Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/890

 

2023            8             31                                          2023/ДШМ/890

 

А.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ундрах,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00000 0935 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ц овгийн А.Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ......../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;  

Шүүгдэгч А.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 13-наас 15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 26 байрны гадна зогсоолд байршуулсан байсан Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс Б.Л-ийн эзэмшлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.319 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гүүрний зүүн талд байршуулсан байсан иргэн Б.Т-ын эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын гурвалжин шилийг хагалж, хохирогч Б.Т-ын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.149.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулсан хохирогч М.М-ын “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн талын урд хаалганы шилийг хагалж, гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 39.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Т.Б-ийн “Тоёота Приус 41” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганы шилийг хагалж 5 шил Алтан говь нэртэй шар айраг, аяллын ширээ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 61.750 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч А.Б Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талын хойд хаалганы шилийг хагалж 3 ширхэг хос гутал, машины домократ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 255.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 355.750 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулсан иргэн Б.А-ийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 588.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Э-ын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ээс нийт 3.097.319 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Л-д 585.319 төгрөг, Б.Т-д 1.379.000 төгрөг, М.М-д 110.000 төгрөг, Т.Б-д 70.000 төгрөг, Б.А-д 628.000 төгрөг, А.Б-д 325.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүх хуралд үйлдсэн үйлдлүүдээ нэмж нэгтгэн, эрх зүйн байдлаа сайжруулах хүсэлтээ уламжилсан боловч тухайн үед намайг яллагдагчаар татсан хэрэг байхгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан үргэлжилсэн. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Тэмүүлэн ирж яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулж мэдүүлэг авсан. Энэ хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурор Э.Булганхишиг хяналт тавьж байгаа. Иймд би өөрт хамаарах дээрх хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн болон орон нутгийн прокурорын газруудаас А.Э-д холбогдуулж яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдсэн эсэхийг лавлахад өөр үйлдэл гарч ирээгүй. Гэвч анхан шатны шүүх хуралдаан болсны дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар татах тухай тогтоол гарсан. Сүхбаатар дүүрэгт шинээр 5 үйлдэлд холбогдуулан шалгаж байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд дээрх үйл баримтууд тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэмж нэгтгээгүйд А.Э гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Харин тэрээр гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлд маргаагүй. Яллагдагчаар татсан тогтоол энэ хэрэгт авагдаагүй. ...” гэв.

Прокурор Г.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдааны явцад өөр хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. ... Яллагдагчаар татсан тохиолдолд цахим бүртгэлээс харагддаг. Лавлагаа авч албан бичиг явуулахад өөр хэрэгт шалгагдаж байгаа талаар мэдээлэл ирээгүй. ...  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 13-наас 15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 26 байрны гадна зогсоолд байршуулсан “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслээс Б.Л-ийн эзэмшлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.319 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гүүрний зүүн талд байршуулсан байсан иргэн Б.Т-ын эзэмшлийн “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд талын гурвалжин шилийг хагалж, хохирогч Б.Т-ын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.149.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулсан хохирогч М.М-ын “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн талын урд хаалганы шилийг хагалж, гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 39.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Т.Б-ийн “Тоёота Приус 41” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганы шилийг хагалж 5 шил Алтан говь нэртэй шар айраг, аяллын ширээ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 61.750 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч А.Б-ын “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн талын хойд хаалганы шилийг хагалж, 3 ширхэг хос гутал, машины домократ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 255.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 355.750 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулсан иргэн Б.А-ийн эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 588.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Л-ийн “... Машин дээрээ очиход жолооч талын баруун хаалганы цонх хагарсан байдалтай байсан. Би машинаа онгойлгож хартал зүүн ард талын суудлыг урагш унагаж хэвтүүлсэн байсан ба багажинд байсан 4 ширхэг 1 литрийн виски, ягаан өнгийн туфль, ... саарал өнгийн пүүз зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /1 хх 23/,

хохирогч Б.Т-ын “... Ажил дээрээ ирээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гүүрний зүүн доод хэсэгт өөрийн машинаа байршуулсан байсан. Орой 18 цагийн үед очиход цонх хагархай байсан ба дотор нь байсан майхан алга болсон байсан. Сүүлд үзэхэд аяны ор бас байхгүй байсан. ...” /1 хх 59/,

хохирогч М.М-ын “...Миний тээврийн хэрэгслийн цонх хагарсан байсан. Би 150.000 төгрөгөөр засуулсан. ... Тухайн хүнээс би цүнхээ булааж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Цагдаа очих үед өөр хүний машинаас авсан пивоо уугаад байсан. Тэрээр үүрдэг цүнхтэй явж байсан. ...” /1 хх 101-102/,

хохирогч Т.Б-ийн “...Миний тээврийн хэрэгслийн жолоочийн ар талын цонхны хохирлыг барагдуулаагүй байна. Тухайн хэрэг учрал болох үед Алтанговь пиво болон бусад эд зүйлийг цагдаа нар надад хүлээлгэн өгсөн. Одоо надад машины цонхны 110.000 төгрөгийн хохирол учраад байна. ...” /1 хх 109-110/,

хохирогч А.Б-ын “...2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32 дугаар байрны гадна талын зогсоолд .... улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын машинаа байрлуулсан. Хүүхдээ цэцэрлэгээс аваад гарч ирэхэд жолоочийн ар талын суудлын цонхны шил бутарч хагараад сандал дээр унасан байдалтай байсан. ...” /1 хх 114, 119/,

хохирогч Б.А-ийн “...2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гүүрний зүүн талд өөрийн эзэмшлийн машинаа байршуулсан. Ажил тараад нөхрийн хамт машин дээрээ очтол машины цонхыг хагалаад дотроос нь эд зүйлс хулгайлсан байсан. Дотроос нь хөгжим, гар утас, дугуй хийлэгч, шүхэр болон багаж алга болсон. ...” /1 хх 178/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 33-34, 73-74, 147, 150, 155, 189/,  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, энэ ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 12-15, 55, 123-132, 181-183/,

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн эргүүлийн офицер Г.Х-ийн “... Дуудлага мэдээллийг хүлээн авч ... А.Э гэгч нь зугтаж явсныг саатуулахад ... тухайн газарт байрлуулсан 3-н автомашины цонхыг хагалж дотор нь байсан эд зүйлийг хулгайлсан байв. ...” гэсэн илтгэх хуудас /1 хх 122/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч А.Э-ээс “... Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өөр хэрэгт яллагдагчаар татагдсан тул уг үйлдлийг энэ хэрэгт нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов. 

Учир нь, хавтас хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд А.Э-ыг өөр хэрэгт шалгагдаж байгаа талаарх нотлох баримт авагдаагүйн гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгчийн хувьд өөр гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх А.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх хохирогч Т.Б-д автомашины цонхны шилний 110.000 төгрөг, хохирогч М.М-д автомашины цонхны шилний 70.000 төгрөгийн хохирол үнэлгээгээр /1 хх 150, 155/ тус тус учирсан байхад хооронд нь зөрүүлж бичсэнийг давж заалдах шатны зөвтгөж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 100 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... М.М-д 110.000 төгрөг, Т.Б-д 70.000 төгрөг...” гэснийг “... М.М-д 70.000 төгрөг, Т.Б-д 110.000 төгрөг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 100 /нэг зуу/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР