Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар  2023/ДШМ/751

 

 

 

 

 

    2023           7             20                                          2023/ДШМ/751

 

А.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/708 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306000001007 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

А.Г, /РД: УП88091799/, 00000 оны 0 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуулийн зөвлөх ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Талх чихрийн 11 дүгээр байрны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1,920,000 төгрөгөөр торгох ялаар, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай захирамжаар А.Гын эдлээгүй үлдсэн 435 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 54 хоногийн хорих ялаар сольсон, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч А.Г нь 2023 оны 2 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 54 тоот орон сууцанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ттэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь шилэн аяга шидсэний улмаас эрүүл мэндэд нь баруун хацарт шарх, дух, баруун чамархай, хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Гаас 3,652,195 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Тд 3,443,195 төгрөгийг, 209,000 төгрөгийг Эрүүл Мэндийн Даатгалын Газрын Санд тус тус олгож, хохирогч Д.Т нь цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох А.Гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдолдоо: Миний бие нь хохирогч Д.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэм буруугаа маш сайн ойлгож гэмшиж байна. Би анхан шатны шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлын 3,652,195 төгрөгийг бүрэн төлж барагдуулан, хохирогч Д.Т болон эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох болно. Анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийг шийдвэрлэж эрүүгийн хариуцлага ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь урьд удаа дараа ял шийтгэгдэж байсан 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсныг... харгалзан үзэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал" заасан ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан. Хэдийгээр би 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон ба одоо эдлээгүй үлдсэн ялын үлдэгдэлгүй учир намайг урьд нь удаа дараа ял шийтгүүлсэн гэдгээр миний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж байгааг минь хүлээн авч, харгалзан үзнэ үү. Миний хувьд хувиараа бизнес эрхэлдэг, тодорхой эрхэлсэн ажилтай, цалин хөлс орлоготой, ээжийн хамтаар ам бүл 2-уулаа амьдардаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар анхан шатны шүүхээс надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Г нь урьд нь 5 удаагийн ял шийтгэлтэй. Уг байдлыг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. Торгуулийн ялаар сольж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасан байна. Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч А.Г нь гэм буруу дээр маргаагүй. Хохирогчийн хувьд хохирол төлбөрт 5.543.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогчийн 1 сарын үндсэн цалин болох 1.500.000 төгрөг, мэс засалд орж эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн баримтыг үндэслэж зардлыг гаргуулж шийдвэрлэсэн...Тэгэхээр хохирлыг бүрэн төлөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

  1. Хэргийн бодит байдлыг тогтоосон ажиллагаа              

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.      

Хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гаргаагүй байна.    

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.         

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Тг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- хохирогч Д.Тгийн”...тухайн үед А.Г гартаа барьж байсан бариултай шилэн аягыг над руу чиглүүлж шидээд миний баруун нүдний доод хэсэгт оноод хагарсан, баруун нүдний хэсэгт зүсэгдэж ярагдаад их хэмжээний цус гарсан...Дахин аяга бариад над руу шидэх гэж байхад нь эхнэрийн дүү болох Баяржавхлан аягыг булааж авч, болиулсан...Баруун нүдний хэсэгт зүсэгдэж, 13 оёдлыг гэмтэл согог судлалын үндэсний төв дээр тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-10/,      

- гэрч Г.Э:...”Тухайн үйл явдлыг харахад байрны хананд цус үсэрсэн, газраар хагарсан шилнүүд, шалан дээр цус гоожиж урсчихсан байдалтай, манай нөхөр Д.Тгийн нүүр нил цус болчихсон, нүүрийг нь бэр эгч хүйтэн усаар шавшаад байж байсан...Юу болсон талаар бэр эгчээс асуухад А.Г пивоны бакал шидсэн гэж байсан...”   гэх мэдүүлэг /хх-16,17/,      

- 2894 дугаартай шинжээчийн дүгнэлт”...Д.Тгийн биед баруун хацарт шарх, дух, баруун чамархай, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-19-20/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.   

Тухайн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд нотлох баримт бүхэлдээ эх сурвалжаа тодорхой заасан, харилцан эх сурвалжаа давхар нотолсон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.    

  1. Хохирол, хор уршиг   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т нь эм тариа, гэмтлийн зэрэг тогтоолгосон зардал, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, гоо сайхны эмчилгээ хийлгэх зэрэг хохирол, хор уршигт нийт 5,543,200 төгрөг нэхэмжилж, зарим нотлох баримтыг хавсаргасан /хх-82-83, 85, 88, 129, 132-133-137, 142/ байна.         

Анхан шатны шүүхээс хохирогч Д.Тд олгохоор шийдвэрлэсэн хохирлын талаар оролцогч нар гомдол, маргаангүй байна.  

Хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 209.000 төгрөгийг /хх-97-98, 100-102/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлд холбогдох үндэслэл, журмын дагуу шүүгдэгчээс гаргуулсан нь зөв боловч анхан шатны шүүхийн шийдвэрт “Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн нэршлийг алдаатай бичсэн байгааг залруулан зөвтгөх нь зүйтэй.    

  1. Эрүүгийн хариуцлагын талаар           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.   

Эрүүгийн хавтаст хэргийг судлахад, шүүгдэгч нь үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй гэх баримт цуглараагүй, тогтмол эрхлэх ажил хөдөлмөр, орлоготойг нотолсон баримтгүй /хх-66-68, 77-78, 145-172/, шүүгдэгч нь “Номун заяа” ХХК-д 2023.04.25-ны өдөр хуулийн зөвлөхийн ажилд орсон гэх зөвхөн тодорхойлолт авагдсан /хх-143/ боловч хийж гүйцэтгэх ажил байдлын баримт, гэрээ, цалин орлого олгосон санхүүгийн зэрэг баримтгүй, түүнчлэн шүүгдэгч нь тухайн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгчид хохирол төлөх үүрэг хүлээсэн, нотлох баримт бүхий хохирол бүрэн төлөгдөөгүй зэрэг үйл баримт тогтоогдов.        

Шүүгдэгч нь 2016, 2018, 2021, 2023 онуудад ял шийтгэгдсэн боловч эдэлж дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-23, 25-58, 144/ урьд шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, харин 2023 онд үйлдсэн хэргийн улмаас хохирлын 4,000,000 төгрөг /хх-58/ төлөгдсөн эсэх баримт авагдаагүйг анхааруулах нь зүйтэй.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Гт тийнхүү нийтэд тустай ажил хийлгэх ял хүлээлгэхдээ харгалзах цогц шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх ба тэдгээрийн дотор “урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан” гэж шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулахгүй асуудлыг бичсэн нь буруу хэдий ч энэ нь анхан шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэл болохгүй болно.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар оногдуулсныг буруутгах, өөрчлөх үндэслэлгүй байх тул шүүгдэгч А.Гын гаргасан “анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлүүлэх” тухай гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :      

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар  сарын 15-ны 2023/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолын: тогтоох хэсгийн 4 дэх заалтын”...Эрүүл Даатгалын Газрын Санд...” гэснийг ”...Эрүүл мэндийн даатгалын санд...”гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.      

2. Шүүгдэгч А.Гын давж заалдах журмаар гаргасан “анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлүүлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.        

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ОЧМАНДАХ

 ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 ШҮҮГЧ                                                                      Г.ГАНБААТАР