Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00072

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00072

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* ******* *******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,185,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тунгалагтуяа

Хариуцагчийн төлөөлөгч П.Гэрэлбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 20,185,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“******* ******* *******” ХХК нь “2022 онд шинээр ашиглалтанд орох байрны урьдчилсан захиалга авч байна, 2022 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд орно” гэсэн зар тавьсан байсан. Түүнээс өмнө мөн ийм зар мэдээний дагуу захиалга өгөхөөр очиход миний танил нагац ах болох Б.Тэгшжаргал захиалга авч байсан. “Хэр найдвартай вэ” гэхэд “найдвартай” гэж байсан. 2021 онд нэг метр квадрат нь 1,290,000 төгрөг байсан учир 30 хувиийг төлнө гэсэн. Би зөвхөн 15,000,000 төгрөг байгаагаа хэлэхэд А блок 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орно гэсэн, тэрний наана үлдэгдэл мөнгөө төлөхөд болно гэхэд нь 2021 оны 07 сарын 27-ны өдөр П.Гэрэлбаатарын дансанд 15,000,000 төгрөгөө төлсөн.  А блокд захиалга өгсөн байр маань 5 давхарт байсан ба уг байр нь 2021 ондоо ашиглалтанд ороогүй. Бид ч мөнгөө төлөөгүй байсан учраас Б блок руу захиалгаа шилжүүлж, давхраа 2 давхар болгон өөрчилсөн. Б блок нь 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орно гэхэд нь метр квадратын үнэ нь өөрчлөгдөөгүй байсан тул урьдчилгаа 30 хувийнхаа дутуу төлбөр болох 5,185,920 төгрөгийг П.Гэрэлбаатарын дансанд шилжүүлсэн. ...Гэтэл 2024 оны 08 сарын 31-нд манай компани барилгаа барих мөнгөгүй байна, үлдэгдэл мөнгөө өгнө үү. Өгч чадахгүй бол 1м2 үнэ нь 1,500,000-1,800,000 төгрөг болгож өсгөнө гэсэн. Тэгэхээр нь үнээ өсгөж байгаа бол байрны захиалгын гэрээг цуцалъя, бүтэн 3 жилийн өмнө урьдчилгаагаа төлчихөөд байхад ашиглалтанд оруулна, баталгаатай гэсэн хугацаандаа ашиглалтанд оруулж, ипотект хамруулж өгөөгүй учир дахин үнэ нэмэгдүүлнэ гэснийг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Өгсөн мөнгөө буцаан авъя гэхэд “тэгж болно” цуцлах өргөдлөө бичээд өг, тэгээд цуцалсанд тооцогдоно, 2024 оны 09 сард багтаан мөнгийг чинь бүгдийг нь өгнө гэсэн. Би өргөдлөө бичиж өгсөн. Гэтэл мөнгийг минь өгөхгүй байгаа учраас 20,185,920 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүү, бэр хоёр маань “******* ******* ******* ХХК-д ажилладаг байсан. Бэр маань барилгын инженер мэргэжилтэй, Төв аймгаас энд ирээд ажилгүй байсан юм. Миний дүү Б.Тэгшжаргал хүү, бэр хоёртой уулзаад “та хоёр манайд ажилд ор, би захиралдаа хэлчихнэ, хоёулаа ажилд ороод цаашдаа компанид тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд урьдчилгаагаа өгөөд байртай болох боломжтой гэсэн. 2022 онд бэр төрж, ажил хийх боломжгүй болсон. Бэр минь жирэмсний амралтын мөнгөө ч авч чадаагүй. Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгал төлөгдөөгүй байна гэсэн. П.Гэрэлбаатараас нийгмийн даатгал яагаад төлөгдөөгүй байгааг лавлахад 2023 оны 01 дүгээр сараас цалин өгнө гэж амаар хэлчихээд, тэр цалингаа ч өгөөгүй. Хүү Т.******* ******* ******* ******* ХХК-ний ажил зогссон учраас ээлжийн ажилд орсон. Хүү минь ажилд орсон ч гэсэн ******* ******* ******* ХХК-аас дуудвал ирж ажиллахаа илэрхийлсэн байсан. 2024 оны 08 дугаар сард ******* ******* ******* ХХК-аас дуудаж гэрээгээ шинэчилнэ, м2-ын үнэ 1,500,000-1,800,000 төгрөг болж нэмэгдэж байгаа гэсэн. Манай хүү 2-3 жилийн хугацаанд хүлээсэн учраас үнэ нэмэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр гэрээгээ цуцалсан. П.Гэрэлбаатар байрны урьдчилгааг 9 дүгээр сард буцаан өгнө гэж дансыг нь авчихаад өгөхгүй болохоор шүүхэд хандсан. Шүүхэд өгсний дараа Т.*******ын байрны урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс Б.Тэгшжаргалд 5,000,000 төгрөгийг өгсөн, түүнийг хасуулна гэх зүйл ярих болсон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, байрны урьдчилгаанд төлсөн 20,180,920 төгрөгөө бүрэн гаргуулмаар байна...” гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч П.Гэрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “...2021 онд ковид гарсан хэцүү жил байсан. 2021 оны 06 дугаар сард Б.Тэгшжаргал “найз нь ажилгүй байна” гэсэн болохоор ажилд авсан. Тухайн жилд манайх Лакс таун төслийг хэрэгжүүлж эхэлсэн байсан. Б.Тэгшжаргал манай бэр болон дүү ажилгүй байгаа гэхээр нь Даваасүрэн буюу бэр дүүг нь ажилд авсан. Удалгүй Б.Тэгшжаргал манай дүү уурхайд ажиллаад эхнэрээсээ хол байх хэцүү байх шиг байна, хамт ажиллуулах боломж байна уу гээд байхаар нь 2022 оны 05 дугаар сард дүү Т.*******ыг ажилд авсан. Ажилд авснаас хойш 1 сар гарангийн дараа Т.*******, Даваасүрэн хоёрыг дуудаад компанидаа тогтвор суурьшилтай 5 жил ажилласан тохиолдолд байрны урьдчилгааны 30 хувийг төлөөд 70 хувийг компани бүрэн хариуцахаар тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн үед эднийхэн бүгд надад талархлаа илэрхийлж байсан. Б.Тэгшжаргал ер нь байнга надаас мөнгө гуйдаг, тэгсэн хэрнээ маш их ажлаа тасалдаг байсан.  Яагаад ажлаа таслаад байгааг нь тодруулахад “хүү сургуулиа төгсөх гээд байна, хэдэн төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Би түүнд хандан “чи одоо компани ямар байдалтай байгааг мэдэж байгаа биз дээ, үнэхээр боломжгүй байна” гэхэд “чи ямар ч байсан 5,000,000 төгрөг шилжүүлчих, хүүхдийнхээ төлбөрийг төлөөд, үлдсэнээр нь цалингийнхаа зээлийг хаавал ямар ч асуудалгүй тогтвор суурьшилтай ажиллана, үнэхээр болохгүй бол манай хоёр дүүгийн урьдчилгаанаас авчих” гээд надаас 5,000,000 төгрөг шилжүүлж авсан. Б.Тэгшжаргал нь 5,000,000 төгрөг авсны маргаашаас нь ажилдаа ирээгүй. Даваасүрэн ажилд ороод жил болоогүй жирэмсэн болсон. Энэ хоёрыг ажиллаж байсан бол байрных нь 70 хувийг даах л байсан. Даваасүрэн 2023 оны 01 дүгээр сард төрж, Т.******* даавууны хоног аваад дахин ажилдаа ирээгүй. 2024 оны 08 дугаар сард Т.*******ыг дуудаж уулзаад ах чинь гуйсаар байгаад 1,500,000 төгрөгөөр зарагдаж байсан байрыг 1,200,000 төгрөгөөр авахаар гэрээ хийсэн. Манай байгууллагаас 70 хувийг даахаар тохиролцсон боловч та хоёр ажлаа тогтвор суурьшилтай хийгээгүй. Компани хүнд байдалд байгаа учраас үлдэгдэл 70 хувийнхаа төлбөрийг төлчих, үнэхээр төлөх боломжгүй бол байр ашиглалтад орох үеэр үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 1,800,000 төгрөгөөр бодож төл гэх санал тавьсан. Гэтэл 2024 оны 09 дүгээр сард байр авахаа больсон, урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэсэн. Иймд 20,180,920 төгрөгөөс Б.Тэгшжаргалын авсан 5,000,000 төгрөгийг хасаад 15,180,920 төлөхөд татгалзах зүйл байхгүй, хамаатан садангийн хүмүүс өөрсдөө учраа олчих байх гэж бодож байна...” гэв.

3. Нэхэмжлэгчээс: Орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэх зэргийн нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, “Хаан банк” ХК-ийн харилцах дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтыг,

4. Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Бадарч Тэгшжаргал” гэх цахим хаяг бүхий иргэнтэй харилцсан мэссэж, чатны хуулбар зэргийг тус тус шүүхэд бичгийн баримтаар өгсөн.

5. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Б.Тэгшжаргалаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 20,185,920 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Уг компани нь 2022 онд шинээр ашиглалтанд орох байрны урьдчилсан захиалга авч байна, 2022 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд орно гэсэн зар тавьсан байсан. ...2021 онд нэг м2 нь 1,290,000 төгрөг байсан учир 30 хувийг төлнө гэсэн. ...А блок 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орно гэсэн тэрний наана үлдэгдэл мөнгөө төлөхөд болно гэхэд нь 2021 оны 07 сарын 27-ны өдөр П.Гэрэлбаатарын дансанд 15,000,000 төгрөгөө төлсөн.  А блокд захиалга өгсөн байр маань 5 давхарт байсан ба уг байр нь 2021 ондоо ашиглалтанд ороогүй. Бид ч мөнгөө төлөөгүй байсан учраас Б блок руу захиалгаа шилжүүлж, давхараа 2 болгон өөрчилсөн. Б блок нь 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орно гэхэд нь м2-ын үнэ нь өөрчлөгдөөгүй байсан тул урьдчилгаа 30 хувийнхаа дутуу төлбөр болох 5,185,920 төгрөгийг П.Гэрэлбаатарын дансанд шилжүүлсэн. ...Гэтэл 2024 оны 08 сарын 31-нд манай компани барилгаа барих мөнгөгүй байна, үлдэгдэл мөнгөө өгнө үү. Өгч чадахгүй бол нэг м2 үнэ нь 1,500,000-1,800,000 төгрөг болгож өсгөнө гэсэн. Тэгэхээр нь үнээ өсгөж байгаа бол байрны захиалгын гэрээг цуцалъя, бүтэн 3 жилийн өмнө урьдчилгаагаа төлчихөөд байхад ашиглалтанд оруулна, баталгаатай гэсэн хугацаандаа ашиглалтанд оруулж, ипотект хамруулж өгөөгүй учир дахин үнэ нэмэгдүүлнэ гэснийг чинь хүлээн зөвшөөрөхгүй, өгсөн мөнгөө буцаан авъя гэхэд “тэгж болно” цуцлах өргөдлөө бичээд өг, тэгээд цуцалсанд тооцогдоно, 2024 оны 09 сард багтаан мөнгийг чинь бүгдийг нь өгнө гэсэн. Би өргөдлөө бичиж өгсөн. Гэтэл мөнгийг минь өгөхгүй байгаа учраас 20,185,920 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ...П.Гэрэлбаатар нь байрны урьдчилгаанд өгсөн 20,185,920 төгрөгөөс “5,000,000 төгрөгийг үеэл ах Б.Тэгшжаргалд өгсөн түүнийгээ хасуулна” гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

3. Хариуцагчийн төлөөлөгч П.Гэрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч буй татгалзлаа дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Нэхэмжлэгч Т.******* нь эхнэр Ц.Даваасүрэн, үеэл ах Б.Тэгшжаргал нарын хамт тус компанид ажиллаж байсан бөгөөд байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 20,185,920 төгрөгийг төлж, үлдэх 70 хувийн төлбөр болох 47,100,480 төгрөгийг эхнэр Ц.Даваасүрэнгийн хамт манай компанид тогтвор суурьшилтай 5 жил ажилласан тохиолдолд компаниас бүрэн дааж урамшуулахаар тохиролцож орон сууц захиалгын гэрээ байгуулсан болно. Т.*******, Ц.Даваасүрэн нар нь 2023 оны 01 сараас ажилдаа ирэхээ больж ажлаасаа гарсан. Энэ хугацаанд орон сууц захиалгын гэрээний төлбөр болох 20,185,920 төгрөгөөс үеэл ах Б.Тэгшжаргал нь 5,000,000 төгрөгийг буцаан авсан учраас нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд үлдэгдэл төлбөр болох 15,185,920 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хамаатан садан хүмүүс өөрсдөө учраа олж болох байх” гэж тайлбарласан.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн барьж гүйцэтгэж буй “LUX TOWN” хотхоны 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох А блокын байранд 2 өрөө орон сууцныг нэг м2 тутмын үнийг 1,290,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 30 хувийн төлбөрөөс 2021 оны 07 сарын 27-ны өдөр П.Гэрэлбаатарын дансанд 15,000,000 төгрөгөө төлсөн байна.

Улмаар хариуцагчийн барьж гүйцэтгэж буй “LUX TOWN” хотхоны А блокийн байр нь 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох ёстой хугацаандаа ороогүй, мөн нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл мөнгийг төлөөгүй, байрны метр квадратын үнэ өөрчлөгдөөгүй зэргийг харгалзаж талууд орон сууцны захиалгыг 2023 оны 02 дугаар улиралд ашиглалтанд орох Б блок руу шилжүүлж 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г бичгээр байгуулжээ.

Тус гэрээгээр 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох “Б” блокийн байрны 2 дугаар давхрын 52.16 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, тус орон сууцны нэг метр квадрат тутмын үнийг 1,290,000 төгрөг буюу нийт үнийг 67,286,400 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь байрны урьдчилгааг 30 хувиар тооцож өмнө нь буюу 2021 оны 07 сарын 27-ны өдөр төлсөн 15,000,000 төгрөг дээрээ нэмж 2022 оны 06 сарын 14-ний өдөр 5,185,920 төгрөг, нийт 20,185,920 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтаас үзэхэд талуудын дунд дээрх нөхцлөөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Гагцхүү хариуцагч “******* ******* *******” ХХК нь тус байрыг гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулах хугацаандаа оруулаагүй, улмаар 2024 оны 08 сард байрны үлдэгдэл мөнгийг төлөхийг нэхэмжлэгчээс шаардаж, төлөхгүй бол нэг м2 тутмын үнийг нэмэгдүүлж 1,500,000-1,800,000 төгрөг болгож өсгөнө гэснээр талуудын дунд маргаан үүсч үүний улмаас зохигч талууд худалдах, худалдан авах гэрээнээс харилцан  татгалзсан үйл баримт тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-иас орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа 30 хувийн төлбөрт төлсөн 20,185,920 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч татгалзал, түүний үндэслэлээ нотлох үүргийг тус тус харилцан хүлээх ба хариуцагч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,185,920 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 5,000,000 төгрөгийг эс зөвшөөрч буй татгалзлаа “Б.*******ын байрны урьдчилгаанд өгсөн 20,185,920 төгрөгөөс үеэл ах Б.Тэгшжаргал нь 5,000,000 төгрөгийг авсан” гэж тайлбарлаж байх боловч энэ нь гэрч Б.Тэгшжаргалын шүүхэд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдохгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “******* ******* *******” ХХК-иас 20,185,920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,880 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 258,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгохоор шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “******* ******* *******” ХХК-иас 20,185,920  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,880 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч “******* ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 258,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчхариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА