| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2305 00130 0363 |
| Дугаар | 2023/ДШМ/805 |
| Огноо | 2023-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/805
2023 08 10 2023/ДШМ/805
Ц.Дэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Батзаяа,
шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Л.Нинжбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Дэд холбогдох 2305 00130 0363 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Ц-гийн Д, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр ..... аймагт төрсөн, .... настай, э..., бүрэн дунд боловсролтой, .... их сургуулийн -ийн ангийн .... дүгээр дамжааны оюутан, ам бүл ...., .... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;
Ц.Д нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто сэлбэг” худалдааны төвийн үүдэнд иргэн Д.Стай “олон удаа сигнал дарлаа” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний толгой тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Ц-гийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Дэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Дэд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд өөрөө оролцох хүсэлтэй байсан боловч цэргийн алба хааж байгаа тул ирж амжсангүй гэдгийг хэлье. Миний үйлчлүүлэгч Ц.Дийг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто сэлбэг” худалдааны төвийн үүдэнд иргэн Д.Стай маргалдан түүний толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон юм. Энэ дүгнэлттэй Ц.Д огт маргаагүйгээр үл барам мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн, анхнаасаа л гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан юм. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оюутан цэрэгт явах гэж байгаа, хүмүүжилтэй, спортоор хичээллэдэг даруу төлөв залуу юм.
Нөгөөтэйгүүр, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон хохирогч Д.С “Энэ гэмт хэрэг гарахад миний буруу байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрт 320.000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй. Энэ залууд ял шийтгэл оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг өгснийг шийтгэх тогтоолд тусгасан байна.
Өмгөөлөгчийн хувьд Ц.Дийн дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;” гэсэн зохицуулалтын хүрээнд хамаарна гэж үзсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байр суурьтай оролцсон юм.
Шүүхийн 431 дугаартай шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.” гэжээ.
Түүнчлэн шийтгэх тогтоолд “...Тодруулбал, уг хэрэгт Ц.Д нь хэдийгээр учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.” гэжээ.
Юуны түрүүнд бид шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг шүүх заавал хэрэглэх ёстой гэсэн байр суурь илэрхийлээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Харин бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан болзолт нөхцөлийг миний үйлчлүүлэгч хангасан байна. Тийм учраас хуулийн энэ зохицуулалтыг Ц.Дэд холбогдуулан хэрэглэх бүрэн боломжтой байгаа тул хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан болохыг зориуд тодруулан тэмдэглэж байна.
Шүүхийн “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.” гэсэн хэсгийг үнэхээр ойлгохгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн яг ямар нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд саад болоод байгаа юм бэ. Үнэхээр тийм зүйл байгаа бол шүүх түүнийгээ тогтоолдоо нэрлэн заах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох хамгийн чухал хэсэг нь шүүгдэгчийн объектив үйлдэл байдаг. Ц.Дийн чухам яг ямар үйлдэл нь хууль хэрэглэх боломжгүй болгож байгааг шүүх тогтоолд үндэслэн заасангүй.
Ц.Дийн хувийн байдлаас яг ямар зан чанар, эсвэл үзүүлэлт, хэв шинж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд саад болов. Ц.Д догшин хэрцгий байсан уу, эсвэл худлаа ярьж, бултаж зугтсан уу. Хууль хэрэглэхэд саад болж буй шүүгдэгчийн хувийн байдлын ямар үзүүлэлтийг шүүх үндэслэсэн эсэх нь тодорхойгүй үлдлээ. Үүнийгээ ч шүүх тогтоолдоо нэрлэн заах үүрэгтэй. Ерөнхий байдлаар дүгнэж болохгүй гэж үзэж байна. Ц.Д болон түүнтэй ижил төстэй шүүгдэгчдэд хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэхгүй юм бол яг ямар хүмүүст зориулагдсан хэм хэмжээ вэ, практик хэрэглээг нь хэрхэн тогтоож байгаа вэ гэх мэт асуудлууд урган гарч байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна.” гэж заасан байна.
Иймд миний үйлчлүүлэгч Ц.Дэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, Ц.Дийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 431 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Учир нь, шүүгдэгч хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй гэдгээ тайлбарласан. Энэ хоёр үндэслэлээр шууд ялаас чөлөөлөх гэсэн ойлголт байхгүй. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хохирогчийн биед халдаад байгаа үйлдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Ц.Д нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто сэлбэг” худалдааны төвийн үүдэнд иргэн Д.Стай “олон удаа сигнал дарлаа” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний толгой тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 570 дугаартай “...Д.Сын биед тархи доргилт, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх 12-13/ гэх дүгнэлт,
гэрч Ч.Гантуяагийн “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ахын хамт айлаас юм аваад явж байсан. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац”-аас дээш өгсөөд явж байхад “сигнал дарлаа” гэх асуудлаас болж манай ах нэг хүнтэй маргалдаад 2 талаасаа буугаад муудалцаад байсан. Тэр залуу манай ахын толгой, шанаа руу цохисон гэсэн. Би машин дотроосоо буугаагүй болохоор юу болсныг сайн хараагүй. ...” /хх 26/,
гэрч А.Чулуундолгорын “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хархорин зах руу орчихоод гэр рүүгээ харьж явсан. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац”-аас дээш өгсөөд Энхбаярын замаар явж байхад хажуу талаас нэг машин орж ирэхээр нь манай хүүхэд хоёр, гурван машин урдуураа оруулсан. Гэтэл ард нь байсан машин сигналдаад “чи тойроод гар” гээд байсан. Хажуугаар нь гарах боломжгүй байсан. Тэгээд зам руу ороход хоёр хурд сааруулагч байсан. Тэнд манай хүүхэд тоормос гишгэж хурдаа сааруулсан. Гэр хорооллын зам руу эргэхэд тэр машины жолооч шүргэнгээ шахаж орж ирээд хашаад зогссон. Гайхаад зогстол тэр машины жолооч бууж ирсэн. Манай хүү ч буусан. Би гайхаад машинаас буутал “чи огцом тоормос гишгэлээ” гэж хэлээд манай хүүхдийг мангасдсан. Тэгээд тэр хоёр зууралдаж зодолдсон. ...” /хх 32/ гэсэн мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Дийн “олон удаа сигнал дарлаа” гэх шалтгааны улмаас маргалдан Д.Сын толгой тус газарт гараараа цохиж, биед нь “тархи доргилт, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Дэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Л.Нинжбат “...Анхан шатны шүүхийн “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.” гэсэн хэсгийг үнэхээр ойлгохгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн яг ямар нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд саад болоод байгаа юм бэ. Үнэхээр тийм зүйл байгаа бол шүүх түүнийгээ тогтоолдоо нэрлэн заах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох хамгийн чухал хэсэг нь шүүгдэгчийн объектив үйлдэл байдаг. Ц.Дийн чухам яг ямар үйлдэл нь хууль хэрэглэх боломжгүй болгож байгааг шүүх тогтоолд үндэслэн заасангүй. ...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, Ц.Дийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Ял шийтгэл оногдуулахад “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан хэдий боловч хохирогч Д.Сын “Тэгээд далан гараад шороон замруу салдаг хэсэг дээр зогсоод би “чамайг хэлээгүй чиний урд талын машинуудыг яв гэж хэлсэн юм” гэтэл нэг залуу бууж ирээд “битгий хуцаад бай” гэж хэрэлдэж эхэлсэн. Тэгээд шууд намайг заамдаж аваад толгой хэсэг рүү нүдэж эхэлсэн.” гэсэн мэдүүлэг,
яллагдагч Ц.Дийн “Сүүлчийн машин бүрэн орж амжаагүй байхад нь бөгсийг нь тойроод цаашаа явсан. Гэтэл хойно явж байсан машины хүн миний араас хүрч ирээд зогсонгуутаа буугаад ирэхээр нь би бас бууж очсон. Гэтэл “би чамруу заагаагүй урд талын машин руу сигналдсан ... “чам шиг бацаанууд л гай болно” гэж хэлээд намайг хойш нь мангасдсан.” гэсэн мэдүүлэг,
гэрч А.Чулуундолгорын “Гэр хорооллын зам руу эргэхэд тэр машины жолооч шүргэнгээ шахаж орж ирээд хашаад зогссон. Гайхаад зогстол тэр машины жолооч бууж ирсэн. Манай хүү ч буусан. Би гайхаад машинаас буутал “чи огцом тоормоц гишгэлээ” гээд манай хүүг мангасдсан. Тэгээд тэр хоёр зууралдаад зодолдсон.” гэсэн мэдүүлгүүдийг давж заалдах шатны шүүх үнэлж анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаарх хэсэгт “...Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар мөн шүүгдэгч Ц.Дэд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.” гэх дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хэдий ч энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.
Шүүгдэгч Ц.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.
Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