Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 25

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: С.Мөнхтулга,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

 Шүүгдэгч: Э.Жнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ж холбогдох 1728000000097 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Э.Жнь 2017 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0166 дугаар ангид байрлах Б.Б гэрээс виски 3 ширхэг, архи 1 ширхэгийг хулгайлан авч 223000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Ж гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Э.Жшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:“...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Ц.Мэгчийн дэлгүүрээс 20-ны өдөр 3 шил виски авсан. Өглөө нь 1 шил архи авсан байсан. Гэртээ байхад нь дэлгүүрт нь орсон. Хаалгаар орсон, цоож өлгөөтэй байсан. Залуу хүний жигшмээр үйлдэл. Цоож зүүлттэй байсан, эхлээд ороход онгорхой байсан. Чинцогт гээд ажлын залуу надтай ирж нэг шил архи авчирч уусан”.

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ммөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:“...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Овоотын цэргийн ангийн 0166-р ангийн гэр хорооллын байрны дэлгүүртээ сууж байгаад гэртээ очиход гэрийн хаалганы цоожийг эвдээд буцаагаад цүүнд зүүгээд орхисон байсан. Тэгээд гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд манай том өрөөний сервантнаас 3 ширхэг хүрэн шилтэй виски авчихсан байсан. Гэрт хулгай орсон байхаар ангийн жижүүрт хэлчихээд энэ тухай цагдаад мэдэгдсэн. Маргааш өглөө нь гэрээсээ явахдаа нөгөө эвдсэн цоожийг цүүндээ зүүгээд явсан. Тэгээд ангийн удирдлага дуудаад уулзаж байтал ангийн жижүүр 2 шилтэй виски үзүүлээд танай гэрээс алдагдсан архи мөн үү гэхэд би мөн байна гэж хэлсэн.Тэгээд надад 2 шилтэй виски өгөөд танай гэрт урьд шөнө Жавхлантөгс орж энэ архийг авсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр анги дээр хүмүүстэй уулзчихаад гэр лүүгээ явж байхад Жавхлантөгс надтай зөрөөд анги руу явж байсан. Би тэгээд гэртээ очиход гэрийн цоож нь зүүгээтэй хөдлөөгүй юм шиг байхаар нь гэртээ ороод үзтэл том өрөөний сервантны тавиур дээр байсан 0.75 граммын Соёрхол нэртэй архи алга болчихсон байсан. Би тэгээд яваад Жавхлантөгсийн гэрт нь очиход хаалгаа тавьж өгөөгүй удалгүй сумаас цагдаа нар ирээд болсон зүйлийн талаар асуусан. Манай гэрт хүн байгаагүй би явахдаа гэрээ цоожлоод явсан байсан. Манай гэрийн хаалганы цоожийг тэр Жавхлантөгс эвдэж ороод гэрийн том өрөөнд байсан 3 шил виски архи, мөн 0.75 граммын Соёрхол архийг авсан байсан. Манайхаас эхлээд “OLD TIME” гэсэн нэртэй 700 грамм, “HANKEV BANNISREG” нэртэй 1 литр, мөн “SIR EDWARDS” гэсэн нэртэй 1 литрийн виски архи алдагдсан. Маргааш өдөр мөн 0.75 граммын Соёрхол нэртэй архийг хулгайлж авсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. 0166-р ангид хөгжимчин ажилтай, архи их уудаг, бусдаар бол даруухан зантай залуу байгаа. Энэ хүн надад учруулсан хохирол болох 223.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан Э.Ж ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 22 цаг 30 минутын үед манай эхнэр болох Ц.Мнь залгаж гэрийн цоож эвдээд гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд хилийн цэргийн 0166-р ангийн удирдлагад мэдэгд, шөнө болсон хойно өөр арга байхгүй гэж хэлсэн. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагт эхнэр утсаар залгаж том өрөөний зурагт тавьдаг тавилганы бэлэгний архинаас гурван ширхэг нь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд 30 минутын дараа эхнэр дахин залгаад би ангийн захирагчтай уулзаад ирлээ, явсан хойгуур дахиад гэрт орж нэг шил архи аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд би Гурвантэс сумын Цагдаагийн тасагт хэлж мэдэгдсэн. Манай гэрээс 2 ширхэг 1 литрийн Whisky, 700 мл-ийн бас 1 ширхэг Whisky тэгээд 0.75 литрийн Соёрхол нэртэй архи тус тус алга болсон. Өөр зүйл алга болоогүй. Манай эхнэр Ц.