| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0890/З |
| Дугаар | 128/ШШ2024/1030 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/1030
2024 12 12 128/ШШ2024/1030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* /РД:*******/,
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар,
Маргааны төрөл: Тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан эрх зүйн харилцаа үүссэн болохыг, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эрх зүйн харилцаа үүссэн болохыг тус тус тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн өдрөөс тэтгэврийг тогтоож олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн өдрөөс тэтгэврийг тогтоож олгохыг даалгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, Д.Г*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан болохыг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болохыг, тэтгэврийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс нөхөн тооцож олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тэтгэврийг нөхөн тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах.
Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд.
2.1. С.М******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “шимтгэл төлсөн хугацааг хугацааг баримтлан тэтгэвэр тогтоох тул техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй” хэмээн хариу өгсөн.
2.2. Уг хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184 дүгээр шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бусад тооцож, нэхэмжлэгч С.М*******г 1988-1989 онуудад Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн.
2.3. Нэхэмжлэгч С.М******* нь шүүхийн шийдвэрийг үндэслэн суралцсан хугацааны 2 жилийн ажилласан жилд оруулан тооцуулж, өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн өдрөөс нөхөн тогтоолгох агуулгатай хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр “шүүхийн шийдвэрийн дагуу материалаа бүрдүүлж өгсөн хугацаа болох 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тооцон олгосон” хариу өгч, Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаснаар тус газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгээр “өргөдөл гаргасан 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тооцон олгосон нь үндэслэлтэй” гэх хариу өгсөн.
Гурав. Маргаж буй үндэслэл буюу талуудын тайлбар.
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газартай тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн өдөр хугацааны тал дээр маргаантай байна. Энэ маргааны улмаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анх тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн өдрөөрөө тэтгэврээ бодуулж авч чадахгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн өдрийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тооцох тул тэтгэврийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс бодож тооцож олгохгүй хэмээсэн.
******* дугаартай С.М******* би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тэтгэвэрт гарах өргөдлөө Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт өгсөн. Тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн гэдэг нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын ******* тоот албан бичиг болон Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар дээр нотлогдож байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хариу тайлбар дээр тэтгэвэрт гарах өргөдлөө 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр өгсөн гэдэг нь мөн нотлогдож байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хариу тайлбарт тэтгэвэрт гарах өргөдөл гомдолтой танилцлаа, өндөр настны тэтгэвэр тогтоох боломжгүй хэмээсэн. Би Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн боловч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар миний өргөдлийг хүлээж аваагүй. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газартай ажлын 2 жилээ оруулах талаар маргаантай байсан. Энэ 2 жилийг оруулаагүйн улмаас бүрэн тэтгэврээр тэтгэвэрт гарч чадахгүй нөхцөл үүссэн. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн 2 жилийг оруулахгүй хэмээн бүрэн тэтгэврээр тэтгэвэрт гаргах боломжгүй гээд тэтгэвэрт гаргалгүй хариу ******* тоот албан бичиг хүргүүлсэн. Шүүхээс ******* тоот албан бичиг хууль бус болохыг нотолж миний ажлын 2 жилийг оруулахаар шийдвэрлэсэн.
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний ажлын 2 жилийг оруулж тэтгэвэрт гаргасан боловч тэтгэврийг 2024 оны 05 сараас бодож тооцож олгосон байна. Би нийгмийн даатгалын газрын ******* тоот хууль бус шийдвэрээс болоод хожуу тэтгэвэрт гарсан.
Надтай ижил шалтгаантай хүнийг нийгмийн даатгал хохироосон эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж тэтгэврийг нөхөж бодож олгохыг шүүхээс нийгмийн даатгалд даалгасан байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар хууль бус шийдвэр гаргаж миний тэтгэвэрт гарах өргөдлийг хүлээж авахгүй байснаас би тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн. Иймд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тэтгэвэрт гарах өргөдөл анх өгсөн өдрөөс минь миний тэтгэврийг бодож өгнө үү. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлд өргөдөл анх өгсөн өдрөөс тэтгэврийг бодож олгодог гэсэн байна.
Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн байхад миний өргөдөл өгсөн тэтгэвэр авах эрх үүссэн цагаас биш 2024 оны 5 сараас миний тэтгэврийг бодож олгосон байна. Энэ шийдвэр нь намайг хохироож байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 55 нас хүрч тэтгэвэрт гарах эрх үүссэн. Иймд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анх тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн өдрөөс тэтгэврийг тооцож миний тэтгэврийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс бодож олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “Миний бие Нийгмийн даатгалын газарт 2023 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд өргөдөл өгсөн. Утсаар ярьдаг, хариу огт байдаггүй байсан. Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргана гэхэд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариу өгсөн. Өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл өгөхдөө намайг тэтгэвэрт гаргаж өгнө үү гэж гаргаж байсан. Надад хувь тэнцүүлэх байдлаар өгөх боломжтой байсан. Өгсөн бол би заавал захиргааны хэргийн шүүхэд хандах шаардлагагүй байсан. Нөхцөл байдал ийм болсон учраас захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгүүлсэн. Өгсөн хариу нь надад нотлох баримтаар байна.” гэв.
3.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын газраас зөвлөгөө авч байгаа иргэд баримт материалаа бүрэн болгоогүй тохиолдолд манайхаас хүлээж авахгүй. Манайхаас ирж зөвлөгөө авдаг бөгөөд энэ нь хувь хүнтэй холбоотой байдаг. Нөгөөтээгүүр улсын байцаагч нараас 1, 2 баримт дутуу хэлсэн тохиолдол байдаг. Гэтэл С.М*******гийн хувьд их ойлгомжтой. Техник мэргэжлийн сургуульд сурч байсан. Хамгийн харамсалтай нь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хугацааг тооцохоор шийдвэрлэсэн нь их сонин тохиолдол болсон. Улмаар иргэн С.М*******гийн 2 жилийг тооцох ёстой гэсэн шийдвэр гарсан учраас өндөр насны тэтгэврийг тогтоосон. 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс нөхөн авах тухай хүсэлтэд нөхөн олгох боломжгүй гэх хариуг өгсөн.” гэв.
3.4. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 184 дүгээр шийдвэрээр С.М*******гийн 1988-1989 оны 2 жилийн хугацааг ажилласан жилд оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгахаар тогтоосон байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь дээрх шүүхийн шийдвэр болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 48 дугаар албан бичигт заасны дагуу шүүхээр тогтоолгосон 2 жилийн хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулж шимтгэл төлж ажилласан хугацааг нийтдээ 22 жил 9 сар 15 өдрөөр тооцон нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл гаргасан өдрөөс буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоож, 2019-2023 оны 5 жилийн дундаж цалин хөлснөөс өндөр насны тэтгэврийг сард 650,000 төгрөгөөр тогтоон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн олгоно" гэж заасны дагуу өргөдөл гаргасан хугацаанаас эхлэн тогтоон олгосон.
С.М*******гийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийг хүлээн авч судлаад 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар "Өргөдлийн хариу"-г С.М*******д 07 дугаар сарын 04-ний өдрийн шуудангаар хүргүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан хугацаа өнгөрсөн байх тул уг хуулийн 54.1.8 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.5. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр С.М*******гаас тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж, түүнийх нь дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно гэж заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр олгосон.
Гэтэл үүнийг С.М******* эс зөвшөөрч гомдоод Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газарт 2023 оны 10 дугаар сард өргөдөл өгсөн бөгөөд энэ хугацаанаас нь тооцож олгуулах гэхээр маргаан үүсэж, улмаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр С.М*******гаас дахин хүсэлтээ өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг баримтлан тус газар нь иргэн С.М*******гийн тэтгэврийг тогтоож олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд Нийгмийн даатгалын ерөнхий газраас тоот албан бичгээр өргөдлийн хариуг өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас хуульд заасны дагуу тэтгэврийг тогтоон олгосон.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтуудыг дүгнэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан зарим хэсгийг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан шаардлагын тухайд.
1.1. С.М******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө нийгмийн даатгалын харьяалах байгууллагад гаргасан нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр өгсөн хариунд “тус хэлтэст ирүүлсэн таны суралцсан хугацааг ажилласан жилд тооцуулан тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөлтэй танилцлаа” гэснээр, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр өгсөн хариунд “тэтгэвэр бодуулах өргөдөл, гомдолтой танилцлаа” гэснээр тус тус тогтоогдож байх ба ийнхүү өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө анх нийгмийн даатгалын байгууллагад гаргасан энэ хугацааны хувьд хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар маргаагүй.
1.2. Харин хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохгүй” хэмээн тэтгэвэр тогтоохоос татгалзаж, шүүхэд хандаад шүүхийн шийдвэрээ хавсаргаад дахин материалаа бүрдүүлээд өгсөн хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тогтоож олгоно хэмээн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэл болгон тайлбарладаг.
1.3. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 оны/-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг нь “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн ... олгоно.” гэж заасан бол нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох өргөдлөө анх гаргасан гэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр олгох хугацааг “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн ... олгоно.” гэж агуулгын хувьд ижилхэн хуульчилсан.
Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө, эсхүл хойно тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргах нь тэтгэврийг тогтоон олгох хугацааг тодорхойлоход ач холбогдол бүхий байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргасан хугацааг нэхэмжлэгч анх гаргасан хугацаанаас, хариуцагч шүүхийн шийдвэрийн дараа дахин гаргасан хугацаанаас тооцсоноос энэхүү маргаан үүсжээ.
1.4. Тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу албан бичгийг эс зөвшөөрсөн С.М*******гийн нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бусад тооцож, түүний 1988-1989 онуудад техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Өөрөөр хэлбэл 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч С.М*******гийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөөр тэтгэврийг тогтоохоос татгалзсан хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хууль бусад тооцсон, улмаар суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг шүүх нийгмийн даатгалын байгууллагад даалгасан байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад гаргасан хугацааг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр тооцох нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлд заасан зохицуулалтын агуулга болоод зорилгод нийцнэ.
Иймд С.М*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад анх гаргасан хугацааг тэтгэвэр тогтоон олгох харилцаанд хэрэглэхээс татгалзсан, “шүүхийн шийдвэрийн дагуу материалаа бүрдүүлж өгсөн хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тооцон олгосон” гэх хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр өгсөн татгалзал болоод тайлбар хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаагаа зөв тодорхойлуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчжээ.
1.5. Нэхэмжлэгч С.М******* нь эмэгтэй, 1968 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 55 нас хүрсэн бөгөөд 55 нас хүрсэн энэ хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх нас, шимтгэл төлсөн хугацааг тодорхойлсон 4 дүгээр зүйлийн 1-д “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эрх зүйн харилцаа 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн, түүний төрсөн огноо, насны хувьд хариуцагч маргаагүй ч энэ нь мөн хуулийн 6 дугаар зүйлд “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс ... эхлэн ... олгоно.” гэж зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоон олгох хугацааг тодорхойлоход эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт байна.
1.6. Түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд ийнхүү 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нийгмийн даатгалын байгууллагад гаргасан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлд “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн ... олгоно.” гэж зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хугацааг тодорхойлоход эрх зүйн ач холбогдолтой юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.М******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан болохыг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болохыг буюу ийм эрх зүйн харилцаа үүссэн болохыг тус тус тогтоож, тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс нөхөн тогтоож олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тэтгэврийг нөхөн тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хоёр. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.
2.1. Тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бусад тооцож, суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан шүүхийн шийдвэрийг хавсарган өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн өдрөөс нөхөн тогтоолгох хүсэлтэд хариу өгсөн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаснаар тус газар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариу өгсөн нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэсэн агуулгатай буюу өөр эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш тул “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, тус газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.2. Тиймээс ч хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “тус газарт холбогдуулан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргасан болохыг, тэтгэвэр тогтоолгох насанд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүрсэн болохыг тус тус тогтоож, өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тогтоон олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тогтоож, нөхөж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, нэхэмжлэлийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04197 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100200700941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С.М*******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА