Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/1062

 

2024  12  20  128/ШШ2024/1062

 

 

Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг

хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан бичсэн Улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******ийн дүгнэлтээр хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Х******* би, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.С******* нь холбогдогч Ч.У*******т 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ******* дугаартай шийтгэлийн хуудастай хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг шалгалтаар татаж хяналаа.

Хянавал: "Эрх бүхий албан тушаалтан Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* нь "Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай" тэмдэглэлдээ "...******* регистрийн дугаартай Ч******* овогтой У******* нь Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн" зөрчлийг өөрөө илчилж ирсэн" гэж, "Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай" тэмдэглэлдээ "******* регистрийн дугаартай Ч******* овогтой У******* нь үндэсний энгийн гадаад паспортаа хаяж гээгдүүлсэн болохоо 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сайн дураараа хүлээн зөвшөөрч ирсэн болох нь тогтоогдож байх тул" гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэглэл үйлдэж зөрчлийн холбогдогч Ч.У*******т 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шийтгэлийн ******* дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол улсын Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 3.1-т "Гадаад паспортыг тухайн иргэн өөрөө эзэмшиж хадгална", 3.2.2-т "Гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах" гэж тус тус журамласан. Мөн журмын 3.2.3-т "гадаад паспортаа хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх; 3.4.2-т гадаад паспортыг хаясан, үрэгдүүлсэн, алдсан, гэмтээсэн бол хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн;" гэж зааснаар дахин олгох харилцааг зохицуулсан байдаг. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомжуудаар үндэсний энгийн гадаад паспортаа гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдлыг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалтад хамааруулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Дээрх журмын заалтаас үзэхэд, гадаад паспорт эзэмшигч иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тогтоожээ.

Иймд иргэн өөрийн Үндэсний энгийн гадаад паспортаа гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ" гэж заасан.

Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан Б.С******* иргэн Ч.У*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.С*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр иргэн Ч.У*******т ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* би Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүлээн авч танилцлаа.

Тус дүгнэлтэд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан Б.С******* иргэн Ч.У*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.С*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ч.У*******т ******* дугаартай хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэсэн байна.

Иймд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* би Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* би цаашид алдаа, дутагдал гаргахгүй анхаарч ажиллана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х******* нь Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч улсын байцаагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр ирүүлжээ.

Тухайн зөрчлийн хэргийн хувьд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* нь "иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ******* регистрийн дугаартай Буудай овогт Ч*******ы У*******т Зөрчлийн тухай хуулийн 15.24 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х******* нь үндэсний энгийн гадаад паспортаа гээгдүүлсэн, үрэгдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулсан нь Монгол улсын Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 3.1-т "Гадаад паспортыг тухайн иргэн өөрөө эзэмшиж хадгална", 3.2.2-т "Гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах" гэж тус тус журамласан. Мөн журмын 3.2.3-т "гадаад паспортаа хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх; 3.4.2-т гадаад паспортыг хаясан, үрэгдүүлсэн, алдсан, гэмтээсэн бол хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн;" гэж тус тус заасныг зөрчиж торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тус тус заасан бөгөөд аливаа хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдол бүр нь нийтийн эрх зүйн хүрээнд зөрчил үйлдсэнд тооцогдохгүй, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, нийтийн эрх зүйн харилцааны явцад хууль, хэм хэмжээний актын заалт зөрчигдсөн боловч энэ нь тухайн этгээдэд зөвхөн өөрт нь хамааралтай, эсхүл уг харилцаанд оролцогч талуудад хамааралтай бөгөөд нийтийн эрх зүйн хүрээнд ямар нэг үр дагавар үүсгээгүй бол нийтийн эрх зүйн хүрээнд зөрчил үйлдсэнд тооцохгүй, ийм зөрчилд торгууль шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй.

Монгол улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ийг шинэчлэн баталсан, уг дүрмийн 3.1-т "Гадаад паспортыг тухайн иргэн өөрөө эзэмшиж хадгална", 3.2.2-т "Гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах" гэж заасныг маргааны үйл баримтад хамааруулан тайлбарлахад, гадаад паспортыг цэвэр, гамтай эзэмшээгүй, хадгалаагүй эсхүл хаяж үрэгдүүлсэн нь нийтийн эрх зүйн хүрээний зөрчилд тооцогдохгүй буюу иргэн өөрийн гадаад паспортыг гамгүй эзэмшсэн эсхүл гээсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн үр дагавар үүсгэхгүй, нийтээр тогтоосон журам, зан заншлын хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд хор уршиг учруулахгүй, өөр бусад хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байх тул улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Зөрчилд холбогдогч Ч.У*******т холбогдох зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна.

Тиймээс ч прокурор дүгнэлт бичиж, прокурорын дүгнэлтийг хариуцагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон энэ захиргааны хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.С******* хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон энэ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.ХАЛИУНА