| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01210/И |
| Дугаар | 309/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 309/ШШ2025/00059
| 2025 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 309/ШШ2025/00059 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* Отгонтэнгэрт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3,635,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.*******нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 47а-2 тоотын “Талын Ундрам” хүнсний дэлгүүрт ирж 2 шил виногоор камерийн дэлгэц болох зурагтыг хагалж эвдэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин ирж архи, виногоор дэлгүүрийн хана болох вакум цонхнуудыг хагалж эвдэлж сүйтгэсэн. Үүнийгээ төлж барагдуулна гэж хэлсэн нь камерийн бичлэгт бичигдсэн болно. Иймд надад учруулсан хохирол 3,635,500 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч С.*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М.******* нь айл гэр үймүүлснээс болж бид маргалдаж, өөрийн биеэр ажлын байран дээр нь очиж ганц хоёр зүйл эвдэж сүйтгэсэн. Цагдаа дуудаж цагдаа дээр очиж М.*******ийг эрэн сурвалжилсан бөгөөд би өөрийн биеэр цагдаа дээр очиж хохирлыг барагдуулна гэсэн боловч ирээгүй. Цагдаа дуудахад “би хотод байна, би гомдолгүй, наад хүнээ явуулчих, гомдол гаргахгүй” гэж цагдаад хэлсэн. Түүнээс хойш нөхрийн бие муудаж, архины шоконд орж, гэр бүлийн гишүүд бүгд сэтгэл санааны хямралд орж, гэр бүл маань тогтворгүй болсон. Энэ явдлаас болж гарсан зардал, сэтгэл санааны хохирлуудыг, ажлын байрны алдагдсан зардлуудыг бүгдийг нь нэхэмжилнэ. Нийт зардал 18,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өргөдлөө буцаан авахгүй бол анхан шатны шүүхэд 18,600,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргана. Гомдолтой байна” гэжээ.
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие С.Отгонтэнгэрт холбогдуулан 3,635,500 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Өргөдлөө буцаан авна уу гэсэн өөрсдийнх нь хүсэлтээр буцаан авч байна. Надад гаргасан гомдлоо шүүхэд өгөх эсэх нь хамаагүй ээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.Отгонтэнгэрт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3,635,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.Отгонтэнгэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.Отгонтэнгэрт холбогдуулан гаргасан “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3,635,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,118 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 36,559 төгрөг, хариуцагч С.Отгонтэнгэрээс улсын тэмдэгтийн хураамжид 36,559 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА