| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 129/2024/00494/И |
| Дугаар | 301/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 301/ШШ2025/00075
| 2025 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 301/ШШ2025/00075 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн ........... газар /РД:......./-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: О.Цын эх байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б
Гуравдагч этгээд О.Цын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Архангай аймгийн Х газар нь О.Цын эх байх эрхийг хасуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... баг Нгийн .... тоотод оршин
суух О.Ц нь 13 настай охин Ц.Э, 8 настай хүү Ц.Цэ, 4 настай охин Ц.Х гэх бага насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. О.Ц нь архи согтууруулах ундаанд хэт донтсон, хүүхдүүдээ хайхрахгүй өвлийн хүйтэнд шөнийн цагаар гадаа гудамжинд гаргаад орхидог, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хамруулдаггүй, гэртээ хүмүүс авчирч архи согтууруулах ундаа хэрэглэдэг. 13 настай охин Ц.Э нь бэлгийн хүчирхийлэлд өртөх маш өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Хамтарсан багийн хяналтад байхдаа удаа дараа дээрх нөхцөл байдлууд давтагддаг бөгөөд дахин ийм асуудал гаргахгүй гэдэг хэдий ч хамтарсан баг тус өрхөөр гэрийн эргэлт хийх бүрт О.Ц нь өөрөө архи уусан байдалтай, хүүхдүүд нь гэртээ бүлэг бөөгнөрөл үүссэн согтуу хүмүүс дунд хамт байдаг.
О.Цын хамтран амьдрагч гэх М нь мөн архины хамааралтай
бөгөөд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, О.Цын гэрт хүмүүс цуглуулж
архидан согтуурахаас гадна хүүхдүүдийг айлгаж сэтгэл санааны дарамтад байнга
оруулж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... багийн Хамтарсан багаас
О.Цын эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг манай байгууллагад
ирүүлсэн, Дээрх нөхцөл байдал нь удаа дараа сануулж, зөвлөсөөр байхад огт засрахгүй
цаашид улам даамжрах хандлагатай байгаа тул хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тэдний аюулгүй, эрсдэлгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор эх О.Цын эх байх эрхийг хасуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Огийн Цын 2011 онд төрсөн охин Ц.Э, 2016 онд төрсөн хүү Ц.Цэ, 2019 онд төрсөн охин Ц.Х нарын эх байх эрхийг нь хасч охин Ц.Э, Ц.Х, хүү Ц. Цэ нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага руу шилжүүлж өгнө үү... гэжээ.
2. Гуравдагч этгээд О.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... баг Нг хорооллын .... тоотод оршин суух хаягтай О.Ц миний бие Архангай аймгийн Х газраас гаргасан О.Ц миний эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн оршин суух тодорхой хаяг, гэр оронтой, өөрийн хүүхдүүдээ ажил хөдөлмөр эрхлээд тэжээгээд аваад явах бүрэн боломжтой. Би одоо нийтийн ногоон байранд цэвэрлэгчийн ажил эрхэлж, сарын тогтмол орлоготой болж чадсан. Цаашдаа ажлын байран дээрээ тогтвор суурьшилтай ажиллаж чадна. Би хэдийгээр архи уудаг байсан ч хүүхдүүддээ тавих хяналтаа хэзээ ч орхигдуулж аюултай байдалд орхиж байгаагүй. Миний хамтран амьдарч байсан хүн болох М гэр орноор хүн цуглуулж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Одоо би тухайн хүнтэй хамтран амьдрахаа больсон. Цаашдаа архинаас хол байж чадна. Иймд миний эх байх эрхийг хасалгүй хүүхдүүдтэй маань хамт амьдруулж өгнө үү. Хүүхдүүдтэйгээ уулзалгүй 5-6 сар болоод байна. Миний болон хүүхдүүдийн маань эрхэнд халдаж хохироож байгаад би маш их гомдолтой байна гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Намайг энэ албан тушаалд томилогдохоос өмнө энэ кейс манай байгууллага дээр байнга явдаг байсан. 2017 оноос хойш ... дугаар багийн хамтарсан баг хүртэл хяналтаа авч ажилладаг байсан. О.Цын 3 хүүхэд манай түр хамгаалах байраар 3 дахь удаагаа үйлчлүүлж байгаа. Нийт 792 хоёр хоног манай түр хамгаалах байраар үйлчлүүлсэн байна. О.Ц нь архины хамааралтай Б, 5 дугаар багийн харьяатай иргэн байгаа. Нөгөө 3 хүүхэд нь манай түр хамгаалах байранд ирэхдээ эрүүл мэндийн шалтгаантай, эрүүл мэндийн талаасаа үс толгой нь бөөстсөн, шүд нь өвдсөн, эмэгтэй хүүхдүүд нь доошоо нэлээн хэмжээний ялгадас гарсан, цагаан хорхойтой гээд нэлээн эрүүл мэндийн шалтгаантай байсан. Сэтгэл зүйн их цочролд орсон, айдас түгшүүр ихтэй хүүхдүүд ирсэн. Түр хамгаалах байрны нийгмийн ажилтнууд нь цогц үйлчилгээг тасралтгүй явуулж эхэлсэн. Мөн түр хамгаалах байранд ирэхдээ хүүхдүүд бүгдээрээ боловсролын үйлчилгээ тасалдчихсан, Том охин Ц.Э 15 настай 10 дугаар ангид байх хэдий ч 2 дугаар ангийн боловсролтой, боловсролын үйлчилгээ тасалдчихсан байсан. Манайх удаа дараа боловсролын үйлчилгээнд холбон зуучилдаг. Хүүхдүүдийг ээжид нь даатгаад өгчихөөр ээж архи ууж алга болоод 3 хүүхдээ гэрт нь үлдээчихдэг. Хичээл сургуульдаа явах боломжгүй олон хоногоор хоол ундгүй, гэртээ үлддэг. О.Ц хамтран амьдрагч гээд н.М гээд нэг хүн байдаг. Тэрэнтэйгээ нийлээд хүүхдүүдийнхээ хажууд олон тооны эрэгтэй хүмүүсийг авчирч архидан согтуурдаг. Архидан согтуурч байх явцдаа бага насны хүүхдүүд, мөн өсвөр үеийн эмэгтэй хүүхдүүд байгаа учраас маш их айдас хүйдэстэй орчинд удаа дараа олон жил явж байгаа. Манай байгууллагын зүгээс үзэхэд эдгээр хүүхдүүдийн нөхцөл байдлыг нь судлаад үзэхээр О.Ц 3 хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байгаа. Манай түр хамгаалах байранд ирснээсээ хойш 3 хүүхэд маань цэцэрлэгтээ явж байна, сургуульдаа явж байна. Мөн сагс шатрын ингээд секцэд явж байгаа. Түр хамгаалах байрнаас хөгжлийн үйлчилгээнүүдийг тасралтгүй авч байгаа. Хүүхдүүдтэй ярилцаад үзэхэд энд үнэхээр гоё байна. Гэртээ эргээд харих юм бол ахиад л миний өмнөх амьдрал давтагдана, би хоёр дүүгийнхээ ирээдүйг нь бодоод өөр газар амьдрах хүсэлтэй байна гэдэг саналаа удаа дараа том охин Ц.Э илэрхийлдэг. Тиймээс О.Цын эх байх эрхийг хасаж, хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд л амьдруулах нөхцөл байдлыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Хүүхдүүд эцэг эхээ сонгож төрдөггүй. Тэгэхлээр энэ хүүхдүүд яг ямар буруу хэрэг хийчихсэн юм. Яагаад ийм орчин нөхцөлд амьдрах ёстой гэж, тийм учраас энэ хүүхдүүдийн ирээдүй угаасаа бүрхэг байгаад байгаа нь ойлгомжтой байгаа. Би О.Ц О.О хоёрыг багаас нь мэддэг. Манайх Арслан цохионд байдаг. Би бага насаа тэнд өнгөрүүлсэн. Манайхаас нөгөө нэлээд хэдэн гудамжны цаана н.С гэдэг айлууд байдаг байсан. О.О О.Ц хоёр одоогийнхоо өөрсдийнхөө хүүхдүүд шиг ийм амьдралтай байсан. Улмаар энэ удам судраараа энэ хүний амьдрал архины хамааралтай байна. Энэ асуудлыг таслан зогсоохгүй л бол 3 хүүхдийн ирээдүй яг л ээж шигээ, эмээ шигээ, өвөө шигээ замналаар амьдрах гээд байгаа дүр зураг харагдаад байгаа. Тийм учраас О.Цын эрх байх эрхийг нь хасаад, энэ хүүхдүүдийг асрамжийн газарт очиж амьдрах орчин нөхцөлийг нь өөрчлөхгүй бол ээж шигээ хүн болох гээд байгаа дүр зураг бол харагдаад байгаа юм. Тиймээс О.Цын эрх байх эрхийг хасаж, хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.
4. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Архангай аймгийн Хүүхдийн хүүхэд хөгжил, хамгааллын байгууллагууд үнэхээр хүүхдийн төлөө маш сайн ажилладаг. Би дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг ажилладаг. О.Цын тухайд үнэхээрийн дийлдэшгүй архины хамааралтай болчихсон. Өмнө нь 1 удаа шүүхэд хүсэлт ирж байсан. Шүүхэд эх байх эрхийг хасуулахаар 2 жилийн өмнө ирж байсан. Тухайн үед нь боломж нөхцөл нь бүрдээгүй хасаагүй байсан. О.Цт ганцхан хүүхдийн байгууллага ажиллаад анхаарал тавиагүй. Манай өмгөөллийн байгууллага хүүхдүүд нь том боллоо энэ Булган буудлын үүдээр яваад байдаг. Тийм учраас бид нар хүүхдээрээ мөнгө олох гээд байгаа юм биш үү гэсэн хардлага төрөөд байгаа. Буудлынхаа хүмүүст захичихсан. О.Цыг хүүхдээ дагуулаад буудал руу орж ирвэл огт оруулахгүй, мөн бид нар луу мэдэгдэнэ мэдэгдэнэ шүү, бид нар ч гэсэн яах гээд байна аа гэдгийг бас судлах ёстой байна. Наад хүн чинь хүүхдээ эвдчихвий гээд ярьж байсан. Бид нар өөрсдөө уулзаад одоо чи архинаас гарчих, архины эмчилгээнд явчих, хүүхдүүдийг чинь асрамжийн газар өгөөд нэг хэсэг хугацаанд чи хүүхдүүдээсээ хол өөрийгөө ингээд сайхан цэгцлээд хүүхдүүдээ ч гэсэн амар амгалан амьдруулаадах гээд С.П өмгөөлөгч бид 2 хэд хэдэн удаа ярилцаж янз бүрийн байдлаар дэмжлэг үзүүлэх гэж оролдсон. Эд материалын ч дэмжлэг үзүүлж үзсэн. Тэгсэн чинь хариуд нь яасан гэхээр согтуу ирээд ганц шар тайлчих яг өнөөдөр л шар тайлчих, би яг өнөөдөр шараа тайлчихаад ахиад архи уухгүй гээд ийм байдалд орсон нөхцөлтэй юм байна. Тиймээс бид нар энгийнээр тэр хүнтэй яриад хэлэхгүй учраас архины эмчилгээнд явуулах шаардлагатай юм байна. Хүүхдүүдийг нь ээжээс нь хол байлгах шаардлагатай юм байна. О.Цтой хэн уулздаг уу, хэн архи уудаг гэвэл манай шүүхэд данстай хэдэн хулгай хийдэг, дандаа шийтгүүлж байдаг нөхдүүд байдаг. Яаж олохоороо бие биеэ олоод нөхөрлөчихдөг юм. Тийм нөхцөлтэй н.М гэхэд шүүхээр хэд хэдэн удаа шийтгүүлээд явсан нөхөр тэднийд очоод хэвтчихсэн хамтран амьдрагч гээд байж байна. Тэнд О.Цыг хараад байна уу дараа нь 15 нас хүрээд байгаа охиныг нь хараад байна уу гэдгийг бид нар мэдэхгүй гэв.
5. Хүсэлт гаргагчаас:
- Хамтарсан багийн төлөвлөгөө,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... багийн хамтарсан багийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл,
- Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ,
- Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... багийн хамтарсан багийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл,
- ... багийн иргэн О.Цт Эрдэнэбулган сумын Засаг даргаас тусламж үзүүлсэн тэмдэглэл,
- Ирээдүй цогцолбор сургуулийн 5б ангийн багш Д.Отгончимэгийн тодорхойлолт,
- Ирээдүй цэцэрлэгийн ахлах-А бүлгийн багш Б.Мягмарсүрэнгийн тодорхойлолт,
- Ирээдүй цогцолбор сургуулийн 2а ангийн сурагч багш Ц.Нарангэрэлийн тодорхойлолт,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... багийн хамтарсан багийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 тоот албан бичгээр ирүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... дугаар багийн хамтарсан багийн 2024 оны 07 сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .... дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот албан бичгээр ирүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дугаар багийн хамтарсан багийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл,
- 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШЗ2024/01893 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж,
3. Хүсэлт гаргагч болон хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 686 тоот албан бичгээр ирүүлсэн “Гэрлэсний бүтгэлгүй” талаарх лавлагаа,
- Архангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 31-07/4199 тоот албан бичгээр ирүүлсэн “О.Цын гэмт хэрэг, зөрчилд холбогдож” байсан талаарх лавлагаа,
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 687 тоот албан бичгээр ирүүлсэн “О.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.Э, Ц.Х, Ц.Цэ нарын төрсний бүртгэлийн” лавлагаа,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын №18 тоот дүгнэлт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Архангай аймгийн Х газрын О.Цын эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэ тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар эцэг эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар шүүх хүсэлтийг нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн харьяаллаар хүлээн авч хянан шийдвэрлэдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т “онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно” гэж заасны дагуу О.Цыг шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.
О.Цыг эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг Архангай аймгийн Х газар гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар энэ нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд мөн байна.
Архангай аймгийн Х газар “Огийн Цын 2010 онд төрсөн охин Ц.Э, 2016 онд төрсөн хүү Ц.Цэ, 2019 онд төрсөн охин Ц.Х нарын эх байх эрхийг нь хасч охин Ц.Э, Ц.Х, хүү Ц.Цэ нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага руу шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, 26 дугаар зүйлийн 26.2-т “эцэг , эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-т “...Эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх,тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.” гэж тус тус заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж тус тус заасан.
Гэтэл гуравдагч этгээд О.Ц нь иргэн бүрийн биелүүлэх журамт үүрэг болсон хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, хайрлуулах, хамгаалуулах эрхийг зөрчиж, хүүхдээ үл хайхарч, асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, архидан согтуурдаг, архины хамааралтай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... багийн хамтарсан багийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... багийн хамтарсан багийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, ... багийн иргэн О.Цт Эрдэнэбулган сумын Засаг даргаас тусламж үзүүлсэн тэмдэглэл, Ирээдүй цогцолбор сургуулийн 5б ангийн багш Д.Отгончимэгийн тодорхойлолт, Ирээдүй цэцэрлэгийн ахлах-А бүлгийн багш Б.Мягмарсүрэнгийн тодорхойлолт, Ирээдүй цогцолбор сургуулийн 2а ангийн сурагч багш Ц.Нарангэрэлийн тодорхойлолт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... багийн хамтарсан багийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .... дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 тоот албан бичгээр ирүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн хамтарсан багийн 2024 оны 07 сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот албан бичгээр ирүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн хамтарсан багийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын №18 тоот дүгнэлт зэргээр О.Ц нь үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдож байна.
Охин Ц.Э, Ц.Х, хүү Ц.Цэ нар нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Архангай аймгийн Х газрын түр хамгаалах байранд амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд эх О.Ц нь бага насны хүүхдүүдээ эргэж очоогүй байдал нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах зэрэг эхийн үүргээ биелүүлдэггүй, гэртээ байнга архидан согтуурдаг зэргээс дүгнэхэд түүнийг хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хэвийн нөхцөлөөр хангах боломжгүй буюу гэр орон, хувцас хунар, хоол хүнсээр гачигдуулж, үл хайхарч байгаа нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзнэ.
Тухайлбал эх О.Цыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тэрээр “...Цаашид архи уухгүй, охиноо өөрийн гараар өсгөж хүмүүжүүлнэ. Өмнө гаргаж байсан алдаагаа ухамсарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг болон эх байх эрхийг хасуулах тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч түүнийг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр ханган шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн ирээгүй байгаа нь түүнийг хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байна гэж дүгнэв.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар Б овогт Огийн Цыг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Э, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт Цын Цэ, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Х нарын эх байх эрхийг нь хасч охин Ц.Э, Ц.Х, хүү Ц.Цэ нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага руу хасахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.” гэж заасны дагуу 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Э, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт Цын Цэ, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Х нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд О.Ц нь муу зуршлаа засаж, хүүхдээ өөрөө өсгөх нөхцөл байдлаа бүрдүүлсэн тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж эх байх эрхээ сэргээлгэх хүсэлтээ гаргах боломжтой.
Хүсэлт гаргагч Архангай аймгийн Х газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар Б овогт Огийн Цыг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Э, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт Цын Цэ, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Х нарын эх байх эрхийг эрхийг хассугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Э, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт Цын Цэ, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Х нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар О.Ц нь хуульд зааснаар эх байх эрхээ сэргээлгэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Архангай аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Э, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт Цын Цэ, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Цын Х нарын асран хамгаалалтад хяналт тавьж байхыг Архангай аймгийн Х газарт үүрэг болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Дамдинсүрэн/-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР