд эргээд хартал М.Бийн цаана нь нэг хүн явж байгаа харагдсан. Баярмагнай бид хоёрыг дуудчихаад бид хоёр руу гүйгээд ирсэн. Тэгээд тэр намайг сая зогсоож жагсаасан гэж хэлсэн. Тэгээд бид гурав араас нь гүйж очсон. Баярмагнай түрүүлж очоод тэр хүнийг шууд шанаадаад авсан. Тэгсэн чинь тэр залуу яаж байнаа гээд нүүрээ дараад доошоо болсон. Тэгсэн чинь Бямбачулуун хажуугаар нь ороод тэр залууг мөн хоёр гурван удаа нүүр рүү нь цохих шиг болсон. Тэгэхээр нь би Бямбачулууныг гарнаас нь татаад салгасан. Тэгээд харахад нөгөө хүн газар уначихсан нүүрээ хамгаалаад хэвтэж байсан. Баярмагнай нь хөлөөрөө тэр газар уначихсан байсан хүнийг өшиглөж байсан. Тэгээд би М.Б цааш нь түлхэж болиулаад газар уначихсан байсан залууг Бямбачулуун бид хоёр өргөөд босгосон. Тэгээд сугадаад хэд алхсан чинь хашааны буланд гар утасны гэрэл нь асчихсан байгаа харагдсан. Тэгэхээр нь хэнийх нь утас юм бол гээд авсан. Тэгтэл Мөнхдөл бас нэг хүнтэй хашааны булан тойроод гараад ирсэн. Мөнхдөлийг тэр хүн хажуудаа барьчихсан явж байгаа харагдсан. Тэгсэн чинь тэр хоёрыг харсан нөгөө зодуулдаг залуу бариад аваарай ч гэлүү, тэр залууг л таньдаг бололтой юм ярьсан. Тэгсэн чинь Бямбачулуун зугтаарай гээд зугтаахаар нь хамт гурвуулаа зугтаасан. Тэгээд чигээрээ дээшээ зугтаагаад явсан. Буцаад дахиад очсон үгүйгээ мэдэхгүй байна. Би бас согтуу байсан учраас зарим зүйлээ мартаад байна. Ямар ч байсан миний барьж байсан гар утас нь дуугарсан. Тэгэхээр нь аваагүй тасалчихсан. Тэгээд нэг мэдсэн чинь Бямбачулуун байхгүй, Баярмагнай бид хоёр үлдчихсэн байсан. Тэгээд бид хоёр манайд байдаг нэг найзынд очсон чинь эгч нь хөөсөн. Тэгээд Баярмагнай нэг мэдсэн чинь яваад өгсөн байсан. Би тэгээд гэр рүүгээ харьсан. Харин сүүлд нь сонсоход Мөнхдөл согтчихсон газар сууж байсантай Мөнхбат таараад гэр рүү нь хүргэж өгөхөөр аваад явж байсан юм билээ. Янз бүрийн зүйл барьж зодоогүй. Баярмагнай эхлээд шанаадаад авсан. Бямбачулуун хажуугаар нь ороод хоёр гурав цохиж байгаа харагдсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө залуу газар уначихсан. Нүүр толгойгоо хамгаалаад хэвтсэн. Тэгэхээр нь би Бямбачулууныг татаад салгасан. Тэр хоёрт хоёуланд нь боль гэж хэлсэн. Тэгэхэд Баярмагнай нь дээрээс нь дэвсээд байгаа харагдсан. Яг хаана нь дэвсээд байсныг мэдэхгүй байна. Тэгээд Бямбачулуун бид хоёр М.Б боль гээд түлхээд салгасан. Согтуу нь согтуу байсан. Гэхдээ юу болж байгааг тухайн үедээ ойлгож мэдэж байсан. Тэр хоёр бас нилээн согтуу байсан. Баярмагнай бүр манай найзынд очиход тасраад унтчихаад босохгүй байсан. Би надад сонсгосон ялыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би огт хэрэг үйлдээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би хөх өнгийн урт куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, өвлийн шар өнгийн богино түрийтэй гуталтай, цэнхэр өнгийн зуны саравчтай малгайтай байсан. Бямбачулуун болохоор богино хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, улаан өнгийн зуны пүүзтэй байсан. Толгойдоо хар өнгийн зуны саравчтай малгайтай байсан. Баярмагнай цэргийн дүрэмт хувцастай байсан. Хар өнгийн хагас түрийтэй гуталтай байсан. Энд надад байгаа би аваад ирсэн байна. Миний хөлнөөс Р.М барьсан гэх зүйлийг би лав мэдээгүй. Р.Мийг эмнэлэгт хэвтэж байхад нь Бямбачулуун бид хоёр эргэж очиж байсан. Тэгэхэд Р.М надаас ямар гутал өмсөж байсан юм бэ гэж асууж байсан. Тэгэхээр нь би тухайн үед мөн нөгөө шар гуталтайгаа явж байсан учраас энэ шар гуталтай явж байсан гэж хэлж байсан. Гутал л асууж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35- 38, 112-р хуудас/,

Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай холын хамаатан ах болох Батаа гэж хүн намайг мэдээгүй байхад чөлөө хөөцөлдөөд авчихсан байсан юм. Батаа ахын талаар ээж тангарагын баяраар ирчхээд энд байдаг юм байна лээ гэж хэлж байсан. Би 15 цагийн үед чөлөөгөөр гарчхаад Батаа ахын гэрт нь очсон. Тэднийд хоол унд хийлгэж идчихээд орой 18-19 цагийн үед дэлгүүр орж захны даавуу, гутлын тос авахаар гарсан. Батаа ахынх Хийдийн 3-8 тоотод гэж байсан. Тэгээд би эндэхийнх биш учраас дэлгүүрийн нэрийг нь мэдэхгүй байна. Гэрээс нь гараад баруун талд нь байх засмал зам хөндлөн гарч нэг дэлгүүрт орсон. Тэгээд захны даавуу хийх даавуу байхгүй байсан. Дэлгүүрээс би 0,5 литрийн Касс нэртэй пиво аваад гарсан. Гараад уг дэлгүүрийн үүдэнд тамхи татаад зогсож байтал 3 залуу ирсэн. Тэгээд намайг чи чөлөөгөөр явж байгаа юм уу, чи хаанахынх юм гэж асуусан. Тэгэхээр нь би чөлөөгөөр гараад явж байна. Өвөрхангай аймгийнх гэж хэлсэн. Тэгээд танилцъя гээд тэр гурав нэрээ хэлсэн. Нөгөө хоёроосоо арай өндөр нь өөрийгөө Тамираа гэж байсан. Харин нэг намхан залуу нь Буянаа гэж байсан. Нөгөөхийг нь хэн гэж байсныг нь санахгүй байна. Тэгээд надаас энд таньдаг хүн байдаг юм уу, цэрэг ямархуу байна гэж асуусан. Тэгэхээр нь би манай ахынх энд байдаг юм. Ах чөлөөгөөр гаргуулсан юм, цэрэг дажгүй байна гэж хэлсэн. Тэгээд надаас одоо хаачих гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би одоо орж амарлаа, маргааш өглөө 8 цагт бэлэн байх ёстой гэж хэлсэн. Тэгсэн надаас тамхи асуусан. Тэгээд бид дөрөв зогсож байгаад бүгдээрээ тамхи татацгаасан. Тэгж татаж байх хооронд намайг юу хийж энд байгаа талаар асуусан. Би гутлын тос, захны даавуу хайж байгаа гэдгээ хэлээд ойр хавьд захны даавуутай дэлгүүр байгаа юу гэж асуусан. Тэгсэн чинь тэр гурав энүүхэн дээр нэг дэлгүүр байдаг юм. Бид гурав дээшилж байна, хамт явах юм уу гэж асуусан. Тэгээд хамт яваад нэг дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүрт орчихоод тэр гурав нэг шил архи авсан. Тэгээд надаас Тамираа нь чамд мөнгө байна уу гэж асуусан. Тэгээд надад 10000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гурав хэдүүлээ ийшээ нэг айлд очоод ууя, чи нэг пиво авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Тамираад 10000 төгрөгөө өгсөн. Тэгсэн чинь Тамираа 1 том савтай 2 литрийн пиво худалдаж авсан. Бас боорцог авсан. Тэгээд утсаа өгчих би ах руугаа яриад хэлчихье гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гурав утасгүй байна. Гар утсаа цэнэглээд орхисон байсан гэж байсан. Тэгээд дээшээ нэг гудамж өгсөж алхаад нэг айлын гадаа очсон. Нөгөө айл нь эзэнгүй цоожтой байсан. Тэгэхээр нь би тэр хэдэд би явлаа, харанхуй болохоос өмнө явахгүй бол би эндэхийг мэдэхгүй такси бариад өг гэж хэлсэн. Тэгсэн чинь жаахан ийшээ явъя гээд нэг буланд очоод пивоо гаргаад хувааж уусан. Тэр пивог бүгдээрээ хувааж уусан. Бас миний халаасанд байсан пивог мөн 4-үүлээ хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байгаад нөгөө архиа задалсан. Архинаас нь тойруулаад нэг нэг татсан. Архи уусан чинь дотор муухай оргиод би бөөлжсөн. Тэгээд би тэр хэдэд би архи ууж чадахгүй юм байна гэж хэлсэн. ...Тэгээд пивоо ууж дуусаад намайг таксинд суулгаад өгье гээд явцгаасан. Тэгж байгаад би үлдээд айлын хашаа руу шээгээд үлдсэн. Нөгөө гурав урд алхаад явж байсан. Тэгээд шээчихээд араас нь алхаж байтал өмнөөс утсаар ярьж явсан хүн намайг хөөе гэж дуудсан. Тэгэхээр нь би яасан гэж асуусан. Тэгсэн чинь намайг чи муу хүрээд ир дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очсон чинь намайг чи муу цэрэг энд юу хийж яваа пизда вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм, би чөлөөгөөр явж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь чамайг чөлөөгөөр явж байгааг чинь яаж мэдэх юм. Оргочихсон ч яваа юм билүү яаж мэдэх юм пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би чөлөөний хуудас байгаа гэж хэлсэн чинь нэг тамхи өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тамхи дуусчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу ойртоод цохих гээд байгаа юм шиг байхаар нь би цохих гэж байна гэж бодоод мөр рүү нь түлхсэн. Тэгсэн чинь миний гарнаас бариад авсан. Тэгэхээр нь би дахиад зүгээр байгаач гээд дахиад түлхсэн чинь надаас бага зэрэг холдсон. Тэгсэн чинь гэнэт Буянаа, Тамираа хоёр гүйж ирээд Буянаа тэр залууг яаж байнаа гээд барьж аваад зодолдсон. Тэгээд хоорондоо зууралдсан. Тэгсэн чинь араас нь Тамираа нь очоод барьж авсан. Тэгэхэд л нөгөө залуу газар уначихсан байсан. Гадаа харанхуй байсан учраас яаж унагаасан талаар мэдээгүй. Би тэгээд явж очоод Тамирааг араас нь татаад Буянааг нь барьж аваад болиулсан. Тэгээд газар унасан байхад нь нөгөө залууг босгоод гайгүй юу гэж хэлсэн чинь юм дуугараагүй. Тэгэхээр нь би доошоо гүйгээд нэг засмал зам руу ороод ахындаа ирээд унтаад өгсөн. Нөгөө хүнийг газар уначихсан байхад нь би очоод Тамирааг хойш нь татахад Буянаа нөгөө газар уначихсан байсан хүний биений зүүн хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж байхыг харсан, тэрийг би хэлэхээ мартсан байна. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр Р.М гэдэг хүнийг цохиж зодоогүй. Тэгэхэд бол Р.М намайг өөрөө дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь ямар ч шалтгаангүйгээр цэрэг байж энд юу хийж байгаа юм, чи оргочихсон ч яваа юм уу би яаж мэдэх юм гэх мэтээр хэлж дайрч давшилсан. Тэгээд хоёр гурав алхаад ойртоод ирэхээр нь цохих нь гээд баруун мөр рүү нь түлхсэн. Тэгсэн чинь миний зүүн гарнаас зуураад авсан. Тэгэхээр нь би дахиад хоёр гараараа цээж рүү нь түлхсэн. Тэгсэн чинь урд явж байсан С.Т, Бямбачулуун хоёр гүйж ирээд тэр Р.Мийг барьж аваад зодолдсон. Тэгэхээр нь би чөлөөгөөр гарч яваа сахилгын зөрчил гаргаж болохгүй гэж бодоод очоод тэр гурвыг салгасан. Тэгээд салгачихаад би ахынх руугаа явж очоод амарсан. Тэрнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй байна. Би зодоонд оролцоогүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Архи дарс уучихсан янз бүрийн зөрчилд орчих вий гэж бодоод яваад өгсөн юм. Угаасаа би харих гэж байсан юм. Би хэргийн газраас шууд ганцаараа яваад өгсөн. Нэг их согтуу байгаагүй. Өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг лав тэнд байхад ямар нэг хүн ирж харагдаагүй. Явсан хойно хүн ирсэн байж магадгүй. Ямар нэг айлд очоогүй, шууд ахындаа очиж хоносон. Р.М анх бол утсаар ярьж явсан. Ямар ч байсан гар утас гартаа барьсан байсныг мэдэж байна. Бусдаар өөр гар утасны талаар огт мэдэхгүй байна. Р.М гар утасны талаар ярьсан байсан. Тэрний талаар би бол огт мэдэхгүй. Би цэргийнхээ хувцастай буюу шар өнгийн өмд, хүрэм болон толгойдоо цэрэг малгайтай. Хөлдөө хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гуталтай байсан. С.Т болохоор дээгүүрээ урт цэнхэр хөх өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмд, шар өнгийн гуталтай. Бямбачулуун нь дээгүүрээ хавар намрын хар өнгийн куртиктэй байсан. Хар өмдтэй байсан. Доогуураа ямар гуталтай байсныг нь сайн санахгүй байна. Би яг одоо өмсөөд явж байна. Надад энэ гуталнаас өөр сольж өмсөх гутал байхгүй. Цэрэгт ирэхэд хангалтаар тавьж өгсөн гутал байгаа юм. 2014 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд манай найз нар хоорондоо зодолдоод тэр хэрэгт би шалгагдаж байгаад сүүлдээ үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болж гэрч болж байсан юм. Бусдаар өөр ямар нэг хэрэгт холбогдож байсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44, 110-р хуудас/,

Шүүгдэгч С.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Ттай утсаар ярьж байгаад “Гандирс” худалдааны төв дээр уулзсан. С.Т куртик, гутал хоёр худалдаж авсан. Тэгээд С.Т, Мөнхдөл бид гурав МСҮТ ороод хүүхэдтэй уулзах гэсэн боловч уулзах хүүхэд маань байхгүй байсан. Тэгээд 18 цагийн үед ахуй үйлчилгээний газраар ороод Дундсайханд байдаг 60x60 гэх хаягтай авто засварын газрын хажуугаар гараад явж байтал бид гурвыг огт танихгүй нэг цэрэг хувцастай залуу дуудсан. Тэгэхээр нь явж очоод яасан гээд уулзсан. Тэгсэн чинь тэр цэрэг ойрхон караоке байна уу гэж асуусан. Тэгэхээр нь Онги, Хаан болор гэж хоёр караоке зааж өгсөн. Тэгээд явах гэсэн чинь тэр цэрэг жаахан юм яриад ханиндаа зогсчих гээд бид нараас тамхи асуусан. Бид нар тамхигүй байсан учраас тамхи байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо танилцсан. Тэр цэрэг өөрийгөө Баярмагнай гэж танилцуулсан. Мөн өөрийгөө чөлөөгөөр гарч ирсэн 167-р цэргийн ангийн хугацаат цэрэг гэж байсан. Бид нарыг хаана сурдаг, юу хийдэг талаар асууж байсан. С.Т ганц юм уучих уу гэж тэр М.Баас асуусан. Тэгсэн чинь тэр тэгье гэж зөвшөөрөөд С.Т, Баярмагнай хоёр дундаасаа мөнгө нийлүүлээд Зүүнсайханы 4-р гудамжинд “Хүрмэн” дэлгүүрээс 2,5 литрийн том пиво, Стандарт нэртэй 0,75 литрийн архи 1 шил, Түмний кола ундаа мөн нэг удаагийн 4 аяга, мөн 4 ширхэг кремт нэртэй боов авсан. Тэгээд Зүүнсайханы 4, 5-р гудамжины дээд үзүүр дээр гадаа гудамжинд зогсож байгаад пивоо Баярмагнай, Мөнхдөл, С.Т бид дөрөв хувааж уусан. Тэгээд тэндээс хүн хөөхөөр нь холдоод Эрдмийн харш гэж сургуулийн зүүн хойд буланд очоод архи, пивоо хувааж уусан. Тэнд нилээн удсан 20 цагийн үед очоод 21-22 цаг болгосон байх. Тэгээд архи пивоо дуусгачихаад тэр газраасаа явсан. Тэгэхэд Мөнхдөл явлаа гээд салаад явсан. Нилээн согтсон байсан. Баярмагнай, С.Т бид гурав дахиад Хүрмэн дэлгүүр ороод 1 шил Стандарт 0,75 литрийн архи, 2,5 литрийн пиво 1 савыг аваад Зүүнсайханы 3, 4-р гудамжны дунд хэсэгт гудамжинд зогсож байгаад пивог нь бид гурав хувааж уусан. Тэгээд нөгөө шил архиа уухаар Зүүнсайханы 1-р гудамжаар дээшээ өгсөөд дээд үзүүр хэсэгт очих үед Баярмагнай бие засна гээд хашааны буланд үлдсэн. Тэгээд түрүүлж явж байгаад М.Б ирэхгүй болохоор нь буцаад очсон чинь өмнөөс Баярмагнай хашааны булан тойроод гүйгээд гараад ирсэн. Тэгэхэд нь цаана нь нэг хүн зүүн тийшээ явж байгаа харагдсан. Тэгтэл Баярмагнай сая намайг тэр хүн зогсоогоод цэрэг хувцастай хүн энд юу хийж байгаа юм гэж дээрэлхээд гээд цаашаа явж байсан хүн рүү заасан. Тэгээд бид хоёрыг харчхаад Баярмагнай нөгөө хүнийг хөөе гээд дуудсан. Тэгсэн чинь тэр хүн нь эргэж харахгүй цаашаа яваад байсан. Тэгсэн чинь араас нь Баярмагнай гүйж очоод барьж аваад нүүр рүү нь гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би бас араас нь хамт гүйж байсан учраас зэрэгцээд шахуу оччихсон байсан. Тэгээд би бас хажуугаар нь ороод нүүр рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхэд Баярмагнай бас тэр хүнийг цохиж л байсан.Тэгээд тэр хүн газарт унасан. Тэгэхээр нь би өшиглөсөн. Би яг аль хөлийг нь санахгүй байна нэг хөлнийх нь гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Баярмагнай тэр үед мөн дэвсээд өшиглөөд л байсан. Тэгэхэд намайг С.Т араас татаад салгаад өөрийнхөө араар оруулаад боль гээд намайг нилээн зайтай холдуулсан. Тэгэхэд Баярмагнай хань хамаагүй газар руу нь мөн өшиглөж байсан. С.Т намайг салгаж холдуулчихаад дахиад тэр М.Б мөн салгасан. Тэгээд тэр хүн босохгүй хэвтээд байхаар нь С.Т бид хоёр очоод хоёр талаас нь бариад дээш нь босгосон чинь хойноос 2 хүн ирсэн. Тэрний нэг нь манай найз Мөнхдөл байсан. Согтуу тасарчихсан байдалтай байсан. Нөгөө хүн нь манай Зүүнсайханд байдаг Мөнхбат гэж ах байсан. Мөнхбат нь Мөнхдөлийг түшчихсэн явж байсан. Тэр Мөнхбат нь Баярмагнай бид хоёрын зодсон хүний найз нь юм билээ түүнийг сүүлд нь мэдсэн. Тухайн үедээ зүгээр Мөнхбат ахыг байна гэж харчихаад айгаад шууд зугтаачихсан юм. Тэгээд Мөнхдөлийг очиж авъя гээд буцаад очсон. Буцаж очих замд С.Т хашааны буланд үлдсэн. Тэгээд Баярмагнай бид хоёр очсон. Тэгсэн чинь Мөнхбат ах нааш ир гэж хэлсэн чинь Баярмагнай, С.Т хоёр зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би ганцаараа явж очсон. Тэгсэн чинь Мөнхбат ах надаас чи саяны зодоонд байсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би айсандаа болоод байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат ах маргааш энэ зодоонд байсан хүмүүсийг уулзуулаарай гэж хэлчихээд хохирогчийг аваад явсан. Би за гээд Мөнхдөлийг аваад үлдсэн. Тэгээд Мөнхдөл бид хоёр манайд очиж хоносон. Тэгэхэд шөнийн 01 цаг болж байсан. Баярмагнай нь зогсоож дээрэлхээд гэх зүйл хэлэхээр нь хамт очиж өмөөрч зодсон. Баярмагнай бид хоёрыг салгасан. Их хурдан хэдхэн секундын л асуудал болсон. Баярмагнай бид хоёр очоод шууд л зодоод эхэлсэн. С.Т болохоор бид хоёрыг салгасан, зодоонд огт оролцоогүй. С.Т, Баярмагнай бид нар Мөнхбат ахыг харчхаад эхлээд зугтаасан. Тэгээд Мөнхдөлийг авна гээд буцаад явж байх замд С.Т нэг Нокиа маркийн гар утас барьчихсан Мөнхбат гэсэн хүн залгаад байна энэ Мөнхбат ах юм байх даа гэж хэлээд уг гар утсыг унтраасан. Яах гэж тэр Нокиа гар утас С.Тт байсан талаар огт мэдэхгүй байна. С.Т гар утсыг маргааш нь хохирогчид аваачиж өгсөн гэсэн. Бас хохирогч Самсунг ЭС4 гар утас байсан гэж нэхээд байгаа юм. Тэр гар утсыг нь огт мэдэхгүй. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би дээгүүрээ хар өнгийн богино өвлийн куртиктэй байсан. Доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй. Хөлдөө улаан өнгийн пүүзтэй байсан. Толгойдоо цэнхэр өнгийн зуны саравчтай малгайтай байсан. С.Т хөх өнгийн урт өвдөгөө хүрсэн куртиктэй байсан. Тухайн өдөр шинээр авсан байсан юм. Мөн доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хөлдөө шар өнгийн өвлийн гуталтай байсан. Гутлыг мөн тэр өдөр С.Т худалдаж авсан байсан юм. Өмсөж явсан хувцсаа хар өнгийн үүргэвчинд хийгээд үүрээд явж байсан. Баярмагнай тэр чигтээ цэргийнхээ эрээн өнгийн хувцастай байсан. Хөлдөө хагас түрийтэй хар өнгийн гуталтай байсан. Толгойдоо цэргийн өвлийн малгайтайгаа байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50, 111-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 дугаартай дүгнэлтэнд: Р.Мийн биед зүүн талын 3, 4-р хавирганы далд хугарал, уушгины гэмтэл, зүүн сарвууны зулгаралт, гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3, 4-р хавирганы далд хугарлын улмаас уушги гэмтсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 17 дугаар хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №6 дугаартай шинжээч эмч Ш.Цэцэгмаа, Ц.Оюун-Эрдэнэ, М.Золжаргал нарын дүгнэлтэд: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Р.Мийн биед зүүн талын 5-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, цус хуралдалт, зүүн уушгины няцрал, авчилт, зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвуу, гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт            /хх-ийн 05-08-07-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б, С.Т, С.Т нар нь 2016 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг, Зүүнсайханы 1 дүгээр гудамжинд бүлэглэж, хохирогч Р.Мийн эрүүл мэндэд халдаж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б, С.Т, С.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2017 оны 3-р сарын 14-ний өдөр тус шүүх хүлээн авсан байна.

2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулинд энэхүү гэмт хэргийн ялын доод хэмжээ багассан байх тул 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б, С.Т, С.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдсон болно.

2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд танхайн сэдэлтээр энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэхээр хуульчилсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт “танхайн сэдэлтээр” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хуульчлаагүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гэмт хэргийг “танхайн сэдэлтээр” үйлдсэн гэх үйлдэлд нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлгүй, гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэл тогтоогдож байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Р.Мийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №6 дугаартай шинжээч эмч Ш.Цэцэгмаа, Ц.Оюун-Эрдэнэ, М.Золжаргал нарын дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. 

Шүүгдэгч М.Б, С.Т, С.Т нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлийн хувьд: Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тооцохоор хуульчилсан ба хохирогч Р.Мийн эрүүл мэндэд шүүгдэгч М.Б нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр хүнд гэмтлийг учруулсан, шүүгдэгч С.Т нь цохих, хөлний гуя хэсэгрүү нь өшиглөх үйлдэл хийж хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч С.Т нь шар гутал өмссөн хөлөөрөө өшиглөж үйлдлээрээ нэгдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог ба шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч С.Т, С.Т, М.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Т нь 18 нас 4 сар 16 хоногтой байх үедээ, С.Т нь 18 нас 24 хоногтой байх үедээ буюу өсвөр насанд байхдаа бусдад уруу татагдан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хуульд заасан хорих ялын хэмжээ 5 жилээс 12 жил байхаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.   

Шүүгдэгч С.Т, С.Т нар нь 18 настай байх үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн  шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...гэснийг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй гэснийг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч С.Т, шүүгдэгч С.Т нарт  нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Т, С.Т нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь цэргийн алба хааж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн ба шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хөнгөрүүлэн оногдуулахаар шийдвэрлэв.  

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгчийн анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүгдэгч М.Б нь 2017 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба өнөөдрийг хүртэл 281 /хоёр зуун наян нэг/ хоног цагдан хоригдсон ба энэхүү 281 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

         Хохирогч Р.М нь 5.000.000 /таван сая/ төгрөг эмчилгээний төлбөрт шүүгдэгч нараас нэхэмжилдэг ба хохирогч нь 1.143.000 төгрөгийн хохирол төлбөр шүүгдэгч нараас авсан болох нь нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэх 3.857.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

         Хэрэгт эд мөрийн баримтаар шар өнгийн хос гутал, пүүз нэг хосыг тус тус ирүүлсэн ба эзэмшигчийн зүгээс буцаан авах хүсэлт гаргаагүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б, С.Т, С.Т нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, тэдний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Т, С.Т нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Т, М.Б, Х.Б нарын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Тт 240 /хоёр зуун дөч/ цагийн, шүүгдэгч С.Тд 300 /гурван зуу/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Т, С.Т нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Бд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Т, С.Т нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Р.М нь 1.143.000 төгрөгийн хохирол шүүгдэгч нараас авсан болохыг дурьдаж, үлдэх 3.857.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч М.Б цагдан хоригдсон 281 /хоёр зуун наян нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хос гутал, пүүз нэг хосыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Т, С.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ДЭЛГЭРМАА

     ШҮҮГЧИД                           Э.ОЮУН-ЭРДЭНЭ                                               

                                        З.ТӨМӨРХҮҮ