| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0089/э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ж.Энхжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тамир,
Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД: 0015/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овогт Мөнхбатын Амгалансүлдэд холбогдох эрүүгийн 1703000010132 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс, Туул хэсэг, 08 дугаар гудамж, 08 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй /Баянзүрх дүүрэг Цайзын 1000 оюутны байр 38 тоотод түр оршин суудаг/, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,
2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Монголмууд овогт Мын А /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13.00 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн өргөн чөлөө, Сансар-32 барилгын материалын дэлгүүрийн баруун замд “Хьюндай Аксент” маркийн 31-86 ТӨА улсын дугаартай техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах". 13.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 8 настай явган зорчигч Т.Мөнхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгнө гэв. Тухайн хэрэг гарах үед хохирочгийг хараагүй замын голоос гэнэт гарч ирсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна…” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тамир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 09 дүгээр сарын 05 өдөр бага хүүгээ төрүүлсэн. Болсон асуудлын талаар 09 дүгээр сарын 14 өдөр хүүгээ осолд орсон талаар мэдсэн. Миний хүү 4 удаа хагалгаанд орсон. Эхний удаа хагалгаанд ороход мэдээгүй учир нь миний сэтгэл санаа эвгүй байдалтай болчих байх гэж бодоод хэлээгүй. Миний хүүгийн баруун хөлийн шуу хэсэгт хугарсан, толгойдоо мөн гэмтэл авсан. Одоо миний хүү бүрэн эдгээгүй цаашид физик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Шүүгдэгчээс 468.000 төгрөг бэлнээр авсан. Одоо 1.600.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. За яахав дээ гэж бодож байна даа…” гэв.
Эрүүгийн 1703000010132 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.А нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг, 16-р хороо, 32 барилгын дэлгүүрийн баруун замд өөрийн эзэмшлийн саарал өнгийн “Аксент” маркийн 31-86 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодон ах Шинэбаярын хамтаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй ойролцоогоор 50-60 орчим км/цагийн хурдтай хоёрдугаар эгнээгээр явж байтал явган хүний гарц ойртон ирэх үед замын голын тусгаарлах хайсан хашааны явган хүний гарцаар хүүхэд гүйж гарч ирээд над руу нэг харчихаад шууд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зам хөндлөн гүйсэн. Би хүүхдийг хараад мөргөхгүйн тулд нэгдүгээр эгнээ рүү зайлуулж дараад автомашиныхаа буруу талын 2 дугуйгаар замын боржур дээр гарах үед хүүхэд дагаж гүйгээд зөв талын крыло болон толь хэсэгт мөргөгдөөд газар үүрч явсан цүнхэн дээрээ унасан. Би тоормосоо гишгээд боржур дээрээс буугаад зогссон. Би ослын гэрэл дохиогоо асаачихаад хохирогч хүүхэд дээр очтол хүүхдийн баруун хөл санжсан хугарсан байдалтай байсан. Тэнд байсан хүмүүс хүүхдийг хөдөлгөж болохгүй гэхээр нь хүүхдэд гар хүрэлгүй шууд танихгүй нэг ахын гар утаснаас цагдаа болон түргэн тусламжинд дуудлага өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй. Осол хийхээсээ өмнө “Билгүүн тулга” жолооны курсэд сурч байсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...ослын улмаас миний хүү Т.Мөнхбаярын нүдний ухархайны яс цууралттай, толгой оройн хэсэгтээ 4 ширхэг оёдол тавиулсан баруун хөл шагайн дээд хэсгээр хугарсан өөр бол ямар нэгэн гэмтэл гэх зүйл одоогоор мэдэгдээгүй байгаа. Би хүү Т.Мөнхбаярын эмчилгээний зардалд баримтаар 466.845 төгрөг зарцуулсан байгаа. Би гомдолтой, гарсан бүх зардлаа нэхэмжлэх болно. Цаашид ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байна. Жолоочийг хуулийн дагуу арга хэмжээгээ авхуулах байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч О.Өлзийбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...би 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 12:30 минутын орчим гэрээсээ нөхөр хүүхдүүдийн хамт гарсан. Тэгээд Сансар-32 барилгын материалын урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, явган хүний гарцаар нөхөр хүүхдүүдийн хамт гарах гэж байтал гар утас дуугараад би гарцаар гараагүй үлдсэн. Тэр үед манай нөхөр хүүхэд түрүүлээд гарцаар гарсан. Би утсаараа яриад араас нь явган хүний гарцаар гарч явтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар 7-гоос 8 насны эрэгтэй хүүхэд гарцаар гүйгээд замын голын хайсан хашааны голд зог тусаад зогссон. Тэр үед 2 автомашин бид 2-т зам тавьж өгөх үед хүү бид 2 явган хүний гарцаар зөрсөн хүү явган хүний гарцаар зөрөх үедээ гүйгээд явж байсан тэгтэл ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй замын нэгдүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн аксент автомашин маш хурдтай ирээд дайрч унагаагаад цааш яваад “Сансар-32” дэлгүүрийн харалдаа зогссон. Тэр үед би нөхрийнхөө 99290059 дугаартай гар утаснаас 13.02 минутын үед цагдаагийн 102-т дуудлага өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Д.Амарбаясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...эхнэр хойно утсаар яриад үлдэх үед би замын голын хайсны голд зогсож байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар 7-оос 8 орчим насны эрэгтэй хүүхэд ганцаараа гүйгээд замын хайсан хашааны голд миний хажууд зог тусаад цааш гүйтэл замын нэгдүгээр эгнээнд автомашинд мөргүүлээд газар унасан. Би буцаж явган хүний гарцаараа зам гарч осолд орсон хүү дээр очиж замын хөдөлгөөнийг хааж автомашинуудыг зохицуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11978 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Техникийн шинжээчийн ¹17/57565 дугаартай дүгнэлт: “...
Уг автомашины хойд тэнхлэгийн дугуйн тоормос техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтээр зогсохгүй, дугуйн хээний гүн нь "Тээврийн хэрэгслийн текникийн байдалд тавих ерөнхий шаардлага" 4598:2011 стандартын шаардлага хангахгүй байгаа нь автомашины тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлнө..." гэжээ /хх-ийн 64-67 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн ¹607 дугаартай дүгнэлт: “...
1. “Хьюндай Аксент” маркийн 4186 ТӨА улсын дугаартай автомашин жолоодож явсан М.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн. 13.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө", мөн 2.1. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд: "Уг автомашины хойд тэнхлэгийн дугуйн тоормос, дугуйн хээний гүн зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь автомашины тормосны замыг уртасгах байдлаар нөлөөлнө" гэх тул мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна..." гэсэн. /хх-ийн 72 дугаар хуудас/,
2. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “Хьндай Аксент” маркийн 31-86 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бус, мөн замын хажуугийн хашлага мөргөж хурд болон чиглэл өөрчлөгдсөн байх тул тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
3. Явган зорчигч Тамирын Мөнхбаяр /8 настай эрэгтэй/ асран хамгаалагч нь ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалт /эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гэсэн хуулийг зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэжээ /хх-ийн 72 дугаар хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23М684 дугаартай албан бичигт: “…Мөнхболд овогтой Амгалансүлд нь ТРЗ санд бүртгэлгүй, жолооч болоогүй байна…” гэжээ. /хх-ийн 109 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14/,
Осол, хэрэг газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10/,
Өвчний түүх /хх-ийн 43-61/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17/, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18/, хувцас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 68/, М.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, төрсний бүртгэлий лавлагаа /хх-ийн 82/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 105/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 112-114/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 116/, эмчилгээний баримт /хх-ийн 118-130/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Амгалансүлд нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13.00 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн өргөн чөлөө, Сансар-32 барилгын материалын дэлгүүрийн баруун замд “Хьюндай Аксент” маркийн 31-86 ТӨА улсын дугаартай техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй/ жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", мөн дүрмийн 13.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 8 настай явган зорчигч Т.Мөнхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- осол, хэрэг газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,
- шүүгдэгч М.Аийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тамирын мэдүүлэг,
- гэрч О.Өлзийбаярын мэдүүлэг,
- гэрч Д.Амарбаясгалангийн мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11978 дугаартай дүгнэлт,
-Техникийн шинжээчийн ¹17/57565, ¹607 дугаартай дүгнэлтүүд,
- Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23М684 дугаартай албан бичиг,
- өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч М.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Дээрх гэмт хэрэг гарахад М.А нь холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй, зөв үйлдэл хийх зан байдал төлөвшөөгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч М.Аэд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тамир нь гэм хорын хохиролд шүүгдэгчээс 1.600.000 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан эм тариа, хоолны баримтууд болох 292.128 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгох, бусад баримт байхгүй, юу авсан нь тодорхойгүй банкны гүйлгээний баримтуудын талаарх нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тамир насанд хүрээгүй Т.Мөнхбаярт учирсан болон цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Аээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч М.Аээс хохирогчийн хууль ёсны төлөөлөнчид 800.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аээс “хохирогчид цаашид гарах хохирлыг төлнө” гэсэн ба урьд хохирогчоос гаргасан баримтын хүрээнд гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргээс үзэхэд шүүгдэгчийг хохирогчид учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хурдан хугацаанд арилгуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор дээрх байдлаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монголмууд овогт Мөнхбатын Амгалансүлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч М.Аийг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль, зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Аэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэхь хэсэгт зааснаар түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн дээр дурьдсан үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аээс 292.128 /хоёр зуун ерин хоёр мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Уранчимэгийн Тамирт олгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тамираас гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахгүй орхиж энэ талаар болон цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Аэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН