Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00129

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00129

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* Алтантулгын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,770,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024.06.07-ны өдрийн 12 цагийн алдад Хэрлэн сумын 11-р баг, “Хэрлэн номин” худалдааны төвийн урд замаар замын хөдөлгөөнд “Тоёота акуа” маркийн 13-92 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ оролцож явахад “Тоёота прадо” маркийн 59-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Н.******* нь урсгал сөрж миний авто машиныг мөргөж миний эрүүл мэндэд хөнгөн, эд хөрөнгөд үнэлгээгээр 6,410,980 төгрөгийн хохирол учруулсан. 2024.06.14-ний өдөр Замын цагдаагийн тасгаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж Н.*******г 100,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хассан. Миний бие тээврийн хэрэгслийн гэнэтийн ослын “Амар даатгал”-д даатгуулсан байсан учраас даатгалын газраас 5,000,000 төгрөг надад өгсөн. Ингээд 1,410,980  төгрөг үлдсэн. Мөн журмын хашаанд машин маань байсан ба түүнийгээ гарган авахад ямар ч буруугүй би 280,000 төгрөг төлж байж авсан. Үнэлгээ хийлгэсэн зардалд 79,100 төгрөг төлсөн. Ингээд бүгд нийлээд 1,770,000 төгрөг болсон. Уг мөнгийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан иргэн Н.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.*******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 170,000 төгрөгөөр багасгаж байна. Иймд Н.*******гаас 1,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Алтантулгын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 1,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулна гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,770,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 170,000 төгрөгөөр багасгажээ.

         Иймд нэхэмжлэгч Д.Алтантулгыг хариуцагч Н.*******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.         

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч Н.******* нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 21,635 төгрөг, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 21,635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

               3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                           Г.НАМУУНТУЯА