Мнь 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад 16 цагт “Өмнийн говийн элс” ХХК явж дэлгүүрээ ажиллуулж байгаад орой 22 цагт дэлгүүрээ хааж гэр рүүгээ явдаг. Гомдол санал бол алга аа. Хамгийн гол нь залуу хүүхэд бас нэгийг бодож хоёрыг тунгаах байх гэсэн үүднээс хэлж мэдэгдсэн. Бас иргэн хүнийхээ үүргээ биелүүлсэн. Архиа төлүүлэх ч бас санал гомдол алга байна. Залуу хүүхэд хойшдоо засрах байлгүй дээ гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“...11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутанд ажилдаа явсан. Өдөр нь 13 цаг 10 минут болж байхад цайндаа ирсэн. Цайгаа уучаад 14 цаг 30 минутын үед ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байгаад 16 цагийн үед хамт ажилладаг Чинцогт нэг залуутай нэлээн халсан, архи үнэртүүлсэн байдалтай гэрт ирээд Чинцогт нь өнөөдөр манай эхнэрийн төрсөн өдөр та хоёрыг урьж байна гэж хэлсэн. Чинцогт нь түрүүлээд гэр рүүгээ харьсан. Жавхлантөгс бид хоёр удалгүй Чинцогтын гэрт нь очсон чинь эхнэр нь уурлачихсан байж байхаар нь Жавхлантөгс бид хоёр буцаад гэр рүүгээ харьсан. Удалгүй Жавхлантөгс дэлгүүр гараад ирье гээд явсан, ирэхдээ чипс ундаа авчирч өгсөн. Жавхлантөгс намайг ээж дээр очоод хоол аваад ир гээд явуулсан. Би ээж дээр очоод хоол аваад гэртээ ирэхэд Жавхлантөгс хар таглаатай нэг шил Whisky гаргаж ирээд задлаад уугаад байж байсан. Би тэгээд наад Whisky-гээ хаанаас авсан юм гээд асуусан чинь найзаасаа авсан юм гэж хэлсэн. Тэгээд удалгүй гарч яваад гэрт буцаж ирэхдээ хоёр том шилтэй Whisky авчраад орны хажууд тавихаар нь би хаанаас авсан юм гээд дахиад асуусан чинь манай найз авчирч өгсөн юм гэж надад хэлсэн. Тэгээд удаагүй унтаад өгсөн. Орой ээж ирээд Мөнхсүрэнгийн гэрээс наад нэг юм чинь архи авсан байна гэж хэлээд, ээж Оюундарь нь Жавхлантөгсийн сүүлд авчирсан хоёр том шилтэй Whisky-ний нэгийг нь уурлаж аваад гэрээс гараад хагалж хаячихаад гэр рүүгээ яваад өгсөн. Жавхлантөгс орой 21 цагаас харуулд гарах ёстой байсан, гарч байсан хүн рүүгээ Жавхлантөгс залгаад шөнийн 01 цагт гарахаар болсон. Тэгээд шөнө босож ажил руугаа яваад үүрээр 05 цаг болж байхад гэртээ ирээд удаагүй гараад явсан. Өглөө 10 цагт гэртээ ирэхдээ 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авчираад унтаад өгсөн. Тэгээд удалгүй гэрт ээж орж ирээд Ц.Мсумаас цагдаа дуудаж авчирсан байна. Гэрт нь архи авсан газраас нь зураг дараад байна, удалгүй гэрт ирж уулзах байх гэж хэлээд гараад явсан. Удалгүй хоёр цагдаа ирээд Э.Ж аваад явсан. Нэг 0.75 литрийн соёрхол нэртэй архи, 3 ширхэг Whisky авчирсан өөр ямар нэгэн зүйл авчраагүй. Архи нь Овоотод гэрт байгаа, ээж болох Оюундарь нь нэг том шилтэй Whisky-г нь хагалаад хаясан. Нөгөө хоёр хоосон шилтэй Whisky-r нь цагдаа авсан. Ганцаараа уусан. Жавхлантөгс нь ганцаараа явж байсан. Хол биш ээ манай гэрээс 3 байшингийн цаана байдаг юм. Байшингууд хоорондоо их ойрхон зайтай” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хилийн цэргийн 0166-р ангид ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагт дэд ахлагч Жавхлантөгс нь харуулд гарахаар ирсэн.Тэгээд харуулын байр солилцох үед Жавхлантөгс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба биенээс нь архи үнэртэж байсан. Би тэгэхээр нь ийм тийм зүйл яриагүй. Жавхлантөгсөөс үүргээ гүйцэтгэх боломжтой юу гэж асуухад боломжтой гэж өөдөөс хариулт өгсөн. Би шөнө харуулын цэгүүдээ 02 цаг 50 минутаас 03 цагийн хооронд шалгасан. Тэгэхэд дэд ахлагч Жавхлантөгс нь харуулын цэг дээрээ байгаагүй. Би тэгэхээр нь гадуур хайж яваад шалганы байр орсон чинь Жавхлантөгс нь хажуудаа 1 литрийн Whisky тавьсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би сэрээгээд чи яагаад үүргээ гүйцэтгэхгүй, энэ өрөөнд орж ирээд унтсан юм бэ? гэж асуухад өөдөөс би дөнгөж сая орж ирээд түр зүүрмэглэсэн байна. Одоо гарч үүргээ гүйцэтгэлээ гэж хэлсэн. Би Жавхлантөгсөөс 1 литрийн Whisky-г нь хурааж авсан. Яагаад Whisky-г нь хураасан юм бэ гэвэл 11 дүгээр сарын 20-ны шөнө 23 цаг 10 минутанд Ц.Мэгч ажил дээр ирж манай гэрт хулгай орж 3 ширхэг Whisky архи алга болсон гэж надад мэдэгдсэн. Би тэрийг нь тэмдэглэж авсан байсан болохоор Жавхлантөгсийн авч явж байсан 1 литрийн Whisky-г нь хурааж авсан. Би Э.Ж чи одоо харьж амар гэж хэлэхэд сууж байгаад 05 цагийн үед гэр рүүгээ явж амарсан. Би өглөө Ц.Мэгчийг дуудаж ирүүлээд энэ таны алдсан Whisky мөн үү гэж асуухад мөн гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь цаашаагаа холбогдох албан тушаалтнуудад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 09 цагт ажилдаа очоод нэгдэж дуусчхаад байж байсан чинь Жавхлантөгс ирээд, та бид хоёрыг дарга номын сангийн тавиур янзал гэж байна гээд, бид хоёр гэр гэр лүүгээ харьж хувцсаа сольчхоод ажил руугаа явах замдаа бид хоёр дэлгүүр орж 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авсан. Тэгээд ажил дээрээ очиж ажлаа хийж байгаад авсан 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архинаасаа 2, 2 удаа татсан. Тэгээд өдөр цайны цаг болохоор нь би өнөөдөр манай эхнэрийн төрсөн өдөр Э.Ж эхнэрээ дагуулаад ирээрэй гэж хэлсэн. Би тэгээд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод байж байсан чинь Жавхлантөгс нь эхнэрээ дагуулаад манай гэрт орж ирсэн. Тэгсэн манай эхнэр болох Мөнхзул нь төрсөн өдөр тэмдэглэх болоогүй байхад согтуу орж ирлээ гээд Э.Ж хөөгөөд гаргасан. Би тэрнээс хойш Жавхлантөгстэй уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Шүүгдэгч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Овоотын цэргийн 0166-р анги дээрээ нэгдчихээд гэр лүүгээ явж хувцсаа солиод ангийн номын санд ажил хийж байгаад хөгжимчин Чинцогттой нэг шил 0.75 граммын Улаанбаатар архийг хувааж уучхаад өдөр 13 цагт гэр лүүгээ явж цайндаа орчхоод 15 цагийн үед буцаад ажил дээрээ ирэхэд өглөөний ууж байсан архи жаахан үлдсэн байхаар тэр архийг уучхаад ангиас гарч Ц.Мэгчийн дэлгүүрт орох гэхэд дэлгүүр нь цоожтой байхаар Ц.Мэгчийг гэрээс нь дуудаад дэлгүүр ороод юм авчхаад дэлгүүрээс нь гараад Ц.Мэгчийн гэрт ороход гэрт хүн байгаагүй, тэгэхээр нь би том өрөөний тавиур дээр байсан 3 ширхэг шилтэй виски архийг аваад гэрээс нь гараад гэртээ очоод хар таглаатай байсан нэг шил вискийг ганцаараа уучхаад тасраад унтсан. Тэгээд шөнө 01 цагийн үед сэрээд харуулын пост руу явахдаа нэг шил вискиг нь авч очсон. Тэгээд постон дээрээ байж байхад ангийн жижүүр Эрдэнэбадрах хүрч ирээд тэр виски архийг надаас аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь харуулаас буугаад гэр лүүгээ явж байх замдаа Ц.Мэгчийн гэрт орох гэхэд нэг цоож өлгөөтэй байхаар тэр цоожийг аваад гэрт орж том өрөөний тавиур дээр байсан 0.75 граммын Соёрхол нэртэй архийг аваад гэртээ очоод нөгөө архийг задлаад ууж байтал цагдаа нар манай гэрт орж ирээд Гурвантэс сум руу авч явсан. Архи уух гээд тэгээд Мөнхсүрэнгийн гэрт орж архи авсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би Мөнхсүрэнгийн гэрт орж том өрөөний тавиур дээр байсан “OLD TIME” гэсэн нэртэй 700 грамм, “HANKEV BANNISREG” нэртэй 1 литр, мөн “SIR EDWARDS” гэсэн нэртэй 1 литрийн виски архи, мөн 0.75 граммын Соёрхол нэртэй архийг хулгайлж авсан. Би гэрт архи авах гэж орсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Нийт 223.000 төгрөг гэжээ. /хх-ийн 40-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-р хуудас/,

Шүүгдэгч Э.Ж 223.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 58-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Жнь 2017 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0166-р ангид байрлах Б.Б гэрээс виски 3 ширхэг, архи 1 ширхэгийг хулгайлан авч 223.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М “Ашид билгүүн” ХХК-ний Хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр нийт 223.000 төгрөгийн  /хх-ийн 40-р хуудас/ хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч Ц.Мнь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Энэ хүн надад учруулсан хохирол болох 223.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Э.Ж ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн хавтаст хэрэгт авагдсан 223.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 58-р хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгч Э.Ж гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгаж, бусдад төлөх төлбөр хохиролгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн гэрт 2 удаа хууль бусаар, нууцаар  нэвтэрч “Hankey Bannister”  виски, Соёрхол нэртэй архи 1 ширхэг, Wisky гэсэн бичигтэй виски тус тус хулгайлсан үйлдэл нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэв.

Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба шүүгдэгч Э.Ж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлвэл тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулахаар буюу 2 жил хорих ялын хоёрны нэг болох 1 жил хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.Жнь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Hankey Bannister”  гэсэн бичигтэй тал шил виски, Соёрхол гэсэн бичигтэй хоосон шил 1 ширхэг, Wisky гэсэн бичигтэй архины шилийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Э.Ж нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Ж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Жнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Hankey Bannister”  гэсэн бичигтэй тал шил виски, “Соёрхол” гэсэн бичигтэй хоосон шил 1 ширхэг, “Wisky”  гэсэн бичигтэй хар өнгийн хоосон шилийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА

 

 

 

 

 

 

 

.