| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0153/э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 20.1.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч Н.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Нямцэрэнгийн Цэндэд холбогдох эрүүгийн 201725021039 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1954 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Архангай аймгийн Өгий-Нуур суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, ач хүү нарын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6/2-р байрны 15 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Баатад овогт НЦ, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Ц нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоот орон сууцанд хийсэн хэмжилтийн зурагт засвар оруулж өрөөний талбайн хэмжээн өөрчилсөн, 19, 37 тоот орон сууцны хэмжилтийн зургийг хийсэн материалыг хуурамчаар үйлдэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 1709001140033 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Ц нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..."Актас" ХХК-ийн энэ хэмжилтээр байрны мкв нь миний анх бодсоноос зөрүүтэй гарсан. Энэ хэмжилтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас "Актас" ХХК-ийн хийсэн зургийг ашиглаад орон сууцны доторх хамар хана, өрөө тусгаарлах хамар хана, 00-н өрөөний дулаалга, гадна ханын дулаалга, салхивчний яндан, баганы булан тохой зэрэг орон сууцанд байгаа талбайнуудыг зурган дээрээс тооцож, "Актас ХХК-ийн гаргаж өгсөн тодорхойлолтон дээр цагаан цаас тавьж канондож хуулбарлаад, дээр нь өөрөө бодсон тооцоогоо оруулаад дахиад хэвлэж өөрийнхөө анх бодсон байрны мкв-тай "Актас" ХХК-ний сүүлд бодож гаргасан зөрүүтэй мкв-ийг засаж адилхан болгож хуурамчаар хийсэн юм. Би “Актас” ХХК-ийн хийсэн хэмжилтийн зурган дээр ороогүй квадратын тооцоог нэмж өөрчилж өөрийнхөө тамга, гарын үсэг, 2 дахь нүүр хуудас зэргийг өөрчилж иргэний шүүх хуралд гаргаж өгсөн. Лхагвадорж хэмжилтийн тооцоо бодоод гарын үсэг зурсан. Түүнээс энэ асуудалд ямар ч хамаагүй. Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Би Актас ХХК-ийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. MNS 6058:2009 стандартад орон сууцны дотор хамар, хана хананы дулаалга, салхивчний яндан, нойлын өрөөний эзэлхүүн квадратыг оруулаагүй учир би стандартыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52, 146-147 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Саран мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...."Зүмбэр орд" ХХК нь өөрийн хүсэлтээр “Актас” ХХК-нд хүсэлт тавьж хэмжилт хийлгэн тус компаний хэмжилт хийсэн тооцоо, дүгнэлт зэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Үүнийг бид хавтаст хэргийн материалтай танилцаж байгаад стандартын бус баримт бичиг хэрэг хавсаргасан байгаа талаар мэдсэн. ...бид нар “Актас” ХХК-ийн оффис дээр очиж хэмжилт хийсэн 1 хувь /зургийг/ үзэхэд “Зүмбэр-Орд” ХХК нь “Актас” ХХК-ний хийсэн хэмжилт, тоо, тамга, тэмдэг, гарын үсэг зэргийг хуулбарлаж шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байсан. Мөн дээр нь 37, 19 тоотод “Актас” ХХК нь хэмжилт хийгээгүй байхад “Зүмбэр-Орд” ХХК нь хэмжилт хийсэн гэж бичиж өгсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Хохирогч Л.Очирбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Баянзүрх дүүргийн 5-р хороо 85б байрны 7 тоот 52.4 мкв-т 2 өрөө байрыг 1 метр квадратыг 1.550.000 төгрөгөөр тооцож нийт 81.200.000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 39.200.000 төгрөгийг “Зүмбэр орд” ХХК-д өгсөн. “Зүмбэр-Орд”-оос худалдаж авсан байр 52.4 мкв биш байсан бөгөөд энэ талаар 2013 онд иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж хэмжилт хийлгэсэн. “Актас” ХХК- ийн захирал Касиран нь 46.56 мкв талбайтай байна гэж хэмжилт хийсэн бөгөөд тус хэмжилтийн нүүр болон тамга тэмдэг, гарын үсэг зэргийг хуурамчаар үйлдэж “Зүмбэр орд” ХХК нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хохирогч Я.Жанчив мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Зүмбэр-Орд” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ хийсэн. “Зүмбэр орд” ХХК-ны дансанд 100.000.000 төгрөг шилжүүлж Баянзүрх дүүргийн 5-р хороо 85б байрны 6 давхарт 33 тоот байрыг худалдаж авсан. Уг байрыг “Зүмбэр орд” ХХК-нь 66.6 мкв гэж гэрээн дээр бичиж надаас 100.000.000 төгрөг авсан. ...Орон сууц, эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ажилтнууд ирж манай байранд хэмжилт хийхэд 6 орчим мкв дутуу байсан. “Зүмбэр-орд” ХХК нь өөрсдийн зүгээс хэмжилт хийлгүүлэхээр “Актас” ХХК-ны захирал Касиран гэх эмэгтэйг авчирч ирээд өөрсдөө хамт байж байгаад хэмжилт хийлгүүлсэн. 2016 оны дунд сарын орчим Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хавтаст хэргийн материалтай танилцах үед “Актас” ХХК хэмжилт болон зураг, гарын үсэг, тамга, тэмдэг зэргийг ашиглаад өөр зураг хавсаргасан байсан талаар мэдсэн ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Хохирогч Н. Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2011 оны 04 сард барьсан Баянзүрх дүүргийн 5-р хороонд байршилтай 85б байрны 5 давхарт 28 тоот байрыг 1мкв-ыг нь 1.150.000 төгрөгөөр бодоод 48 мкв байрыг 55.200.000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Тэгээд оршин суух явцад тус байрны мкв дутуу байж магадгүй гэж бодоод хэмжилт хийлгээд үзэх үед 42.3 мкв болсон бөгөөд уг асуудлын талаар 2013 онд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. ...шүүх хуралдаанаас “Актас” ХХК-иар дахин барилгын мкв хэмжилт хийлгүүлсэн бөгөөд тус компаний гаргасан хэмжилт, нүүр тамга, гарын үсэг зэргийг “Зүмбэр-орд” ХХК нь хуурамчаар үйлдэж иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч К.Касиран мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...”Зүмбэр-Орд” ХХК-наас хэд хэдэн байрны талбайн хэмжилт хийж өгөөч гэсэн санал хүсэлт 2013 онд манай байгууллагад тавьсан. Тэгээд 2013 оны 12 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 15 дугаар хороолол 85б байрны 7, 8, 14, 28, 33 тоотуудад хэмжилт хийж орон сууцан доторх сууцны талбайг тодорхойлж тус бүрт нь 3 хуудас 6 ширхэг хэмжилтийн зураг, орон сууцны талбайн хэмжилт хийсэн материалыг бэлдэж хуудас бүрийг тамгалаад “Зүмбэр-Орд” ХХК-ны инженер Цэнд гэх хүнд өгсөн. ...Саран гэдэг хүн манай ажил дээр ирээд таны хийсэн хэмжилтээр бидний сууцны талбай буруу бодогдсон байна. Би таньд гомдолтой байна гэсэн бөгөөд би Саран гэдэг хүнд "та миний хийсэн гээд байгаа материалаа үзүүлчих" гэсэн чинь надад 2 хуудас материал үзүүлсэн бөгөөд миний хийсэн материалын нүүр хуудас, тухайн хэмжилтийн байгуулалт, өрөөний тодорхойлолт, талбайн тооцоо хийсэн 2 хуудасны тамга, тэмдэг, штамб, хэмжилтийн байгуулалтын зургыг ашиглаж өрөөний тодорхойлолтын тооцоог инженер Лхагвадорж тооцоолж, Монгол Улсын зөвлөх инженер Цэнд гэх хүн хянаж гарын үсэг зуран тамга, тэмдэг дарж бид нарын тооцоог хуурамчаар үйлдсэн байсан…" гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-р хуудас/
Гэрч Т.Лхагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би “Актас” ХХК-ны 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо 15-р хороолол 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоот байрнуудад хэмжилт хийсэн зургыг зураагүй, засвар оруулж өрөөний талбайн хэмжээг өөрчлөөгүй. Н.Ц зөвлөх инженер талбайн хэмжээ бодсон тоог өгөөд уг талбайн хэмжээг бодоод гарын үсэг зураад өг гэж хэлсэн. тэгэхээр нь би өгсөн тоог нь хараад бодчихсон байсан учраас харчихаад гарын үсгээ зурчихсан юм. Тэрнээс би өмнө байсан хэмжээг өөрчилж бодсон гэх зэрэг нарийн зүйлийг мэдээгүй…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 143 дугаар хуудас/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр: “…Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Л.Очирбат нарын нэхэмжлэлтэй 3 хавтас бүхий хэрэг байх бөгөөд хавтаст хэргийг эхнээс үзэж хэрэгт ач холбогдол бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15-р хорооллын 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34, 19, 37 тоотуудад "Актас" ХХК-ний хэмжилт хийсэн баримтыг хайхад 2 дугаар хавтаст хэргийн 24-өөс 31-р хуудсанд 2015 оны 11 сарын 30-ны өдрийн №8211 дугаарт тэмдэглэлийн 25-2 дугаар хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15-р хорооллын 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34, 19, 37 тоотуудад "Актас" ХХК-ний хэмжилт хийсэн баримтыг үндэслэн мэдүүлсэн байх бөгөөд тэмдэглэлийн араас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15-р хорооллын 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34, 19, 37 тоотуудад "Актас" ХХК-ийн хийсэн гэх 15 хуудас хуулбар баримт байв. Үзлэгээр хэрэгт өөр хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй байснаар үзлэгийг 15 цаг 35 минутад дуусгаж хавтаст хэргээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №8211 дугаартай тэмдэглэл 8 хуудас, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15-р хорооллын 856 байрны 7, 9, 14, 28, 33, 34. 19, 37 тоотуудад "Актас" ХХК-ний хэмжилт хийсэн баримт 15 хуудас баримт, “Аксиом Констракшн” ХХК-ийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн №АК-51/2015 гэсэн дугаарт албан бичиг 1 хуудас баримтыг хуулбарлан авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов…” гэжээ. /хх-ийн 170-178 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл "…К.Касиранаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоотуудад хэмжилт хийсэн архивын 39 хуудас материал түр хураан авч тэмдэглэл үйлдэв…" /хх-ийн 56 дугаар хуудас/
Актас ХХК-ны Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоотуудад хэмжилт хийсэн материал /хх-ийн 108-128 дугаар хуудас/
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн №101/ШЗ3201/18069 дугаар захирамж /хх-ийн 138-140 дүгээр хуудас/,
Гэрч Н.Чулуунбаатарын мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Д.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 144 дүгээр хуудас/, Н.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 150 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 151-160 дугаар хуудас/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 204-207 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Ц нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Актас” ХХК-иас Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоот орон сууцанд хийсэн хэмжилтийн зурагт засвар оруулж өрөөний талбайн хэмжээг өөрчилсөн, 19, 37 тоот орон сууцны хэмжилтийн зургийг хийгээгүй байхад “Актас” ХХК-иас хийсэн мэтээр материалыг хуурамчаар үйлдэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Саран, Л.Очирбат, Я.Жанчив, Н.Хонгорзул нарын мэдүүлэг, гэрч К.Касиран, Т.Лхагвадорж нарын мэдүүлэг, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь нотлох баримтыг зориуд өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг өөрчилсөн, хуурамчаар үйлдсэнийг гэрчилж мэдүүлсэн, хуурамч болохыг нотлох эх баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Н.Ц нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн /учирсан хохиролгүй/ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Цийг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд өөрчилсөн, хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч өөрийн хууль бус үйлдлээ хаацайлж нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Тус гэмт хэрэг нь шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг байх ба үүнээс хохирогч нарт бодит учирсан хохиролгүй тул шүүгдэгч Н.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Цийн эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлөх саналтай байна...” гэсэн санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ...ялаас чөлөөлж, ...болно...”, мөн хууль зүйлийн 1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” гэж зохицуулжээ.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй байх ба түүний биеийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Цэд оногдуулсан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баатад овогт Нямцэрэнгийн Цэндэд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд өөрчилсөн, хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цийг 06 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэд оногдуулсан 06 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН