| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0525/З |
| Дугаар | 128/ШШ2024/1013 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/1013
2024 12 06 128/ШШ2024/1013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* /РД:/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Тайж овогт Төмөрийн Б******* /РД:ӨЭ86100101/,
Маргааны төрөл: Хүүхдийн асран хамгаалагч тогтоосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар “асран хамгаалагч тогтоосон” захирамжийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар “насанд хүрээгүй Д.Мн төрсөн эх Т.У 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан, төрсөн эцэг П.Д хүүхдийн эрхийг зөрчин, эцэг байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа талаарх Хамтарсан багийн шийдвэр”-ийг үндэслэн хүүхдийн төрсөн эх Т.Уийн эгч Т.Б*******ийг Д.Мн асран хамгаалагчаар тогтоосон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Баянзүрх дүүргийн Засаг дарга миний төрсөн хүү Д.Мн асран хамгаалагчаар Т.Б*******ийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тогтоосныг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Т.Б*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Дд холбогдох хүү Д.Мн хамт хамтран эзэмшдэг дансны мөнгийг нэхэмжилсэн иргэний хэрэгтэй танилцахдаа мэдэж 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад дээрх захирамжийг хүчингүй болгож хүү Д.Мн асран хамгаалагчаар төрсөн эцэг П.Дыг тогтоож өгнө үү гэх хүсэлт өгсөн болно.
Хариугаа авъя гээд очиход хариу бичгээр өгөхгүй, харин Баянзүрх дүүргийн Засаг даргын Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоосон тухай захирамжийг өгье гээд хуулбар үнэн дарж өгсөн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 25.4-д Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно. Мөн хуулийн 25.5-д Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх ашиг, сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална гэсэн хуультай байна.
Гэтэл хүү Д.М бүтэн өнчин биш, П.Д би эцэг байх эрхээ хасуулаагүй, эрх зүйн бүрэн чадамжтай, тэжээн тэтгэхээс зайлсхийгээгүй байхад дээрх хуулийн заалт зөрчин нагац эгч Т.Б******* нь асран хамгаалагчаар тогтоолгосныг хууль бус гэж үзэж байна.
Хүү Д.Мн ээж Т.У бидний хамтран амьдрахаа больсноос хойш 2 жилийн дараа буюу 2015 онд нас барсан болно. Хүүгээ авъя гэхэд эмээ С. нь өгөхгүй гэсэн бөгөөд охиноо алдсан тул төрүүлсэн хүүгээр нь элгээ дэвтээг гэж өрөвдөөд авахаа больсон болно.
Гэтэл 9 жилийн дараа нагац эгч Т.Б******* нь хүүгийн асран хамгаалагчаар төрсөн эцэг надад мэдэгдэлгүй тогтоолгосныг зөвшөөрөхгүй байгаа болно.
2023 оны 10, 11, 12 саруудад Улаанбаатар хотод байсан. 2020 оноос хойш Улаанбаатар хотод байсан. Тогтсон хаягтай. Хилээр гарсан эсхүл хөдөө удаан хугацаагаар утас холбогдох боломжгүй гэх зүйл байгаагүй. Засаг даргаас ийм хүсэлт ирсэн гэх байдлаар холбогдоогүй. 2023 оны 3 сард онлайн зээл авч, 5 сард хүүгийн эмээ С.д хадгаламжийн талаар итгэмжлэл хийж өгсөн. Энэ хугацаанд хүүгийн эмээ С.тай холбоотой байсан, утсаар ярьдаг байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсэх хүртэл холбоотой байсан. Т.Б******* гэхээсээ илүүтэй хүүгийн эмээ С.тай холбоотой байдаг байсан. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүүгийн төрсөн өдөр болдог. Төрсөн өдрөөр холбогдсон байх ёстой. Онлайн зээл хаагдсаныг 3 сарын дараа мэдсэн. 1 жилийн хугацаатай зээл, сар бүр төлөлт хийдэг байсан. С. яриад чи зээл авсан юм байна би хаалгачихсан шүү гэхэд нь мэдсэн. Банк дээр очиж уулзсан, банкны ажилтан “итгэмжлэл олгосон байсан учраас хууль бус зүйл биш” гэсэн. Тэгэхээр нотариатч дээр очсон “итгэмжил хууль ёсных банканд буруу байхгүй. Шүүхээр явах эсэхээ өөрөө шийд” гэхээр нь би яах талаар бодож байтал шүүхээс намайг дуудсан. Зээлээ төлөх гээд 2023 оны 11 сард дансандаа 20 сая төгрөг байршуулсан.
Хүүхдийн сургалтын дугуйлан, секцэд хамруулах жилийнх нь төлбөрийг хийдэг байсан. Өөрөө хажууд нь байхгүй учраас. Энэ хугацаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан байгаагүй. Ээж нь нас барьснаас хойш ч хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан байгаагүй.” гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, дэх хэсэгт эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол, мөн Засаг дарга хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт бүтэн өнчин эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран хамгаалах бололцоогүй эсвэл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална гэж тус тус хуульчилжээ.
Гэтэл Д.М нь бүтэн өнчин биш, П.Д эцэг байх эрхээ хасуулаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоох тухай захирамжаар нагац эгч Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоосон. Гэхдээ энэ талаар П.Дд огт мэдэгдээгүй. Тус захирамжид П.Дыг хүүхдийн эрхийг зөрчсөн, эцэг байх хуулиар тогтоосон үүргээ биелүүлэхгүй байгаа талаарх хамтарсан багийн шийдвэрийг үндэслэн Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоосон захирамж гаргасныг П.Д хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
П.Д байсаар байтал Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу П.Дыг яагаад хүүхдээ тэжээн тэтгэхээс зайлсхийсэн гэдгийг тогтоогоогүй байж “гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, эрэн сурвалжлагдаад олдохгүй байгаа” гэсэн Т.Б*******ийн хэлснийг үндэслэж Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоосон нь хууль бус гэж үзэж байна. Т.Б******* нь 2014-2020 онд БНСУ-д ажиллаж, амьдарч байсан. 2015 онд Т.У нас барахад ирж оршуулгад нь оролцоод буцсан байдаг. Энэ үед П.Д 21 настай байсан бөгөөд ээж нь нас барлаа гэхэд хадам ээж дээрээ ирээд хүүгээ өөрийн асрамжид авъя гэхэд оюутан хүн байж яаж хүүхэд асрах юм өгөхгүй гэсэн байдаг. Улмаар хоорондоо ярилцаж ээжийг нь алдчихаад байхад хүүгээр нь элгээ дэвтээг дээ гээд хүүгээ хадам ээждээ үлдээсэн.
2020 онд Т.Б******* нөхрийн хамт БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ирэх хүртэл П.Д хүүтэйгээ очиж уулзаад эмээд нь итгэмжлэл хийж өгч, хүүхдийн мөнгийг хадгаламжид хадгалж байгаад 18 нас хүрэхэд нь сургуульд суралцуулна гэсэн зорилготойгоор С. гэдэг хүнд хүүхдийн мөнгөний хадгаламжийг хянуулж байсан. Т.Б*******ийн охин н.Н болон Д.М нар эмээ, өвөөтэйгөө амьдарч байсан. Эмээ өвөө нь П.Дын хүүг Т.Б******* болон нөхөрт нь үлдээгээд өөрсдөө өөр тийшээ явсан. Үүн дээр П.Д маш их эмзэглэсэн байдаг. Хүүхэд эд хогшил байгаа биш өөр айлд шууд өгч болдог юм уу гээд эмзэглэсэн.
Гэтэл Т.Б******* ирснээсээ хойш хүүхдэд танай ээжийг П.Д хүчирхийлж байгаад алсан гэх зүйлийг хэлж, улмаар хүү нь П.Дтай уулзахаас зугтаадаг болсон. Хүүтэй уулзвал цагдаад өгнө шүү гэсэн зурвасыг байнга илгээдэг. Түүнээс өмнө П.Д хүүтэйгээ уулзаж байсан. Очих бүрдээ н.Н, хүү хоёртойгоо хоолонд орж, бэлэг авч өгдөг байсан. 2023 онд Т.Б******* П.Дыг дуудаж уулзаад Д.Мөндөлдэйн овгийг сольж манай нөхрийн нэрээр овогло гэхэд П.Д зөвшөөрөөгүй.
2023 оны 06 дугаар сард П.Д хадгаламжид байсан 23 сая төгрөгийг хадгаламж барьцаалж авсан бөгөөд эмээ нь уг зээлийг хууль бусаар хаалгаж, үлдэгдэл 3 сая төгрөгийг авсан байдаг. Хамтарсан багийн хурлын тэмдэглэлд Т.Б******* хүүхдийн мөнгийг авмаар байна гэж бичсэн байдаг. 2023 оны 03 дугаар сард Т.Б******* Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хадгаламжийн дэвтэрт байсан 23 сая төгрөг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж, нийт 29 сая төгрөгийг Д.Мн асран хамгаалагчаар тогтоолгосны дараа П.Даас нэхэмжилсэн.
Т.Б*******ийн гол санаа нь мөнгийг авч хэрэглэх гэж байгаа юм болов уу гэсэн байр суурьтай байгаа учраас асран хамгаалагчаар тогтоосон нь хууль бус байна гэж үзсэн. Тухайн үед П.Даас асуугаагүй атлаа эрэн сурвалжлагдаж байгаа, олдохгүй байгаа мэтээр бичсэн. Гэтэл жил болгон итгэмжлэл өгч хадгаламжийн дэвтэрт хяналт тавиач, хадгаламжид ийм мөнгө байгаа шүү гээд мөнгө авах эрх өгөөгүй, хяналт тавих эрх өгсөн байхад хадгаламжийн дэвтрийг нь хаалгаад үлдэгдэл мөнгийг авсан нь хүүхдийн эрх ашгийг хохироосон.
Ийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасан эрх ашиг нь хөндөгдөж байгаа. П.Д гэж эцгийнх нь нэр байсаар байтал захирамж гаргасан. Захирамж гаргаснаар эрх ашиг нь хөндөгдсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуульд зааснаар П.Дд сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Зөвхөн асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасан Т.Б*******ийн хэлснээр “гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, эрэн сурвалжлагдаж байгаа” гэдэг байдлаар оролцуулаагүй.
Цагдаагийн мэдээллийн АСАП сангаас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд П.Д нь огт эрэн сурвалжлагдаж байгаагүй бөгөөд энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнд ногдуулсан торгуулийн баримтаар тогтоогдож байна. Тийм учраас П.Дыг сонсох ажиллагаанд оролцуулахгүйгээр хууль бусаар захирамж гаргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт бүтэн өнчин эсвэл эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол мөн эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан гэх нөхцөл байдлууд байхгүй байхад тэжээн тэтгэхээс зайлсхийсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
П.Д 2012 онд хүүхдийн хадгаламжийн данс нээлгэж, төрсөн цагаас хүүхдийн мөнгийг нэг ч удаа өөрийн хувийн хэрэгцээнд зарж байгаагүй. Байнга хадгаламжид хийж 20 гаран сая төгрөг хуримтлуулж хадгалж байсан нь хүүхдийн хадгаламжийн дэвтрээр тогтоогдож байгаа. Т.Б*******, С. нар нь хүүхдийн хадгаламжийг байхгүй болгосон нь хүүхдийн эрх ашигт муугаар нөлөөлсөн. П.Дын зүгээс хүүхдээ 18 нас хүрснээр сургалтын төлбөрт эсхүл өөрөө захиран зарцуулаг гэж бодсон учраас хадгаламжаас нэг ч удаа хэрэглээгүй нь тогтоогдож байхад 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эмээ С. нь хууль бусаар хүүхдийн хадгаламжийн мөнгийг авч хаалгасан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Тиймээс Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар П.Д нь эцэг байх эрхээ хасуулаагүй, удаан хугацаанд эмнэлэгт хэвтээгүй, хүү Д.М нь бүтэн өнчин биш.
Нагац эгч Б******* нь 2020 онд гадаадаас ирснээс хойш хүү Д.Мг П.Дтай уулзуулаагүй. Улмаар уулзахыг нь хориглодог байсан бөгөөд энэ үйлдэл нь П.Дыг эцэг байх үүргээ хэрэгжүүлэхийг хязгаарладаг байсан. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш бичсэн гэдэг нь мессенжерээс харагдаж байна. “Чи уулзвал энэ шүүхэд нөлөөлдөг гэдгийг санаарай” гэж 01 дүгээр сарын 22-ны өдөр бичсэн. Орой нь над руу П.Даас “хүүтэйгээ уулзаад баригдчихлаа” гээд мессеж бичсэн байгаа нь Т.Б******* асран хамгаалагч байх эрхээ хэтрүүлж Гэр бүлийн тухай хуульд зааснаар П.Дыг хүүтэйгээ уулзах, эцэг байх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байгаа.
Иймд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын дугаартай Т.Б*******ийг хүү Д.Мн асран хамгаалагчаар тогтоосон захирамжийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна” гэв.
3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Тус дүүргийн 16 дугаар хорооны Хамтарсан багийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрээр зочилж, хүүхдийн амьдарч буй орчныг судалсан тэмдэглэл, хурлын шийдвэр, Цагдаагийн байгууллагын АСАП сангаас авсан мэдээлэл, хүүхдийн өөрийн нагац эгчийнхээ асрамжид байхыг хүссэн өргөдөл болон холбогдох баримтыг үндэслэн, төрсөн эх нь нас барснаас хойш хууль ёсны асран хамгаалагч тогтоогоогүй, хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа зэргийг харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар Д.Мн асран хамгаалагчаар нагац эгч Т.Б*******ийг тогтоосон болно.
Т.Б*******ийн асран хамгаалагч тогтоолгох тухай Хамтарсан багаас ирүүлсэн шийдвэр, холбогдох баримтыг судлахад, Д.Мн төрсөн эх Т.У нь П.Дтай хууль ёсны гэр бүл биш бөгөөд 2012 онд хүүгээ төрүүлээд сар хүрээгүй байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, өөрийн төрсөн эцэг эх дээрээ ирж амьдарч байгаад 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. Д.М нь 2016 оноос эхлэн нагац эгч Т.Б*******ийн асрамжид байгаа нь холбогдох баримтуудаар нотлогдсон.
Хамтарсан баг нь хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгох иргэн Т.Б*******ийн хүсэлтийг хүлээн авч, хэлэлцээд, хурлын тэмдэглэлд "П.Д нь эцэг байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хүүхдийн тэтгэлэг өгдөггүй, харин хүүхдийн мөнгөн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан бөгөөд энэ оны 3 дугаар сард хүүхдийнхээ хадгаламжид байсан 28,000,000 төгрөгийг авч сураггүй болсон бөгөөд 6 сарын хугацаанд хайгаад олж чадаагүй" зэрэг мэдээллийг тусгаж, хүүхдийн өөрийн хүсэлт, холбогдох баримтыг харгалзан үзэж, Хамтарсан багийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар хурлаар нагац эгч Т.Б*******ийг Д.Мн асран хамгаалагчаар тогтоох шийдвэрийг гаргаж ирүүлсэн.
Тус дүүргийн ** дугаар хорооны Хамтарсан багаас ирүүлсэн хурлын шийдвэр, холбогдох материалыг судалж үзэхэд, хүүхдийн төрсөн эцгийн зөвшөөрөл авах боломжгүй байгааг харгалзан үзэж, тус хорооны Цагдаагийн хэсгийн байцаагчаас П.Дын талаарх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх талаарх нэмэлт мэдээллийг авахад П.Д нь 1 удаа орон байранд танхайрсан зөрчлөөр 24 цаг саатуулагдсан, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11.6.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шалгагдаж арга хэмжээ авахуулж байсан нотлох баримтад үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар Д.Мн асран хамгаалагчаар нагац эгч Т.Б*******ийг тогтоосон болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Б.Баасансүрэн миний бие Т.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Дын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “Баянзүрх дүүргийн засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар "Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоох тухай” захирамж хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ32024/4975 дугаар шүүгчийн захирамжаар оролцож байна. П.Дын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч П.Д нь гуравдагч этгээд Т.Б*******ийн төрсөн дүү Т.Утэй үерхэж нөхөрлөсөөр 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Д.М төрсөн. Хүүг 3 ой хүрэх үеэр түүний төрсөн эх Т.У 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан. Нэхэмжлэгч П.Д нь Т.Уийг амьд сэрүүн байх хугацаанд бие нь муудаад байхад түүнд огт анхаарал халамж тавьж байгаагүй, үргэлж түүн рүү болон гэр бүлийнхэнд нь бурууг тохож танай гэр бүлийнхнээс болж чиний бие муудсан мэтээр харьцаж байсан.
П.Д нь Т.Уийг нас барснаас хойш эцэг хүний хувьд хүлээх үүрэг хариуцлагаа огт биелүүлж байсан удаагүй, хүү Д.Мд эцгийн хайр халамжийг огт өгөөгүй. П.Д нь хүүгээ авъя, би өсгөе гэсэн санаа зорилготой ирж уулзаж байгаагүй, хэд хэдэн удаа л хүүд хоол унд авч өгч байсан. Хүү Д.Мг түүний эмээ, өвөөгийн асрамжид үлдээн өөрөө оюутан хүн хичээл ном сурах шаардлагатай хэмээн явсан.
Т.Б*******ийн эцэг эх нь буюу хүүгийн өвөө эмээ нь эрүүл мэндийн байдал, санхүүгийн нөхцөл байдлаас болоод зээ Д.Мг асран халамжлахад хүндрэл тулгараад байсан тул хоорондоо ярилцаж үзээд нэгэнт төрсөн эцэг гэх хүн нь хүүд огтоос анхаарал хандуулдаггүй тул түүнийг Т.Б*******т өргүүлэн, түүний гэр бүлийн гишүүн болгосон байдаг.
П.Д нь хүү Д.Мтэй хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө болон сар болгон олгогддог хүүхдийн мөнгө зэрэг ордог Төрийн банкны ******* тоот Хүүхдийн хадгаламжийн данснаас 19,000,000 төгрөгийг гарган авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Хүүхдийн эмээ н. үүнийг мэдээд маш их гайхаад шалгуултал гарцаагүй П.Д нь тус мөнгийг гарган авч өөрт зарцуулсан байсан. Мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг өөрийнхөө хүүгийн төрсөн эцэг гэх давуу байдлаа ашиглаж өөрийн дансанд ордог болгосон. Ингээд нийтдээ өнөөдөр П.Д нь хүүхдэд зөвхөн өөрт нь зориулагдсан 30,872,000 төгрөгийг аваад байгаа юм.
Энэ асуудлаар Т.Б******* нь хүү Д.Мд зөвхөн өөрт зориулагдсан уг мөнгийг П.Даас гаргуулахаар шаардаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм.
П.Д нь “цаас чичихээс нааш, хүн хэлэхээс нааш" гэгчээр тухайн хүүхдийн хадгаламжид байсан мөнгө болон түүний тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг шаардаж шүүхэд хандах үед л захиргааны хэргийн шүүхэд Д.Мтэй ээнэгшин дассан төрсөн эцэг, эх, үр хүүхдийн холбооноос өөрцгүй болсон хүмүүсийг салгахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна.
Гуравдагч этгээд Т.Б******* нь хүүг өөр дээрээ өргөн авч өөрийн хүүхдээс ялгаагүй хайрлан хамгаалж өсгөн хүмүүжүүлсээр өнөөдрийг хүрч байна. Д.М нь ч Т.Б*******-ийг "ээж” хэмээн дууддаг ба түүний нөхөр Б.О*******г "аав" хэмээн дуудсаар өдгөө 9 жилийн хугацааг өнгөрөөгөөд байна.
Хүүхдийн өсөж торних бага, балчир насанд огтоос анхаарал хандуулалгүй орхиж явсан хэрнээ, түүний хадгаламжийн мөнгөнөөс авдаг, түүнийг нь хүүхдэд өөрт нь буцааж авч өгөх зорилгоор шүүхийн журмаар хандахад гэнэт миний хүү гэсэн байдлаар ханддаг ийм байдлыг огтоос хүлээн зөвшөөрч чадахгүй.
П.Дын нэхэмжлэлд дурдсанаар “хүүгээ авъя гэхэд эмээ С. нь өгөхгүй гэсэн бөгөөд охиноо алдсан тул төрүүлсэн хүүгээр нь элгээ дэвтээг гэж өрөвдөөд авахаа больсон болно" хэмээн дурдсан. Өөрийнхөө эцэг байх эрхээс зугтсан, зайлсхийсэн үйлдлээ булзааруулж буй хэлбэр гэж ойлгож байна. Учир нь бүхэл бүтэн 9 жил орхиж явсан үйлдлээ настай хүнийг далимдуулан тайлбарлаж буй увайгүй үйлдэл харагдана. Хүүхдээ орхиж 9 жил болж эцэг байх үүрэг хариуцлагаа зөрчсөн, зугтсан хүнийг эцэг байх эрхээсээ сайн дураараа татгалзсан гэж ойлгох нь маш тодорхой асуудал. Мөн 9 жилийн турш өсгөж хүмүүжүүлж эх, үрийн холбоотой болсон ч нэгэнт төрсөн эхээр нь бүртгүүлж болохгүй учир Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар "Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоох тухай" захирамжаар хууль ёсны асран хамгаалагч болохыг баталгаажуулсан.
Тиймээс П.Дын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар маргаанд хамаарах захирамжаар “Булгадар овгийн Дын Мн төрсөн эх Т******* У нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан, төрсөн эцэг Булгадар овгийн Пүрэвхүүгийн Д нь хүүхдийн эрхийг зөрчин, эцэг байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа” талаарх Хамтарсан багийн шийдвэрийг үндэслэн нагац эгч Т******* Б*******ийг асран хамгаалагчаар тогтоосон” бөгөөд нэхэмжлэгч П.Д нь “асран хамгаалагч тогтоох хуульд заасан үндэслэл үүсээгүй, төрсөн эцгийг нь шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй” үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын маргаж буй үндэслэл, холбогдох хуульд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоох ажиллагааг хийж, асран хамгаалагчийг тогтооход Д.Мн эцэг П.Дыг оролцуулж, Д.Мн асран хамгаалагчийг тогтоох эсэхийг дахин шийдвэрлэх хүртэл хугацаа тогтоож захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Юуны өмнө захиргааны хэргийн шүүх нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан гэр бүлийн гишүүд хоорондын маргааныг харьяалан шийдвэрлэхгүй тул энэ талаар дүгнэхгүй, хүүхдийн асран хамгаалагч тогтоосон дүүргийн Засаг даргын шийдвэр захиргааны акт болохын хувьд түүний хууль зүйн үндэслэл, шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан эсэхийг дүгнэж хэргийг шийдвэрлэнэ.
1.1. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хүрээнд хариуцагч дүүргийн Засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл, захирамжид баримталсан Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.”, 25.10-т “дүүргийн Засаг дарга хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно. Хүүхдийг шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Хариуцагч дүүргийн Засаг дарга нь Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасан “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн” гэх хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлийг бүрэн тогтоогоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал хариуцагч тайлбартаа шийдвэрийн үндэслэл болгосон хувийн хэргийн баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд тэдгээр баримтуудад Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасан нөхцөл шаардлагыг тодорхойлохтой холбоотой баримт ирүүлээгүй бөгөөд шийдвэр гаргах ажиллагааны явцад ч, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.
1.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар “хүүхдийн асран хамгаалагч тогтоосон” захирамж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг баримталж, Хамтарсан багийн “Дын Мн төрсөн эх Т.У нас барсан, төрсөн эцэг П.Д нь хүүхдийн эрхийг зөрчин, эцэг байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа” талаарх шийдвэрийг үндэслэсэн.
Тэгвэл Хамтарсан багийн чиг үүрэг, шийдвэр гаргах ажиллагааны оролцооны хууль зүйн үндэслэлийг судалбал,
Хамтарсан багийн ажиллах журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны *******, *******, ******* дугаартай тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгээр “Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг нийгмийн хамгааллын, хууль зүйн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах” эрх олгосноор баталсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар Хорооны Засаг дарга ахалж, өрхийн эмч, хорооны нийгмийн ажилтан, сургуулийн, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх хамтарсан баг нь хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Тиймээс “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох харилцаа”-г зохицуулдаг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар эрх зүйн үндэс, үйл ажиллагаа нь зохицуулагддаг Хамтарсан багийн шийдвэрийг үндэслэсэн нь хамтарсан багийн ажиллагаагаар тогтоогдсон гэх нөхцөл байдалтай уялдахгүй байна.
Хамтарсан багийн хурлын тэмдэглэлээс үзвэл цагдаагийн хэсгийн байцаагч “цагдаагийн зөрчилд холбогдсон талаар цагдаагийн байгууллагын АСАП сангаас шүүхэд гэр бүлийн хүчирхийллийн талаар бүртгэлгүй” талаар танилцуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл Хамтарсан баг тухайн тохиолдолд хүүхдийн асран хамгаалагч тогтоох энэ шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зүйн үндэслэл үүссэн байсан гэх баримт тогтоогдсонгүй.
1.3. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар маргаан бүхий шийдвэр гаргах ажиллагаанд хүүхдийн төрсөн эцэг буюу уг шийдвэрийн улмаас эцэг байх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх П.Дыг оролцуулаагүй, түүнд тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй нь шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл боллоо.
Шийдвэрийн үндэслэл болсон Хамтарсан багийн хурлын тэмдэглэлээс үзвэл хүүхдийн төрсөн эцэг П.Дыг “сураггүй болсон, олдохгүй байгаа талаар эмээ, ээж нар нь ярьсан, энэ оны 6 сараас хойш хайгаад олдохгүй байгаа” гэж танилцуулснаар ийнхүү дүгнэж, хүүхдийн асран хамгаалагч тогтоох шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй төдийгүй, “төрсөн эцэг нь сураггүй болсон” гэх агуулгыг шийдвэрийн үндэслэл болгожээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгээр шүүхэд “П.Дыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй” талаар тайлбар ирүүлсэн, өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас болон Хамтарсан багаас хүүхдийн төрсөн эцгийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар тодорхойлох, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхээр хаягийг тодруулах ямарваа үйлдэл хийгээгүй байна.
Түүнчлэн П.Дыг эрэн сурвалжилсан, сураггүй алга болсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагын АСАП мэдээллийн санд бүртгэгдээгүй төдийгүй, энэ хугацаанд тэрээр Улаанбаатар хотод байсан нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд шийтгэл хүлээсэн мэдээллээр[1] тогтоогдож байна.
Цагдаагийн хэсгийн байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Цагдаагийн байгууллагын АСАП сангаас П.Дын мэдээллийг шүүсэн тодорхойлолт нь маргаанд хамаарах шийдвэр 2024 оны 1 дүгээр сарын 03-нд гарснаас хойш авсан мэдээлэл буюу шийдвэрийн үндэслэл болсон баримт биш юм.
Нөгөөтээгүүр П.Д нь хүүхдийн хадгаламжийн дансанд дэвтрийн бичилт хийлгэх, сунгуулах, холбогдох бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр хүүхдийн нагац эмээ С.д өгсөн, итгэмжлэлд П.Д, С. хамт гарын үсэг зурсан зэргээс хүүхдийн нагац эмээ С. П.Дтай холбоо тогтоож байсан гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлүүдээр “...төрсөн эцэг П.Д нь хүүхдийн эрхийг зөрчин, эцэг байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа” талаарх Хамтарсан багийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй байх тул уг шийдвэрийг үндэслэн хүүхдийн асран хамгаалагч тогтоосон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж дүгнэх боломжгүй байна.
Ийнхүү дээрх үндэслэлүүдээр хүүхдийн асран хамгаалагч тогтоосон шийдвэр нь уг шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлийг тогтоогоогүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, энэ ажиллагааг хийх шаардлагатай гэж шүүх үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн, тэр дундаа захиргааны хэргийн шүүхийн шинжлэн судлах хүрээнд хамаарахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоох ажиллагааг хийж, асран хамгаалагчийг тогтоох ажиллагаанд Д.Мн эцэг П.Дыг оролцуулж, Д.Мн асран хамгаалагчийг тогтоох эсэхийг дахин шийдвэрлэх хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай “Т.Б*******ийг асран хамгаалагчаар тогтоосон” захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд захирамж хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болох хууль зүйн үр дагавартайг тайлбарлах нь зүйтэй.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайханаас эзгүйд байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа болон гуравдагч этгээд Т.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Өмнөх товлогдсон буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтээр түүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулан талуудын саналаар энэ өдрийн шүүх хуралдааныг товлосон бөгөөд ийнхүү шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мн асран хамгаалагч тогтоох эсэхийг дахин шийдвэрлэх хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч шийдвэрт заасан ажиллагааг хийж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамж хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болох үр дагавартайг тайлбарласугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 120-122 дугаар хуудас